Сүлжээний үнэлгээг хэрхэн хийх вэ?

March 26, 2018

Ихэнхдээ бидний интернэт анх тохиргоо хийлгэж байснаасаа арай удаан болсон мэт санагддаг. Үнэндээ энэ нь тухайн холболтыг хийж буй сүлжээний утсыг солих цаг болсон гэсэн дохио.

Байгууллагын мэдээллийн технологи (МТ), сүлжээний дэд бүтэц, удирдлага, аюулгүй байдал, процесс болон гүйцэтгэлийг нарийвчлан шалгах ажиллагааг Сүлжээний Үнэлгээ гэдэг.

Үүний үр дүнд тухайн байгууллагын МТ-ийн нөхцөл байдлын бүрэн дүр зургийг гарган авч засаж сайжруулах боломж юу байна гэдгийг тодорхойлох бололцоотой болдог. Үнэлгээ хийлгэснээр цаашлаад мэдээлэл тайланд суурилсан стратегийн бизнес шийдвэрүүдийг гаргахад тусалдаг.

СҮЛЖЭЭНИЙ ҮНЭЛГЭЭ ХИЙХ ЦАГ

Тухайн байгууллагын МТ-н системүүд нь өргөжин томорч сүлжээний орчинд хаана юу болж байгааг шууд тодорхой мэдэх бололцоогүй болсон үед сүлжээний үнэлгээ хийлгэх хэрэгцээ шаардлага гарч ирдэг. Та хэдийгээр өөрийн байгууллагын сүлжээнд асуудлууд үүсээд байгааг, шалтгаан нь юу байж болох талаар ерөнхийд нь мэдээд байгаа ч үүнийг сүлжээний бүх бүрдэл хэсгүүдэд нэг бүрчлэн нарийвчлан үзлэг шинжилгээг хийхгүйгээр яв цав шалгаж тодорхойлж чадахгүй юм. Цаашлаад одоо байгаа сүлжээний дэд бүтэц, системүүд болон процессуудын талаар тодорхой ойлголтгүйгээр шинээр томоохон хөрөнгө оруулалтын төслийг хэрэгжүүлэхийг хэн ч хүсэхгүй билээ.

 

СҮЛЖЭЭНИЙ ҮНЭЛГЭЭГЭЭР ЮУГ ТОДОРХОЙЛДОГ ВЭ?

Сүлжээний үнэлгээг хийлгэснээр сүлжээний орчинд үүссэн аливаа асуудлыг цаг алдалгүй олж тогтоон зохих арга хэмжээ, шийдлийг хайж олоход туслах болно. Үнэлгээг хийлгэснээр илрүүлж болох олон асуудал байдаг ч ерөнхийд нь аваад үзвэл үндсэн гурван гол зүйл дээр төвлөрдөг:

  • Гүйцэд ашиглаагүй эсвэл хэтрүүлэн ашигласан нөөцүүд: Танай байгууллагад зарим газар хэлтэс нь бусдаас илүү их сүлжээний урсгалыг ашиглаж ачаалал өндөр байж болно. Сүлжээний үнэлгээг хийлгэснээр бодит хэрэгцээ шаардлагыг тодорхойлж нөөцийг зохих ёсоор хуваарилахад тус болдог.
  • Сүлжээний тасалдал, гацаа үүсэхВидео бичлэг дамжуулах, их хэмжээний сүлжээний урсгал шаардагдах програм хангамжийг ажиллуулах эсвэл том хэмжээтэй файлууд татах гэх мэт нь тухайн байгууллагын сүлжээний ачааллыг нэмэгдүүлж хурдыг удаашруулах шалтгаан байж болно. Сүлжээний үнэлгээ хийснээр сүлжээний ачаалал, тасалдлын шалтгааныг илрүүлж асуудлыг шийдэх бололцоотой болно.
  • Сүлжээний хамгаалалтын сул талыг илрүүлэх: Сүлжээний систем ба байгууллагын үйл ажиллагаанд сөрөг нөлөө үүсэхээс сэргийлэхийн тулд сүлжээний аюулгүй байдалд шинжилгээ хийж сул талуудыг илрүүлдэг.   

 

ХЭЗЭЭ СҮЛЖЭЭНИЙ ҮНЭЛГЭЭ ХИЙЛГЭХЭД ХАМГИЙН ТОХИРОМЖТОЙ ВЭ?

Сүлжээний бүтэц тогтолцоогоо өөрчлөн сайжруулахын тулд шинээр томоохон хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөж байгаа бол сүлжээний үнэлгээг заавал хийлгээрэй. Мөн танай байгууллагын сүлжээний дэд бүтэц нь технологийн хувьд хуучирсан, дахин үйлдвэрлэхээ больсон тоног төхөөрөмжүүдийг ашигладаг бол сүлжээний үнэлгээ хийлгэж зохих шийдэл боловсруулж хөрөнгө оруулалт хийх цаг нь болжээ гэж ойлгоорой. Хэдийгээр дээрх шалтгаанууд нь сүлжээндээ үнэлгээ хийлгэх цаг болсныг илтгэж байгаа ч та өөрийн сүлжээний орчинд ямар асуудал гараад байгааг, тэдгээрийг хэрхэн яаж шийдэхээ мэдэхгүй байгаа бол энэ нь сүлжээний үнэлгээ хийлгэх хамгийн тохиромжтой цаг юм.