Видео контентийн анализыг ашиглах нь

September 23, 2020

Хэрвээ хяналтын камер яг л хүний нүд шиг харахын зэрэгцээ харагдаж байгаа бүх зүйлсээ ялган харж анализ хийдэг бол ямар вэ? Эсвэл таны бизнест үнэ цэн өгөхүйц анализыг хийж өгч тусалдаг бол ямар вэ? Энэ боломжийг танд видео контентын анализын шийдэл олгох болно.

Видео контентын анализ гэж юу вэ?

Видео контентын анализ нь хиймэл оюун ухааны технологийг ашиглан өгөгдсөн видео эсвэл шууд хяналтын дүрс дээр буй хүнийг, аливаа эд зүйлс, машин техникээс гадна хүмүүсийн өмссөн хувцас хэрэглэлийг ч таних мэдэх боломж бүхий технологи юм. Энэ технологийн тусламжтай хүмүүс видео хяналт хийхэд зарцуулдаг цаг,зардлаа бууруулж байна. Хэрэглээний хувьд хэв журам сахиулах, аюулгүй байдлын болон хяналтын үйл ажиллагаанд ашиглахаас гадна худалдааны төв, дэлгүүрүүд зар сурталчилгааны хамгийн боломжит хэсгийг тодорхойлох, аль хэсэгт эсвэл аль бүтээгдэхүүнд хүний төвлөрөл анхаарал байгаа олж мэдэх зэрэгт ашигладаг.

Ямар зорилгоор хаана ашиглаж байна вэ?

Энэхүү шийдлийн технологийг улс болон хотууд, тэр тусмаа аюулгүй байдал, хэв журам сахиулах зорилгоор ашиглахаас гадна худалдааны төв, дэлгүүрүүд зар сурталчилгааны хамгийн боломжит хэсгийг тодорхойлох, аль хэсэгт эсвэл аль бүтээгдэхүүнд хүний төвлөрөл анхаарал байгаа олж мэдэх зэрэгт ашигладаг. Мөн үйлчлүүлэгчид дэлгүүрт ороод аль хэсгүүдэд илүүтэй анхаарлаа хандуулж байна, ямар замаар илүүтэй явж байгаа, хэчнээн хугацаа зарцуулж байгаа зэрэг нарийвчилсан анализыг хийх боломжийг олгодог бөгөөд шийдвэр гаргалтаа оновчтой болгоход гол хөшүүрэг болж байна.

Цар тахлын үеийн тренд

2020 он гарснаар Дэлхий нийтийн амьдралын болон бизнес эрхлэх чиг хандлага өөрчлөгдсөн. Илүү хариуцлагатай бас технологийг зайлшгүй ашиглах хэрэгцээ нэмэгдсэн. Тиймдээ ч видео контентын анализын шийдлийг зарим улс болон хотууд ашиглаж байна. Үүнд:

1. Хүн хоорондын зайг хянах

Мэдээж хэрэг аюулгүй байдал, онцгой байдлын ажилтнууд булан тохой бүрийг хянах нь хүндрэлтэй юм. Тийм учраас видео контентын анализын шийдлийг ашиглан зах, худалдааны төв, сургууль болон олон нийт их цугладаг газруудад хүмүүс хоорондын зайг хэрхэн авч байгааг хянах, сануулга өгөх зэргээс гадна тухайн өдөр дүрэм, стандартуудыг зөрчсөн зөрчил зэргийг шүүн харах боломжтой. Энэ цаашлаад ямар нэг эрсдэлээс урьдчилан сэргийлэхэд ихээхэн нөлөө үзүүлж байна.

2. Карантины нөхцөл байдлыг хангах

Цар тахлын үеийн хамгийн гол үйл ажиллагаа бол Карантин билээ. Карантин хийгдэж байгаа эмнэлэг, зочид буудал, хилийн бүс нутагт ашиглахад хамгийн тохиромжтой шийдэл болж байна. Хяналтын орчинд хүмүүс дэглэмээ барьж байгаа эсэх, тодорхой заагдсан шугамыг даваагүй эсэх, зарцуулж байгаа хугацааг хэмжих гэх мэтээс гадна тогтмол хугацааны тайлан мэдээлэл гаргахад тусалж байна.

3. Харилцааны шинжилгээ

Мэдээж хэрэг өвдсөн хүмүүсийг урьдчилан мэдэх аргагүй бөгөөд шинжилгээ хийсний дараагаар өвчилсөн өдрийг тодорхойлж тухайн өдөр хүртэл уулзсан, ойр байсан гэх мэт хүмүүсийг тодорхойлох, байршлыг нь тогтоох гэх мэт үйл ажиллагаанд түлхүү ашиглах хандлагатай байна. 

Хэрвээ та энэ нийтлэлийн төгсгөлд энэ шийдлийг сонирхож байгаа бол зах зээлд тэргүүлэгч Briefcam шийдлийг танд санал болгож байна. Дэлгэрэнгүй мэдээллийг энэ хуудаснаас аваарай.

Г. Цэнгэл

Контент АрхитектурчБайгууллага болон хэрэглэгчдэд зориулсан мэдээллийн технологийн контент бүтээх, дижитал контент хариуцсан менежер