Датанд суурилсан бизнес

Дижитал эрин үеийн цөм нь дата гэдэг нь тодор­­хой. Энэ ч утгаараа Дата эрин зуун ч гэж бас нэрлэдэг. Дата эрин зуунд биз­несийн гол инновац, өрсөлдөх талбар, бүтээмжээ нэмэгдүүлэх хэрэгсэл нь дата болон датаг ашиглах чадвар болж байна.

Дундаж бизнесийн байгууллага өнөөдөр 20-30 систем ашигладаг бол томоохон дижи­тал бизнесүүд жишээ нь Дижитал банк, Дижитал худалдаа зэрэг нь 60-80 систем ашиглаж байгаа. Энэ систем бүр өдөр бүр цаг, минут тутамд асар их хэм­­жээ­ний мэдээлэл бий болгож таны харил­цагч, хамтрагчийн болон бизнесийн түүхийг тасралтгүй бичсээр байна. Хэрвээ та харилцагч төвтэй бизнесийн үндсэн бодлогоо улам эрчтэй хэрэгжүүлэх, эсвэл үйл ажиллагааны төгөлдөршлөө гүнз­гий­рүүлэх бодлого бариад ажиллаж бай­гаа бол Дата нь энэ бизнесийн стратегийн зорилгод тань ямар үүрэгтэй хаана байна вэ гэдгээ харах нь зөв юм. Туршлага дээр суури­лахаас илүүтэй Датан дээр суурилсан бодлого гаргаад явах нь өнөө­гийн хурдтай өөрчлөгдөж буй цаг мөчид хамгийн оновчтой ирээдүйгээ харсан шийдэл байх болно.

Тэгвэл танай байгууллага үүн дээр хаана явна вэ? Та датагаа мэдэж байна уу? Та датагаа хангалттай ашиглаж чаддаг уу? Танай хүмүүс хэрэгтэй үедээ хэрэгтэй датагаа хяналттайгаар, мэдээллийн аюулгүй орчинд авч ашиглаж чаддаг уу? Эдгээр асуултад хариулан өөрийн түвшнээ харах үүднээс тухайн байгууллагын дата ашиглах чадвараар нь олон улсад 5 түвшинд авч үздэг байна.

Эхний үе нь харанхуй үе. Ийм үедээ байгаа байгууллага нь шийдвэр гаргах, гүй­цэтгэл үнэлэх албан ёсны хэвшил үгүй, үе үе шинжилгээг болхи байд­лаар хийдэг. Мэдээлэл нь эмх цэгцгүй, хяналтгүй, мэдээллийн нэгдсэн дэд бүтэцгүй байгууллага юм. 
Хоёрдугаар үеийг боломжийг эрэл­хийлсэн гэх бөгөөд энэ үедээ бай­гаа бай­г­­уул­­­лагын бизнесийн газрууд нь Датаг тактикийн шийдвэртээ ашиглах өөр өөрс­дийн шинжилгээг хийдэг. Бизнесийн газрын удирдлага манлайлан ажилладаг. Ашиг­­ладаг системүүдийн уялдаа холбоо сул, өгөгд­лийн чанар муу, давхцал их. Харан­­хуй үетэй адилаар мэдээллийн нэгд­­сэн дэд бүтэцгүй байгууллага юм. Гуравдугаар үе нь стандартын түвшинд хүрсэн үе шат юм. Энэ үе шатанд хүрсэн байгууллагад Дата ашиг­лалт дээр биз­не­сийн гүйцэтгэх удирдлага ман­лай­­­­лан ажилладаг. Мэдээллийн нэгд­сэн дэд бүтэц, дата вэйрхауз (warehouse) бий болчих­сон. Мэдээллийн нэгдсэн дэд бүтэцтэй болс­­ноор ашиглаж буй системүүдийн датаг нэгтгэн, мэдээллийн уялдаа холбоог гаргах боломж бүрдэхээс гадна датагаа хэрэгтэй үед нь хурдтайгаар ашиглахыг, хүссэн хүндээ хяналттайгаар, мэдээллийн аюул­гүй орчинд өгөх боломж бүрддэг байна. Ер нь аливаа бизнесийн нарийн дүн шин­жилгээ хийн, инновац бүтээх, эсвэл тодор­хой үйл ажиллагаагаа оновчтой болгох зэрэгт датаг ашиглах гэж байгаа бол нэг эх сурвалжаас авсан биш, олон эх сурвалжаас авсан хамаарал бүхий тоон мэдээллийг ашиглах нь хамаагүй илүү үр дүнд хүрэх нь тодорхой.

Дата технологийг ашиглаж чадсан эсэхээр таны амжилт тодорхойлогдоно 

Дөрөвдүгээр түвшинд хүрсэн бай­гууллагад Дата ашиглалт нь тухайн байгууллагын соёл, хэвшил болсон байдаг. Компанийн дээд удирдлагын (CEO, CFO) түвшинд манлайлалтай. Датан дээр суурилсан гүйцэтгэлийн үнэлгээ­­ний тогтсон журам ашиглалттай. Биз­нес шинжилгээ, дата ашиглалтын тогт­сон арга барил, нэгдсэн дата дэд бүтэц бүхий мэдээллийн сайн уялдаа холбоотой, чанартай дататай байгууллага юм.

Тавдугаар түвшинд хүрсэн байгуул­лага нь Датаг бизнесийн өрсөлдөх гол хэрэг­сэл болгож чадсан бай­гуул­­лага юм. Өөрөөр хэлбэл бизнесийн стратегийн хүрээнд яригддаг, датаг ашиг­лахтай холбог­дуу­лан тус­гайлсан дээд түвшний албан тушаал­тан, тусгайлсан дата­гаар бизнес хийдэг, дата аналитикийн баг бүхий байгууллага болно. Энэ бүгдээс дүгнээд үзэхэд дата ашиг­лалтыг сайж­руулахын тулд стандарт буюу ядаж 3-р түвшинд очих нь зайлшгүй чухал. Энэ түвшинд очиход хамгийн гол алхам болох мэдээллийн нэгдсэн дэд бүтцийг бай­гуулах шаардлагатай. Мэдээллийн нэгдсэн дэд бүтэцтэй болсноор дээр дурдсанчлан ашиглаж буй системүүдийн датаг нэгтгэн, мэдээллийн уялдаа холбоо бүхий дата дэд бүтцийг үүсгэх боломж сая бүрдэх болно. Ингэснээр датагаа хэрэгтэй үед нь хурдтайгаар ашиглахыг хүссэн хүндээ хяналттайгаар, мэдээллийн аюулгүй орчинд өгөх боломж бас давхар бүрдэнэ. 

Байгууллагын нэгдсэн дата дэд бүтцийн загварыг та бүхэнд Зураг 2 - т үзүүллээ. Эндээс харахад энэхүү дэд бүтэц нь 4 үндсэн хэсгээс бүрдэх юм. Нэгдэх хэсэг нь дата эх сурвалжууд буюу тухайн байгууллагын ашиглаж буй бүхий л системүүд байх юм. Энэ эх сурвалжуудад  танай байгууллагад ашиглаж буй ERP системээс эхлээд хүн болгон дээр байгаа файл, компьютерт байгаа бичиг баримт хүртэл орох юм. Мөн сүүлийн үед IoT буюу Юмсын интернэт хөгжиж буйтай холбоотой үүсэж буй датаг Streaming буюу тасралтгүй урсаж буй дата гэх ба бас нэгэн чухал эх сурвалж хэмээн тусад нь авч үздэг. Ялангуяа үйлдвэр, томоохон дэд бүтэцтэй газруудын олон тооны мэдрэгч төхөөрөмжүүд нь тасралтгүй датаг бий болгож энэ нь бизнесийн энгийн ашигладаг системээс үүсэж буй датанаас арай өөр хэлбэрээр нэгтгэн боловсруулах шаардлага гардгийг зурагт тусгайлан дүрсэлсэн байгааг та бүхэн анзаарч харж байгаа байх.  

Хоёрдох хэсэг нь эхний дата эх сурвалжуудаас датаг нэгтэн хүлээн авч зохион байгуулах үе шат орно. Энэ үе шат нь нэгдсэн Дата дэд бүтэц үүсэх хамгийн чухал зангилаа юм. Энэ үе шатанд мэдээллийн уялдаа холбоог гаргах боломж бүхий үндсэн Data Warehouse буюу дата агуулахыг бий болгодог.

Туршлагаас харахад, датаг ашиглахад гарч буй хамгийн том хүндрэл нь датаг боловсруулах (датаг нэгтгэх, уялдаа холбоог нь зааж өгөх, датаг цэвэрлэх, давхардлыг арилгах гэх мэт) үе шатанд зөв дэд бүтэц технологи байхгүйгээс үүсдэг асуудал орж байна. Ийм үед бүгдийг нь хар аргаар хүчээр хийх гэж оролдох нь цаг хугацаа, хүн хүч асар их шаарддаг бөгөөд эргээд энэ нь датанд суурилсан стратеги гаргах, инновац ярих боломжийг устгадаг аюултай юм. Иймд зөв технологийг ашиглан энэхүү нэгдсэн дата дэд бүтэц байгуулах нь асар өндөр ач холбогдолтой болно.
Улмаар гуравдугаар үе шатанд тухайн нэгдсэн дата бүтэц дээр датаг ашиглан анализ хийх, боловсруулах ажлаа хийх боломж бүрдэнэ. Энэ үе шатанд төрөл бүрийн бизнес аналитикийн систем болон хиймэл оюун ухааны шийдлийг ашиглах болно. Энэ үе шатанд сонголт хийхдээ Self-Service буюу бизнесийн хүмүүс өөрсдөө датан дээрээ тоглох боломжтой шийдлийг сонгох нь чухал. Сүүлийн үеийн дата аналитикийн гол чиг хандлага нь датаг хэрэгтэй үед нь яг зөв хүнд нь өгөх гэсэн гол ойлголт дээр суурилан хөгжиж байгаа юм. Мэдээллийн технологийн мэргэжилтэн биш, тухайн бизнесээ хам­гийн сайн мэддэг хэн нэгэн, датагаа сайн ойл­годог хүн датан дээрээ шууд ажил­лах, ингэхдээ ямар нэг мэдээллийн техно­логийн эсвэл програмчлалын нарийн мэргэшил шаардлагагүй болсон нь инно­вац гарах, датанд суурилсан бод­лого, соёл­той болох үндэс болохоор байгаа болно.

Сүүлийн буюу 4-р үе шат нь боловсруулж, анализ хийсэн үр дүнгээ түгээх, хуваал­цах, эргүүлээд бусад систем рүү холбох боломжийг нээх үе шат болно. Нэгд­сэн дата дэд бүтцийг хэрэгжүүлдэг олон технологиуд байгаагаас манай энэхүү сэт­гүү­лээс та бүхэн дэлхийд энэ чиглэ­лээр тэргүүлэгч Talend, Tableau зэргийг дэлгэрэнгүй харж танилцахыг хүсэж байна. Танд дата эрин зуунд амжилттай аялах ерөөл хүсье.