Б.Цээсүрэн: 149 сум суурин газар тоон системд шилжихэд бэлэн болсон

November 03, 2014

“Ай Ти Зон” ХХК-ийн төслийн хэлтсийн дарга Б.Цээсүрэнтэй тус компанийн хариуцаж байгаа тоон телевизийн төслийн талаар ярилцлаа.

Б.Цээсүрэн Ай Ти Зон

“Ай Ти Зон” компани нь өмнө нь “М-Си-Эс Электроникс” нэрээр үйл ажиллагаа явуулж байгаад, хоёр жилийн өмнөөс менежментийн хувьчлалаар бие даасан тусдаа компани болсон байдаг. Танайх ер нь энэ зах зээлийнхээ хэдэн хувийг бүрдүүлж байна. “30 орчим хувийг” гэсэн тоо яваад байдаг. Энэ хэр бодитой бол?

Манай улсад ашиглагдаж байгаа “IT”-гийн буюу мэдээлэл технологийн төхөөрөмжүүдийн дийлэнх нь импортын бүтээгдэхүүн байдаг. Тэгэхээр дээрх 30 орчим хувь гэдгийг гаалиар оруулж ирсэн бараа, бүтээгдэхүүний тоонд үндэслэн гаргасан болов уу. Өөрөөр хэлбэл, зөвхөн тоног төхөөрөмжийн тоо хэмжээнд үн­дэс­­­лэн гаргасан тоо. Үүнээс хар­вал мэдээлэл технологийн тоног төхөөрөмжийн зах зээлийн 30 орчим хувийг манай компани дангаар бүрдүүлж байгаа гэдэг нь хэт өрөөсгөл тоо биш юм. Харин серверийн технологи эсвэл Дата төвийн нарийн технологи, програм хангамж, систем интеграци гээд үйл ажиллагааны чиглэлээр хуваа­гаад харвал зах, зээлд эзлэх хувь хэмжээнд өөрчлөлт орно л доо.

Тэгвэл тоног төхөөрөмж бор­­луулахаас гадна үйл ажил­­лагааны чиглэлүүдийг орол­цуулаад тооцвол, танай компани салбар дотроо аль түвшинд нь явна. Үүнээс гадна бусад чиглэл гэдэгт юуг багтааж ойлгох вэ?

Ер нь, Монголын зах зээлд бид 1997 онд гарч ирсэн. Ингэхдээ зөвхөн мэдээллийн технологийн тоног төхөөрөмжийн худалдаа, үйлчилгээг бүхий л түвшний хэрэглэгчдэд үзүүлэх зорилготой байсан бол 1999 онд анхныхаа систем интеграцийн төслийг хэрэгжүүлсэн. Өнөөдөр 230 орчим ажилтантай Монголын хамгийн том мэдээллийн технологийн компани гэж хэлж болохоор болж. Ялангуяа систем интеграцийн чиглэлээр хамгийн олон ажил хийж, туршлага суусан компанид зүй ёсоор тооцогдоно. Бусад чиглэл гэдэгт манай компанийн үйл ажиллагаа явуулдаг үндсэн дөрвөн хэсгийг нэрлэж болох юм. Үүнд, програм хангамж, систем интеграци, тоног төхөөрөмжийн худалдаа, мэдээлэл технологийн үйлчилгээ багтаж байгаа юм. Өнөөдрийн байдлаар манайх шиг дээрх дөрвөн чиглэлийг багтааж, үйл ажиллагаа явуулдаг компани ховор. Тэр дундаа, системийн интеграци хийдэг компани харьцангуй цөөн. Тиймээс манайхан мэдээллийн технологийн компаниудыг зүгээр нэг худалдааны гэж үздэг өнгөц ойлголтоос татгалзах нь зүйтэй. Яагаад гэвэл, өнөөдөр Монгол Улсын хувьд мэдээллийн технологи нь асар том дэд бүтцээс гадна, стратегийн чухал салбарт тооцогдож байна шүү дээ. Бид зам тавьж, цахилгаан станц барьж, нэмэлт өргөтөл хийж байгаа нь Монгол Улсын бүх аж, ахуйн нэгжийн найдвартай ажиллагааг хангах зорилготойн адил мэдээллийн технологийн дэд бүтэц гэдэг өөрөө маш том ойлголт болсон. Үүнтэй адилаар хэдий бидний нүдэнд харагдахгүй байгаа ч асар том мэдээллийн технологийн систем өдөр шөнөгүй ажиллаж байна. Хамгийн энгийн жишээ гэхэд Монголд интернэт, компьютерийн технологи ашигладаггүй байгууллага байхгүй байх. Тиймээс энэ хэмжээний том дэд бүтцийг цааш нь авч явдаг, хэрэгжүүлдэг үндэсний сайн компанитай байх нь стратегийн чухал ач холбогдолтой юм л даа.

Тэгвэл эдийн засаг хямралтай үед нүдэнд харагдахгүй байгаа энэ бүтээн байгуулалтад ямар саад бэрхшээл тулгарч байна. Уул, уурхай дагасан эдийн засгийн уналт, сэргэлтээс хэр хамааралгүй ажиллаж чадаж байгаа вэ?

Мэдээллийн технологийн салбар эдийн засгийн ерөнхий уур, амьсгалаас шууд хамааралтай. Гэхдээ манай компанийн стратеги үүнийг сөрж ажиллах зарчимтай. Өнгөрсөн жил ихэнх компани ашгийн бууралттай байсан бол бид өсөлтөө хадгалж чадсан. Тухайлбал, анх удаа 50 тэрбумаас дээш борлуулалт хийж чадсан. Ер нь, эдийн засгийн хүндрэлээс шалтгаалаад ихэнх компани зарлагаа багасгаж байгааг бид мэднэ. Компьютер худалдан авах байсан бол түүнийгээ хойшлуулдаг ч юм уу эсвэл төлөвлөсөн хөрөнгө оруулалтаа хойшлуулах ч юмуу ямар нэг байдлаар зарлагаа танаж эхэлсэн. Энэ нь эргээд бидэнд нөлөөлж байгаа. Гэхдээ олон байгууллагуудын бизнесийн үйл ажиллагаа нь мэдээллийн технологийн дэд бүтцэд хатуу суурилдаг учраас үндсэн хөрөнгө оруулалтаа хийгээд л явж байна. Жишээ нь, банкууд байна. Мэдээллийн  технологийг зөв ашиглаж чадвал эдийн засгийн хүндрэлтэй энэ үед зардлыг бууруулах боломж гэдэг талаас нь харж байгаа газрууд ч байна. Бид тэр тал дээр нь туслах, ойлгуулах, шинэ боломж гаргахаар ажиллаж байгаа.  Нөгөө талаас, төрөөс томоохон төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлж байна. Бид дээрх төсөл хөтөлбөрүүдэд амжилттай оролцож, үр дүнтэй байгаа учраас эдийн засгийн хүндрэлийг харьцангуй бага хохиролтой даван туулж явна.

Мэдээллийн технологийн салбарт тэргүүлэх чиглэлтэй компани учраас танай салбарт баримталж байгаа төрийн бодлогыг маш сайн шинжсэний эцэст дүгнэлт хийдэг байх. Гэвч дотоод гэхээс илүү гадаад зах зээлээс хамааралтай, харьцангуй хөдөлгөөн, өрнөл ихтэй салбар шүү дээ. Өнөөдөр гарсан нэг технологийг маргааш хэн нэгэн сайжруулаад гаргаад ирэхийг үгүйсгэхгүй. Ийм тохиолдолд компанийн стратеги хэр хугацаанд хийгддэг вэ? 

Стратеги, хөгжлийн бодлогоо удирдлагын түвшинд жил бүр ярилцдаг. Гэхдээ жил гэдэг давтамжаас илүү стратегийн тодорхойлолт, дүгнэлт маань зөв байгаа учраас сүүлийн жилүүдэд компанийнхаа өсөлтийг хадгалж байгаа болов уу. 2008, 2009 он хүртэл манай компанийн бизнесийн орлогын дийлэнх хувийг тоног төхөөрөмжийн борлуулалт эзэлж байсан бол бид дээрх өсөлтийг хадгалсан хэвээр мөртлөө, бизнесийнхээ суурь орлогын бүтцээ өөрчилж чадлаа. Энэ нь ганцхан худалдаа бус систем интеграци тэр дотроо үйлдвэрийн болон барилгын автоматжуулалт, хамгаалалт камерын систем, програм хангамж руу зоригтой хөрөнгө оруулалт хийсэн шийдвэр, бодлогын үр дүн юм. 
Ингээд харвал, компанийн 50 хүрэхгүй хувийг тоног төхөөрөмжийн худалдаанаас бусад хувийг програм хангамж, систем интеграцийн төслөөс бүрдүүлж байна. Тэгэхээр эдийн засгийн уналт буюу иргэд болон аж, ахуйн нэгжийн худалдан авах чадварт өөрчлөлт орох нь манай компанийн орлогод шууд ноцтой нөлөөлөхгүй байх стратегийг боловсруулж чаджээ гэсэн үг. Цаашдаа ч програм хангамж, систем интеграцийг илүү өсөлттэй явна гэж харж байгаа. Учир нь Монгол Улсын мэдээллийн технологийн хөгжлийн гуравдугаар үе шат нь 2010-2020 он хүртэл тодорхойлогдсон. Энэ үед бизнесийн болон төрийн байгууллагуудын үйл ажиллагаа автоматжих, цаашид бүр сайжруулах талаар илүү анхаарах төлөвтэй байгаа. Нөгөөтэйгүүр, анх 1990, 1991 оноос эхлэн байгуулагдаж байсан компаниуд зах зээлд хөлөө олж, өнөөдөр хөгжлийнхөө зөв гольдролд орж, өргөжин тэлсэн байна. Тиймээс тэдний бизнесийн хөгжлийн бас нэг гарц нь дээрх автоматжуулах явц болов уу.

Мэдээллийн технологийн хөгжлийн гуравдугаар үе эхлээд тав дахь жилдээ орох гэж байгаа юм байна. Тэгвэл энэ хугацаанд дээр хэлсэн шиг бизнесийн байгууллагуудын үйл ажиллагааг автоматжуулах, хөнгөвчлөх ажлыг хэр их хийж гүйцэтгэсэн бэ. Ер нь захиалагч компани их үү?

Бидний хувьд олон ажил энэ чиглэлээр хийж байна. Жишээ нь, Байгууллагын нөөцийн систем буюу ERP системийг өөрсдийн хөрөнгө оруулалтаар боловсруулсан. Манай 30 гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг дөрвөн жил ажиллаж байна. Энэ систем маань бэлэн болоод томоохон байгууллагууд хэрэглээд эхэлсэн. ERP гэдэг систем нь түүхий эд, хөрөнгө санхүү, тоног төхөөрөмж, худалдан авагч, бэлтгэн нийлүүлэгч, ажилтнууд, бүтээгдэхүүн үйлчилгээ зэрэг бүх нөөц оролцогч талуудын оновчтой, уялдаа холбоотой зохицуулалтыг удирдах боломж олгодог програм хангамж юм. Өөрөөр хэлбэл, орчин үеийн бизнес процессын удирдлагын хамгийн сайн туршлагуудад суурилсан шийдэлтэй тул үйл ажиллагааны чиглэл болон өөрийн гэсэн онцлогтой ямар ч бизнесийн байгууллага ашиглах боломжтой системийг бид боловсруулсан. Ер нь, төрийн байгууллагууд, томоохон компаниуд ERP болон бусад бизнесийн процессыг автоматжуулсан системийг ихээр сонирхож байгаа нь илт мэдрэгдэж байгаа. Олон арван төслүүд хэрэгжсэн, хэрэгжиж байгаагаас бид үүнд идэвхитэй оролцохыг чармайж ажиллаж байна. Жишээлбэл, эд хөрөнгийн цахим бүртгэлийн системийг “Мянганы сорилын сан”-гийн санхүүжилтээр өнгөрсөн онд хийж дуусгасан. Одоо эд, хөрөнгийн цахим бүртгэл бидний нийлүүлсэн системийн дагуу хийгдээд явж байгаа. Мөн өнгөрсөн онд Хөдөлмөрийн төв биржийн санхүүжилтээр хөдөлмөрийн зах зээлийн нэгдсэн мэдээллийн томоохон системийг хийж, хүлээлгэн өгсөн. 
Түүнчлэн “ХААН”, “Хас” зэрэг банкуудтай хамтран ажиллаж, бизнесийн аюулгүй байдал болон сүлжээний дэд бүтцийг сайжруулах зэргээр олон төсөл хэрэгжүүлсэн. Ер нь бол гуравдугаар үечлэл эхэлснээс хойш манай компани 30 гаруй томоохон төслийг хэрэгжүүлсэн байна. Томоохон гэдэг маань улс орныг хамарсан гэсэн үг шүү дээ. 512 салбартай “ХААН” банкны тухайд гэхэд л бид гол системийг нь шинэчилж өгсөн. Харин хамгийн сүүлд өнгөрсөн долдугаар сарын 31-нд нээлтээ хийсэн Тоон телевизийн системийн төсөлд гол гүйцэтгэгч компаний нэгээр ажиллалаа.
 

Аналоги системээс тоон системд шилжиж байгаа энэ явдал мэдээллийн технологийн салбарт тодоор тэмдэглэн үлдэж байгаа. Хэдэн жилийн өмнөөс эхлээд ярьсан учраас мэдээллийн технологийн салбарт үйл ажиллагаа явуулдаг компаниуд тооцоо, судалгаа хийж, энэ ажилд хэрхэн оролцож болох вэ, гэдгийг урьдчилан харсан байх учиртай. Харин “Ай Ти Зон” компани энэ ажилд хэдий үеэс эхлэн оролцов?

Засгийн газраас 2010 оны 275 тоот тогтоолоор баталсан “Радио, телевизийн өргөн нэвтрүүлгийг тоон технологид шилжүүлэх үндэсний хөтөлбөр”-ийн дагуу Мэдээллийн технологи, шуудан, харилцааны холбооны газраас санаачлан хэрэгжүүлж байгаа ажил. Тус газраас гүйцэтгэгчийн тендер зарлаж, манай компани ялсан. Төслийн хувьд өндөр ач холбогдолтой. Наад зах нь тоон системд шилжсэнээр иргэд, тэр дундаа орон нутгийн иргэд өндөр чанартайгаар зурагтаа үзэх боломжтой болж байгаа. Орон нутаг руу тэр бүр кабель татаад чанартай нэвтрүүлэг хүргэх боломжгүй байдаг л даа. Хүргэлээ гэхэд их өндөр үнээр очих юм. Харин улс даяараа тоон системд шилжсэнээр энэ бүгдийг шийдэх боломжтой болсон. Бид Баян-Өлгий аймагт төслийг хэрэгжүүлж байхдаа, аналог болон тоон системийг харьцуулж үзсэн. Үнэхээр чанарын ялгаа мэдрэгдэж байна лээ. Нөгөөтэйгүүр, тоон системд шилжсэнээр Засгийн газарт ч ашигтай. Тухайлбал, давтамж гэж байгалийн хязгаарлагдмал нөөц бий. Хуучин аналог систем ашиглаж байхад маш том давтамжийн зурвас эзэлдэг байсан бол тоон телевиз ашиглаж эхэлснээр давтамжийн зурвас бага ашиглагдана. Ингэснээр бид давтамжийн зурвасыг ашиглан магадгүй дараагийн 4G гэдэг ч юм уу, өөр байдлаар ашиглан эдийн засгийн өгөөж гаргах боломжтой.
Ер нь, манай компанийн тухайд Монголд болж байгаа томоохон төслүүдэд аль болох оролцохыг хичээдэг. Тэр утгаараа тоон системд шилжих энэ үйл явцыг эхнээс нь ажиглаж, бэлтгэл ажлыг хангаж байсан. Бидэнд “Орбит Нэт” гээд охин компани байсан шүү дээ. Харилцаа холбоо хүрэх боломжгүй, алслагдсан нутагт хиймэл дагуулын тусламжтай бүх төрлийн үйлчилгээ үзүүлэх ажлыг хийгээд 10 гаруй жил болсон. Энэ туршлага дээрээ түшиглэн сансрын болон радио, технологийн чиглэлээр тодорхой ажил хийх сонирхол байдаг, үүн дээр ч анхаарч ажиллаж байсан. Жишээ нь, өнгөрсөн хоёр жилийн дотор уул уурхайн салбарт зарим нэг тоон радио технологийн төсөл хэрэгжүүлсэн, мэргэжлийн чадавх ч сайн байсан юм. Энэ төслийн хувьд бид тендерт нь шалгараад энэ оны тавдугаар сард гэрээнд гарын үсэг зурж наймдугаар сарын дунд гэхэд бүх системээ суурилуулж дуусгасан байгаа. Нийт 149 сум, суурин газарт системээ суурилуулснаас хамгийн ойр нь Дархан, Эрдэнэт. Бусад нь баруун таван аймаг, дээр нь Хөвсгөл аймаг хамрагдсан. Одоо улсын комисс хүлээж авах дутуу. Бусдаар бол ажил дууссан учраас манай төсөлд хамрагдсан газрууд тонн системд шилжихэд ямар нэг байдлаар асуудал гарахгүй.

Систем суурилуулсан гэхээр нэлээн нүсэр ажил байв уу?

Том ажил ч гэсэн бид өмнө нь тооцоо судалгааг сайн, бэлтгэлээ боломжийн хийсэн учраас хүндрэл харьцангуй гайгүй. Харин цаг хугацааны хувьд давчуу байсан нь бага зэргийн хүндрэл үүсгэсэн. Тоон телевизийн төсөл нь бидний хувьд маш богино хугацаанд хамтрагч гадны түншүүдээсээ системийн бүрдлүүдээ авчраад системийн интеграцийг хийх, алслагдмал аймгууд руу зөөвөрлөн суурилуулах ажил нь гол сорилт болсон. Өмнө нь Монголд ийм төсөл хэрэгжиж байгаагүй учраас манай инженерүүдийн хувьд цоо шинэ зүйл байлаа. Систем интеграцын хувьд бид сайн судалгаа хийж, амжилттай суурилуулсан нь манай компанийн хувьд ч ололттой зүйл их гэж дүгнэж байгаа.

“Могул” гээд нэг том төсөл байна. Сүүлд энэ хүрээнд Монголын зах зээлд гар утас хүртэл нийлүүллээ. Дэлхийд гар утасны өрсөлдөөн эд хүчээ авч байгаа энэ нөхцөлд дотоодын брэнд гарч ирнэ гэдэг бараг л төсөөлшгүй зүйл. Гэсэн ч танай үйлдвэрлэсэн дотоодын зурагт, гар утас худалдаанд байсаар байна. Эцсийн зорилго нь чухам юу юм бэ? 

Энэ төслийг хэрэгжүүлж байгаа хэд, хэдэн шалтгаан бий. “Могул” гэдэг бол бидний хамгийн чухал үндэсний брэнд юм. Бид үүнийг хадгалж, цаашид хөгжүүлж, сайжруулах хүсэл зорилготой байгаа. Мэдээж, гадны томоохон газруудтай өрсөлдөхөд хэцүү. Бид ч тийм зорилго тавиагүй. Тухайлбал, хамгийн сүүлд, “Могул”-ын “Сонор” гээд ухаалаг утсыг гаргалаа. Монголын зах зээлийг харвал, цахим систем, сүүлийн үеийн технологийг хүн бүр хүртэж чадахгүй байгаа. Өөрөөр хэлбэл, цахим хуваагдал гэдэг зүйл явагдаж байна. Нэг хэсэг нь орчин үеийн техник, технологи хэрэглэж, байнгын мэдээлэл авч байхад нөгөө хэсэгт ийм боломж байдаггүй. Тиймээс хүн бүрт технологийн дэвшлийг тэгш хүртээмжтэй  хүргэхэд хувь нэмэр оруулах зорилгоор ухаалаг утас заавал үнэтэй байх ёстой гэсэн хэвшмэл ойлголтыг эвдэж, хямд өртөг бүхий ухаалаг утсыг ашиглахад хялбар, үйлдлийн системийг нь Монгол хэлээр гаргах зэргээр боломжоо ашиглаж байна. Мөн “Могул” зурагт зах зээлд амжилттай явж байгаа. Үнэ, чанарын хувьд ч боломжийн. Сая, тоон системд шилжиж байгаатай холбогдуулан нэмэлт төхөөрөмж авах шаардлагагүйгээр шууд хүлээн авагчтай зурагт зах зээлд нийлүүлээд байгаа. Товчхондоо, монгол брэндийг хөгжүүлэх зорилгын маань алхмууд юм.

Ер нь энэ салбарын луужин нь хэн юм бэ. Төр үү, хувийн хэвшил үү?

Аль, аль нь. Бүх талууд л хичээж ажиллаж байгаа. Төрийн зүгээс гадны санхүүжилттэй томоохон төслүүдийг сүүлийн үед ихээр зарлах болсон нь дотоодын компаниудад дэмжлэг болж байгаа. Цаашдаа ч олон төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж, мэдээллийн технологийн дэвшлийг илүү хурдан хүртэх боломжтой. Дотоодын мэдээллийн технологийн компаниудын хувьд жаахан хүндрэлтэй байдаг зүйл нь програм хангамжийн үнэлгээ. Энэ үнэлгээг өндөр болгож, өөрсдөө үйлдвэрлэж, өрсөлдөж байж салбарын дотоодын өсөлтөд нөлөөлж чадах байх.

Тэгвэл боловсон хүчний асуудал ямар байна?

2000-д оны үед Монголын Их, дээд сургуулиуд боломжийн сайн боловсон хүчнийг хөдөлмөрийн зах зээлд нийлүүлж байсан гэж боддог. Энэ нь тухайн үед залуусын багагүй хувь нь энэ салбарыг хошууран сонирхож байсантай холбоотой байх. Одоо ч гэсэн хүч нь сулраагүй байна. Гадаадад суралцаад, тухайн орондоо мэргэжлээрээ ажиллаж туршлага хуримтлуулаад ирж байгаа залуус ч олон болж. Гэхдээ компани дээрээ жишээ авахад, өргөжин тэлье, гадаад зах зээлд гарья, технологийг бид өөрсдөө бүтээе гэхээр хүндрэлтэй хэд, хэдэн зүйл мэдрэгдэж байна. Тэр нь, технологийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг дотоодын компаниудын өрсөлдөөн их ширүүн байна. Энэ нь дараагийн үе рүүгээ харах боломжийг хязгаарладаг. Өөрөөр хэлбэл, бид өнөөдөр маргаашийнхаа борлуулалт, өрсөлдөөнийг нэгт тавьснаас болж, гаднын компаниуд шиг 10-н жилээр нь ирээдүйг таамаглан төсөөлөх, илүү боломж эрэн хайх зэрэг олон зүйлээ хязгаарлаж байна. Мөн Солонгос гэхэд технологийн салбарыг хөгжүүлэхдээ, тодорхой чиглэл рүү анхаарал хандуулдаг. Жишээ нь, тус улс компьютерын дэлгэц, санах ой, рамд 70, 80-аад оноос эхлэн анхаарал хандуулж ирснээр дэлхийд өнөөдөр энэ чиглэлээр тэргүүлж байна. Тэгвэл өнөөдөр гар утасны хамгийн чухал зүйл нь дэлгэц, санах ой байна шүү дээ. Монголын хувьд хүний нөөц багатай, хүн амын тоо бага учраас төрөөс тодорхой бодлого явуулах нь зүйтэй. Жишээлбэл, их сургуулиудад мэдээллийн технологийн чиглэлээр судалгаа явуулдаг оюутан багшийг тоолоод үзвэл тийм ч бага биш тоо гарна. Тэгвэл энэ хүчийг дээрх Солонгосын жишээ шиг тодорхой нэг чиглэл рүү нь хандуулах хэрэгтэй юм.

Таныхаар тэр нь ямар чиглэл байх ёстой вэ. Лав л дэлгэц, санах ой биш гэдэг нь тодорхой болчихлоо?

Угаасаа дэлгэц, санах ойн чиглэлээр үйл ажиллагаа явуулж, судалгаа хийхэд их хэмжээний хө­рөн­гө оруулалт шаарддаг. Тий­мээс хөрөнгө оруулалт бага шаард­даг чиглэлийг эхлээд сонгох нь зүйтэй байх гэж бодож байна. Ту­хайлбал, зургаан сая хүн амтай Израйль улс технологийн салбарт дэ­л­хийд хүчтэй тоглогчийн нэгд тооцогддог. Энэ нь бас л нэг чиг­лэлд анхаарал хандуулсантай хол­­боотой. Жишээ нь, бидний хувьд утасгүй интернэт буюу WiFi тех­нологид анхаарсан ч болно, эсвэл GPS tracking чиглэлийн систем хөгжүүлэх ч юмуу. Эсвэл хө­дөө аж, ахуйн салбарын л мэ­дээллийн технологи ч гэж болох юм.

Танд баярлалаа. Ажлын өндөр амжилт хүсье.

Mining Journal

2014

Б.Цээсүрэн

PDEng Инженерийн доктор.Төр, банк санхүү болон бусад салбар дахь дижитал технологи, core дэд бүтэц шинэчлэлтийн томоохон төслүүдийг ахлан удирддаг. Ай Ти Зон компанийн Тэргүүн дэд захирал, туршлагатай удирдагч.