Дижитал Аяллын Итгэлт Түнш

November 17, 2022

Хэрэглэгчийн хэрэгцээ шаардлага, амьд­ралын хэв маяг нь тухайн цаг үе, орчин нөхцөлөө дагаад байнга хувьсан өөрч­лөгдсөөр ирсэн. Хэрэглэгчдийнхээ сэтгэлийг татах бодит үнэ цэн бий болгон, олон сувгаар түгээн хүргэж, түүнээсээ ашиг орлого олох нь бизнесийн байгууллагын үндсэн зорилго билээ. Бидний амьдарч буй цаг үед шинэ үнэ цэн бий болгох хязгааргүй боломжуудыг олгож буй бизнесийн стратеги нь Дижитал Шилжилт юм. Дижитал Шилжилт хийх нь нарийн төвөгтэй, цогц үйл явц, урт хугацаанд тасралгүй үргэлжлэх аялал билээ.

 

Trusted Partner For Your Digital Journey

 

Таны дижитал аяллын стратеги нь ямар салбарт, ямар зах зээлд, ямар бизнес эрхэлж буйгаас хамаарч харилцан адилгүй байх бөгөөд өөрийн бизнесийн онцлогт тохирсон дижитал технологиудыг ашиглан бизнесийн загвараа өөрчлөх, дотоод процессуудаа автоматжуулах, цоо шинэ “customer experience” санал болгох, “чухал” датануудаа цуглуулж, шийдвэр гаргалтад ашигладаг болсноор танай компани цаг үетэйгээ хөл нийлүүлж, зах зээлд ялгарч, өрсөлдөх чадвараа хадгалж үлдэх болно. Үүний нэг бодит жишээ: 20 жилийн өмнө кино үйлдвэрлэлийн салбарын зохиогчид өөрсдийн зөн совин, туршлага, зах зээлийн судалгааны үр дүнд суурилан бүтээлүүд гаргадаг байв. Харин өнөө цаг үед Netflix дижитал их өгөгдөл ашиглан хэрэглэгчдийнхээ бодит хэрэгцээг тодорхойлж, тэдний хамгийн их хүсэн хүлээсэн кино бүтээлүүдийг үйлдвэрлэн гаргаж, хэмжээлшгүй их ашиг орлого олж, олон жилийн туршлагатай, уламжлалт арга барилтай өрсөлдөгчдөөсөө хол тасран оджээ.

Дижитал эрин үе эхэлснээс хойш төрөн гарсан компаниудтай харьцуулахад уламжлалт бизнес эрхэлдэг компаниуд Дижитал Шилжилт хийхэд маш олон сорилт, бэрхшээлүүдтэй тулгарч байгаа нь олон судалгаагаар харагдаж байна. McKinsey-н саяхан хийсэн судалгаанд оролцсон нийт захирлуудын 16% нь л хийж буй дижитал төсөл, санаачилгууд нь амжилттай болж байгаа гэсэн бол үлдсэн 84% нь бүтэл муутай байгаагаа ярьжээ. Тэгвэл бид юуг олж харахгүй, дутуу хийгээд байна вэ? Бид Дижитал Шилжилт хийх зайлшгүй нөхцөл үүссэнийг маш сайн ойлгож байгаа хэдий ч амьдралд хэрхэн амжилттай хэрэгжүүлэх талаар цэгцтэй, системтэй ойлголтгүйн улмаас дижитал төслүүд хэрэгжүүлэх явцад төсөөлж тооцоогүй сорилт бэрхшээлүүдтэй тулгарч, улмаар бүтэлгүй, үр дүнгүй хөрөнгө оруулалт болоод өнгөрч буй харамсалтай тохиолдлууд олон байна. Чухамдаа бодит үр дүн гаргахын тулд зөвхөн сайн технологиуд сонгон авахаас гадна бэлтгэгдсэн мэргэжилтнүүд, орчин үеийн дижитал технологиудын талаарх мэдлэг туршлага, экпертиз, зөвлөгөө зайлшгүй шаардлагатай.

Дижитал Аяллаа зөв удирдах нь амар­гүй даваа гэдгийг батлах дараах судал­гаануудын үр дүнгүүд гарсан байна:

Forrester: 2018 онд Дижитал Шилжилт хийх төслүүдийн 50%-аас дээш хувь нь бүтэлгүй болсон.

McKinsey: Дижитал Шилжилт хийх төс­лүүдийн 70% нь бүтэлгүйтсэн, гол шалтгаан нь ажилтнуудын хүчтэй эсэргүүцэлтэй тулгарсан. Ажилтнуудын зөвхөн 16% нь л Дижитал Шилжилт хийснээр бүтээмж дээшилсэн, урт хугацаандаа тогтворжих байх гэж хариулсан.

Дэлхийн томоохон зөвлөх үйлчилгээний ком­па­ниудаас гаргасан зөвлөмжид дурд­санаар Дижитал Шилжилт хийхэд хамгийн их тулгарч буй нийтлэг сорилт, бэрхшээлүүд нь:

Байгууллагын соёл: Маш сайн технологиуд байвч, хүмүүсийн сэтгэлгээ өөрчлөгдөхгүй бол ямар ч боломжгүй зүйл гэдэг нь тодорхой болсон.

IT менежмент, хүний нөөцийн дутаг­дал: Capgemini-н судалгаанд оролцсон компаниудын 77% нь дижитал ур чадварын дутагдал нь Дижитал Аяллын маань хамгийн том саад бэрхшээл болоод байна гэж хариулсан.

 

Хөрөнгө оруулалтын төсвөө хангалтгүй гаргах: Дижитал төслийг хэрэгжүүлэх явцад урьдаас төсөөлөгдөөгүй олон шинэ зардал, хөрөнгө оруулалтууд гарах магадлалтай тул тогтмол биш хувьсах шинжтэй, уян хатан байдлаар зарцуулж болох төсвийн бодлого барихгүй бол төсөл дундаасаа амжилтгүй дуусах эрсдэл маш өндөр байдаг. Дижитал төслүүд ихэвчлэн урт хугацаанд хөрөнгө оруулалтын өгөөжөө өгдөг гэдгийг ойлгох хэрэгтэй.

 

Дижитал Аюулгүй байдал: Судал­гаануудаас харахад Дижитал Шилжилт хийх­эд хамгийн том санаа зовоож бай­гаа асуудал бол мэдээллийн аюулгүй байдал гэж 80% нь хариулсан байна. Орчин үеийн мэдээллийн аюулгүй байд­лын шийдлүүдийг маш сайн судалж, дижитал дэд бүтэц, програм хангамжуудын бүх түвшинд хамгаалалтын арга хэмжээнүүдийг авах цогц стратеги төлөв­лөгөө гарган хэрэгжүүлэх, аюулгүй байдлын шийдлүүдэд хөрөнгө оруулалт хийх, шаардлагатай зардлуудыг төсөвлөх хэрэгтэй. Мэдээллийн аюулгүй байдлын асуудал зөвхөн тодорхой хүрээний мэргэжилтнүүдийн асуудал огт биш болсон!

Agile байх: Дижитал төслүүдийг удирдахад заавал Agile арга барилаар ажиллаж байж амжилт олно. Харамсалтай нь уламжлалт компаниуд уламжлалт арга барилаар дижитал төслүүд хэрэгжүүлэх гэж оролдоод бүтэлгүйтсээр байна.

Бизнесийн байгууллагууд орчин үед том жижгээрээ биш, хурдаараа өрсөлддөг болсон, хэн хамгийн түрүүнд цоо шинэ үнэ цэн бүхий customer experience зах зээлд танилцуулна, тэр зүг рүү хэрэглэгчид хошуурах болсон.

Дижитал технологиудын хөгжил дэвшил, хувьсал өөрчлөлт хэрхэн явагдаж байгаа талаар өгүүлье. Дижитал эрин үед хөл нийлүүлэн алхахын тулд хамгийн түрүүнд уламжлалт хуучин дэд бүтцээ үндсээр нь өөрчлөхөөс өөр аргагүй болсон. Орчин үеийн дэд бүтэц хэмээх ойлголтын хүрээнд Public Cloud, Multi-Cloud, Private Cloud, Hybrid-Cloud, Software-defined, All-Flash, Virtualization, Easy-Scale-Out, Data Protection зэрэг технологийн шийдлүүд ашиглагддаг болсон бөгөөд дижитал орчинд бизнесийн үйл ажиллагааны найдвартай, тасралтгүй, хурдтай, хялбар, аюулгүй байдлыг хангах үндсэн зорилгыг агуулдаг.

Програм хангамж, аппликэйшн хөгжүү­лэлт, нэвтрүүлэлтийн тухайд дараах чиг хандлагууд явж байна. Уламжлалт monolithic аргаар хөгжүүлсэн програмууд техно­логийн орчин өөрчлөгдөхөд ажиллахгүй болох, асуудал, алдааг нь олохын тулд маш их цаг хугацаа нерв бардаг байсан цаг саяхан. Харин сүүлийн үеийн сontainerization, microservice, kubernetes, cloud-native, low-code, no-code зэрэг програм хөгжүүлэлтийн технологиуд гарч ирснээр програм хөгжүүлэх, тестлэх, алдааг засах, эцсийн хэрэгдэгчдэд үйлчилгээ үзүүлэх, бодит орчинд програмыг шинэчлэх, төслийг бүхэлд нь удирдахад асар том дэвшил авчирсан. Monolithic орчинд 1-2 жил хөгжүүлж зүгшрүүлэх боломжтой програмыг шинэ технологиудыг ашигласнаар 3-6 сарын дотор ч зүгшрүүлж зах зээлд гаргаж танилцуулах боломж бүрдсэн. Мөн байнгын арчилгаа, сайжруулалт хийх боломж нь маш амар хялбар болжээ.

Дижитал орчны хамгийн үнэтэй хөрөнгө нь хором бүр үүсэж бий болж буй дата болов. Гэхдээ дата болгон алт биш болохоор хэрхэн өөрт хэрэгтэй дата-г цуглуулах, боловсруулах, инженерчлэл хийх, анализ хийх дээр мөн л үй олон шинэ технологиуд гарсаар байна. Дата менежмент гэх ойлголтын хүрээнд Data Integration, Data Lake, Data Processing, Data Analysis, BigData architecture, Stream Processing, Business Intelligence, AI/ML зэрэг технологийн шинэ шийдлүүдийг ашиглан нарийн төвөгтэй боловсруулалт хийж бизнесийн чухал шийдвэрүүдийг автоматжуулах чиглэл рүү хөгжөөд явж байна.

Эцэст нь бүх зүйл дижитал орчинд хад­галагдаж, боловсруулагдаж байгаа тул мэдээллийн аюулгүй байдал хам­гийн хурц асуудал болсон. Кибер ертөнцийн халдлагууд улам нарийсаж төгөл­дөржихийн хэрээр сүлжээний, дэд бүтцийн, дата хадгалалтын, хэрэглэгчийн, аппликэйшн програмын гээд бүхий л түвшинд мэдээллийн аюулгүй байдлын шийдлүүд ар араасаа гарч ирсээр байна. Дижитал аюулгүй байдал алдагдсанаар хэн ч бизнесийн нэр хүндийн болон санхүүгийн хэмжээлшгүй, төсөөлшгүй алдагдалд орох эрсдэлтэй. Иймд мэдээллийн аюулгүй байдалд онцгой ач холбогдол өгч, дижитал орчныхоо эрсдэлтэй байж болох бүх цэгүүдэд аюулгүй байдлаа хангах, түүнд шаардлагатай хөрөнгө оруулалтуудыг төсөвлөн зарцуулахаас өөр аргагүй болж байна.

“Ай Ти Зон” компани нь “Таны Дижитал Аял­лын Итгэлт Түнш” байх эрхэм зорил­­готой ажилладаг бөгөөд дэлхийн технологийн чиг хандлагыг тодорхойлогч, салбар­таа тэргүүлэгч, томоохон компаниудын бүтээгдэхүүн, шийдлүүдийг дотоодын зах зээлд нийлүүлэх үйлчилгээ үзүүлдэг билээ. Бид эцсийн хэрэглэгчийн төхөөрөмжөөс авхуулаад орчин үеийн технологийн дэд бүтэц, програм хангамж, дата менежмент, биет болон кибер орчны аюулгүй байдлын шийдлүүдийг Монголын зах зээлд санал болгож, мэргэжлийн зөвлөгөө, үйлчилгээ хүргэдэг, салбартаа 25 жилийн туршлагатай хамт олон билээ. Дижитал Аяллаа бидэнтэй хамт үргэлжлүүлж буй, бидэнд итгэж найддаг бүх харилцагч байгууллагууддаа сэтгүүлээрээ дамжуулан гүн талархлаа илэрхийлье. Бид дэлхий нийтэд шинэ тутам гарч ирж буй технологийн шийдлүүдийг та бүхэндээ цаг алдалгүй танилцуулж, эрхэм зорилгоо биелүүлэхийн төлөө хичээнгүйлэн ажиллах болно.

У.Наранбаатар

Ай Ти Зон компанийн Гүйцэтгэх захирал. Технологийн менежмент, бизнесийн удирдлага, чанарын удирдлага, төслийн удирдлагаар мэргэшин, мэдээллийн технологийн салбарт 20 гаруй жил тасралтгүй ажиллаж буй туршлагтай удирдагч.