Cisco ACI - SDN шийдлийг танилцуулах Hands-On воркшоп амжилттай зохион байгуулагдлаа

October 02. 2020

"Программ хангамж дэлхийг иднэ" гэсэн алдарт үг байдаг. Энэ нь ирээдүйд бүх зүйл программчлагдах буюу software defined болох нь зайлшгүй бөгөөд цаг хугацааны л асуудал гэсэн утгыг илэрхийлдэг. Үүний баталгаа болж мэдээллийн технологийн дэд бүтцийн сервер, сторэйж зэрэг ихэнх шийдлүүд программчлагдаж эхэлсэн бөгөөд бид энэ удаа Сүлжээний технологиор үнэмлэхүй тэргүүлэгч Cisco компанитай хамтран Software defined (буюу Программ суурьтай) сүлжээний дэд бүтцийн шийдлийг Монголын хэрэглэгчдэдээ воркшоп хэлбэрээр амжилттай танилцууллаа.

Cisco компанийн Software Defined сүлжээний шийдэл болох ACI (Application Centric Infrastructure) нь аппликэйшнүүд сүлжээний орчинд илүү хурдан, уян хатан ажиллах боломжийг бий болгож буй техник хангамж /Hardware/, програм хангамж /Software/–г хослуулсан Дата төв болон Клауд хэрэглээнд зориулагдсан шийдэл юм. Cisco ACI шийдлийг ашигласнаар:

  • TCO багасгах /Төхөөрөмжийн тоо болон холболтуудыг багасгах/
  • Сүлжээг оновчилж, нэгдсэн удирдлагад төвлөрүүлэх,
  • Бүрэн автоматжуулалт хийх,
  • Тохиргоог хялбарчлах, /Жишээ нь сервер болон switch хоорондын тохиргоог зөвхөн APIC дээрээс тохируулна/
  • Бизнесийн тасралтгүй, найдвартай байдлыг хангах зэрэг олон давуу талыг хүртэх боломжтой байдгаараа онцлогтой.

Cisco ACI нь Nexus 9000 төрлийн switch-үүдийн /Spine болон Leaf/ загварчлалын тусламжтайгаар сүлжээгээ бүрэн автоматжуулж, нэгдсэн удирдлагад төвлөрүүлдэг. ACI шийдлийн үндсэн бүрэлдэхүүн хэсэг болох APIC /Application Policy Infrastructure Controller / нь физик болон виртуал орчны үйл ажиллагааг нэгтгэж, гүйцэтгэлийг оновчилдог төвлөрсөн, кластер удирдлагын төхөөрөмж юм. Дата төвийн сүлжээнд олон давхарга үүсгэж, давхарга бүрийн төхөөрөмж рүү хандалт хийн, тохиргоо хийдэг гар ажиллагааг энэхүү удирдлагын төхөөрөмжийн тусламжтайгаар хялбарчлах боломжтой юм.

Бид энэхүү танилцуулах арга хэмжээний үеэр бүх оролцогчдодоо Cisco ACI буюу Software defined сүлжээний дэд бүтцийн шийдлийг бодитоор туршиж, дадлага хийх боломжийг олгосон. Учир нь 1000 сонсохоор 1 үз. Лаборатори ажлын хүрээнд оролцогчид маань Cisco DCloud platform дээр орчин үүсгэж, Leaf, Spine, APIC –ийн үндсэн тохиргоо болон холболтыг хийж гүйцэтгэсэн ба ACL-ийг тохируулан /ACI Contracts/, серверийн виртуал switch – үүдийн тохиргоог APIC дээрээс хийх зэрэг ажлыг гүйцэтгэв.

Монголын сүлжээний инженерүүдийн төлөөлөл оролцсон уг арга хэмжээний үеэр Ай Ти Зон компанийн Тэргүүн дэд захирал Цээсүрэн “Монголд ирэх 3-5 жилийн хугацаанд олон байгууллага Software Defined сүлжээний дэд бүтэц рүү шилжиж эхлэх болно” гэдгийг онцолсон. Тиймдээ ч тэрээр энэхүү арга хэмжээ нь Сүлжээний инженерүүдийн хувьд маш хэрэгцээт туршлага, мэдээллийг хуваалцаж байгааг дурдаж байсан юм.

Ай Ти Зон компани нь сүлжээний шийдлээрээ Гартнерын манлайлагчаар нэрлэгддэг, дэлхийд тэргүүлэгч Cisco компанийн Тэргүүн түншээр 2004 оноос хойш албан ёсоор хамтран ажиллаж ирсэн. Бид өөрсдийн Cisco сертификат бүхий мэргэшсэн инженер, зөвлөхийн багаар дамжуулан байгууллагыг тань дижитал аялалд хөтлөх дата төвийн шийдэл, утастай /Wired/ болон утасгүй /Wireless/ сүлжээний шийдлүүд болон онлайн хурал, уулзалтын шийдлийг албан ёсны эрхтэйгээр Cisco компанитай хамтран хүргэж байна.

ITZONE - Cisco ACI - SDN шийдлийг танилцуулах Hands-On воркшоп амжилттай зохион байгуулагдлаа