ҮСХ-ны мэргэжилтнүүд Tableau-ийн ахисан түвшний сургалтад хамрагдлаа

February 03. 2020

Үндэсний статистикийн хороо болон Монгол дахь НҮБ-ийн Хүүхдийн сан хамтран ажиллаж буй “нийгмийн үзүүлэлтийн түүвэр судалгаа” төслийн хүрээн дэх судалгааны тайланг эмх цэгцтэй, ойлгомжтой харагдуулахад туслах зорилгоор “Ай Ти Зон” компани “Tableau Desktop I, II and III”  сургалтыг 1-р сарын 21-23 ны өдрүүдэд зохион байгууллаа.

Үндэсний статистикийн хороо, НҮБ-ийн Хүн ам болон хүүхдийн сангаас жил бүр явуулдаг уг судалгаа нь Монгол улс дахь хүүхэд, эмэгтэйчүүдийн нөхцөл байдлыг олон улсын хэмжээнд харьцуулагдахуйц мэдээлэл цуглуулах зорилготой бөгөөд тогтвортой хөгжлийн зорилго болон олон улсын хэмжээнд хүлээсэн бусад үүрэг амлалтын хэрэгжилтэд гарч буй ахиц дэвшилд хяналт, шинжилгээ хийх гол үзүүлэлтүүдийг тооцох боломж олгодгоороо чухал ач холбогдолтой юм.

Өнгөрсөн жилийн түүвэр судалгаанд 0-85 насны нийт 15’000 орчим иргэдийг хамруулсан бөгөөд амьдрах орчноос эхлүүлээд сурч боловсрох эрх, тэгш боломж г.м өргөн хүрээг хамарсан томоохон судалгаа болж чадсан юм. Энэ жилийн түүвэр судалгааны үр дүнг оновчилж, илүү ойлгомжтой болгохын тулд төслийн багийнхан Tableau шийдлийг ашиглахаар болж, анхан шатнаас эхлүүлэн гүнзгийн шат хүртэлх мэдлэгийг 4 хоногийн дотор эзэмшүүлэх зорилготой “Tableau Desktop I, II and III” сургалтад хамрагджээ.

Сургалтын үеэр төслийн хэрэгжүүлэгч Тодгэрэл “бид Монгол улсын нийгмийн үзүүлэлтийн түүвэр судалгааг жил бүр гаргадаг бөгөөд цуглуулсан датагаа хүснэгтээр үзүүлдэг нь бусдад тийм ч ойлгомжтой байж чаддаггүй байсан. Тиймээс харагдах байдлынхаа хувьд илүү эмх цэгцтэй, ойлгоход хялбар болгох үндсэн дээр tableau-г ашиглахаар шийдэж, сургалтад хамрагдсан юм. Энэхүү сургалтын үр дүнд гаргасан дашбоардын тусламжтайгаар бид цуглуулсан датагаа илүү нарийвчилсан бөгөөд үр дүнтэйгээр харах боломжтой боллоо” гэсэн юм.

Tableau нь удирдлагын түвшний тайлангаас эхлээд богино хугацаанд боловсруулалт хийх шаардлагатай төрөл бүрийн интерактив тайланг компьютер дээрээсээ төдийгүй, интернэт хөтөч, мобайл төхөөрөмж ашиглан хэдхэн товчлуурын тусламжтайгаар хийх боломжийг олгодог юм.

Ай Ти Зон компани 2016 оноос хойш Tableau-ийн хүрэл түншээр ажиллаж байгаа бөгөөд мэдээллийн хэлбэр хэмжээнээс үл хамааран бүх төрлийн өгөгдлийг түргэн хугацаанд боловсруулах боломжтой уг шийдлийн Монгол дахь цор ганц албан ёсны түншээр ажиллаж байна.

ITZONE - ҮСХ-ны мэргэжилтнүүд Tableau-ийн ахисан түвшний сургалтад хамрагдлаа