Мэдээллийн технологийн аудит яагаад чухал вэ?

November 06, 2017

Аливаа байгууллага үйл ажиллагааны чиглэл, цар хүрээ, бүтэц бүрэлдэхүүн, хэмжээнээс үл хамааран мэдээллийн технологи (МТ)-ийн ач холбогдлыг сайтар ойлгож зүй зохистойгоор ашиглах нь хурдацтай хөгжиж байгаа технологийн эрин үед хөл нийлүүлэн алхахад зайлшгүй чухал.

Компаниуд үйл ажиллагаандаа мэдээллийн технологийг ашигласнаар бий болох ашиг тус, өгөөж маш их гэдгийг ойлгодог болсон тул мэдээллийн системдээ хөрөнгө оруулалтыг харамгүй хийдэг болжээ.

Компанийн хувьд хөрөнгө зарцуулж бий болгосон МТ систем нь найдвартай ажиллаж, гадны кибер халдлагаас бүрэн хамгаалагдсан гэдгийг баттай мэдэж байх хэрэгтэй. Мэдээллийн аюулгүй байдал нь мэдээллийн нууцлал, бүрэн бүтэн ба хүртээмжтэй байдлыг хангахад оршдог.

Мэдээллийн технологийн аудит хийх үндсэн зорилго нь тухайн байгууллагын мэдээлэл нь аюулгүй хадгалагдаж, бүрэн бүтэн байдал нь алдагдаагүй, шаардлагатай цагт хүртээмжтэй байгаа эсэхийг шалгаж баталгаажуулж, эрсдэл, илүү үр ашиггүй зардал гарч байгаа эсэхийг тогтооход чиглэдэг.

Байгууллагын мэдээллийн технологийн системүүд, удирдлага, үйл ажиллагаанд аудит хийх нь мэдээллийн системийн аудитын хүрээнд багтдаг аж. Хамгийн энгийн жишээ дурдахад хоёр компани хамтран ажиллахад нөгөө компани нь нөгөө байгууллагынхаа нууцын зэрэглэлтэй мэдээллийг хадгалж чадах баталгаа нь МТ-н аудит баталж өгдөг байна.

МТ-ийн аудитыг гүйцэтгэхдээ юуны өмнө аудитын хамрах хүрээ, зорилгоо тодорхойлсны дараа, аудитын төлөвлөгөө боловсруулна. Аудитын төлөвлөгөөний дагуу шаардлагатай мэдээллийг цуглуулж үнэлгээ хийсний эцэст дүгнэлт тайлан гаргадаг.

Мэдээллийн технологийн аудитын цар хүрээнд байгууллагын бодлого, журам, стандартууд, мэдээллийн системийн удирдлага, зохион байгуулалт, тоног төхөөрөмж, сүлжээний дэд бүтэц, програм хангамжийн ашиглалт, үйл ажиллагаа гэх мэт зүйлс багтдаг.    

Энэхүү асуудал нь одоо монголд хурцаар тавигдаж буй асуудал бөгөөд саяхан зохион байгуулагдсан “Мэдээллийн технологийн Аудитын тогтолцоо” семинарт, Мобиком, Монголын Үндэсний Дата Центэр гэх мэт байгууллагын төлөөлөгчид МТ-ийн аудитыг хуулиар стандартчилах санал гаргаж байлаа.