Өгөгдөл нөхөн сэргээх төлөвлөгөө хийх үү? Эс хийх үү?

February 16, 2018

Танай бизнест дата буюу өгөгдөл хэр чухал вэ? Танай байгууллагын өгөгдөлд аюул учрахад хэр их хохиролтой байх вэ? эсвэл Танай байгууллагын өгөгдөл эргээд үйлчлүүлэгчид тань аюул учруулах боломжтой юу? Хэрэв байгууллага болон хэрэглэгчид аль алинд нь өгөгдөл маш чухал, алдагдвал бидэнд учрах хохирол нь өндөр байвал ӨГӨГДӨЛ НӨХӨН СЭРГЭЭХ төлөвлөгөө заавал байх ёстой байдаг байна.

Гэвч яг ямар төрлийн өгөгдлөө илүүтэй хамгаалж, нөхөн сэргээх (Backup) нэмэлт төлөвлөгөө боловсруулах шаардлагатай байгааг ялгах нь өгөгдлийн менежментийн нэг хэсэг юм. Технологийн болон технологийн бус аль аль компаниуд өмнөх өгөгдлөө цуглуулан анализ хийж, үйл ажиллагааны сайжруулалт, ирээдүйн төлөвлөлтдөө анхаарч эхлээд байна. Гэвч анализ хийх боломжтой өгөгдлийг Backup хийнэ гэдэг нь компаниуд стратегиа дахин эргэж харна гэсэн үг.

“ӨГӨГДӨЛ” ҮНЭТ ХӨРӨНГӨ БОЛОХ НЬ

Гартнераас гаргасан “2017 CEO Survey: CIOs Must Scale Up Digital Business,” судалгаан дээр өгөгдөл нь уламжлалт санхүүгийн хөрөнгө шиг үнэ цэнэтэй болсон гэсэн дүгнэлт гарсан байна. Нэг үгээр энэ нь байгууллагын үндсэн Капитал болж байгаа хэрэг. Ямар төрлийн өгөгдөлд нөхөн сэргээх төлөвлөгөө (Backup) хийхээ сонгохын тулд компанийн гол гүйцэтгэлийг хэмжих KPI тооцох түлхүүр өгөгдлийг эхлээд тодорхойлдог.

Үүний тулд өгөгдөл тус бүрээс компани болон хэрэглэгчид ямар үнэ цэнэтэй гэдгийг маш сайн ойлгож, ажлын процессоо илүү тодорхой болгож, мэдээллийг хялбархнаар дамжуулах талаар илүүтэй суралцах хэрэгтэй.

Нэгэнтээ байгууллагад ямар төрлийн KPI хэмжигдэхүүн, өгөгдөл чухал болохыг тодорхой болгосны дараа дараагийн алхам руу орох боломжтой. Зөв хэмжигдэхүүнийг тооцох KPI-тэй холбоогүй өгөгдөл, нөөцийг хадгалах нь үргүй зардал болдог. Тиймээс Нөхөн сэргээх стратегийг хэрэгжүүлэхийн тулд ямар төрлийн өгөгдөлдөө backup хийхээ өгөгдлийн ангиллаас харж сонгох нь зохимжтой юм.

ӨГӨГДЛИЙН АНГИЛЛЫГ ТОДОРХОЙЛОХ НЬ

Компанийнхаа бүтэц, үйл ажиллагаатай уялдуулан ямар өгөгдлийг хадгалан хамгаалах ёстойгоо ангилах хэрэгтэй. Харин эдгээр өгөгдлийг үнэ цэнээс хамааруулан ангилах дараах “Пирамид” аргыг хэрэглэдэг байна.

Өгөгдлийн ангиллыг тодорхойлох нь

Таны өгөгдөл пирамидын аль хэсэгт хамрагдахаас шалтгаалан шийдлээ сонгох хэрэгтэй болно. Жишээ нь байгууллага өгөгдлийн бааз дээрх мэдээллийн дагуу дотоод системээрээ хандан хэрэглэгчид үйлчилдэг процесстой гэж төсөөлье. Тэгтэл өгөгдлийн бааз дээрх мэдээлэл нь дахин ашиглах аргагүй болтлоо гэмтлээ гэж үзье. Энэ үед үйлчилгээний салбарууд дээрх ажилчид дотоод системдээ нэвтэрч чадахаа байж, хэрэглэгчиддээ сүлжээ холбогдохгүй байна түр хүлээхийг хүсч, санхүүгийн болон үйлчилгээний стандартын алдагдал үүснэ.

Чухам энэ үед л CIO (Мэдээллийн технологийн хэлтсийн удирдлага, менежер) өгөгдлийн баазын мэдээллийг “Пирамид”-ын аль хэсэгт ангилан хөрөнгө оруулалт хийсэн бэ гэдгээс л тухайн байгууллагын хэрэглэгчид хэдхэн секундын дотор үйлчилгээгээ авч эхлэх үү эсвэл 24 цагын дараа юу эсвэл хэзээ ч авахгүй юу? Гэдгийг тодорхойлох юм. Мэдээж хэрэг Нөхөн сэргээх төлөвлөгөө хийгдсэн өгөгдөл хэдхэн секундын дотор сэргээгдэж дээрх бизнесийн алдагдлаас сэргийлж чадна.

Б.Төрмөнх

Ай Ти Зон компанийн Энтерпрайз шийдлийн зөвлөх. Системийн дэд бүтэц, өгөгдөл нөөцлөлт, цахим архивын шийдлээр мэргэшсэн. Мэдээллийн технологийн салбарт 13 жил ажиллаж, дэд бүтцийн томоохон төслүүдийг ахлан хэрэгжүүлэгч.