Блокчэйн, крипто мөнгөн тэмдэгт ирээдүйг тодорхойлох уу?

January 15, 2018

Блокчэйн технологи нь аливаа мэдээллийг үнэн зөвөөр, найдвартай нууцлалтайгаар, бүгдэд нээлттэй, тараан байршуулж хадгалах технологи юм. Харин энэхүү технологийг ашиглан, криптографийн аргаар шифрлэж, нууцлал болон найдвартай байдлыг нь хангасан, хийсвэр мөнгөн тэмдэгтийг Cryptocurrency буюу “Крипто мөнгө” гэж нэрлэж байна.

Анхны крипто мөнгө “Биткойн”ыг 2008 онд хэсэг программист боловсруулан, 2009 онд Сатоши Накомото гэх нэрийн дор олон нийтэд тараасан байна. Тэд танилцуулах захидалдаа аливаа Засгийн Газраас хараат бус, бүх хүн хэрэглэж болох, шилжүүлэг хийхэд дундын банк, эсвэл гуравдагч этгээдийг хамруулах шаардлагагүй, шимтгэл төлөхгүй мөнгөн тэмдэгт хэмээн тайлбарлаад хямрал, инфляцад амархан нэрвэгдэхгүй доллар, евро зэргийг орлох валют хэмээжээ.

Крипто мөнгө ба Уламжлалт мөнгөний ялгаа

Крипто мөнгөний төрлүүд

Блокчэйн технологийн үнэ цэнэ

Бидний амьдрал мөнгө, мэдээлэл, бүртгэл, баримт бичигтэй салшгүй холбоотой. Иймд бид мөнгө, бичиг баримт, мэдээллийг өгөх, солилцох, бүртгэх, шалгах, магадлах зэрэг янз бүрийн зорилгоор ямар нэг зуучлагчаар найдвартай байдлаа хангуулдаг. Гүйлгээ наймаа хийх, гэрээ гүйцэтгэх, аливаа эрх, үйл явдлыг бүртгэлжүүлэх үед найдвартай байдлыг бүрэн хангадаг өөр арга зам нь блокчэйн технологийг ашиглах явдал болоод байна. Цаасан дээр бичиж болох бүх зүйлийг блокчэйн дотор бичиж болох бөгөөд блокчэйн сүлжээнд байгаа ямар ч бүртгэлийг орлуулах эсвэл хуурамчаар дуурайх боломж одоогоор байхгүй байгаа юм. Гаднын зарим улсууд уул уурхайн лицензүүд, иргэний бүртгэлийн систем, гэрлэлтийн асуудал, нотариатын үйлчилгээ, эрүүл мэнд, нийгмийн даатгалыг блокчэйн руу шилжүүлснээр цаг хугацаа, мөнгөө хэмнэж эхлэв. Жишээ нь Англичууд гэр бүлийн асуудлыг шийдэхийн тулд блокчэйн технологийг ашиглан бүртгэлжилт болон салалтыг гуравдагч этгээд оролцуулахгүйгээр шийдэх боломж бүрдүүлсэн гэх мэтээр хялбар арга замаар асуудлаа шийдэж байна.

Блокчэйн сүлжээг одоогийн байдлаар ямар нэг мэдээллийг бүртгэх, шилжүүлэх, баталгаажуулах, хадгалах чиглэлээр өргөн ашиглаж байгаа бөгөөд дараах бодит хэрэглээнүүд түгээмэл байна. Үүнд:

  • Төлбөр тооцоо
  • Шинэ хэрэглээ хөгжүүлэх
  • Хандах эрхийг бүртгэх, баталгаажуулах
  • Гишүүнчлэл
  • Санхүүгийн үйлчилгээ
  • Зээл, Даатгал, Хувьцаа, Мөнгөн гүйлгээ, Валют арилжаа
  • Үйлчилгээний бүртгэл, тооцоолол
  • Мэдээлэл хадгалах, ашиглах
  • Өгөгдөл хадгалах, хуваалцах
  • Зүйлсийн интернет, логистик
  • Баталгаажуулалт
  • Зөвшөөрөл, гэрчилгээ, зохиогчийн эрх
  • ICO буюу Крипто мөнгө шинээр гаргаж, бизнесээ санхүүжүүлэх

Улс орнууд крипто мөнгө, Блокчэйн рүү

Цахим валютын гүйлгээг хянаж, зогсоож чадахгүйгээ төв банкууд, засгийн газрууд хэдийн ухаарсан. Тухайлбал Крипто мөнгөн тэмдэгтүүд дундаас хамгийн их хэрэглээнд нэвтрээд буй Биткоины гүйлгээ нь блокчэйн технологиор дамжин “peer-to-peer” буюу хэрэглэгчээс хэрэглэгчийн хооронд, ямар нэгэн дундын оролцоогүй явагддаг. Ингэхдээ холбогдох мэдээллийг “hashcash” алгоритм ашиглан нууцлаад, “distributed ledger” буюу төвлөрсөн бус, тархсан бүртгэлийн технологи ашиглан хадгалдаг. Үүнийг ашиглан гүйлгээ хийхэд ямар нэгэн хөндлөнгийн зуучлагч хэрэггүй учраас үйлчилгээний зардлыг гайхамшигтай ихээр бууруулж, үр ашгийг нэмэгдүүлж байгаа юм.

Тиймээс ч зарим улс блокчэйнийг судлаад, өөрийн гэсэн цахим валют, эсвэл мөнгөн тэмдэгтийнхээ цахим хувилбарыг гаргахаар зэхэж байна. ОХУ-ын Ерөнхийлөгч Путин “Етереум” сангийн үүсгэн байгуулагч Виталик Бутеринтэй уулзаж, цахим валютын технологийг ашиглах боломжуудыг судалж, Оросын Төв банк рублийн цахим хувилбар гаргахаар судалж байгаагаа мэдэгджээ.

Хятадын Ардын банк өөрийн гэсэн цахим валютын загвар гаргасан бөгөөд ийм валют зах зээлд нэвтрүүлэх анхны томоохон төв банк болохоор ажиллаж байна. Тэгвэл Японы төв банк болон Европын төв банк хамтран цахим валютын технологи болох “distributed ledger”-ийг зах зээлийн дэд бүтэц болгон ашиглах судалгаа хамтран хийж буй аж. Энэ төрлийн бүтээгдэхүүний эрэлт, хэрэгцээ байгааг ойлгосон банкирууд биткоины технологиос сурах зүйл их байгааг олж харсныг дээрх жишээнүүд баталсаар байгаа билээ.