"ККТТ" Компанийн үүсгэн байгуулагчдын нэг Б.Чулуунсүх (Гэрэл зургийг MPA)

Цахим бизнес, Үүл, Мобайл, Дата зэрэг бол бидний өнөөгийн амьдарч буй дижитал эриний тоглоомын гол дүрэм өөрчлөхүйц хүчтэй зэвсгүүд. Эдийн засгийг амьд байлгадаг, бизнесийн гол экосистемийг бүрдүүлэгч нэгэн зүйл бол Санхүүгийн хэрэгсэл, дижиталд суурилсан төлбөр тооцооны систем болсон FinTech.

Монголд улсад FinTech салбарын хүчтэй өрсөлдөгч, хөдөлгөгч хүчин болж гарч ирсээр байна. Тэдгээр тэргүүлэгчдийн нэг бол QPAY төлбөрийн системийн үйлчилгээг хүргэгч “KKTT” компани. Жинхэнэ утгаараа гарааны бизнес болсон “KKTT” компанийн үүсгэн байгуулагч Д.Даваа болон Б.Чулуунсүх нар хэдийн Монголын МТ салбар болоод FinTech-ийн нэгэн төлөөлөл болсон байна.

 

АМТТАЙ УНАЛТ

 

ES: Та бүхэн анх хэрхэн энэхүү QPAY үйлчилгээг нэвтрүүлэхээр FinTech бизнес рүү хөл тавьсан бэ? Эхлэлийн мөчөө хуваалцаач?

Анх бидний зорилго Sharing Economy буюу “AVZAR”,  TABI.MN гэх мэт агуулгын түрээсийн үйлчилгээ санал болгодог E-commerce чиглэлээр үйл ажиллагаа эхлүүлж байлаа. Зун ямарваа бизнес эхлүүлэх гэж байгаа бол хамгийн буруу сонголт байна лээ шүү. \Инээв\ Эхний бизнес маань TABI.MN  байсан. Энэхүү сайт нь онлайнаар Японоос бараа захиалж өгдөг үйлчилгээ үзүүлэгч сайт юм л даа. Хүмүүс зун цагт нэг их бараа захиалдаггүй тул алдагдалд орсоор байсан. Нэг удаа бид Японоос загас тээвэрлээд “шатсан” тохиолдол ч бий.

Харин AVZARA сайт нь интернэтээр худалдаа эрхлэгчид манай агуулахад бүтээгдэхүүнээ төвлөрүүлээд интернэт худалдааны захиалга орж ирэх үед нэг цэгээс хүргэлт хийх концепцтой байсан юм. Ер нь тэрхүү бизнес нэгдүгээрт ажиллагаа ихтэй, хоёрт хэрэглэгчид маань интернэтээр төлбөр хийх E-Pin кодоо байнга мартдаг, ашиглаж хэвшээгүй байсан тул уналтад орсон л доо.

Эндээс л бид ер нь хэрэглэгчдийн төлбөр тооцооны асуудлыг хөнгөвчлөөд банкнуудтай хамтран ажиллавал ямар вэ? Гэсэн сэдэл төрсөн. Хятад болон Японы цахим төлбөр FinTech  компаниудыг судлаад үзэхэд QR код ашиглан өдөр тутмынхаа гүйлгээг гүйцэтгэдэг байсан. Түүнийг Монголдоо хэрэгжүүлбэл яг энэ асуудлыг шийдэж болох юм байна гэсэн ойлголтод хүрсэн.

ES: QPAY үйлчилгээ нь ямар ямар зарчмаар ажилладаг вэ? Хэзээнээс эхэлсэн бэ?

Энэхүү үйлчилгээ нь үйлчилгээний болон олон нийтийн байгууллагуудыг QR кодоор бүртгээд банкнуудтай холбосон төлбөрийн системийн үйлчилгээ юм. Одоогоор үйл ажиллагаа явуулж буй арилжааны банкнуудтай хамтран хэрэглэгч болон банк хоорондын гүйлгээг QR код болгон дамжуулах үйлчилгээ гэж ойлгож болно. Энэхүү төслийг хэрэгжүүлж эхлээд хэдхэн хоногийн дотор бүтээгдэхүүний загвар хувилбараа хийж Худалдаа Хөгжлийн Банк, Хаан банк, Төрийн байгууллагуудад төслөө танилцуулсан. Тэр уулзалтуудын үеэр л бид яг хийх гэж буй зүйлээ бүрэн ойлгосон л доо. \Инээв\

Банкны салбарынхан мэдээж хэрэг дэлхий нийтийн төлбөрийн чиг хандлага нь ирээдүйд FinTech тэр дундаа QR кодоор хэрэгжинэ гэдгийг мэдэрсэн байсан. Анх QPAY үйлчилгээг нэвтрүүлэхээр зорьж байхдаа Ай Ти Зонкомпанитай хамтран хөгжүүлэлт хийж, системийн сайжруулалт, хамтын ажиллаа эрхэлье гэдэг саналыг тавьсан. Тэд бидний төслийн санааг эерэгээр хүлээн авч, хөгжүүлэлт төдийгүй олон зүйл дээр хамтран ажиллаж байна.

 

ЖОНТОЙ ХИЙСЭН УУЛЗАЛТ

 

ES: Банк санхүүгийн салбарт аливаа хөрөнгө оруулалтыг хийхдээ ирээдүйд ирэх бизнесийн үр өгөөж болон эрсдэлийн үнэлгээ хийдэг. Тэд QPAY үйлчилгээг нэвтрүүлэхэд эрсдлийг юу гэж харж байсан бэ?

FinTech-ийн Монгол дахь анхны хэлбэр нь MOST MONEY үйлчилгээ юм. Анхдагч мөртлөө зах зээлд өдийг хүртэл “өрөм хамах” хэмжээнд хүртэл өсөлтөд хүрээгүй байгаа. Асуудал юундаа байсан гэхлээр “Банк Дундын” гэдэг зарчмыг технологийн болон, бизнесийн боломж нь байсан ч хэрэгжүүлж чадаагүй оршиж байгаа билээ.

Харин QPAY банк дундын хэмээх зарчмыг хэрэгжүүлэн, хэрэглэгчдийн ямар нэг мэдээлэл, өгөгдлийг авалгүйгээр зөвхөн банкнуудтай нь хамтран ажилладаг тул эрсдэлийн хувьд ч гэсэн бага болсон. Хэрэглэгчдийн аюулгүй байдалд аюул учруулахгүй, бидний зүгээс эрсдэлд нөлөөлөх нөлөөлөл байхгүй тул хэрэглэгчдийн аюулгүй байдлын эрсдэлийг хааж байгаа.

Анх Хаан банктай гэрээ байгуулахын өмнө Хаан банкны Жон Белл захиралтай уулзаж байсан. Биднээс тэр үед Жон захирал :

  • “Та хэд юу хийдэг залуучууд вэ? ” гэж асуусан гэтэл би
  • “Өмнө нь барилгын салбарт ажиллаж байсан” гэж хариулсан.
  • “Тэгээд юу хийж банк санхүүгийн салбарт ирэв”
  • “Энд бизнесийн боломж байгаа тул бид энд байна ” гэлээ. Үнэнээ хэлсэн, дулаан уур амьсгалтай уулзалт болж билээ.

Энэхүү уулзалтын дараагаар Хаан Банкнаас бидэнтэй илүү нухацтай хандаж, гэрээ хийх хэмжээнд хүрч нэг сарын дотор QPAY-г Хаан банкинд нэвтрүүлэхээр болсон. Бидний хувьд маш том сорилт, даалгавар болж хурдан хөдлөх шаардлагатайг харуулж билээ.

QPAY үйлчилгээ бол банкны үйл ажиллагаа орлогоос булаах бус тэдний үйлчилгээ, хэрэглэгчийн үйлчилгээний стандартыг нэмэгдүүлж, ачааллыг бууруулах, харилцагчид нь бусад банктай адилхан үйлчилгээг нэг дороос авах, төрийн байгууллагуудын үйлчилгээг хэрэглэгчиддээ шууд хүргэдэг болсон.

Нөгөө талаас хэрэглэгчид QPAY хэрэглэснээр гүйлгээндээ итгэх, дансаа андуурахгүй байх, хялбархан төлбөр шилжүүлэх гэх мэт үнэ цэнүүдийг хүртэж байдаг. FinTech бол төлбөр тооцооны өсөлт, өрсөлдөөнийг хөшүүрэгдэж байдаг байна.  Бидний өнөөгийн зах зээлд өрсөлдөөн маш чухал, өрсөлдөөнд бид хоорондоо мэдээллийг маш сайн дамжуулж, бие биетэйгээ хамт хөгжиж байх хэрэгтэй болов уу.

 

ХАМТДАА ТУРШЛАГЫГ БҮТЭЭХ НЬ

 

ES: Монголын банк санхүүгийн салбарт оруулж ирсэн цоо шинэ ойлголтыг ажил хэрэг болгоход ямар ямар сорилтууд тулгарч байсан бэ? Түүнийгээ хэрхэн даван туулсан бэ?

Хаан банкны аппликейшнд нэвтрээд дараах 6 сарын турш теллерийн нэг өдөрт үйлддэг дундаж гүйлгээнээс 3 дахин бага гүйцэтгэлтэй байсан. Гэвч QPAY үйлчилгээний зах зээл цаашид өсөх нь тодорхой байлаа. Эхэн үед бидний зорилго төлбөрийн гүйлгээг нэмэхдээ бус аль болох олон банкнуудыг нэгтгэж үйл ажиллагааны цар хүрээг тэлж, найдвартай холболт хийх сонирхолтой байсан.

QPAY үйлчилгээг нэвтрүүлэхдээ Ай Ти Зон компанид хамтран хөгжүүлэлт хийж, системийн сайжруулалт, хамтын ажиллаа эрхэлье гэдэг саналыг тавьсан. Ай Ти Зон компанийн Гүйцэтгэх захирал У.Наранбаатар захирал маш сайхан хамтран ажиллаж, хөрөнгө оруулалтын тал дээр дэмжихээр болсон. Одоог хүртэл бид Ай Ти Зон компанитай хамтран хөгжүүлэлт хийж, аюулгүй байдалд хөрөнгө оруулалт хийгдсээр байгаа. Одоогийн байдлаар бид хөгжүүлэлтээ хийж, нийт 9 банк, 4 төрийн байгууллагыг нэгтгэж QPAY төлбөрийн үйлчилгээгээр хангаж байна.

Нөгөө талаар тулгарсан нэг сорилт нь Монголд банк хоорондын гүйлгээний шимтгэл өндөр үнэтэй байдаг тул хэрэглэгчид төдийлөн банк хооронд гүйлгээ хийх нь бага байна. Энэхүү асуудлыг мэдээж хэрэг банк санхүүгийн талаарх бодлогоор дамжуулан засварлах хэрэгтэй болов уу.

 

ЮУ Ч БОЛЖ БАЙСАН УРАГШ

 

ES: QPAY Төлбөрийн шинэ системийг нэвтрүүлснээр хэрэглэгчдэд болон банкны хувьд ямар үр дүнд хүрсэн бэ?

QPAY банкны сан руу холболт хийгддэггүй, QPAY үндсэн систем нь яг гүйлгээнд оролцдоггүй. Тэгэхээр эрсдэл нь бага, ашигтай үйлчилгээ юм. Бид яг хаана үнэ цэнээ өгдөг вэ гэхлээр Монголын үйлчилгээний газрууд хэрэглэгчидтэйгээ тооцоогоо хийхдээ банкны дансаа ашиглан QPAY буюу бидэнд QR код үүсгэснээр төлбөрийг илүү хурдан шуурхай хийх боломжийг л бүрдүүлж өгч байгаа. Давуу тал нь банк байгууллагуудтай, байгууллагууд банктай холбогдоход гардаг их зардлыг бууруулж, түүний оронд QPAY холболт хийж, төлбөрийн үйлчилгээг нь зохицуулж өгдөгт оршино.

ES: Энэ бүхнээс суралцсан нэг зүйл?

Бидний туршлагаас харахад “Нэг зорилго тавиад юу ч болж байсан түүндээ хүрэхийн тулд давшаад л байх хэрэгтэй” юм. Нөгөө талаас “Инноваци” гэж бид ярьдаг. Гэвч инноваци бол цоо шинэ зүйлийг хийх бус байгаа зүйлийг үргэлжлүүлэн өөрчилсөөр  яг тохирсон эрсдэл багатай “ашигтай” зүйлийг бүтээх юм.

Өрсөлдөөн байхгүй бол Цахим төлбөрийн систем болоод FinTech  гэх мэт бусад шинэлэг хэрэглээнүүд нэвтрэхгүй байх байсан.Банкнуудын хувьд төлбөр тооцооны өсөлт, дэвшил нь нэг хүнд ногдох зээл болон бизнесийн үр өгөөжийг нэмэгдүүлж, хэрэглэгчид улам илүү их банкны үйлчилгээг авах хэрэгцээг нь өдөөж өгдөг. Жишээ нь: Сингапур улс Монголтой адилхан 3 сая хүн оршин суудаг жижигхэн улс. Гэвч тэдний  FinTech буюу төлбөр тооцооны систем нь маш сайн тул хотын төвийн болон захын үйлчилгээний байгууллагууд зах зээл дээр өрсөлдөх боломж нь ижилхэн байдаг. Үүнийгээ дагаад эцсийн хэрэглэгчдийн хэрэглээ өсөж, нэг хүнд ногдох ДНБ нь хэрэглээгээ дагаад нэмэгдээд байдаг. Энэ   нь хөгжлийн тулгуур болсон банкнуудад зээлийн хэмжээг өсгөх, эргэн төлөлт, бусад үйлчилгээг авах суурь нөхцөл нь болдог тул төлбөрийн систем хялбар байснаар банкнуудад санхүүгийн үйлчилгээний эргэлт өндөр, маш үр өгөөжтэй юм.

ES: Цаашид юу хийхийг зорин ажиллаж байна вэ?

Бидний дараагийн бүтээгдэхүүн бол QPAY аппликейшн байна гэж харж байгаа. Хэрэглэгч бүрийг QPAY аппликейшнийг хэрэглүүлснээр тухайн хэрэглэгчтэй холбоотой бүх байгууллагууд эргээд хэрэглэгчидрүүгээ хандаж, төлбөр гарахаас нь өмнө мэдээлэх, Feedback авах мэдээллийн урсгалыг нээж өгөх юм. Олон урсгалын өргөн зам тавих тусам улс орны хөгжил өсдөгтэй адилхан QPAY үйлчилгээ нь банкнууд, байгууллага, үйлчилгээний байгууллага, хэрэглэгчдийг холбосон мэдээллийн урсгалын зам болж бизнесийн салбар болоод эцсийн хэрэглэгчид аль алинд нь үр өгөөжтэй мэдээллийн технологи байх болно.

ES: Баярлалаа. Ажлын өндөр амжилт хүсье