Дараа үеийн биет аюулгүй байдал

October 22, 2018

Хил хязгаарыг хэн, хэзээ, яаж зөрчихийг таамаглах боломжгүй тул байнгын хараа хяналттай байлгах зайлшгүй шаардлага үүсэж байдаг. Энэхүү  хэрэгцээний түүхэн цаг үеийг ухраагаад харахад өндөр цайз хэрэм барьж бүтээсэн түүхтэй шууд хамааралтай ба хамгийн том жишээ бол “Цагаан хэрэм” юм. Харуул, хяналтын үүрэг гүйцэтгэх цэрэг, нэвтрэх хэсэг дээр шалгаж буй зохицуулагч, олон мянган км үргэлжлэх хэрэм бол биет аюулгүй байдал (Хяналтын камер, Нэвтрэх хяналтын систем, Периметрийн хамгаалалт зэрэг)-ын сонгодог хувилбар юм.

Дижитал шилжилтийн хурдтай өрнөлийг даган биет аюулгүй байдлын хамгаалалтын технологиуд эрс шинэчлэгдэж байна. Интернэт, Юмсын Интернэт (IoT) болон Үүлэн (Cloud) технологийн нөлөөгөөр биет аюулгүй байдлын шийдэл нь мэдээллийн аюулгүй байдлын технологитой хослон хамгаалалтын цоо шинэ түвшинд хүрэв. Дараа үеийн биет аюулгүй байдлын хамгаалалтын шийдэлд гарч буй шинэчлэлтүүдийн Видео хяналтын систем, Нэтрэх хяналтын систем, Дохиоллын систем тус бүр дээр танилцуулъя.

ВИДЕО ХЯНАЛТЫН СИСТЕМ

Бидний амьдрал камерын доор өрнөж байна. Кино зураг авах зориулалттай камерууд 1880 оноос хөгжиж эхэлсэн байдаг. Энэхүү дүрс боловсруулах дамжуулах технологи дээр тулгуурлан 1942 онд Германы эрдэмтэд V2 пуужинг хөөргөлтийг хянаж эхэлсэн ба энэ нь хяналтын камерын анхны хэрэглээ юм. Түүнээс хойш хяналтын камер нь аюулгүй байдлын системийн чухал бүрэлдэхүүн болсон.

Зөвхөн харах хянах зорилгоор ашиглахаас гадна өгөгдөл цуглуулах чиг үүргээрээ мэдээллийн аюулгүй байдлын шийдэлтэй интеграцид орж, “Илрүүлэх”, “Хамгаалах”, ”Сэргээх” шинэ үнэ цэнийг бүтээж эхэлсэн. Ингэснээр дэлхий дахинаа хяналтын камерын борлуулалт эрс өсөж, 2017 оны байдлаар дэлхий дахинд нийт 98 сая хяналтын камер борлуулагдсан нь өмнөх жилүүдийг харьцуулахад 7% өсөлт байна. Энэхүү өсөлтөд нөлөөлөгч технологийн гол чиг хандлагыг танилцуулъя.

  1. ХИЙМЭЛ ОЮУН УХААН. Видео дүрсэнд тулгуурлан мэдээлэл цуглуулах технологи нь цоо шинэ зүйл биш юм. Анх зөвхөн хүний хөдөлгөөний илрүүлэх чиглэлээр ажиллаж байсан аналитик програм хангамжууд өнөөдөр машины улсын дугаар таних, үйлчилгээний төвөөр үйлчлүүлж буй хүний царайнд анализ хийж тоолох, нас хүйсийг тодорхойлох чадамжтай болсон. IHS-ээс хийсэн судалгаанд 2023 гэхэд хиймэл оюун ухаан дээр тулгуурласан хяналтын камерын төслүүд 4 тэрбум долларыг хол давна гэж үзэж байгаа.
  2. ХЯЗГААР РУУ ЧИГЛЭСЭН ӨӨРЧЛӨЛТ. Өмнөх сэдэв дээр дурдсаны дагуу аналитик програм хангамж нь зах зээлд нөлөөлж байгаа ч тэдгээрийг боловсруулах төв сервер, төгсгөлийн төхөөрөмжөөс ирэх дүрсний зурвасын хэрэглээ нь асар өндөр зардлыг үүсгэж байдаг. Axis, Dahua гэх мэт салбарын тэргүүлэгч компаниуд өөрсдийн камерыг урт хугацаанд хэрэглэгчдэд үнэ цэнэ өгөх тал дээр анхааран ажиллаж байгаа бөгөөд камер дээрээ боловсруулалт хийж, хэрэглэгч рүү боловсруулагдсан болон хагас боловсруулагдсан өгөгдөл дамжуулах тал дээр дэвшил авчирсан байдаг. Жишээлбэл: Машины улсын дугаар таних системд ашиглах камер нь өөр дээрээ боловсруулалт хийж зөвхөн улсын дугаарын мэдээллийг зөрчил гаргасан цагийн мэдээллийн хамт дамжуулна гэсэн үг юм.

НЭВТРЭХ ХЯНАЛТЫН СИСТЕМ

Нэвтрэх хяналтын систем нь хүн төрөлхтөн анх үүссэн цагаас өөрийн гэр орон, эзэмшилдээ хэнийг оруулах вэ? гэдэг дээр анхаарал тавьсан цагаас эхлэх юм. Гэхдээ бодит байдал дээр 1960-аад оноос орчин үеийн нэвтрэх хяналтын систем өргөн хэрэглээнд нэвтэрч, зөвхөн кодоор, соронзон цоожийг удирдан нэвтрэх зарчмаар анх ашиглагдаж эхэлсэн байдаг.

Барилгын эзэд, архитектор, аюулгүй байдлын мэргэжилтнүүд та нэвтрэх хяналтын системийн дизайныг төлөвлөх, ашиглахдаа юуг анхаарах ёстой вэ? Бид дараах чиг хандлагыг барилга, үл хөдлөх хөрөнгийн орчин үеийн аюулгүй байдлын шийдэлд нөлөөтэй гэж тодорхойлж байна.

  1. МОБАЙЛ ХЭРЭГЛЭЭ. Нэвтрэх хяналтын аюулгүй байдлын талаар ярьж байж яагаад мобайл утастай уялдах болсон бэ? Учир нь дэлхийн хэмжээнд 2020 гэхэд 3 тэрбум хүн ухаалаг утас хэрэглэнэ гэсэн судалгаа байдаг. Зөвхөн манай улсад 2,8 сая хүн ухаалаг утсыг(https://crc.gov.mn) өдөр тутмын амьдралдаа ашиглаж байна. Олон байгууллагууд одоог хүртэл нэвтрэх системдээ карт ашиглаж байгаа ч NFC, Bluetooth технологи ашигласан ухаалаг утсаар удахгүй солигдож эхлэх юм. Ухаалаг утсыг ашиглаж эхэлснээр ажилчид болон хэрэглэгч нар мөн түүнчлэн Ай Ти менежерүүдэд хүртэл илүү хялбар болно. Учир нь танд тэр картыг дахин програмчлах, солих, тэр байтугай худалдаж авах хэрэгцээ гарахгүй юм.
  2. БИО ХЭМЖҮҮРИЙН ЗОХИЦОЛ. (Adoption of biometrics). Аюулгүй байдлын өндөр түвшинг хангахын тулд био хэмжүүрийн үзүүлэлтийг ашиглах технологи улам өргөжсөөр байна. Энэ бол зөвхөн хуруу унших болон царай танихаар хязгаарлагдахгүй хүний дуу хоолой таних, нүдний солонгон бүрхэвчийг уншуулах, цаашлаад эдгээрийг хослуулан ашиглах аргачлал өргөн ашиглагдах болсон. Гол нь био хэмжүүрийг системд нарийн таних байдлыг өндөр хэмжээнд хангах нь маш чухал. Жишээ нь фитнесс зааланд бэлтгэл хийгээд гарч ирэхэд хүний биеийн температур, хөлс, шороо, судасны өөрчилөлт зэрэг нь системийн үнэн зөв таних процесст нөлөөлж байдаг. Энэ үед хосолсон био хэмжүүрүүдийг ашиглах хэрэгтэй. Мөн мэдээллийн аюулгүй байдал чухал тул тухайн хүний био мэдээллийн дамжуулалтыг сайтар нууцлагдсан эсэхийг давхар шалгаарай.

ДОХИОЛЛЫН СИСТЕМ

Дохиоллын систем нь дотроо галын болон хулгайн дохиоллын систем гэж хуваагддаг. Галын систем нь тухайн барилгын хийц болон зориулалттай нарийн уялдсан найдвартай ажиллагаатай байж таны эд хөрөнгө, амь насаа алдах эрсдэлээс хамгаалах гол үүрэгтэй. Өнөө үед галын мэдрэгч бүр нь IP хаяг авч, өөрийн байршлыг мэдээлэх, бусад мэдрэх технологитой хослох, үүлэн технологийн тусламжтайгаар хязгааргүй орчин хяналт хийх боломжтой болсон.

  1. ҮҮЛЭН ТЕХНОЛОГИ ДЭЭР СУУРИЛСАН ХЯНАЛТ. Дохиоллын систем нь аюул осол, гэнэтийн халдлага болсон үед анхааруулах бөгөөд дараагийн хамгаалалтын алхмаа урьдчилан хийх нөхцөлийг бүрдүүлэн цаг хугацааны давуу тал бий болгодог. Алслагдсан орон зайд байгаа дохиоллын системийг бидэнтэй холбох арга зам бол үүлэн технологийг ашиглах юм. Энэ технологи нь галын дохиолол болон хулгайн дохиоллын системд ашиглагдсанаар төвлөрсөн хяналт хийх, гуравдагч үйлчилгээний байгууллагатай холбогдох, барилга объектын чимээ, анирыг мэдрэх боломжийг давхар олгодог болсон.
  2. ХОСОЛСОН МЭДРЭГЧ БҮХИЙ СИСТЕМ. Илүү найдвартай ажиллагаа, үнэн зөв мэдээлэх систем бол дохиоллын системийн гол шаардлага. Bosch болон Johnson Control, Nest гэсэн томоохон үйлдвэрлэгч нар зөвхөн утаа төдийгүй дулаан, нүүрстөрөгчийн дутуу исэл (угаарын хий), хэт ягаан туяа, чийгшил зэргийг давхар илрүүлэх чадамжтай мэдрэгчүүдийг санал болгож байна. Эдгээр мэдрэгч нь тус тусдаа ажиллах олон мэдрэгчийг орлож ажиллаж цаг хугацаа, мөнгө хэмнэх ба олон шалгуураар зэрэг хэмжих учир хуурамч дохиоллын тоог багасгаж аюулгүй байдлын түвшинг дээшлүүлнэ.  
  3. УТАСГҮЙ СҮЛЖЭЭНИЙ ДОХИОЛЛЫН СИСТЕМ. Утасгүй сүлжээний технологийг ирээдүйн чиг хандлагад оруулж байгаа нь жаахан сонин санагдаж магадгүй. Гэхдээ саяхныг хүртэл энэ технологи зарим нэг сул тал байсаар ирсэн ба энэ нь голчлон тэжээлийн хэрэглээ ба дамжуулалтын найдваргүй байдалтай холбон үздэг. IoT технологид суурилсан радио дамжуулах шинэ аргачлал нь энэ бүх сул талыг нөхөж, өнөөдөр энэ бүгд өнгөрсөн ойлголтуудыг байхгүй болсон төдийгүй Олон Улсын болон Европын галын (EN54) стандартаар баталгаажин зах зээлд нийлүүлэгдэж эхэлсэн.  Утасгүй сүлжээ бүхий дохиоллын систем нь мэдрэгч суурилуулах ажлын зардлыг үлэмж багасгах, төдийгүй мэдрэгчийн хэвийн ажиллагааны мэдээллийг бүрэн гаргаж өгөх учир захиалагч, эцсийн хэрэглэгч болон суурилуулалт гүйцэтгэгч бүх талд давуу боломжийг олгож байна.

Б.Энхтайван

Ай Ти Зон компанийн Систем интеграцчиллын газрын дарга. Аюулгүй байдал, хяналтын камерын систем, нэвтрэх хяналтын системийн чиглэлээр мэргэшсэн. Жижиглэн худалдаа, үйлчилгээний салбар төвүүдийг нэгдсэн удирдлагын системд холбох төслүүдийг ахлан удирддаг.