Цахим хувьсгал руу холимог багаар давших нь

March 29, 2018

Цахим хувьсгалын эрин үе эхэлснээр компаниуд ямарваа шинэ зүйлд илүү нээлттэй уян хатан хандах, хурдан дасан зохицох, хөрвөх чадвар зэргээрээ өрсөлддөг болжээ. Өөрөөр хэлбэл бусдаас түрүүлж өөрчлөлтийг мэдэрч, шинэ санал санаачлагуудыг хүлээн авч, үйл ажиллагаандаа хурдан нэвтрүүлж, туршиж, үр дүнд нь алдаж онож, суралцаж, нүсэр процессуудаа аль болох багасгаж, харилцагчийн сэтгэл ханамжийг байнга дээшлүүлэхийн төлөө компаниуд ажилладаг боллоо.

Үүнийгээ дагаад менежментийн арга хэрэгсэл, ажиллах арга барил шинэчлэгдэж Cross-Functional Team, Design Thinking, Agile Approach, Lean Management, Growth Hacking зэрэг олон шинэ ойлголтуудыг компаниуд үйл ажиллагаандаа өргөн ашигладаг болжээ. Байгууллагын бүхий л үйл ажиллагаа хүмүүс, тэдний хамтын ажиллагаа, чадварлаг баг дээр тогтдог. Нэгэнт “цахим хувьсгал” руу шилжих нь тодорхой болсон өнөө үед багийн хамтран ажиллах арга барилыг шинэчилсэн нь илүү бүтээмж өндөртэй байх болов уу. Cross-Functional Team буюу Холимог багийн ажиллагаа нь аливаа асуудлыг богино хугацаанд шийдэж, бизнесийн хөгжлийг эрс хурдасгах үндсэн зорилготой гэж хэлэхэд болно.

УЛАМЖЛАЛТААС ХОЛИМОГ РУУ

Уламжлалт бие даасан босоо бүтэцтэй, өдөр тутам хийдэг ажилдаа мэргэшсэн хэлтэс нэгжүүд бүхий зохион байгуулалтын хэлбэр нь олон сул талуудыг агуулдаг нь нэгэнт тодорхой болсон. Жишээ нь ямар нэгэн ажлын даалгавар гүйцэтгэхэд нэгжүүд бие биенээ хүлээж цаг их алддаг, ажлын давхардал ихтэй, олон нэгжүүд дамждаг тул тухайн ажлыг эхнээс нь дуустал хэн ч эзний ёсоор хариуцлага хүлээдэггүй гэх зэрэг маш олон дутагдалтай тал бий. Энэ нь цахим хувьсгалын эрин үед амьд үлдэх гол шалгуур болсон “харилцагч-төвт” бодлого явуулах боломж тун хомс харагдаж байна.

Холимог багийн зохион байгуулалт нь энгийнээр тайлбарлавал өөр өөр хэлтэс, нэгжүүдийн (маркетинг, борлуулалт, бүтээгдэхүүн хөгжүүлэлт, санхүү, худалдан авалт гэх мэт) хүмүүс нийлж нэг баг болж, тодорхой зорилгын төлөө, тодорхой хугацаанд хамтдаа ажиллаж, үр дүн гаргах үндсэн зорилготой. Холимог Баг нь түр хугацаанд чухал асуудлын шийдлийг олох зорилгоор Agile хэлбэрээр зохион байгуулагдаж болно, эсвэл ямар нэгэн хүндрэлтэй асуудалд зөв шийдэл олтлоо олон туршилт хийх зорилгоор арай урт хугацаанд хамтран ажилладаг байж болно.

ХОЛИМОГ БАГИЙН АЖИЛЛАХ ЗАРЧИМ

Холимог багт ажлын даалгаврыг маш дэлгэрэнгүй байдлаар нэг бүрчлэн чиглэл өгөх шаардлагагүй, учир нь баг өөрөө задгай сэтгэж, асуудлыг олон талаас нь харж, судалж, багаараа хамгийн зөв шийдлийг олохын төлөө ажиллах тул тэдэнд илүү их бодох судлах эрх чөлөөг нь олгох хэрэгтэй. Төслийн ажил ихэвчлэн хийдэг компаниуд матриц бүтцээр ажилладгийг бид мэднэ. Холимог багийн зохион байгуулалт матриц бүтэцтэй зарим талаараа төстэй ч гол ялгаа нь матриц дээрх шиг өөр өөрсдийн менежерийн удирдлага чиглэлээр биш, баг өөрөө харьцангуй бие даасан шинжтэй нэгж шиг үүрэг, хариуцлага хүлээн ажилладаг. Төсөл эхлэхэд удирдлагын зүгээс гол хүлээлт, ерөнхий зорилгыг нь тайлбарлаж өгнө. Бусад даалгаврыг багт нь өөрт нь үлдээх зарчмаар явна. Баг өөрөө ажлын цар хүрээгээ тодорхойлж, гишүүд нэг ижил ойлголттой болохоос ажлаа эхэлнэ. Хүний тоо нэг багт 6-10 байхад хамгийн тохиромжтой гэж үздэг. Дараах асуудлууд дээр Холимог Баг ажиллахад тохиромжтой:

  • Байгууллага өөрийнхөө сул цэгүүдийг (хэтэрхий төвөгтэй болсон дотоод процесс ч юм уу) гадарладаг ч түүнийгээ хэрхэн засах аргаа нэг л олдоггүй, хэтэрхий их фундаментал процессын өөрчлөлт хийхээс айдаг, зайлсхийдэг.
  • “Архагшсан” тодорхой асуудлуудад шийдэл олох эзэн олддоггүй, асуудлыг түр хугацаанд дараад л яваад байдаг.
  •  Мөн шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ гаргахад уламжлалт байдлаар ажиллахад судалгаа, шийдэл дээр туршлага дутах, маш их цаг алдах асуудлууд байнга гардаг. Сүүлийн үед технологид суурилсан бүтээгдэхүүн, үйлчилгээний дизайн, прототайп гаргахад хамгийн тохиромжтой зохион байгуулалтын арга хэлбэр болоод байна.

ТУРШИЛТ

Саяхан манай компани сүүлийн хэдэн жил дотроо ярьдаг байсан ч тоймтой шийдэл олж чадахгүй байсан нэгэн асуудал дээр 8 гишүүнтэй Cross-Functional баг томилон, 21 хоногийн хугацаатай Agile хэлбэрээр ажиллуулж үзлээ. Бид гайхалтай үр дүнг харсан ба баг маань бидний өмнө нь олж хараагүй олон өнцгийг хөндөж, нэлээдгүй төгс гэж хэлж болохоор шийдэл боловсруулж чадсан байлаа. Эндээс Холимог багийн гаргаж буй үр дүн төгс төгөлдөр байх албагүй, харин гарсан шийдлийг яаралтай туршиж үзээд, бусад хүмүүсээс саналууд авч, шийдлээ сайжруулж явсаар 3-6 сарын дотор төгс байдалд нэлээд ойртсон шийдэлтэй болж авах нь гол зорилго юм гэдгийг харлаа. Мөн явцын дундах туршилтын бүтэлгүйтлүүд инновацийн гол үйл явц хэмээн хүлээн авах ёстой гэж үздэг болсон. Байгууллага талаас гол ач холбогдлыг нь харвал тулгамдсан асуудалдаа шийдэл олохоос гадна энэ арга хэрэгсэл нь хамтын сониуч, бүтээлч, санаачлагч байдлыг хөгжүүлж, ажилтнуудын компанидаа болон ажилдаа илүү дуртай, сэтгэлтэй болох (employee engagement) нөхцөлийг бүрдүүлдэг байна.

ХОЛИМОГ БАГТ ХЭНИЙГ СОНГОХ ВЭ?

Cross-Functional багийн гишүүнд тодорхой шаардлагууд тавигдана: тухайн асуудалд шийдэл олох чин хүсэл эрмэлзэлтэй байх, багаар сайн ажилладаг байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж, бусад гишүүдтэй мэтгэлцээн хийх, англи хэлний зохих мэдлэгтэй байж, судалгаа шинжилгээ хийх гэх мэт. Багийн гишүүн болж буй ажилтанд дараах сайхан боломжууд нээгдэнэ: Ажлынхаа тодорхой цагийг сонирхолтой төсөл хөгжүүлэхэд зориулах, шинэ боломжийг олж нээх, богино хугацаанд шинэ, гүнзгий мэдлэг олж авах, олон төрлийн онцлогтой бусад ажилтнуудаас суралцах, шинэ найз нөхөдтэй болох, өөрийгөө таньж мэдэх, тухайн бүтээгдэхүүн, үйлчилгээ, шийдлийн зохиогчдын нэг болох, компани, удирдах ажилтны дэмжлэгийг авах, өөрийгөө бусдад таниулах гэх мэт маш олон давуу талууд үүсдэг байна. Удирдах ажилтан Холимог багт ажилтнаа томилсноор залгамж халаагаа бэлдэх ажлын нэг хэсэг гэж үзэж болно. Мөн өөрийн нэгжээс орсон ажилтныхаа ажлын цаг, бусад үүрэг даалгаврыг нарийн зохицуулах, маш сайн дэмжлэг үзүүлэх үүргийг хүлээнэ.

ХОЛИМОГ БАГТ ГИШҮҮД СОНГОХДОО

Нэгдүгээрт тухайн шийдэлд ажилтан хувь нэмрээ үнэхээр оруулж чадах эсэхийг нь харна. Хоёрдугаарт тухайн сонгогдсон ажилтанд дур сонирхол, чин хүсэл байгаа эсэхийг нь асуух хэрэгтэй. Тухайн хүн багийн гишүүн болж, хамгийн сайн үр дүн гаргахын төлөө чадах бүхнээ зориулах чин хүсэл эрмэлзэл байхгүй бол тэр хүнийг багт оруулах шаардлагагүй. Өөрөөр хэлбэл сайн дурын хэлбэрээр багийг бүрдүүлэх нь илүү үр дүнтэй байдаг. Мөн үр дүнд нь суурилсан урамшууллын тодорхой бодлого гаргавал гишүүд илүү идэвх санаачлагатай оролцоно. Та бүхэн өөрийн компани дотроо Холимог Багийн ажиллагаа зохион байгуулж, тодорхой даалгавар дээр ажиллуулж үзээрэй, үр дүн нь таны бодож байгаа хүлээлтээс ч илүү гарч магадгүй.

У.Наранбаатар

Ай Ти Зон компанийн Гүйцэтгэх захирал. Технологийн менежмент, бизнесийн удирдлага, чанарын удирдлага, төслийн удирдлагаар мэргэшин, мэдээллийн технологийн салбарт 20 гаруй жил тасралтгүй ажиллаж буй туршлагтай удирдагч.