Business Intelligence систем танд ямар үнэ цэнэ өгөх вэ?

June 28, 2020

Дижитал шилжилтийг амжилттай нэвтрүүлэх гол хэрэгслүүдийн нэг бол BI (Business Intelligence) гэдгийг бид амжилттай ашиглаж буй байгууллагуудын туршлагаас олж харсан. Энэ удаагийн нийтлэлээр бид BI систем танд хэрхэн үнэ цэнэ өгөх талаар танилцуулъя.

2020 оны BARC BI Trend Monitor судалгаанд байгууллагын BI системийн зорилго, ач холбогдлыг 2016 онтой харьцуулсан судалсан. Судалгаанд нийт 2,865 BI систем ашигладаг экспертүүд оролцсон бөгөөд гол үр дүнд "Байгууллагууд BI системийг анализ хийхээс илүүтэй өгөгдлийн засаглал, соёлыг бүрдүүлэх, өгөгдлийн чанарын удирдлага хийх зорилгоор ашигладаг болсон" нь харагддаг.

Эх сурвалж: BARC BI Trend Monitor 2020 vs 2016 

Тэгвэл BI систем хэрхэн "ӨГӨГДЛИЙН СОЁЛ"-ыг бүрдүүлдэг талаар тайлбарлая.

Яагаад өгөгдлийн соёлыг бүрдүүлэх хэрэгтэй вэ?

Саяхныг хүртэл BI системтэй холбоотой ажлуудыг зөвхөн мэдээллийн технологи (IT)-ийн инженерүүдийн ажилд хамруулдаг байсан. Энэ нь олон байгууллагад хүний нөөц, цаг хугацаа хийгээд хооронд бүрэн ойлголцол, коммуникацийн хүндрэл үүсгэдэг. Жишээ нь: Байгууллагын маркетингийн хэлтэс өөрсдийн үйл ажиллагааг үнэлэх, дараагийн шийдвэрээ гаргах хэрэгцээ үүссэн бөгөөд үүнийгээ мэдэхийн тулд IT-ийн хэлтэстээ хүсэлт гаргана. Хүсэлтийн дагуу IT хэлтсийнхэн нь тодорхой дашбоард тайлангуудыг гаргаж өгсөн боловч мэдээлэл нэмэх, өөр байдлаар харуулах болон бусад засваруудыг хийх шаардлагатай болох үед дахиад л эргээд хандана. Энэ циклийн хувьд цаг их алдах цаашлаад IT болон Маркетингийн ажилтнуудын цаг үрэгдэх, сул зогсох хүлээлт үүсэх зэрэг сул талуудтай.

Энэхүү хүндрэлийг бүрэн шийдвэрлэх зорилгоор сүүлийн үеийн BI системүүд нь Self-service буюу IT бус мэргэжилтэн бие даан тайлан, дашбоардыг хүссэнээрээ боловсруулах боломжтой болгон хөгжүүлсэн байдаг. Энэ нь дурын ажилтан хэлтэс, нэгжийнхээ тайлан, нэгтгэлийг бие даан боловсруулах, real-time интерактив дашбоард бэлтгэх, цаашлаад бусад хамаарал бүхий хэлтэс, газруудад хуваалцах, бодит тоон үр дүнд суурилан шийдвэр гаргах боломжоор хангадаг нь тухайн байгууллагад дата буюу өгөгдлийн соёл түгэн дэлгэрэх суурийг нөхцөлдүүлдэг байна. 

Өгөгдлийн соёлыг хэрхэн бүрдүүлэх вэ?

Өгөгдлийн соёлыг бүрдүүлэхэд үндсэн 5 элемент байдаг. Энэхүү 5 элементийг Гартнерын “Шидэт квадрат”-ын BI төрөлд 8 жил тэргүүлсэн Tableau компани гаргасан бөгөөд байгууллагын хувьд өгөгдлийн соёлыг бүрдүүлэхэд мэдээллийн технологийн сайн дэд бүтэц, систем, программуудаас гадна нөлөөлөх хүчин зүйлс, элементүүдийг тодорхойлсон байна.

1. Итгэл

Итгэл бол Өгөгдлийг соёлын бүрдүүлэх суурь юм. Байгууллагын ажилтнууд бие биедээ итгэж, ажилтан өгөгдөлд итгэж, удирдлагууд ажилтнууддаа итгэж байгууллагын хүрээнд итгэлийн холбоог бий болгох шаардлагатай. Мэдээж хэрэг байгууллагын удирдлагуудын хувьд ажилтнуудад өгөгдөлдөө итгэх итгэлийн суурийг бий болгоно. Ингэснээр байгууллагын үйл ажиллагаа урт хугацаандаа илүү тогтвортой байж, оновчтой шийдвэрүүдийг цаг алдалгүй гаргах, үр ашиггүй зардлуудаа мэдэх боломжийг бий болгоно.

2. Үүрэг, амлалт

Өгөгдөл бол байгууллага дотооддоо оруулж буй стратегийн хөрөнгө юм. Өгөгдлийн соёлыг нэвтрүүлэхэд байгууллага өгөгдлөөсөө үнэ цэнийг бүтээж, байгууллагынхаа зорилгод хүрэх, шийдвэр гаргалтуудыг бүрэн дэмжих боломж, бололцоог олгох үүрэг, амлалтыг ажилтан бүр хүлээнэ гэсэн үг юм.

3. Чадварлаг ажилтан

Мэдээж хэрэг хүчирхэг соёлыг дэвшилтэт технологийн тусламжтай байгууллагад бүрдүүлэх нь хүний оролцоогүйгээр хийгдэх боломжгүй билээ. Тийм ч учраас байгууллагын өгөгдлийн соёлыг бүрдүүлэгч хамгийн гол элемент бол чадварлаг ажилтан юм. Магадгүй ирээдүйн бүх ажлын байранд өгөгдөлтэй ажиллах чадвар хамгийн үнэ цэнтэй болохыг үгүйсгэх аргагүй юм. Тиймээс чадварлаг, бусдадаа нөлөөлөх чадамжтай хүмүүс байгууллагын хувьд маш чухал бөгөөд тэднийг идэвхжүүлэх, урамшуулах хэрэгтэй.

4. Хуваалцах

Байгууллагын хувьд ганц эсвэл цөөн хэдэн функцүүд бусдаасаа илүү ажиллах биш мэдлэг, мэдээллээ бусадтайгаа хуваалцах хамтдаа урагшлах, цаашлаад хүчирхэг өгөгдлийн соёлыг бүрдүүлэхэд маш том нөлөөтэй. Тийм учраас өгөгдлийн соёлыг бүрдүүлэх, бий болгох нь байгууллагын ажилтан бүрийн оролцоо, хамтын ажиллагаа юм. Байгууллагын ажилтнууд өөрсдийн амжилттай туршсан, ашигласан арга, туршлагуудаасаа бусадтай хуваалцах, мөн ажилтнуудад бусдадаа нөлөөлөх, зааж сургах цаг, боломжоор хангах хэрэгтэй.

5. Сэтгэлгээ

Байгууллагын ажилтнууд өгөгдлийг өдөр тутмын үйл ажиллагаандаа ашиглахыг дадал болгох буюу Data-First сэтгэлгээ чухал юм. Байгууллагын ажилтнууд зөн билгийн эсвэл туршлагад суурилсан шийдвэр гаргалт хийхээс илүүтэй өгөгдөлд суурилан гаргах эсвэл тухайн гаргаж буй шийдвэрүүддээ өгөгдлийг ашигладаг байх боломжийг бүрдүүлэх, тэдний гаргаж буй санаа, санаачилга зүтгэлийг үнэлэх, дэмждэг байх шаардлагатай.

Эцэст нь “Дижитал Шилжилт”-г хийхийн тулд технологи буюу байгууллагадаа нийцсэн зөв шийдэл, хүмүүс буюу байгууллагын ажилтнуудаа чадавхжуулах, урамшуулах, цаашлаад чадварлаг ажилтнуудыг авч ажиллуулах, орчин буюу дээр дурдсан хүмүүс технологийг үр ашигтай зөв ашиглах экосистем, соёлыг бүрдүүлэх нь маш чухал юм.

Та Tableau системийн талаар дэлгэрэнгүй мэдээллийн доорх хуудсаар аваарай.

https://www.itzone.mn/page/tableau

Г. Цэнгэл

Контент АрхитектурчБайгууллага болон хэрэглэгчдэд зориулсан мэдээллийн технологийн контент бүтээх, дижитал контент хариуцсан менежер