Хөгжил - Өрсөлдөх чадвар

February 28, 2020

Швейцар улсын IMD их сургуулийн дэргэдэх IMD Өрcөлдөх чадварын судалгааны төвөөс жил болгон нийтэлдэг дэлхийн улсуудын Өрсөлдөх чадварын 2019 оны тайлан гарчээ. Миний бие энэхүү судалгаанд 2015 оноос хойш бизнесийн байгууллагын нэгэн төлөөлөл болон оролцож нийт 256 асуулгаас 92 асуултад хариулдаг юм.

2018, 2019 оны хувьд манай улсын эдийн засгийн нөхцөл байдал муугүй өсөлттэй байсан тул байр урагшилсан байх гэж яаран хамгийн түрүүнд байрын жагсаалттай танилцав. Харамсалтай нь манай улсын өрсөлдөх чадварын байр бахь байдаг хэвэндээ буюу сүүлийн 3 жил дараалан нийт 63 улс хамрагдсан энэхүү судалгаанд хомоол хамсан хэвээр байна.

Бидний ард энэ дэлхийн хамгийн өндөр инфляц болон эдийн засгийн уналттай, засаглалын гүнзгий хямралд ороод буй Венесуэл улс манай улсаас 2 дахин бага оноотойгоор жагсана. Харин бусад улсуудын хувьд байр ахих, эсвэл ухрах гэх мэт нэлээн хөдөлгөөнд орших аж. Жишээлбэл: Саудын Араб улс өөрсдийн байгалийн нөөц баялгийг зүй зохистой ашиглан өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэн 26-р байрнаас 13-р байр руу буюу даруй 13 байраар урагш бичигдэн орж ирсэн бол, ноднин жилийн жагсаалтыг тэргүүлэгч АНУ 3-р байрт ухарсан нь Хятад, АНУ-ын худалдааны дайнтай холбоотой гэж үзэж байна.

Эрх баригчдын тунхагладагчлан манай улс эрчимтэй хөгжсөөр байгаа боловч бусад улсуудтай харьцуулахад тийм ч урагштай биш байгааг харж болохоор байна. Тэд биднээс илүү хурдтай өрсөлдөх чадвараа дээшлүүлэн урт хугацааны зорилгодоо ойртсоор байгаа аж.

Өрсөлдөх чадварыг энэхүү судалгаанд ердөө хоёр бүлэг үзүүлэлтээр авч үздэг. Үүнд:

  1. Өрсөлдөөний чадавх
  2. Нөөц боломж

Өрсөлдөөний чадавх бүлэгт тухайн улсын Боловсрол, Нийгмийн нэгдмэл байдал, Байгууллагын соёл, Урам зориг, Хандлага, Үнэ цэний систем зэрэг үзүүлэлтүүд орох бол, Нөөц боломж бүлэгт Хүн амын тоо, Байгалийн баялаг, Дэд бүтэц, Технологи, Засаглалын үр ашиг зэрэг хэмжүүрүүд багтдаг байна.

Товчхондоо, улсуудын өрсөлдөх чадвар нь дээрх 2 бүлэг асуудлыг хэрхэн зөв зүйтэй удирдан чиглүүлж, урт хугацааны зорилгодоо ойртох эсвэл хүрч байгаагаар хэмжигддэг гэсэн үг.

Энэ удаагийн өрсөлдөх чадварын судалгаагаар “Өрсөлдөх чадвар” гэж чухам ямар ойлголт вэ, орчин цагт хэрхэн тодорхойлж байна вэ гэдэгт хариулт өгсөн байна. “Бизнесийн байгууллагууд нь тогтвортойгоор үнэ цэнийг үүсгэж чадах тийм орчныг буй болгох улсын/төрийн чадавхыг Өрсөлдөх чадвар гэнэ” хэмээн орчин цагийн улс орнуудын өрсөлдөх чадварыг тодорхойлжээ.

Тодруулбал энд дурдагдаж буй тогтвортой эсвэл урт хугацаанд үнэ цэнэ буй болгоно гэдгийг “Байгууллагуудын урт хугацаанд тогтвортой ашиг орлоготой ажиллаж байгаа байдал” болон мөн хугацаанд “Шинээр үүсгэж буй ажлын байр”-аар хэмждэг аж. Тухайн улс орон бизнесийн байгууллагуудаа ажиллах таатай орчноор хангаж өгснөөр тэдний ашиг орлого нэмэгдэх ба үүний үр дүнд эдийн засаг болон нийгмийн хөгжлийг урагшлуулагч  өрсөлдөх чадвар бий болдог байх нь ээ.

Засгийн газар, төрийн оролцоо бизнест хэдий чинээ бага, төвөг чирэгдэл учруулахгүй байна төдий чинээ өрсөлдөх чадварын үзүүлэлт сайжрах бөгөөд үүгээр ч зогсохгүй бизнесийг дэмжих, эрчимжүүлэх арга хэмжээг авч хэрэгжүүлснээр тухайн улс орнуудын өрсөлдөх чадвар сайжирч жагсаалтыг тэргүүлдэг аж. Жишээ нь Засгийн газарт бизнесийн орчныг дэмжсэн хууль, тогтоомж болон хүчирхэг институтийн дэмжлэгээр хангах үндсэн арга хэрэгслүүд байдаг. Ийнхүү бизнесийн эрүүл, таатай орчин чухал байхаас гадна тухайн бизнесийн байгууллагуудын өөрсдийнх нь “хөдөлмөр”-ийн бүтээмж туйлын өндөр ач холбогдолтой.

Эдгээр үзүүлэлтүүд бүгд чухал. Өрсөлдөх чадварыг дээшлүүлэх нэгдсэн нэг орц байдаггүй ба тухайн улс орнуудын онцлогоос шалтгаална. Гол нь эдгээр үндсэн үзүүлэлтүүд бүгд өөр хоорондоо шүтэлцэн оршдог тул аль нэг үзүүлэлтийг сайжруулбал дагалдаад олон эерэг үр дүнгүүд бий болдог байна. Жишээлбэл, ажлын байр олон нэмэгдэж байвал цаад шалтгаан нь тухайн улсын нийт ажил эрхлэгчдийн сэтгэл ханамж өндөр, ажлын таатай орчин бий болсонтой холбоотой бөгөөд энэ нь нийгэм дэх иргэдийн амьжиргааны түвшин сайн байгааг илэрхийлж байдаг. Мэдээж урам зоригтой ажилчид өндөр бүтээмжтэй хөдөлмөрлөж, гарцыг дунджаас дээш нэмэгдүүлэх бөгөөд энэ нь амьдралын чанарын үндсэн үзүүлэлтийг ямагт дээшлүүлж байдаг байна.

Дээрх өрсөлдөх чадварын тодорхойлолтыг дүгнээд үзвэл: Тогтвортой хөгжил бүхий өрсөлдөх чадварын үр дүнд тогтвортой үнэ цэнэ үүсдэг. Тогтвортой үнэ цэнэ нь тухайн бизнесийн байгууллагын урт хугацаанд ашиг орлогоо хадгалсан, ажиллагсдынхаа урам зоригийг дээшлүүлсэн, орчны сөрөг нөлөөнд бага өртөгдсөн байдлаар тус тус тодорхойлогддог байна.

Харин улс орнуудын өрсөлдөх чадвар нь бизнесийн байгууллагуудын өрсөлдөх чадвар болон тухайн орчныг буй болгогч засгийн газрын  үр ашигтай үйл ажиллагаа, дэмжлэгээс шууд хамааралтай. Үүнд бизнесийн болон засгийн газар гэсэн хоёрхон субъект байх бөгөөд эдгээрийн хоорондын харилцан уялдааг тэнцвэртэй зөв хангаж байж л тухайн улсын өрсөлдөх чадвар тэр хэмжээгээр тасралтгүй дээшлэн нэмэгддэг байх нь ээ.

Манай улсын хувьд энэ хоёр субъектийн харилцан хамаарал тодорхой түвшинд алдагдсан байдаг ба ихэвчлэн төрийн хэт нүсэр зохицуулалт давамгайлж, улмаар гадаадын хөрөнгө оруулалт, бизнесийн орчны таагүй нөхцөл байдлыг үүсгэж, ажил олгогч бизнесийн байгууллагуудын ашигт ажиллагаанд сөргөөр нөлөөлдөг. Үүнээс үүдэн хөдөлмөр эрхлэлт болон ажиллагсдын сэтгэл ханамж, цалин хангамжийн дутагдал бий болсноор гадагшаагаа үлэмж их хэмжээний чадвартай, эрүүл ажиллах хүчнээ алдсаар байгаа нэгэн жишээг дурдаж болно.

Улс эх орны хөгжил нь гагцхүү хөдөлмөр, түүнийг зөв зохицуулагч ухаалаг засаг хоорондын харилцаан дээр тогтдог байх нь. Өрсөлдөх чадвараа хөгжүүлж Алсын хараа руугаа тэмүүлцгээе!

Дэлхийн улсуудын өрсөлдөх чадварын 2019 оны тайлан татах бол ЭНД дарна уу. Файлын хэмжээ 53.21MB.

 

Н.Баттулга

Ай Ти Зон компанид Засварын инженерээр анх ажилд орсон бол өдгөө тус компанид 20 дахь жилдээ ажиллаж, ТУЗ-ын даргын алба хашиж буй туршлагатай удирдагч.