“Монгол улсын Алсын хараа 2050” өгөх санал, шүүмж

January 28, 2020

Юуны өмнө Монгол улсын хөгжлийн Алсын харааг тодорхойлох ажлыг санаачилсан, зохион байгуулсан, боловсруулсан хүмүүст талархал илэрхийлье. 
Стратеги, хөгжлийн талаар сонирхдог хүний хувьд энэ нь цаг үеэ олсон туйлын чухал ажил хэмээн дүгнэж, дэмжиж байна. Хэдхэн сарын өмнө миний бие Дархан-уул аймагт болсон “TED-X” арга хэмжээнд “Хөгжил” гэсэн сэдвээр илтгэл тавьсан бөгөөд илтгэлийн үндсэн санаа нь “Монгол улсын хөгжлийг системтэй тодорхойлох, Алсын хараа, эрхэм зорилготой байх” тухай байсан. 

Агуулгын хувьд Монгол улс нь Алсын хараа, хэтийн болон ойрын тодорхой зорилго чиглэлтэй байх ба үүндээ хэрхэн хүрэх стратегийг томьёолох улмаар урт хугацаандаа өрсөлдөх чадвараа тогтвортойгоор хэрхэн дээшлүүлэх тухай юм. Энэхүү Алсын харааг ард иргэд бүхэн зүрх сэтгэлээсээ мэдэрдэг, мэддэг бүр өдөр тутамдаа санаж сэрдэг, тэрнийхээ төлөө тууштай зүтгэдэг, тэмцдэг байхаар томьёолох шаардлагатай гэсэн үндсэн зорилгыг агуулж байсан болно.

Нийт 480 нүүр бүхий Алсын хараа 2050 төсөлтэй танилцан дараах санал, шүүмжийг үндсэн хэсгүүд дээр дэвшүүлж байна.

 

I.    Ерөнхий бүтэц, агуулгын хувьд

Хамрах сэдэв, хүрээ өргөн, олон улсын хөгжлийн зорилтууд тухайлбал Нэгдсэн Үндэсний Байгууллагын Мянганы хөгжлийн зорилтуудтай нийцүүлсэн, дижитал шилжилт зэрэг орчин үеийн чиг хандлагыг тусгасан. Гадаад, дотоод орчны шинжилгээ, өнгөрсөн одоогийн нөхцөл байдал, SWOT шинжилгээ, дүгнэлтүүд бодитой тоо баримт, судалгаануудад суурилсан, задлан шинжилсэн.

Санал, шүүмж:

  • Хэт нүсэр бүтэцтэй, утга, агуулгын давхцал ихтэй. Алсын харааг тодорхойлсон аргачлал, загварчлал, стандарт, методологиуд тодорхойгүй.
  • Онолын болон практикийн хувьд нийтлэг Шинжилгээ, Алсын Хараа, Стратеги, Хэрэгжүүлэх төлөвлөгөө гэж байдаг. Харин энэ баримт бичигт бие даасан Стратегийн хэсэг байхгүй, шууд хэрэгжүүлэх арга, төлөвлөгөөнүүдийг оруулсан байгаа нь стратеги түвшний хэрэгжилтийн логикийн алдаа гаргах эрсдэл өндөртэй. Түүнчлэн хэрэгжүүлэх бүтэц дээр бүтээлч санаачилга, шинэчлэлийн саналууд тусгагдаагүй байна.
  • Ерөнхийдөө уламжлалт, хуучинсаг хэлбэрийн Алсын хараа томьёолох арга хэрэглэсэн байгаа нь хэт нүсэр, уялдаа холбоо багатай, нөөцөөс давсан хүслийн жагсаалт бүхий төлөвлөгөөнүүдийн цуглуулгуудаас харагдана.

 

II.    Шинжилгээ судалгааны хувьд

Үндсэндээ эдийн засаг, нийгэм, түүх, өнгөрсөн, одоо байдлыг олон талаас нь судлан гадаад дотоод орчны дүгнэлтүүдийг сайн хийсэн.

Санал, шүүмж:

  • Манай улсын нийгмийн байгуулал, тогтолцоо, үнэт зүйлс, зарчим одоо хүртэл ард түмэнд ойлгомжтой байдлаар томьёологдоогүйгээс анхдагч асуудал үүдэлтэй байдаг. Хамгийн чухал энэ хэсэгт нэлээн сайтар шинжилгээ, судалгаа хийх шаардлагатай байсан бөгөөд үндсэн философи зарчмаа маш тодорхой томьёолон гаргах шаардлагатай.
  • Ийнхүү нийгмийн байгууллыг тодорхойлохдоо Засгийн газар болон төрийн эдийн засаг дахь оролцоо, зохицуулалтын хэм хэмжээ, Чөлөөт зах зээлийн тухай ойлголт, зарчим, агуулга, Хүний болон эдийн засгийн эрх чөлөө, үүргийн тухай, түүний хадгалалт хамгаалалт, Үндсэн хуулийн үзэл баримтлалыг илүү ойлгомжтой практик, хэрэглээ байдлаар оруулж тайлбарлах.
  • Монгол улс дараагийн 30 жилд дэлхийд шалгараад буй олон нийгмийн байгууллын чухам ямар хэлбэрийг гол болгон хөгжих. Жишээ нь: Скандинавийн хэлбэрийн холимог ардчилал, АНУ-н сонгодог ардчилал болон капитализм, эсвэл бүр өөрийн улсын онцлогт тохируулсан Монгол нийгмийн байгуулал байх гэх мэт дээр бодит саналуудыг дэвшүүлсэн байх.
  • Тандалт, судалгаагаар манай нийт хүн амын 3/1 нь шийдвэр гаргах, ажиллах хүч, гэр бүлийн өрх толгойлогчид байдаг бөгөөд эдгээр нь хуучин социалист нийгмээс одоогийн ардчилсан, капиталист нийгэм рүү шилжиж буй хүмүүс байдаг.
  • Бид хэдий чөлөөт зах зээлийн нийгэмд шилжээд 30 орчим жил болж байгаа ч оюун санааны хувьд капиталист үзэл төлөвшин тогтоход балчир байгаа нь илт харагдаж байдаг талаар судалгаанд оруулах нь чухал байна. Нийгмийн сэтгэл зүй талын судалгааг оруулах.
  • Яагаад эдийн засаг, хөгжлийн хурд сул байгаа шалтгааныг тодорхой газруудад дурдсан боловч ач холбогдол, нөлөөлсөн байдлаар нь эрэмбэлээгүй байна. Бид үндсэн шалтгаанууд, дам шалтгаан гэх мэтээр шалтгаануудаа эрэмбэлэн гаргавал энэхүү бичиг баримт товч бөгөөд тодорхой байдлаар гарах байх болов уу. Жишээ нь: манай улсын хөгжлийн чөдөр тушаа нь ердөө л засаглалын хямрал, авлигал хээл хахууль, хууль сахиулах байгууллагын завхрал, шударга ёс алдагдсан байдал, менежмент, намуудын төлөвшил, хагарал хуваагдал, туршлагагүйнх л байдаг. Гэтэл улсын өрийн хэмжээ их байгаа нь хөгжлийн чөдөр тушаа гэх дүгнэлт нь ташаа бөгөөд энэ нь шалтгаанаас үүсэн үр дүнгийн үзүүлэлт л байдаг. Үүнийг засаж залруулах бүрэн боломж нь гагцхүү дээр дурдсан үндсэн шалтгаанд нь оршиж байдаг.
  • Эдийн засаг дахь төрийн оролцоо хэт бага гэж дүгнэсэн байгаа нь туйлын харамсалтай бөгөөд үндсэн нийгмийн байгуулал философиос зөрчилтэй дүгнэлт гэж үзэж буй тул залруулах эсвэл өөрчлөх саналтай байна.
  • Дэлхийн улс орнуудын хөгжлийн үе шат, чадамж, өрсөлдөх чадварт суурилсан дүгнэлтүүдийг хийж улмаар эндээсээ хүрэх бодитой зорилтоо гаргаж авах нь чухал.
  • Энэ шатуудыг хэрхэн даван туулах энерги, хүч хөдөлмөр, золиосын талаар баримт судалгаатай болон ирээдүйд гарч болзошгүй эрсдэл хэсэгтээ уялдуулж өгөх

 

III.    Монгол улсын Засгийн Газрын чиг үүргийн хувьд

Санал, шүүмж:

  • МУ-ын хөгжлийн бодлого Алсын харааг ЗГ-аас боловсруулж УИХ-р хэлэлцэн баталдаг байх. Мөн 4 эсвэл 5 жил тутамд алсын хараа, урт хугацааны зорилтыг хэлэлцэн дүгнэх ба жил бүр богино хугацааны хэрэгжилт, бодлогыг улсын төсөвтэй нэгтгэн хэлэлцэн баталдаг байх
  • Заавал бие даасан Хөгжлийн яам байх шаардлагагүй гэж үзэж байна. Харин ЕС-тай байгуулах гэрээ, хэмжих түлхүүр үзүүлэлтүүдийг нарийвчлан гаргаж үр дүнг тооцдог байх нь чухал. Засгийн газрын хэрэг эрхлэх газрын харьяа бүтцэд энэхүү хөгжлийн бодлогыг нэгтгэн удирдан зохион байгуулах бүрэн боломжтой.

 

IV.    Хөгжлийн бодлогын суурь, үнэт зүйлс

Санал, шүүмж:

  • Зарим нэг хэтэрхий субьектив үнэт зүйлс оруулсан байна. Оюун санаа, хурд, мөн чанар амилах тухай гэдэг нь ямар нөөц, суурь, бодит нөхцөлөөс гарах дээр эргэлзэж байна. Монгол хүн гэдэг үнэт зүйл дээрээ л төвлөрөх, чадавх талаас нь үнэлэх.
  • Гол эсвэл үндсэн хүчин зүйлсэд тулгуурласан үнэт зүйлсийг тодорхойлох хэрэгтэй. Жишээ нь: энэ бичиг баримтад хангалттай орсон өргөн уудам газар нутаг, байгалийн нөөц, баялаг, цэвэр экологи орчин гэх мэт.
  • Тэргүүлэх салбаруудаа маш тодорхой байдлаар томьёолох. Жишээ нь тэргүүлэх салбар 1-рт Уул уурхай байна. Уул уурхай үйлдвэрлэлийн ДНБ-д эзлэх хувь эхний 10 жилд 50% бол дараагийн 10 жилд 40% ба ХАА-н үйлдвэрлэл 10%-аас 20%-д хүргэнэ гэх мэт.

 

V.  Алсын хараа

Санал, шүүмж:

“Монгол Улс 2050 он гэхэд байгаль, хэл, хил, соёлоо тогтвортой хадгалсан, нийгмийн болон эдийн засгийн хөгжлөөрөө тэргүүлэгч орон болно” гэж тодорхойлжээ. 

  • Энэхүү гаргасан алсын хараа нь ерөнхий хэлбэртэй, хэрэгжихэд, хүрэхэд дэндүү том агуулгатай байна. Хөгжлөөрөө тэргүүлэгч орон гэдэг тодорхойлолтыг ойлгогдохуйцаар томьёолж оруулаагүй. Жишээлбэл: Ази тивийн орнуудаас хөгжлөөрөө эхний 5-д багтах гэх мэтчилэн ард иргэдэд шууд хүрэхүйцээр томьёолох.
  •  Байгаль, хил, хэл, соёлоо хадгалсан гэдэг нь хөгжлийн үндсэн агуулгаас зөрүүтэй давших чиглэлд биш хамгаалах, хадгалах чиглэлд оршсон бөгөөд эдийн засаг, нийгмийн хөгжилтэй өндөр ач холбогдлоор уялдахгүй
  • Уг баримт бичигт тусгагдсан арга хэмжээ болон тэргүүлэх зэргийн үйл ажиллагаа хөтөлбөрүүдтэй уялдах байдал тодорхойгүй, шууд холбоос багатай байна
  •  Дэвшүүлж буй 9 зорилт, бодлогыг ач холбогдлын зэргээр нь эрэмбийг өөрчлөх, зарим шаардлагагүй бодлогуудыг хасах, шинээр нэмэх. Зарим бодлогод болгоомжтой хандах.
  • Зарим нэг хэт субьектив зорилтуудыг өөрчлөх шинэчлэх. Жишээ нь: УБ болон дагуул хот хэсгийн зорилт хэт ерөнхий, биелэлт хэмжихэд төвөгтэй байна.
  • Эдгээр зорилтуудад зарим нэг эрэмбэ дарааллын асуудлуудад дахин сайн ажиллах шаардлагатай байна.Жишээ нь: Манай улсын хувьд том зургаараа бүтээмжид илүү төвлөрсөн ирээдүйн 30 жил болох байхад энэхүү төлөвлөгөөнд өндөр хөгжилтэй улсуудын инновацын эдийн засгийн стратеги, олон тулгуурт эдийн засаг зэргийг нэгэн зэрэг эхлүүлэн хэрэгжүүлнэ гэснийг эрэмбэ дараад өөрчлөлт оруулах нь хэрэгтэй.

 

VI.    Хөгжлийн бодлогын түлхүүр “Эрчит Монгол”

Energetic Mongolia буюу Эрчит Монгол гэдэг дээр шинэ олон хувилбарууд дээр олон нийтээс санал авах, сонголт хийх нь зөв болов уу.

Миний зүгээс:

  • Дэлхийн Монгол
  • Азийн магнай
  • Хөгжингүй Монгол
  • Хүчирхэг Монгол гэсэн хувилбаруудыг дэвшүүлж байна.

 

Монгол улсын урт хугацааны хөгжлийн бодлого 
АЛСЫН ХАРАА 2050 ТАТАХ
http://cabinet.gov.mn/userfiles/file/f0500d038c9227b38d180766d7dfb841.pdf
 

Н.Баттулга

Ай Ти Зон компанид Засварын инженерээр анх ажилд орсон бол өдгөө тус компанид 20 дахь жилдээ ажиллаж, ТУЗ-ын даргын алба хашиж буй туршлагатай удирдагч.