Дэлхийн өрсөлдөх чадварын тайлан (ДӨЧТ) 2018

March 15, 2019

Сүүлийн хэдэн жил миний бие IMD-н дэргэдэх Дэлхийн Өрсөлдөх Чадварын төв байгууллагаас эрхлэн явуулдаг ДӨЧТ-д оролцож байгаа билээ. Энэхүү судалгаанд Дэлхийн хөгжингүй улсуудаас хөгжиж буй эдийн засаг бүхий сонгогдсон улсууд хамрагддаг бөгөөд жил ирэх тусам хамрагдах улсуудын тоо нэмэгдсээр 2018 онд 63 эдийн засгийг хамруулсан байна. Мэдээж өнгөрсөн онд өгсөн судалгааны үр дүн маань манай улсын хувьд ямар гарсан бол гээд сэтгэл догдлон хамгийн түрүүнд харна, харамсалтай нь сүүл мушгисан хэвээрээ ба өлсгөлөн, хямралд нэрвэгдсэн Венесуэл улсын өмнө нь буюу сүүлээсээ 2-р байрт орсныг хараад харамсал, хор шар хөдөлснийг нуух юун.

Дэлхийн өрсөлдөх чадварын тайлан (ДӨЧТ) 2018

Энэхэн хооронд Венесуэл улс дэлхийд газрын тосны нөөцөөр 1-рт байдаг ба Монгол улс ашигт малтмалын нөөцөөр мөн л нэг хүнд ногдох нөөцөөрөө дэлхийд тэргүүлдэг улсууд шүү дээ гэж бодогдож билээ. Энэхүү өрсөлдөх чадварын судалгаанд сүүл мушгисан байдал нь манай ард түмний дунд яригддаг “Алтан дээр суусан гуйлгачин” гэдэг хэлц үгийг өөрийн эрхгүй санагдуулсан даа. Хэр алттай, хэр их баялагтай байгаа нь энэ дэлхийд тэргүүлдэг, өрсөлддөг гэдэг ойлголт нэгэнт өнгөрчээ. Харин хэн нь толгойгоо ажиллуулсан нь, хэн мэдлэг, мэргэжилтэй нь энэ дэлхийд тэргүүлж буйг нийт улс орнуудын харьцуулсан хүснэгтээс бэлээхэн харж болно. Хэр их эх оронч болж цээжээ дэлдэж, улс төржсөн улсууд жагсаалтын сүүл мушгиж байгаа бол эдийн засгийн нээлттэй, либерал, бизнесийн орчин, шинжлэх ухаан, технологио хөгжүүлсэн улсууд нь жагсаалтыг тэргүүлж байгаа нь харагдаж байна. Ялангуяа судалгааны үндсэн 4 бүлгийн бизнесийн орчин болон үр ашигтай байдал гэдэгт манай улс хомоол хамсан байгаа нь бидний амьдарч байгаа нийгэм, одоо улс эх оронд маань өрнөж байгаа үйл явдлуудын шууд тусгал мэт харагдана.

Манай улс өрсөлдөх чадварын судалгаанд оролцсон нийт улсуудаас нийлбэр дүнгээрээ сүүлээсээ 2-р байрт орсон бол энэ судалгаан дахь Азийн 14 улсаас мөн л хамгийн сүүлд, 20 сая хүн амаас дооших улсууд буюу ойролцоолсон улсуудаас бас баян ходоодонд оржээ. Уг нь бол манай улс сайхан хөгжөөд байгаа л даа, даан ч бусад улсууд биднээс хурдацтай хөгжөөд байгаа аж. Ялангуяа сүүлийн 3 жилд бидэнд эдийн засгийн муугүй боломжууд буй болсон ба бид өөрсдийгөө нэлээн өндөр хөгжөөд байгаа гэж боддог боловч жагсаалтад эсрэгээрээ доошилсоор бусдаас хол тасархай үлдэв. Энэ байдлаараа нийт онооны хэмжээ бусдаас холдвол бид энэ судалгаанаас хасагдаж ч мэдэх юм.

peer-groups-rankings-mongolia

За яахаараа бид ийм муу байдаг юм, юу биднийг хойш нь татав гэж манайхан мэдээж гайхаж, мэлзэх биз. Дараах хүснэгтээс биднийг татсан гол үзүүлэлтүүдийг тоймлон харж болно.

Энэ судалгааг авагчдын манай улсыг ерөнхийд нь тоймлосноор бидний 2015 оноос хойш тасралтгүй доошилсоор 2018 онд сүүл хамах болсон шалтгааныг:

  • Улс төрийн тогтворгүй байдал
  • Урт хугацааны тогтвортой хөгжлийн бодлогогүй байдал, хангалтгүй хэрэгжилт
  • Инфляц, зуд турхан
  • ОУВС-ийн хөтөлбөртэй холбоотой Гадаадын шууд хөрөнгө оруулалтын эрс бууралт
  • Гадаад өр төлбөрийн ДНБ-д эзлэх хувь хэмжээ, эргэн төлөлтийн дарамт

гэсэн бол дараах үндсэн 4 бүлгээс бид ямар үзүүлэлтүүдээр сүүлийн байруудад орсныг харж болно.

Дээрх хүснэгтээс харахад эдийн засгийн боломж 48-р байрт буюу харьцангуй өндөр байрт байгаа боловч энэ байдлыг бүрэн дүүрэн ашиглаж чадаагүй буюу эдийн засгийн үр ашигт байдлаараа 61-р байрт орсноор тайлбарлаж болно. Дэд бүтэц Монголд туйлын хангалтгүй байдаг гэдгийг 62-р байрт орсноос харж болох бол Засгийн газрын үр ашигт байдал 57-р байрт орсон байдаг. Энэхүү 57-р байрт дээш оруулахад гол нөлөөлсөн үзүүлэлт бол манай улсын татварын хувь хэмжээ бусад улсуудтай харьцуулахад тун боломжийн буюу нийт улсуудаас 31-рт ордогтой холбоотой. Харамсалтай нь энэ сайн үзүүлэлтийг мөн л улс төрчид маань оролдож эхэлсэн ба зарим татварыг захаас нь эхлээд нэмэх ажлууд хийгдэж байгаа нь харамсалтай. 

Судалгаанаас гэхдээ бид зарим сонирхолтой гэхээр манай улсын өөрсдийн онцлогийг харуулсан статистикуудыг бас харж болно. Жишээ нь бид харилцаа холбооны салбарын хөрөнгө оруулалтаар 3-рт, харин гар утасны хэрэглээгээрээ дэлхийд 19-р байранд манлайлж байдаг байна.


Түүнчлэн бид хоорондоо мундаг холбоо сүлбээтэй ард түмнээс гадна эмэгтэйчүүдийн манлайлал болон бизнес эрхлэлт, боловсролын түвшингээрээ дэлхийд тэргүүлдэг улс гэдгээ дахин батлан харуулжээ.

Мөн бидний яалт ч үгүй бахархан ярьдаг Монгол хүн аливаа зүйлд гайхалтай сайн дасан зохицож чаддаг болон социализмын үеэс тогтсон дунд боловсролын мундаг систем биднийг сүүлийн байрт оруулчилгүй татсан байгаа нь бахархууштай. Сургалт, боловсролын байдлаараа 24-рт орсон бол дасан зохицох, өөрчлөлтөд хандах хандлагаараа 31-рт оржээ.

Энд яагаад сүүлийн байранд хамрагдсан тухай нэлээн харуулчихлаа, тэгвэл яагаад бусад улсууд байр ахиад тэргүүлээд байгаа гэдэг шалтгааныг мөн судалгаанаас харж болно.

Товчхондоо хөгжсөн улсуудын манлайлах шалтгааныг мэдлэгт суурьт инновацын эдийн засгийн үндсэн суурийг бүрдүүлсэн ба зах зээл, дэд бүтцийн асар өргөн боломжуудыг бий болгож бизнес, эдийн засгийн чөлөөт хөгжих нөхцөл бололцоог засгийн газартайгаа хамтран бэхжүүлсэнд оршиж байна гэж дүгнэж болохоор.

Эцэст нь дүгнэхэд, бид глобалчлалын эрин зуунд амьдарч байгаа энэ дэлхийн улс орнуудын нэг билээ. Хүссэн ч эс хүссэн ч энэ дэлхийн улс орнуудтай хөл зэрэгцэн хөгжихөөс зайлахгүй, хөгжөөд зогсохгүй өрсөлдөх чадвараа тогтмол дээшлүүлж дэлхийн эдийн засгийн интеграцид орж хүмүүн бүхний хүсэх эрүүл, тогтвортой, амар амгалан нийгмийг цогцлоохын төлөө гагцхүү өөрсдийн хүч хөдөлмөр, ухамсар оюунаар тэмцэх шаардлага байгааг харуулж байна. Тиймээс энэхүү судалгаанд үндэслэн өөрсдийн нөхцөл байдлыг цэцэн оюунаар тунгаан цаашид хэрхэх тухайгаа нягтлан боловсруулж даян дэлхийтэйгээ хөл нийлүүлэн алхахыг уриалж байна!

Нэг л буруу алхам хийж Венесуэлтэй зэрэгцэх уу? Нэжгээд зөв алхам үйлдэж дэлхийтэй зэрэгцэх үү?

Судалгааны эх үүсвэр: https://www.imd.org/wcc/

Жич: Судалгааны 143 асуулгыг олон улсын байгууллагууд болон тухайн улсын статистикийн газрын бодит мэдээллээс, үлдсэн 115 асуулгыг судалгаанд биеэр оролцогчдоос нэгтгэн авч боловсруулсан болно.

uniflow_itzone

Н.Баттулга

Ай Ти Зон компанид Засварын инженерээр анх ажилд орсон ба тус компанид 24 дэх жилдээ ажиллаж, өдгөө ТУЗ-ийн даргын алба хашиж буй туршлагатай удирдагч.