Б.Бат-Өлзий: Их өгөгдөл ашиглан ирээдүйг урьдчилан таамаглах боломжтой

April 19, 2016

Нийслэлийн засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Нийслэлийн мэдээлэл технологийн газрын санаачлагаар нийслэлийн нутгийн захиргааны 40 гаруй байгууллага дахь боломжит өгөгдлүүдийг иргэд, аж ахуйн нэгжид нээлттэй, ил тод болгох “Их ба Нээлттэй Өгөгдөл төсөл” амжилттай хэрэгжиж эхэллээ. Энэхүү төслийн ач холбогдол, нийгэм эдийн засагт үзүүлэх өгөөжийн талаар Нийслэлийн Мэдээллийн Технологийн Газрын Дарга Б.Бат-Өлзийтэй ярилцлаа.

Юуны өмнө дата болон биг дата хэмээх ойлголтуудын талаар яриагаа эхэлье. Энэ хоёрын хооронд ямар ялгаа байдаг вэ?

Дата гэдэг нь Монголоор өгөгдөл гэсэн үг. Харин Биг дата /Big data/ гэдгийг Монголоор  “Их өгөгдөл” гэж орчуулна. МЭӨ 2000 оны үеэс хүн төрөлхтөн өгөгдөл бүрдүүлж хадгалж эхэлсэн байдаг юм билээ. Жишээ нь: Эртний хүмүүс шавар хавтан дээр юм бичээд үлдээсэн байдаг нь хамгийн анхны дата буюу өгөгдөл хадгалж эхэлсэн тохиолдол юм. Үүнээс хойш саяхныг хүртэл датаг биетээр хадгалдаг байсан. Компьютер бий болсноор бүх датаг хард дискэнд хадгалдаг болсон. Ингэж хадгалснаар биет бус датаг хөрвүүлж, анализ хийж, үр дүн гаргаж авах боломж нээгдсэн юм. 

Яагаад Биг дата төрийн байгууллагад чухал гэж?

Монгол Улсын бүх иргэд ямар нэгэн байдлаар төрөөс үйлчилгээ авда. Иймд  Биг дата буюу их өгөгдлийг хамгийн их цуглуулдаг субьект нь төр юм. Төрийн байгууллагуудад төрөөс гаргаж байсан бүх шийдвэр, гэрээ, төрийн албан хаагчийн хийж байсан ажил, иргэд болон төрийн маш олон мэдээллүүд хадгалагдсан байдаг. Энэ их мэдээллийг биг дата болгож болно. Ингэснээр олон боломж нээгдэх юм. Тухайлбал төр буруу шийдвэр гаргадаг, өмнөх алдаагаа давтдаг гэсэн асуудал яригддаг. Энэ нь төр өмнө нь гаргаж байсан алдаагаа дахиж давтахгүй байх арга хэмжээ авдаггүй байсантай холбоотой. Өөрөөр хэлбэл, өгөгдлөө цаасаар хадгалдаг байсан учраас түүн дээрээ дүн шинжилгээ хийхэд бэрхшээлтэй байдаг. Харин биг датаг ашигласнаар дүн шинжилгээ хийгээд зогсохгүй ирээдүйг “зөгнөх” боломжтой. Энэ их датаг ашиглаж нийслэл хамгийн түрүүнд хаана, ямар ажил хийхээ тооцоолно. Хаана цэцэрлэг, эмнэлэг, худаг барих шаардлагатайг заавал санал авахгүйгээр өгөгдөл дээрээ тулгуурлаж дүгнэх боломжтой. Энэ нь хамгийн зөв шийдвэр байх юм.

 “Open data” төслийг хэрэгжүүлэх үндсэн шаардлага нь энэ байсан гэж ойлгож болох уу?

Нийслэл маш олон байгууллагуудтай. Тэдгээр байгууллагууд  олон ажил үйлчилгээ үзүүлж, их хэмжээний мэдээлэл цуглуулж байна. Мэдээллүүд нь хоорондоо давхардал ихтэй байдгаас болоод асуудал үүсдэг. Жишээ нь: Төрийн хоёр өөр байгууллага уялдаа холбоогүйгээс давхардсан зөвшөөрөл, зөрүүтэй шийдвэрүүд гаргадаг. Мөн зөвшөөрлөө аваагүй байж барилга барьчихдаг тохиолдол их бий. Төрийн байгууллагууд хоорондоо уялдаагүйгээс болж эдгээр асуудлууд үүсдэг. Харин биг дата бий болсноор энэ асуудлыг үгүй болгох юм. Нэг эх үүсвэрээс мэдээллийг харж, бүгд хүлээн зөвшөөрдөг болно гэсэн үг.

Энэ биг дата руу нийслэлийн харьяа байгууллагууд холбогдоно. Цаашлаад зөвхөн төрийн дата биш болно гэж үзэж байгаа. Хувийн хэвшлүүд датагаа оруулж болно.  Ингэснээр цаашид бизнесийнхээ үйл ажиллагаанд ашиглах боломжтой.

Дэлхий нийт хэзээнээс биг датаг ашиглаж эхэлсэн бэ? Биг датаг амжилттай ашиглаж буй жишээ дурдвал?

Ойрын үеийн дэлхийн чиг хандлага биг дата болоод эхэлчихсэн. Хувийн хэвшлүүд бүр ерээд оны үеэс биг датаг ашигладаг байсан. Тухайлбал, Walmart зэрэг дэлхийн хэмжээний том супермаркетууд биг датаг ашиглаж стратеги бодлогоо боловсруулдаг. Хаана дэлгүүр нээвэл ямар ашигтай байх, хэзээ хэдэн хувийн хямдрал зарлах вэ? зэрэг бүх асуудлыг дата анализаар шийддэг. Урт хугацааны төлөвлөгөө гаргахад дата шинжилгээ дээр дүгнэлтээ хийх нь илүү ач холбогдолтой.

Мөн төрийн байгууллагууд биг датаг хэдийн ашиглаж эхэлсэн. Тухайл­бал, АНУ-ын Нью-Йорк, БНСУ-ын Сөүл, Голландын Амстердам, Испанийн Барселона  зэрэг дэлхийн ухаалаг хотууд биг датаг дэд бүтцийн бүх төлөвлөгөөндөө ашиглаж байна. Яг үүнтэй ижил манай Улаанбаатар “Ухаалаг” хот болохыг зорьж байна.

Амьд биеттэй адилтгаж үзвэл дата бол цус нь юм. Цус хүний биеийн бүх хэсэгт түгдэг шиг датагүйгээр аливаа байгууллага оршин тогтнохгүй. Тэгэхээр Улаанбаатар хотын ирээдүй яг үүнтэй адил нэг удирдлагатай, бүх асуудлаа цаг тухайд нь шийддэг болно гэж харж байна.

Төсөл одоо ямар шатандаа явж байгаа вэ? Нийслэлийн Мэдээллийн технологийн газар хувийн хэвшилтэй хамтарч хэрэгжүүлж байгаа гэсэн?

Хамтарч байгаа гэвэл Нийслэлийн харъяа байгууллагууд бий. Жишээ нь, Улаанбаатар хотын Замын хөдөлгөөний удирдлагын төв, Улаанбаатар Смарт карт, Тээврийн газар, Агаарын чанарын алба, Ерөнхий төлөвлөгөөний газар, Эрүүл мэндийн газар, НЗДТГ-ын Иргэд хүлээн авах төв, Мэдээллийн технологийн газар зэрэг байгууллагуудын өгөгдлийг нэгтгэх гэж байна. Харин энэхүү асар том мэдээллүүдийг нэгтгэх “Нийслэлийн Big Data and Open data” төслийн гүйцэтгэгчээр Ай Ти Зон компани ажиллаж байна.

Энэ бол амар ажил биш. Олон талаас хамтран ажиллаж байж дуусах юм. Бид Биг датаг ашигласан хэд хэдэн жишээ үзүүлэхээр ажиллаж байна. Датаг ашиглаад ийм зүйл хийж болдгийг иргэдэд харуулна.  Энэ их датаг цэгцэлнэ гэдэг их ажил. Үүнд тодорхой цаг хугацаа хэрэгтэй ба одоо эхэлж цаашид хэдэн жилээр үргэлжлээд явах ажил тул иргэд хажуугаар нь саналаа хэлээд, хэрэгтэй датагаа нээлттэй болгох асуудлыг тавьж болно.

“Open data”. Энэ нэрэнд ямар нэгэн учир байгаа байх?

Биг дата бий болсны дараа “Open Data” бий болгох боломж бүрдэнэ.  Хуулиар хориглоогүй, хувь хүний нууцад хамаарахаас бусад бүх өгөгдлийг Open Data системээс үнэгүй ашиглаж, нийгэмд тулгараад байгаа асуудлуудыг шийдэх шинэ үйлчилгээ, шинэ шийдэл гаргах боломж хэнд ч нээлттэй байна.

Иргэд, байгууллагууд Open Data систем рүү орж хүссэн мэдээллээ аваад өөрийн системдээ ашиглаж болно гэсэн үг. Үүнийг нээлттэй мэдээлэлтэй андуурч болохгүй бөгөөд нээлттэй мэдээлэл бол зүгээр сайт дээр нийтэлсэн агуулга юм. Өгөгдлийг иргэн шууд ашиглахад хэцүү ч түүнийг боловсруулбал мэдээлэл болно.  Мэдээллээс мэдлэг бий болно. Мэдлэг бий болох хамгийн анхны шат нь өгөгдөл.

Биг датаг иргэд ашиглахад хялбар биш гэсэн. Тэгвэл хэрхэн хялбарчлах вэ?

Дата маш олон төрөлтэй. Статистикийн датаг бол иргэн хараад шууд ойлгож, өөртөө хэрэгтэй мэдээллээ авч чаддаг бол биг дата буюу түүхий өгөгдлийг хараад ойлгоход хэцүү тул түүнийг ямар нэгэн байгууллага ашиглаад, анализ, график хийгээд иргэдэд Open Data болгож харуулбал ашиглахад хялбар болно.

Энэ төсөл хэрэгжсэнээр ямар ямар эерэг өөрчлөлтүүд гарах вэ? Ач холбогдлынх нь талаар яривал?

“Open data” төслөөс юу хүсч байгаа вэ гэхээр хамгийн түрүүнд Нийслэлийн иргэд өөрсдөө төрийн үйл ажиллагаанд бүрэн оролцдог болох явдал юм. Иргэд хамгийн түрүүнд юунд оролцохыг хүсдэг вэ гэхээр Нийслэлийн төсөв. Төсөв хэлэлцэх үеэр нийслэлийн иргэн битгий хэл НИТХ-ын төлөөлөгчид энэ мэдээллийг бүрэн авч чадахгүйгээр хуралдаа ордог. Хэрэв ямар нэг систем хийчих юм бол энэ төсвөөр ямар ажил хийж ямар үр дүнд хүрэхийг иргэд харах боломжтой. НИТХ-ын төлөөлөгчид тойргийнхоо иргэдээс авсан санал дээр үндэслэн шийдвэр гаргадаг болно.

Тэгэхээр биг датаг хувийн хэвшил, мэдээллийн техноло­гийн салбарынхан ашиглаад ажиллаж эхлэх нь ээ?

Нийслэлийн Мэдээллийн технологийн газраас зөвхөн боломжийг л нээж байгаа. Энэ биг датаг иргэд, хувийн хэвшлийн компаниуд, ялангуяа мэдээллийн технологийнхон хамгийн их ашиглах байх. Биг датаг ашиглаж хэрэгцээтэй аппликэйшн зохион бүтээж, компаниуд шинэ бизнес бий болгож болох юм.

Хувийн хэвшлийнхэн биг датаг ашиглах нь үр дүнтэй санагдлаа?

Салбар салбартаа тэргүүлэгч ихэнх компаниуд дата дээр суурилаад ажлаа явуулдаг байхад жижиг, дунд компаниуд үзэмжээрээ шийдвэр гаргадаг. Энэ нь эрсдэлд орох гол шалтгаан болдог нь ажиглагддаг.

Датаг ашигласнаар дэлхий нийт өргөн хүрээний ямар асуудлуудыг шийдэж байгаа вэ?

Олон улсад биг датаг гэмт хэрэг илрүүлэхэд өргөнөөр ашиглаж байна. Биг датаг ашигласнаар хаана, хэзээ гэмт хэрэг болох вэ гэдгийг хүртэл урьдчилан мэдэх боломжтой. Олон жилийн хугацаанд энэ өдөр, энэ газар байнгын гэмт хэрэг болоод байдаг бол тэнд нь урьдчилсан хамгаалалтын арга хэмжээ авч болно.

Жишээ нь, АНУ-ын их сургуулиудын ойр хавьцаа байр­ладаг цэнгээний газар төгсөлтийн баярын үеэр маш их гэмт хэрэг гардаг. Түүнийг нь мэддэг учраас урьдчилан хамгаалалтандаа авдаг. Ингэснээр хэн нэгний амь нас эрсдэхээс  урьдчилан сэргийлэх боломжтой.

Үүнээс гадна биг датаг ашиглан иргэд өөрсдөө хаана амьдарвал зүгээр вэ гэдгээ мэдэж, төлөвлөж болох юм. Иргэд хаашаа явахыг хүсч байгааг харгалзаж хотоо төлөвлөх ёстой. Заавал хот өөрөө шийдэх биш иргэдийн хүслийг дагаж хөгжих нь чухал юм.  Нэг хүний ирээдүйг зөгнөх боломжгүй ч масс буюу олон хүний юу хийх сонирхолтой байгааг мэдэж болно. Өөрөөр хэлбэл биг дата ашиглан масс дээр төлөвлөлт хийж, ирээдүйг урьдчилан таамаглах боломжтой гэсэн үг.

“Open data” төсөл Монгол Улсын мэдээллийн технологийн хөгжлийг ямар түвшинд гаргаж ирж чадах вэ?

Мэдээллийн технологийн хөгжилд маш том алхам болно. Өмнө нь мэдээллийн технологийн хөгжил гэхээр тоног төхөөрөмж авчраад тавьчихдаг байсан. Гэтэл тоног төхөөрөмж, компьютер бол багаж хэрэгсэл. Энэ багаж хэрэгслийг ашиглах үр дүнтэй арга нь дата. Дата нь замбараагүй учраас тоног төхөөрөмжөө зөв ашиглах боломжгүй байдаг байсан. Харин одоо Улаанбаатар хотын хэмжээнд дата ашиглан бүрэн үр дүнгээ үзүүлнэ.  Цаашид бусад аймгууд энэ жишээг ашиглаж болно.

Эдийн засгийн ач холбогдлын талаар юу хэлэх вэ? Тухайлбал Улаанбаатар хотод гадны хөрөнгө оруулагчид хамгийн их хэрэгтэй байна гэдэг ?

Биг датаг ашигласнаар Улаанбаатар хотод олон улсын хөрөнгө оруулалт орж ирнэ. Хөрөнгө оруулагчид хамгийн түрүүнд анализ, үр ашгийн тооцоо л хүсдэг. Энэ бүхнийг биг дата дээр тулгуурлаж хийх юм.

Өмнө байдаггүй, хуучин дата ашигладаг байсан бол энэ төслийн хүрээнд биг датаг ашиглаж мэдээлэл боловсруулах боломж нээгдэж хөрөнгө оруулалт нэмэгдэнэ гэж тооцоолж байна.

Нийслэлийн Мэдээллийн технологийн газраас өөр ямар төслүүд хэрэгжүүлж байгаа вэ. Амжилттай болсон ажлуудаасаа дурдахгүй юу?

2014 онд Ухаалаг Улаанбаатар хөтөлбөр батлагдсанаас хойш маш олон ажил хийгдэж байна. Төрийн үйлчилгээг цахимжуулах тал дээр олон дэвшил гарсан.  Тухайлбал: нийслэлд цахимаар газар өмчлүүлж эхэлсэн. Ингэснээр 557560 иргэн амжилттай оролцож, 75 мянган хүн явдал чирэгдэлгүйгээр цахимаар газраа өмчилсөн. Өмнө 10 жилийн турш 90 мянган хүнд л газар өмчлүүлсэн байдаг. Тэгвэл 10 жилийн ажлыг нэг жилийн дотор давуулж хийсэн байна.  Мөн Нийслэлийн Эрүүл аюулгүй байдлын индексийг үзүүлдэг болсон. Ингэснээр аливаа иргэний амьдарч байгаа хороо, дүүрэг бусдаас юугаараа илүү, дутуу гэдгийг харах боломж бүрдэж байгаа. Өөр нэг чухал ажил бол Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв юм. Дүнжингарав худалдааны төвд нээгдсэн энэ төвөөс нийслэлээс үзүүлж буй бүх үйлчилгээг авах боломжтой.

Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийг бий болгох боломжийг бүрдүүлэхийн тулд өнгөрсөн жилээс хойш бэлдэж ажилласан. Цаашид ийм хоёр төв нэмж байгуулна. Ингэснээр иргэд  төрийн үйлчилгээг авахын тулд заавал хотын төвд ирээд байх шаардлагагүй, өөрт ойрхон салбараар үйлчлүүлэх юм.

Мөн манай газар Google компанитай хамтарч Google Street View төслийг амжилттай хэрэгжүүлж байна. Cisco компанитай хамтарч Улаанбаатар хотыг Ухаалаг болгох олон том төслийг эхэлж байгааг дуулгая.

Манайхаас хийж байгаа ажил их байдаг. Олон нийтэд хүрсэн ажлуудын зах зухаас нь дурдахад ийм байна.

Ярилцсанд баярлалаа.

Ярилцсан: Б.Бямбасүрэн /ww.ikon.mn/

 

ITZONE

Таны амжилтын хурдасгуур Ай Ти Зон компани. Мэдээллийн технологийн салбарын тэргүүлэгч. МТ цогц шийдлийг мэргэжлийн түвшинд хүргэгч.