Б.Мөнхжаргал: Тэсо групп хүний нөөцийн систем ашиглан бүтээмжээ 41% өсгөсөн

March 28, 2016

Орчин цагт техник, технологийн хөгжил цаг хугацаатай уралдан хувьсаж байна. Өөрчлөгдөн, шинэчлэгдэхийн хэрээр хүн төрөлхтний ахуй, ажилд улам гүнзгий нэвтэрч, тэр хэрээр цаг хугацааг хэмнэн бүтээмжийг нэмэгдүүлэх давуу талуудыг бий болгож байна. “NPC Мандал”сэтгэл зүйн удирдлага, хүний хөгжлийн байгууллагаас Монголын томоохон 200 байгууллагын хүний нөөцийн менежерүүдийн дунд хийсэн судалгаагаар “Хүний нөөцийн менежерүүдийн нийт ажлын 85% нь бичиг цаасны ажилд зарцуулагддаг” гэсэн үр дүн гарчээ. Өөрөөр хэлбэл үйл ажиллагаанд технологийн дэвшлийг нэвтрүүлээгүйгээс аливаа мэдээлэл, тайланг нэгтгэхийн тулд механик, гар ажлуудад ихэнх цагаа зарцуулдагтай холбоотой. Тэгвэл “бичиг цаас”-нд зарцуулах үйл ажиллагааг хялбаршуулан боловсронгуй болгоход чиглэсэн, Говь, Шунхлай, Тэсо, М-Си-Эс зэрэг Монголын томоохон компаниудын хүнийн нөөцийн менежментийн үйл ажиллагаанд ашиглагддаг “Green HRM” системийг танилцуулахаар бэлтгээд байна.

Ингээд эдийн засгийн тэргүүлэх салбаруудад 1000 гаруй ажлын байрыг бий болгоод буй Тэсо групп “Green HRM” систем хэрхэн нэвтрүүлсэн, бодит үр дүн, үр ашгаа нэмэгдүүлсэн туршлагын талаар тус группын охин компани “Домог Интернэшнл” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Мөнхжаргалтай ярилцлаа.

Тэсо групп GreenHRM хүний нөөцийн систем

ES: Өнөөдөр Тэсо групп хэчнээн ажилтантай, ямар салбар чиглэлд хэд дэх жилдээ үйл ажиллагаа явуулж байгаа талаар яриагаа эхэлье.

Б.М: "Тэсо групп нь 2003 онд байгуулагдсан түүхтэй. Өнгөрсөн 13 жилийн хугацаанд нийт 12 охин компанитай болж өргөжин тэлснээс хүнсний 7 үйлдвэр, уул уурхайн чиглэлийн хайгуул, өрмийн "Ган Дриллинг" компани, барилгын салбарт бетон зуурмагийн "Хүннү Конгрет" компани зэрэг багтдаг. Хамгийн сүүлд 2015 онд хуурай сүүний отгон үйлдвэрээ байгууллаа. Одоогийн байдлаар 1000 гаруй үндсэн ажилтантайгаар үйл ажиллагаа явуулж байна. Эдийн засаг хямралтай байгаа хэдий ч бид 2016 онд ажилчдаа цомхтгохоос зайлсхийж аль болох үйл ажиллагааны зардлаа хэмнэхэд анхаарч “GREEN HRM” програмыг үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн учиртай.

ES: Хүний нөөцийн “GREEN HRM” програмыг компанийн үйл ажиллагаанд нэвтрүүлэх сэдэл анх хаанаас хэрхэн гарсан юм бол?

Б.М: Манай компани анх ганцхан санхүүгийн програм ашигладаг байсан. Менежментийн багийн зүгээс дотоод үйл ажиллагааны чиглэлдээ програм нэвтрүүлэх санаачилгыг дэвшүүлснээр анхны сэдэл гарсан. Ингээд ямар програм нэвтрүүлэх талаар судалгааг бараг 2 жилийн хугацаанд хийсний үр дүнд "Ай Ти Зон" компанийн мэргэжилтнүүдтэй уулзаж “GREEN HRM” системийг сонгосон.

ES: Судалгааны явцад ийм төрлийн програмуудыг санал болгосон дотоодын компаниуд байв уу?

Б.М: Монголд яг ийм програм санал болгосон цөөхөн хэдэн компани байдаг юм билээ. Үйл ажиллагаанд чиглэсэн програм худалдан авах асуудлаар бид Оросын компанитай санал солилцон ярилцаж байсан. Тухайн компанийн хувьд үйлдвэрлэлийн програмыг шийдвэрлэж чадаагүй юм. Учир нь манай компанид хүнсний үйлдвэрлэл, хүний нөөц болон нийлүүлэлт хангамжийн гэсэн үндсэн 3 програм дээр нэмээд санхүүгийн програмыг нэгтгэсэн цогц систем хэрэгтэй байв. Гэтэл судалгааны явцад бидэнд ирүүлсэн саналууд дотор манай компанид тохирох цогц шийдэлтэй систем бүрдэж өгөхгүй байсан.

Ай Ти Зон компанийн хувьд эдгээр бүгдийг цогцоор нь манай группийн хэрэгцээ, шаардлагад нийцүүлэн боловсруулахаар болсон. Одоогийн байдлаар бид тус компанийн хүний нөөцийн “GREEN HRM”, нийлүүлэлт хангамжийн "Green SCM" системийг өөрсдийн санхүүгийн програмтайгаа интеграцчлал хийлгэн, үйл ажиллагаандаа нэвтрүүлэн ашиглаад явж байна. Ирэх хоёр жилийн хугацаанд манай компанид тохирох үйлдвэрлэлийн програм дуусч, үйл ажиллагаанд маань нэвтрэх төлөвтэй. Ингэснээр байгууллагын систем цогцоороо ажиллах боломж бүрдэх юм.

“GREEN HRM” програмыг хэзээнээс компанийн үйл ажиллагаанд нэвтрүүлсэн бэ? Нэвтрүүлэх үйл ажиллагаа хэр хугацаанд үргэлжлэв?

Програм нэвтрүүлэлтийн явцад Ай Ти Зон компанийн мэргэжилтнүүд манай компани дээр байнга ажилласан. Компанийн зүгээс таван хүний бүрэлдэхүүнтэй баг хамтарсан. Програмыг 2015 оны 1 дүгээр улиралд нэвтрүүлж эхэлсэн бөгөөд 4 дүгээр улиралд бүрэн нэвтэрч дууссан. Үр дүнгийн албан ёсны судалгааг энэ оны 2 дугаар улиралд хийхээр төлөвлөж байна. Мэдээж програм үйл ажиллагаанд нэвтрээд нэг жилийн хугацаа өнгөрч байгаа учир шууд үр дүн харагдаж байгаа.

ES: Эхний байдлаар ямар бодит үр дүн анзаарагдаж байна? Яг ямар зардлыг хэмнэж чадсан нь сонирхолтой байна?

Б.М: Үйл ажиллагаан дээр програм нэвтрүүлэлтийн ач холбогдол, үр дүн маш их гэдгийг бид "Ай Ти Зон" компанитай хамтран ажилласнаас хойш ойлгож авлаа.

Нэгдүгээрт, манай компанийн зорьсон үр дүн бол "ХУРД" байсан. Өөрөөр хэлбэл үйл ажиллагааг илүү цэгцтэй, илүү хурдтай явуулах зарчим руу чиглэж байсан. Өмнө нь үйл ажиллагаа яриа буюу аман байдал, цаасан хэлбэрээр хийгдэж, боловсруулалтад маш их хугацаа шаардагддаг, зарцуулагддаг байлаа. Ажилд орох хүсэлт, өргөдөл, тушаал гэх зэрэг аливаа албан бичгийг цаасан дээр хэвлэн гаргаж, ямар нэгэн засвар өөрчлөлт хийх бүрт дахиад л шинээр цаас зарлагаддаг учир дутагдал байсан. Одоо бүх албан бичгүүд системээр дамжин боловсруулагдаж байна. Мөн ажилчдын цалин, цаг ашиглалтад, ур чадвар, чөлөө зэрэг бүх үнэлгээ мөн програмаар хийгддэг болсон. Ажилтан тухайн сард өөрийн  ажилласан хоног, чөлөө, ирц, цалин урамшууллын үнэлгээг хэн нэгэн албан тушаалтнаас лавлах шаардлагагүй болж байгаа юм. Ердөө програм руу нэвтрэх өөрийн эрхээ ашиглан бүх мэдээллийг нэг дороос харж, хянах боломжтой. Энэ бүхэн нь нэг талдаа компанийн мэдээллийн бааз, архивыг бүрдүүлж өгч байна. Хуучин мэдээллээ эргэж харахын тулд бичиг цаасаа ухаж хугацаа их алддаг байдал үгүй болсон.

Тиймээс “GREEN HRM” системийг нэвтрүүлснээр яриа болон цаасан хэлбэрээр, механик аргаар хийгдэж байсан ажлууд програм руу шилжиж ихээхэн цаг хугацаа, үл анзаарагдах зардлыг хэмнэх болсон. Тодорхой цаг хугацааг хэмнэж чадсанаар ажлын бүтээмж нэмэгдэж байгаа юм. Энэ бол бидний эхний үндсэн зорилго байсан.

Хоёрдугаарт, менежментийн хувьд журам тал дээр өөрчлөлт гарсан. Өмнө нь бид өөрсдийн гаргасан дотоод журмын дагуу үйл ажиллагаагаа явуулдаг байв. Харин хүний нөөцийн шинэ програмыг ашиглах болсноор олон улсад мөрдөгддөг стандарт, журмууд компанийн үйл ажиллагаанд нэвтэрч эхэлсэн. Энэ нь бас нэг үр дүн болж байгаа.

Гуравдугаарт, програмыг нэвтрүүлэх ажилд манай компанийн хамт олон, бүх ажилчид оролцсон. Ингэснээр ажилчид програмыг хэрхэн ашиглах талаар суралцаж, өөрт хэрэгтэй тодорхой мэдээллийг авсан юм. Нөгөөтээгүүр хүмүүсийн хоорондын ажлын уялдаа холбоо, харилцаа сайжирсан давуу талтай.

Програм нэвтрүүлсэн нэг жилийн хугацаанд компанийн үндсэн үйл ажиллагаанд зарцуулагдах цаасны зарцуулалтыг 41%-аар бууруулж мөн “Бичиг цаас”-ны ажилд зарцуулах цагийг 41% -аар хэмнэсэн. Энэ хэрээр байгууллагын дотоод үйл ажиллагааны хурд нэмэгдэж ажилтнуудын бүтээмж ч өссөн үр дүн харагдаж байгаа.

ES: Үр ашигтай програмуудыг нэвтрүүлж бодит үр дүнг мэдэрсэн “Teso групп мэдээж цаашид үйл ажиллагаандаа шинэ системүүдийг нэвтрүүлэхээр төлөвлөж байгаа байх?

Б.М: Манай компани санхүү, хүний нөөц, ханган нийлүүлэлтийн програмуудыг үйл ажиллагаандаа нэвтрүүллээ. Цаашид үйлдвэрлэл, борлуулалтын үйл ажиллагаандаа програм хангамж нэвтрүүлэх зорилт бий. Үйлдвэрлэлийн програм байхгүйгээр бид ажилтны бүтээмжийг хангалттай үнэлж чадахгүй байгаа юм. Аливаа програмыг боловсруулан, бусад програмтай уялдуулан нэвтрүүлэхэд багагүй хугацаа шаардагддаг юм байна. Тиймээс аажим аажмаар манай компани бүхий л үйл ажиллагаагаа автоматжуулан цогц систем нэвтрүүлэхээр зорилт тавьж байна. Энэ тал дээр бид програм хангамжийн үндэсний компани болох “Ай Ти Зон”-той хамтран ажиллаж байгаадаа таатай байна. Тус компани нь дэлхийн хэмжээний системийг дотооддоо нэвтрүүлэн боловсруулж Монголынхоо харилцагчдад нийлүүлэх маш том хариуцлагыг үүрч яваа чадварлаг компани шүү. 

ES: Ярилцсанд баярлалаа.