Өгөгдөлд хуулбарлалтын Unidirectional тохируулга

September 08, 2017

Бүх зүйл түүх өгүүлдэг. Одоогийн бидний хэрэглэдэг өдөр тутмын энгийн хэрэглээ тухайн үедээ гайхалтай, содон нээлт болж гарч ирж байсан нь дамжиггүй. Цаг хугацааны эрхээр нэг зүйл нөгөөд шилжиж улам л тохиромжтой, хамгийн сайн шийдэл болон хувирдаг. Oracle GoldenGate бүтээгдэхүүний түүх гэхэд 2009 онд технологийн аварга компани Oracle салбарынхаа өөр нэг том компани болох GoldenGate-ийг худалдаж авснаар эхэлсэн билээ.

GoldenGate нь 1995 онд Сан Франциско-д үүсгэн байгуулагдсан, салбарын шинжээчдийнхээ дунд өгөгдөл хуулбарлалтаар тэргүүлэгч хэмээн танигдсан компани байлаа. Oracle нь уг компанийг худалдаж авснаар хэрэглэгчиддээ хамгийн хурдан бөгөөд хамгийн сайн хэмжигдэхүйц, байнга (real-time) шинэчлэгддэг өгөгдөл хуулбарлалтын шийдлийг санал болгож, дэвшилтэт технологийн амтыг мэдрүүлж эхэлсэн. Үүний төлөөлөл нь Oracle GoldenGate бүтээгдэхүүн.

Oracle GoldenGate нь Data Replication буюу Өгөгдөл дахин хуулбарлах шийдэл бөгөөд үүнийг өгөгдлийн сангийн хуулбар хийхэд ашигладаг. Өгөгдлийн сангийн хуулбар хийх гэхээр хүмүүс DR (Disaster Recovery) шийдэлтэй их андуурдаг. Харин уг шийдэлд Oracle Data Guard зориулагдсан байдаг.

Oracle GoldenGate нь олон төрлийн хувилбараар тохиргоо хийх зэрэг өргөн боломжийг нээж өгсөн бүтээгдэхүүн юм. Харин та тохиргоогоо хийхээсээ өмнө зорилгоо оновчтой тодорхойлсон байх хэрэгтэй. Дараах зурган дээрээс тохиргоо хийх боломжит хувилбаруудыг харж болно.

 

Жишээ болгож UNIDIRECTIONAL буюу хамгийн түгээмэл ашиглагддаг тохиргооны талаар товч мэдээлэл хүргэе. Дараах зурагт Oracle GoldenGate - ийн ерөнхий ажиллах зарчмыг дэлгэрэнгүй харууллаа.

Oracle GoldenGate-ийн тохиргоог дараах бүрэлдэхүүн хэсгүүдийг хослуулж хийдэг.

  • Extract буюу мэдээллийн эх сурвалжаас өгөгдлийг цуглуулж, бэлдэх хэсэг
  • Data pump буюу Extract хийж бэлдсэн файлыг хуулах хэсэг
  • Replicat буюу өгөгдлийг сонгосон өгөгдлийн санд оруулах хэсэг

Extract хийж үүссэн файлыг Trail file гэж нэрлэдэг. Энэхүү файл нь тохиргооноосоо хамааран эх сурвалжийн бүхий л хэсгийн эсвэл тодорхой хэсгийн өөрчлөлтийн мэдээллийг агуулсан байдаг.

Oracle GoldenGate – ийн хамгийн том давуу тал нь маш уян хатан тохиргоо хийж болдгоороо хэрэглэгчийн шаардлагад нийцсэн мэдээллийн хуулбарлалтыг чадамгай хийдэгт оршино.

Жишээ нь дараах байдлаар өгөгдлийг хуулж болно:

  • Өгөгдлийн санг бүхэлд нь
  • Сонгосон tablespace
  • Сонгосон table
  • Нөхцөл хангасан мөр
  • Өгөгдөл дээр тооцоолол хийх гэх мэт.

Эцэст нь хэлэхэд аливаа 2 өгөгдлийн сангийн хооронд Oracle GoldenGate – г тохируулахдаа Oracle GoldenGate тухайн 2 өгөгдлийн сангийн хоорондох хуулбарлалтыг дэмждэг эсэхийг гарын авлагаас нь сайтар шалгах хэрэгтэй. Хэрэв та Oracle GoldenGate – ийн хамгийн сүүлийн үеийн patch-ийг  хийчихвэл алзахгүй бизээ.

Та бүхэн Oracle GoldenGate-ийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг https://www.vitalsofttech.com/goldengate-replication-topologies/ сайтаас авахаас гадна Ай Ти Зон ХХК-ийн лавлах төвийн 77312424 дугаарт холбогдон авна уу. 

О.Ундрах-Оргил

Дижитал Технологийн газрын МэргэжилтэнОракл өгөгдлийн сан инженерээр мэргэшсэн. 2010 оноос ажлын гараагаа Мэдээллийн Технологийн тэргүүлэх компани Ай Ти Зон компаниар эхэлж одоо хүртэл ажиллаж байна.