Ухаалаг барилгын цогц шийдэл Интермед

August 25, 2014

Сүүлийн жилүүдэд  “ухаалаг” гар утас,  “ухаалаг” хэрэглээ гэсэн шинэ нэр томьёонууд ихээр хэлэгдэх болж, бидний амьдрал “ухаалаг” хэв маяг руу хэдийнээ шилжиж эхэлжээ.

Нийслэл хотод маань бас нэгэн “ухаалаг” барилгын цогц шийдлийг Монголд анх удаа нэвтрүүлсэн, орчин үеийн, мэргэжлийн түвшний эмчилгээ оношлогооны Олон улсын эмчилгээний төв Интермед эмнэлэг (International Medical Center) Хан-Уул дүүрэгт үүдээ нээгээд удаагүй байна. “Ухаалаг систем”-ээр бүрэн тоноглогдсон, архитектурын өвөрмөц шийдэл бүхий тус эмнэлгийг зорьж,  инженерингийн цогц шийдлүүдтэй нь танилцав. 

Интермед Ухаалаг барилга

УХААЛАГ БАРИЛГЫН СИСТЕМҮҮД ЭМНЭЛГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ОНЦГОЙ АЧ ХОЛБОГДОЛТОЙ 

Олон улсын стандартын дагуу эмчлүүлэгчийг эрүүл, аюулгүй, тав тухтай орчинд эмчилж сувилж, байрлуулахаар заасан байдаг. Тиймээс ч дэлхийн жишигт ухаалаг барилгын шийдлүүдийг эмнэлгийн салбарт өргөнөөр ашигладаг. 

Building Management System буюу Барилгын нэгдсэн удирдлагын систем гэдэг нь энгийнээр тайлбарлавал  тухайн барилга байгууламж дахь галын дохиолол, агааржуулагч, цахилгаан, дулаан зэрэг гол болон дэд системүүдийг нэг дороос удирдаж, хянах ингэснээр барилга болон барилгад суурилсан төхөөрөмжүүдийн насжилтыг уртасгах, системүүдэд гарсан асуудлуудыг богино хугацаанд засч, цахилгаан болон урсгал зардал, цагаа хугацааг хэмнэх боломжуудыг бий болгосон орчин үеийн шийдэл юм. Манай улсын хувьд дээр дурдсанчлан энэхүү системийг цогцоор нь суурилуулсан анхны барилга нь Интермед эмнэлэг боллоо. 

Интермeд эмнэлэгт АНУ-ын “Тайко” брэндийн Хаяглагддаг галын дохиоллын системийг суурилуулжээ. Тус систем нь хаяглагддаг учир энгийн дохиоллын системээс олон давуу талтай аж. Энгийн системүүд гал тухайн объектын аль хэсэгт гарсныг илрүүлэхийн тулд барилгын эрсдэлд орсон хэсгийн өрөө тус бүрийг шалгасаар цаг алдаж, богино хугацаанд эд хөрөнгө сүйдэх аюул нүүрлэж болох бол хаяглагддаг галын системийг ашигласнаар яг хаана, хэдэн тоотод гал гарч байгааг хяналтын самбараас шууд мэдэж, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг явуулан хамгийн эрсдэл багатайгаар аюулыг давах боломжийг олгодог.  

Эмнэлгийн орчинд хэт их халалт байж болохгүй, агаарыг тодорхой хэмд барьж байх ёстой тул агааржуулалтын систем автоматаар ажиллаж, тогтоосон хэмээс хэтэрсэн эсвэл багассан тохиолдолд салхивчийг онгойлгож, агаарыг нэвтрүүлэх, эргээд хаах үйлдлүүдийг мөн гүйцэтгэх боломжтой.

Дараагийн суурилагдсан систем болох Intrusion alarm буюу Халдлагаас хамгаалах систем нь эмнэлгийн объект, өрөө тасалгаанд зөвшөөрөлгүйгээр хүн нэвтрэх, гэнэтийн халдлагад өртөх тохиолдолд автоматаар мэдээлж, хянах боломжийг олгоно. Харин Зарлан мэдээлэх систем нь микрофон, аудио эх үүсвэрийн төхөөрөмжийг ашиглан барилгын нийтийн эзэмшлийн талбай болон өрөө, тасалгаануудад суурилуулсан чанга яригчаар дамжуулж эмнэлгийн барилгад байгаа хүмүүст мэдээлэл, зарлал, аюулаас сэргийлэх анхааруулга зэргийг хүргэх зорилготой. Интермед эмнэлгийн хувьд Зарлан мэдээлэх систем нь Галын дохиолол болон Хулгайн дохиоллын системтэйгээ холбогдож аливаа эрсдлээс бүрэн сэргийлэх боломжтой болгожээ.  

Эмнэлэгт зайлшгүй байх ёстой бас нэг системийн нэг нь Nurse Call буюу Сувилагч дуудах систем юм. Өвчтөний бие муудсан, яаралтай тусламж шаардлагатай тохиолдолд сувилагчийг амжиж дуудаагүйгээс олон хүндрэл үүсч болно. Тэгвэл Интермед эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа өвчтөн өрөөнөөсөө, тэр бүү хэл “00”-ийн өрөөнөөс ч товчлуур дараад сувилагчийг даруй дуудах боломжтой. Nurse Call-ийн сувилагчийн дүрс бүхий  улаан товчлуурыг дарахад шар гэрэл асна. Энэ үед сувилагч өвчтөн дээр гүйн ирж яаралтай тусламж үзүүлэх ба ирснээ мэдэгдэн товчийг дарна. Хэрэв сувилагч ирсэн ч өвчтөнд  тусламж  үзүүлж чадахгүй байвал дахин улаан гэрэл асна. Улаан гэрэл асангуут нарийн мэргэжлийн эмч болон бусад  шаардлагатай эмнэлгийн ажилтнууд багаж хэрэгсэлтэйгээ өвчтөн дээр яаралтай ирж, үйлчилгээ үзүүлэх юм.

Ерөөсөө л өвчтөний бие муудсан тохиолдолд хамгийн богино хугацаанд, хамгийн шаардлагатай эмчилгээг үзүүлэх боломжийг энд бүрдүүлжээ. Энэ бол манай эмнэлгийн салбарт гарч байгаа асар том дэвшлээс гадна  бусад эмнэлгийн байгууллагуудад зайлшгүй хэрэгжүүлэх ёстой зүйл санагдлаа.

ЭМНЭЛГИЙН БАРИЛГАД СУУРИЛУУЛСАН ТЕХНОЛОГИУД ХАМГИЙН САЙН ЧАНАРТАЙ БАЙХ ЁСТОЙ.

Интермeд эмнэлэгт барилгын автоматжуулалтын системийн шийдлүүдийг суурилуулсан Ай Ти Зон компанийн Бизнес шийдэл хариуцсан  менежер Б.Наранжаргал, эмнэлгийн мэдээлэл технологийн мэргэжилтэн Ч.Раднаабазар нартай уг төслийг хэрхэн хэрэгжүүлэх болсон, хэдий хугацаанд, ямар үр дүнг бий болгосон талаар ярилцлаа.

ES: Интермeд эмнэлгийн барилгын ухаалаг систем суурилуулах төслийн ажлыг хэзээнээс хийж эхэлсэн бэ? Суурилуулалтын онцлогоос дурдахгүй юу?

Интермэд эмнэлгийн мэдээлэл технологийн мэргэжилтэн Ч.Раднаабазар: Эмнэлгийн төслийн ажил 2012 онд тендерээр зарлагдаж, шалгаруулалтаар мэдээллийн технологийн Ай Ти Зон компани шалгарсан байгаа. Тухайн үед барилгын ажил үндсэндээ цаасан дээр байсан хэдий ч “Ай Ти Зон” компани  Австрийн “Вамед” группын зөвлөгөөний дагуу ухаалаг цогц системийг суурилуулах ажлыг эхлүүлсэн. Гэхдээ уг системийг суурилуулах явцад манай эмнэлгийн барилгын өрөөнүүд, бүтэц өөрчлөгдөх зэргээр урьдчилан таамаглах боломжгүй асуудлууд гарч байсан боловч хамтрагч маань асуудал бүрийг хамтын ажиллагаагаар даван туулж, өнөөдөр үйл ажиллагаа маань амжилттай эхлээд явж байна.   

Ай Ти Зон” компанийн  Бизнес шийдэл хариуцсан менежер Б.Наранжаргал: Сүүлийн жилүүдэд улсын хэмжээнд барилгын салбарт чиглэсэн хөрөнгө оруулалтуудын хэмжээ өсөхийн хэрээр барилгууд маш олноор баригдаж байна. Орон сууцны барилгаас илүүтэйгээр оффис үйлчилгээний барилгуудад мэдээлэл технологийн автоматжуулалтын системүүдийг илүү суурилуулж байна. System Integrated smart building, BMS building системүүдийг цогцоор нь суурилуулсан барилгууд одоогийн байдлаар бараг байхгүй гэж хэлж болохоор байгаа. Харин энэ цогц системийн бүрэлдэхүүнд байдаг, зарим дэд системүүдийг суурилуулсан зочид буудал, оффисууд бол нэлээд бий.

Манай компани Вuilding Management System-ийг сүүлийн 2 жилийн хугацаанд судлан хөгжүүлж байгаад 2012 оноос Интермед эмнэлэгт анх удаа суурилуулж эхэлсэн ба энэ төсөл маань одоо дуусах шатандаа явж байна. Бид  бүх системүүдээ дэлхийд танигдсан брэндүүдийн чанартай тоног төхөөрөмжүүдээр тоноглохыг зорьсон, эмнэлгийн зүгээс ч тодорхой шаардлагуудыг тавьсан. Жишээ нь, компьютер томограф, рентген аппаратуудаар авсан зураг, бусад өвчтөний материал, файлууд их хэмжээтэй байдаг учраас энгийн сүлжээний кабел, тоног төхөөрөмжүүд ашиглавал сигнал унах, мэдээлэл тасалдах зэрэг хүндрэл гарна. Тиймээс AMP брэндийн сүлжээний төхөөрөмжүүд, CT-Link брэндийн  ISO/IEC 11801стандартын CAT6a төрлийн 10 гегабайтыг дамжуулах хүчин чадалтай кабел, мөн CISCO брэндийн 10 гегабайтын сүлжээний switch, wireless access point, firewall сүлжээний хамгаалалт зэрэг сүлжээ дэд бүтцийг хамгийн найдвартай байлгах боломжтой, мэдээллийн аюулгүй байдлыг өндөр түвшинд хангасан тоног төхөөрөмжүүд, Siemens корпорацийн Building Management System-ийн тоног төхөөрөмжүүдээр тоноглосон.

ES: Мэдээллийн технологийг хэрэглэхэд ажилтнуудаас тодорхой хэмжээний ойлголтуудыг шаарддаг. Түүнчлэн системүүдээ хүлээлгэн өгснөөс хойш эвдрэл гэмтэл гарсан тохиолдолд энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ?

Б.Наранжаргал:  Сувилагч дуудах системийг эс тооцвол эмнэлгийн бүх шатны эмч мэргэжилтнүүд манай суурилуулсан системүүдийг шууд удирдаж ашиглах боломж бага зэрэг хязгаарлагдмал гэж хэлж болох юм. Яагаад гэвэл нарийн мэргэжлийн инженерүүд эдгээр системүүдийн тохиргоо хяналтуудыг хийж байх шаардлагатай байдаг. Бид эмнэлгийн мэдээлэл технологийн мэргэжилтнүүд, хамгаалалтын албаныханд болон бусад шаардлагатай ажилтнуудад гал, хяналтын камер, зарлан мэдээлэл систем, хулгай, нэвтрэх хяналт зэрэг хамгаалалтын системүүдийг ашиглах, хэрэглэхэд шаардлагатай заавар зөвлөгөө сургалтуудыг хийж танилцуулсан. BMS, сүлжээний дэд бүтэц дээр суурилсан системүүд болон бусад системийн хэрэглээ ашиглалтын сургалтуудыг хариуцсан мэргэжлийн инженерүүдэд нь хийгээд дуусч байна.

Систем болон тоног төхөөрөмжүүдэд ямар нэгэн эвдрэл гэмтэл гарсан тохиолдолд бид хамгийн богино хугацаанд засч, шийдвэрлэнэ. Үүнээс гадна Интермед эмнэлэг нь манай компанийн ITZone Campus (засвар үйлчилгээ, үйлдвэр, агуулах, бизнесийн байгууллагуудад чиглэсэн борлуулалтын хэлтэс, программ хангамжийн газар, Enterprise Solution Center)–тай ойролцоо байрлаж байгаа нь үйлчилгээг илүү богино хугацаанд авах бас нэг давуу тал болж байна гэж хэлж болох юм.

Ч.Раднаабазар:  Манай эмнэлгийн барилгад уг системийг анх удаа суурилуулсан болохоор бид бүгд суралцаад явж байна. Ай Ти Зон компани олон сайн инженерүүдтэй. Аливаа ажлыг чанарын өндөр түвшинд хийдэг. Бас нэг ажигласан зүйл бол Ай Ти Зон компани инженерүүдээ байнга сургалтад хамруулж, хөгжүүлдэг юм билээ. Тийм учраас ч Интермед эмнэлэг энэ компанийг сонгож, хамтран ажилласан гэж хэлж болно. “Вамед” группийн тавьсан шаардлагад үндэслэн АйТи Зон-ын инженерүүдтэй хамтран ажиллах хугацаанд их зүйлийг сурч мэдсэндээ баяртай байгаа. 

ES: Энэхүү ухаалаг системийг суурилуулснаар эмнэлгийн үйл ажиллагаанд олон давуу тал, тав тухтай байдлыг бий болгосон уу?

Ч.Раднаабазар: Тэгж хэлж болно. Тухайлбал,  эмнэлэг гэдэг утгаараа  дотроо мэдээлэл хурдан солилцож байх ёстой.  Манайх мэдээллийн серверийн том өрөөтэй болж, тэндээ мэдээллийн баазтай болсон. 10 гега-гийн хурдаар хоорондоо мэдээлэл чөлөөтэй солилцдог болсон нь яах аргагүй давуу тал. Энэ олон системийг нэг дэлгэцээс нэгтгэж хараад, гал гарах, ус алдах ч юм уу, ямар нэгэн асуудал үүсэхийг хянаад сууж байх боломжтой болсны дээр тухайн системд бүртгэлтэй ажилчдын гар утас руу мессежээр давхар мэдэгддэг болсон. Ерөөс өвчтөний аюулгүй байдал гэдэг талаасаа энэ систем хамгийн найдвартай байдлыг хангаж байгаа.    

ES: Ярилцлага өгсөн та бүхэнд баярлалаа. 

Ийнхүү “Барилгын нэгдсэн удирдлагын систем” буюу  ухаалаг барилгын цогц шийдлүүдийг Ай Ти Зон компанийн шилдэг инженерүүдийн тусламжтайгаар суурилуулсан “Интермед” эмнэлэг эмчилгээ үйлчилгээний орчин үеийн дэвшилтэт технологи, тав тухтай аюулгүй орчин, шилдэг үйлчилгээгээрээ үйлчлүүлэгчдээ хүлээн авч эхэлжээ.