У.Наранбаатар: Мэргэжлийн үйлчилгээ үзүүлэх нь бидний зорилго

May 25, 2015

“Four season” сэтгүүл “ITC EXPO 2015”-д зориулан тусгай дугаар гаргажээ. Дугаарын зочноор Ай Ти Зон компанийн дэд захирал У.Наранбаатарыг урьж, мэдээллийн технологийн салбарын тухай сонирхолтой яриа өрнүүлснийг эрхэм уншигч танд хүргэж байна.

У.Наранбаатар Ай Ти Зон ХХК Гүйцэтгэх захирал

Энэ удаагийн шинэ дугаарын зочноор “FOUR SEASON” сэтгүүлийн редакцын хамт олон нэгэн хүндтэй эрхмийг онцлон танилцуулж байна. Энэ эрхэм бол Монголын  мэдээллийн технологийн салбарт 18 жилийн турш тасралтгүй, идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа “ITZone” компанийн Дэд захирал  У.Наранбаатар юм. Тэрээр манай сэтгүүлийн уншигчдад  дэлхийн болон  Монголын мэдээллийн технологийн салбарын хөгжлийн талаар, мөн мэдээллийн технологийн үйлчилгээ гэсэн сэдвийн хүрээнд сонирхолтой яриа өрнүүллээ. “ITZone” компанийн хувьд 1997 онд байгуулагдаж, өнөөг хүртэл ажиллахдаа салбартаа тэргүүлэгч байр сууриа байнга хадгалж ирсэн бөгөөд саяхан нийтэд зарласан Монголын ТОП-100 ААН-ийн жагсаалтад багтсан цорын ганц мэдээллийн технологийн чиглэлээр ажилладаг шилдэг компани болж шалгарсан байна. Тус компани нь програм хангамж, техник хангамж, сүлжээ дэд бүтэц, систем интеграцчлал, барилгын дохиолол холбоо, автоматжуулалт, мэргэжлийн үйлчилгээ, үнэлгээ, зөвлөгөө, гэрээт аутсорсинг зэрэг олон чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг юм.

Өдрийн мэнд хүргэе. Мэдээллийн технологи (МТ)-ийн салбар бол хувь хүн болон байгууллагын хэрэгцээ шаардлагыг хангаж ажиллахын тулд байнга хувьсан өөрчлөгдөж, шинэчлэгдэж байдаг салбар гэж ойлгодог. Танай компанийн хувьд Монголын мэдээллийн технологийн  салбарын зах зээлд олон чиглэлээр, ялангуяа байгууллагын зах зээл рүү чиглэсэн үйл ажиллагаа явуулдгийн хувьд дэлхийн мэдээллийн технологийн сүүлийн үеийн чиг хандлага ямар түвшинд явж байгаа талаар яриагаа эхлүүлбэл ямар вэ?

Тиймээ, манай компани энэ салбарт 18 жилийн турш идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна. Бид салбарынхаа хөгжлийн чиг хандлагыг байнга судалж, бизнесийнхээ стратегид тусгахыг хичээдэг. МТ-ийн салбарын дэлхий дахины чиг хандлагын судалгаа хийж, статистик тоон мэдээ, харьцуулалт, дүгнэлт, тайлан гаргадаг “Гартнер” гээд олон улсын нэр хүндтэй байгууллага бий. Тус байгууллагаас саяхан гаргасан судалгаанд дэлхийн МТ-ийн салбар хөгжлийнхөө гурав дахь шатанд шилжиж байгаа талаар дурдсан байна лээ. Салбарын хөгжлийн үе шатуудыг технологийн зах зээлийн хэрэглээ талаас нь тайлбарладаг. Ойролцоогоор хөгжлийн үе шат 20 жилийн үечлэлтэй харагдаж байгаа, эхний үе шат нь технологийг өөрийг нь бүрэн шүтсэн эрин үе байсан. Компьютерийн сүлжээ дөнгөж эхлэлээ тавьж, цаашлаад байшин барилгууд, улс хооронд, тив дэлхийгээр интернэтийн дэд бүтцээр дамжин холбож эхэлсэн үе. Мөн бизнесийн салбарт анхны програм хангамжууд хөгжиж эхэлсэн ба ихэвчлэн өөрсдийнх нь захиалгаар, онцлогт нь тохируулан хийгдэж эхэлсэн. Эхний энэ хөгжлийн шат 90-ээд оны дунд үе хүртэл үргэлжилсэн ба хөгжлийн хоёрдугаар үед бизнес процесс загварчлал руу гол анхаарлаа хандуулах болсон.

Өөрөөр хэлбэл байгууллага бүр өөрийн онцлогтоо тохируулж програм хангамж захиалж хийлгэхийн оронд бусдын түрүүлээд хийчихсэн хамгийн сайн туршлагуудыг өөрийн бизнесийн үйл ажиллагаанд нэвтрүүлэхийг илүүд үздэг болсон гэсэн үг. Энэ хөгжлийн хоёр дахь үед мөн хүмүүсийг хооронд нь холбох зорилго амжилттай хэрэгжсэн байдаг. Үүний илрэл нь дэлхий нийтээрээ, хүн бүр гар утсаараа бие биетэйгээ холбогдчихлоо шүү дээ. “Гартнер” компанийн дүгнэж байгаагаар, одоо хөгжлийн гурав дахь үе шат буюу бизнесийн өөрийнх нь мөн чанар, загварт гол анхаарлаа хандуулж буй үе эхэлж байна. Бизнес модель гэж хүн бүр ярьдаг болсон. Хэн нь илүү сонин содон загвар санаачилж, уламжлалт тогтсон арга барилыг зоригтой өөрчилж зах зээлд танилцуулсан нь илүү амжилт олдог эрин үе гэж ойлгож болно. Тухайлбал, манай салбарт Apple-ийг уламжлалт бизнес загварыг хамгийн олон эвдэж чадсан компани гэж үздэг.

Мөн IPTV гэж шинэ технологи гарснаар бизнесийн хэд хэдэн салбар цохилтод орж, бизнес загвартаа өөрчлөлт оруулахаас өөр аргагүй болсон гэх мэт олон жишээ ярьж болно. Хөгжлийн гуравдугаар үед Hybrid IT гэсэн ойлголт мөн явж байгаа, тодруулбал, хэрэглэгчид технологийг клауд болон уламжлалт аль аль хэлбэрээр холимог байдлаар ашиглаж эхэлсэн. Клаудыг одоо мэдэхгүй хүн байхгүй болсон байх. Хөгжлийн өмнөх хоёр шатанд компьютер, байр байршил, хүмүүс хоорондоо холбогдсон бол одоо 3 дахь шатанд эд юмс нэмж холбогдох болно. Өөрөөр хэлбэл телевиз, автомашин, хөргөгч, шарах шүүгээ гээд хүний амьдралд хэрэглэгддэг бүх эд юмсыг холбож, улам амар хялбар автоматжсан нийгэм рүү явж байна даа.

Үнэхээр гайхалтай. Хэрэглэгч биднийг улам олон сонирхолтой зүйлc хүлээж байгаа юм байна. Тэгвэл манай улсын МТ-ийн салбарын хөгжил ямар шатандаа явж байгаа вэОлон улстай хөл нийлүүлэн алхахад нөлөөлж буй хүчин зүйлc байгаа юу?

Манай улсын хувьд зарим чиглэл нь дэлхийн жишигт нэлээд ойртсон ч хоцронгуй чиглэлүүд бас байна. Жишээ нь, бизнес процессуудаа бүрэн хянадаг, автоматжуулж чадсан, дотоод менежмент нь сайн төлөвшсөн ААН-үүдийн хувь тийм ч өндөр биш байна. Энэ нь мэдээж дараагийн түвшинд нийгмээрээ хөгжин гарахад саад болж байгаа юм. Гэтэл нөгөө талаас нь харвал смарт утас, смарт телевиз, машины GPS хяналт, facebook, twitter гээд дэлхийн сүүлийн үеийн бүтээгдэхүүн, технологиуд Монголын зах зээл дээр хэдийнээ орж ирээд, бидний өдөр тутмын амин чухал хэрэгцээ болчихсон байх жишээтэй. Миний бодлоор МТ-ийн салбартаа тухайн улс хэр их ач холбогдол өгч, хэр их хөрөнгө оруулалт хийж, хэр их төрийн бодлогоор дэмжиж байгаагаас салбарын хөгжлийн түвшин тодорхойлогдож байна. Энэ салбарт дэлхийд тэргүүлэгч 10 хүрэхгүй улс орнууд байдгийг бид бүгд мэднэ.

Монголд 2004 онд МТ-ийн салбарын мэргэжлийн агентлагийг байгуулснаас хойш төр засаг бодлогын түвшинд тус салбарын хөгжлийг эрчимтэй дэмжсээр ирсэн гэдгийг онцлох хэрэгтэй. Өнгөрсөн хугацаанд олон төсөл хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлж, салбарын компаниуд тэр хэрээр хөгжиж, туршлагажиж байна. Төрийн олон үйлчилгээ цахим хэлбэрт шилжиж байгааг ард иргэд тэр болгон анзаардаггүй байх, тэдгээр төслүүдийг хэрэгжүүлэхэд маш их цаг хугацаа, хүн хүч, хөрөнгө мөнгө, туршлага ноу-хау ордгийг өөрсдийн туршлага дээрээс бид сайн мэднэ. Мөн дэлхийн томоохон компаниуд Монголыг их сонирхох болж, ихэнх нь төлөөлөгчийн газруудаа нээж идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна, тэд ойр ойрхон шинээр гаргасан технологи, инновацийнхаа талаар олон нийтэд хандсан сонирхолтой танилцуулга, уулзалт, семинар зохион байгуулдаг боллоо. Ер нь сүүлийн жилүүдэд манай салбарын хувьд олон өөрчлөлтүүд гарч байна.

ITZone бол салбартаа тэргүүлэгч компани. Тэгэхээр танай байгууллагын сүүлийн үед баримталж байгаа бодлого, стратегийн талаар сонирхож болох уу?

Манай компани байгууллагын зах зээлд төвлөрч ажилладгийг өмнө дурдсан. МТ-ийн компанийн онцлог гэвэл бүх салбарыг хамарч үйлчилдэг. Дэлхийн МТ-ийн зах зээлийг дөрвөн чиглэлийн бизнес бүрдүүлдэг, үүнд харилцаа холбоо 45%, техник хангамж 20%, програм хангамж 10%, МТ-ийн үйлчилгээ 25% тус тус эзэлдэг. Энэ удаад би МТ-ийн үйлчилгээ гэсэн чиглэлийн бизнесийг илүү онцолж ярихыг хүсч байна. Энэ чиглэлийн бизнесийг ойлгуулахын тулд нэг жишээ дурдъя. Дунд зэргийн компани Oracle-ийн ERP системийг дотоод үйл ажиллагаандаа нэвтрүүлэхэд 5-10 сая ам.доллар зарцуулдаг. Төслийн нийт дүнгийн хамгийн ихдээ 30%-ийг Oracle компани програмын лицензийн төлбөрт авдаг бол уг төслийг нэвтрүүлэгч мэргэжлийн үйлчилгээ үзүүлж байгаа компани 70% буюу түүнээс дээш хувийг нь авдаг.

Манай улсын хувьд мэргэжлийн үйлчилгээний чиглэл хамгийн сул хөгжилтэй байгаа. Гэтэл дэлхийн дахинд энэ чиглэлийн бизнесийн хөгжил маш өндөр түвшинд очсон байгааг дээрх тоо баримтаас харж болно. Ер нь МТ-ийн салбарын дэлхийн нийтлэг хандлагыг харахад техник хангамжийн борлуулалтын ашиг жилээс жилд буурч, үнийн өрсөлдөөн ширүүсэж, улмаар бизнест оролцогч талуудын ашиг сонирхол буурч байгаа. Тэгэхээр компаниуд бизнес моделио өөрчлөх, шинэ содон бүтээгдэхүүн, үйлчилгээ гаргаж зах зээлд санал болгох шаардлага үүсч байгаа юм. Манай компанийн баримталж буй стратеги бол байгууллагын зах зээлд үнэ цэнэ бий болгох чанартай үйлчилгээ үзүүлдэг, мэргэжлийн ур чадварыг эрхэмлэсэн “Хэрэглэгч” төвт бодлого баримталж ажиллах юм.

Таны хэлсэнчлэн “Хэрэглэгч” төвтэй бодлого баримталж, байгууллагын зах зээлд үнэ цэнэ бий болгох чанартай үйлчилгээ үзүүлдэг хамт олон болох бодлогыг хэрэгжүүлэхийн тулд ямар ажил,  арга хэмжээг зохион байгуулж байгаа вэ?

Бид бодлогоо тодорхойлсны дараа гадаадын компаниас хэрхэн хэрэгжүүлэх талаар зөвлөгөө авсныг энд дурдах хэрэгтэй байх. Энэ бодлогын хүрээнд харилцагчиддаа мэргэжлийн сайн үйлчилгээ үзүүлэхийн тулд гурван чиглэлээр төвлөрч ажиллах шинэ бүтэц бий болгосон. Нэгдүгээрт, уламжлалт борлуулсан бүтээгдэхүүний засвар үйлчилгээ явагдаж байна. Хоёрдугаарт, мэргэжлийн үйлчилгээг санал болгож байгаа. Тодруулбал өндөр мэдлэг, ур чадвар, туршлага ноу-хау, цаг хугацаа, оюун ухаан шаардсан нарийн төвөгтэй МТ-ийн үйлчилгээнүүдээс гадна тухайн орчинд үнэлгээ хийх, дүгнэлт боловсруулах, зөвлөгөө өгөх мэргэжлийн үйлчилгээнүүд багтдаг. Үнэлгээ, зөвөлгөө өгөх үйлчилгээг манайхан аудит, консалтинг гэж орчуулгагүй хэрэглэдэг болжээ.

Энэ үйлчилгээг үзүүлэхийн тулд манай компанийн зүгээс маш их цаг хугацаа, хөрөнгө оруулалтыг тасралтгүй хийсээр байна. Учир нь өндөр мэргэшлийн инженерүүд, зөвлөхүүд бэлтгэхэд бид ажилтнуудаа гадаадад олон сургалтуудад хамруулж, шалгалт тестүүдийг нь давж байж тухайн чиглэлийн мэргэжлийн үйлчилгээ үзүүлэх эрхийг олж авдаг. Гуравдугаарт, бид интернэтийн болон гэрээт үйлчилгээний чиглэлээр төвлөрч ажиллах бие даасан бүтэц бий болгосон байгаа. Энэ баг маань интернэтийн үйлчилгээ үзүүлэхээс гадна сервер, хадгалах төхөөрөмж, компьютер, хувилагч, хяналтын камер гэх мэт бизнесийн өдөр тутам зайлшгүй ашиглагддаг тоног төхөөрөмж, хэрэгслүүдийн хэвийн ажиллагааг гэрээгээр хангах үйлчилгээг хийдэг. Маш чухал төхөөрөмж хэрэгслүүд дээр зарим байгууллагууд 24/7, жирийн хэрэглээнд зөвхөн ажлын цагаар 8/5 гэх мэт гэрээг бидэнтэй байгуулж ажилладаг. Гэрээт байгууллага дээр манай инженер бүтэн цагаар эсвэл дуудлагаар ажиллах гээд олон хувилбараар тохиролцдог. Мөн өөрсдийн хариуцаж байгаа тоног төхөөрөмж, хэрэгслүүд дээр урьдчилан сэргийлэх үзлэгүүдийг тодорхой хугацааны давтамжтай хийдэг. Энэ үйлчилгээг ер нь МТ-ийн аутсорсинг гэж нэрлэж болно.

МТ-ийн олон төрлийн үйлчилгээнүүд байдгийг таны ярианаас ойлголоо. Та аутсорсинг гээд хэлэх шиг боллоо, энэ ойлголтын талаар жаахан дэлгэрүүлж тайлбарлахгүй юу.

BPO  (Business Process Outsourcing) гэж ойлголт бий, үйлдвэрлэл эрхэлдэг компаниуд түгээлтийн процессууд дээрээ анх аутсорсинг хийж эхэлсэн түүхтэй, одоо бол бүх чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй ААН-үүд хүний нөөц, санхүү, нягтлан бодох, дуудлагын төв гэх мэт тив дэлхий алгассан аутсорсинг хийдэг болсон байна. Жишээ нь, бидний хөгжүүлсэн ERP бүтээгдэхүүний нэг харилцагч байгууллага маань гадны хөрөнгө оруулалттай 30 гаруй ААН-үүдийн цалинг боддог гэж байгаа, энэ бол цэвэр аутсорсинг бизнес юм. Дэлхийд Филиппин хамгийн том аутсорсинг үйлчилгээ үзүүлдэг улс болсон, АНУ-ын колони байх үедээ боловсролын системээ Англи хэл рүү шилжүүлсний давуу тал тэдний хувьд одоо гарч ирж байх шиг байна. Аутсорсинг яагаад илүү их газар аваад хөгжөөд байна вэ гэдэг талаар тайлбарлахыг хичээе. Хувь хүнийг компани аваад ажиллуулахад цалин, нийгмийн даатгалын шимтгэл, тоног төхөөрөмж, түрээс, шинэ жил, зугаалга зэрэг олон нийтийн арга хэмжээний зардлууд, зовлон гачигдал, шагнал урамшуулал, удирдлагаар хангаж байгаа менежерийн зардал, цаг зарцуулалт, сургалтууд, ажлаас чөлөөлөгдсөний тэтгэмж гээд маш олон хөдөлмөрийн харилцааны, хүний нөөцийн шууд ба шууд бус зардлууд гардаг.

Хувь хүний асуудал хэзээ ч дуусдаггүйг бид мэднэ, бид л анзаардаггүй болохоос менежментийн багийн гишүүн бүр хувь хүмүүстэй холбоотой асуудлуудад маш их цагаа зарцуулдаг. Тухайн хүн алдаа гаргаснаар компанид томоохон хохирол учирлаа гэхэд ажлаас нь чөлөөлөхөөс өөр хариуцлага тооцох боломж бага. Гэтэл аутсорсинг хийж байгаа компанитай хохирлын хариуцлагыг гэрээний нөхцөлөөр зааж тооцож болно, шаардлага хангахгүй ажилтныг  дор нь солиулж болно. Ер нь хүнтэй холбоотой гардаг ямар ч асуудалтай тулгарахгүй, нөгөө гэрээлэгч тал л бүхнийг хариуцна. Тийм учраас танай компани 600 мянган төгрөгийн цалинтай цэвэрлэгч авч ажиллуулах уу, 1.5 сая төгрөгөөр аутсорсинг хийж офис цэвэрлэдэг компанитай гэрээ байгуулах уу гэдгийг олон талаас нь бодож, тооцож үзэх хэрэгтэй байгаа юм. Үнэндээ ихэнх орнууд туслах шинж чанартай бизнес процессуудаа аутсорсинг хийдэг, хэвийн үзэгдэл болсон. Мэдээж тэд зөндөө тооцоо, судалгаа хийсэн байгаа. Цаг үе, хандлагаа дагаад бид ч энэ чиглэл рүү явах байх.

Таны бодлоор Монголын МТ-ийн үйлчилгээний зах зээл дэлхийн жишигт дүйцэхүйц түвшинд хөгжихөд саад болж байгаа ямар хүчин зүйлс байна гэж боддог вэ?

Ямар ч орны дотоод зах зээл дээрх МТ-ийн үйлчилгээний нийт орлогод IBM, Accenture гэх зэрэг дэлхийн томоохон тоглогчдын эзэлж байгаа хувь хэмжээ 15%-аас хэтэрдэггүй гэсэн судалгааг “Гартнер” хийсэн байдаг. Энэ нь юуг илэрхийлж байна вэ гэхээр дотоодын компаниудад 85%-ийн боломж байдаг гэсэн үг. Хэдийгээр ийм том орон зай байгаа ч тухайн зах зээлийн нөхцөл байдлаас шалтгаална. Монголын хувьд энэ чиглэлийн бизнес нь бараа бүтээгдэхүүнээ дагасан үйлчилгээний түвшнээс төдийлөн холдоогүй байна. Өөрөөр хэлбэл сервисийг тоног төхөөрөмжийн засвар төдийхнөөр хүлээн авч, барааг нь авсан юм чинь үнэгүй үйлчилгээ үзүүлэх ёстой гэх үзэл зонхилдог. МТ-ийн үйлчилгээний хөгжлийн чиг хандлагыг харвал бараа дагасан үйлчилгээнээс аажмаар үйлчилгээ дагасан бараа руу шат дараалалтай шилжиж байгаа нь харагддаг. Зах зээл илүү мэргэжлийн үйлчилгээнд ач холбогдол өгч, түүнд бодит үнэ төлдөг болсон. Монголд энэ зах зээл одоо л бий болж бойжиж эхэлж байна.

МТ-ийн хэрэглээ өндөр, энэ нь гол тулгуур хүчин зүйл нь болчихсон, тасралтгүй хөрөнгө оруулалт хийдэг зарим салбарууд мэргэжлийн үйлчилгээнд бодитой үнэ төлдөг болж эхэлж байна. Би яагаад энд бодитой үнэ гэж дахин дахин хэлээд байна гэхээр байгууллагын гол, чухал систем дэх үйлчилгээг өндөр мэргэшлийн инженер үзүүлэх шаардлагатай байдаг. Нөгөө талдаа харилцагч байгууллагадаа хүссэн түвшинд нь үйлчилгээ үзүүлэхэд компанийн зүгээс инженерүүдийн чадавхыг нэмэгдүүлэхэд тасралтгүй хөрөнгө оруулалт хийдэг. Бид МТ-ийн үйлчилгээний зах зээлийг маш өөдрөгөөр харж байна, удахгүй боломжийн түвшинд очих байх. Хөгжилтэй орнуудад мэргэжлийн компаниуд бараа зарах гэж үнээрээ өрсөлдөхөөс татгалзаж, харин хэн нь илүү мэргэжлийн түвшний олон талт үйлчилгээ санал болгож чадаж байгаагаараа өрсөлддөг болсон байна.

Сонирхолтой яриа өрнүүлсөн Танд их баярлалаа. Та бүхний ажилд амжилт хүсье!

Баярлалаа, танай сэтгүүлийн хамт олонд ч гэсэн ажлын амжилт хүсье.