Б.Жавхлан: Үндсэн бизнестээ анхаарлаа хандуул

December 14, 2015

Мэргэжлийн байгууллагаас мэдээллийн технологийн Оutsourcing үйлчилгээг авах нь танд болон танай байгууллагад ямар боломжуудыг олгох вэ? Энэ төлбөрт үйлчилгээ нь хэмнэлт үү, эсвэл нэмэлт зардал уу. Энэ тухай Ай Ти Зон компанийн Бизнес хөгжил хариуцсан дэд захирал Б.Жавхлантай ярилцлаа.

Б.Жавхлан Могул Сервис энд Саппорт ХХК Гүйцэтгэх захирал

ES: IT outsourcing гэж юу вэ, энэ тухай ерөнхий ойлголт өгөөч?

Аливаа бизнес үйл ажиллагаа явуулахад санхүү, хүний нөөц зэрэг үндсэн функцуудээс гадна дэмжлэг үзүүлэх зорилго бүхий мэдээллийн технологийн хэсэг ажиллаж байдаг. Эдгээр технологиуд нь байнгын хэвийн ажиллагаатай байж л түүнд зориулсан зардал нь өгөөжөө өгөх ёстой.

Тэгвэл IT outsourcing нь тухайн байгууллагын энгийн принтер, компьютероос эхлээд том сервер, хадгалах төхөөрөмж хүртэл бүхий л технологийн тоног төхөөрөмж, системүүдийн найдвартай ажиллагааг тогтмол хангах мэргэжлийн үйлчилгээ юм.

Серверүүд гэхэд тухайн байгууллагын олон жилийн турш хуримтлуулсан үнэ цэнэтэй мэдээллүүдийг хадгалж байдаг. Жишээ нь, Банкны сервер байлаа гэхэд хэдхэн минут доголдоход л маш олон хэрэглэгч хохирч, түүнээс үүдэн тухайн банкны нэр хүнд унах аюултай. Тэгвэл IT outsourcing үйлчилгээ авсан үед ийм алдаа гарахаас нь өмнө урьдчилж мэдээд, хэдийн арга хэмжээ авчихсан байх юм. Ингэснээр байгууллага үндсэн үйл ажиллагаандаа анхаарал хандуулах боломжийг олгож мэдээллийн технологийн асуудлыг мэргэжлийн компанид нь даатгах гэсэн үг юм.

ES: Энэ үйлчилгээ нь байгууллага өөрийн IT мэргэжилтнээ сургаж, ажиллуулахаас ямар ялгаатай юм бэ?

Хэрэглээний цөөн компьютер, хэвлэгч хувилагч хэрэглэдэг байгууллагад IT баг байгаад байх шаардлагагүй. Тусгайлан хүн цалинжуулж компьютер, принтер янзалдаг байж болно л доо. Гэхдээ зардал, үр дүнгээ тооцдог бол IT outsourcing үйлчилгээг бодолцож үзэх л хэрэгтэй. Жишээ нь эзний эрх ашгийн үүднээс харахад үндсэн ажилтанд зориулсан сар бүрийн цалин, урамшуулал, татвар, ашиглах ширээ сандлаас эхлээд компьютер, тоног төхөөрөмж, түүний элэгдэл хорогдол, удирдлагаар хангах, зуны зугаалга, шинэ жил гэх мэт шууд болон шууд бус далд зардал их. Дээр нь технологийн шинэчлэлт асар хурдтай хөгжиж буй энэ цаг үед инженерээ сургалтад хамруулах гээд нэмэлт зардал гаргах ёстой болдог.

Тэгвэл энэ бүх зардлыг бизнестээ зориулаад, IT-аа тогтмол зардлаар, найдвартай авч явах бүрэн боломжийг IT outsourcing олгодог. Харин тухайн инженерийнх нь өнцгөөс харвал тэр хүн хэдхэн компьютер, принтер засаад яваад байвал хөгжихгүй шүү дээ. Үүний оронд мэргэжлийн компанид орж, илүү олон шинэ технологиуд дээр суралцаж, туршлага хуримтлуулж, гадны том вендоруудтай харьцаж, мэргэжлийн карьераа өсгөх хэрэгтэй.

ES: Компьютер, принтер янзална гэсэн дуудлагын үйлчилгээ олон байдаг. Үүнээс ямар давуу талтай байх вэ?

Хувь хүн, байгууллагын дуудлагын үйлчилгээ гол нь хэр найдвартай, баталгаатай вэ гэдэг нь чухал. Нэг удаа ирж засаад явна, ямар сэлбэг хэрэгсэл авчирч сольсон нь баталгаа байхгүй. Тухайн удаад засаад явсан ч дараагийн асуудал тэдэнд хамаагүй байдаг бол бидний үйлчилгээ нь асуудал гарахаас урьдчилан сэргийлэхэд чиглэж байдаг. Энэ нь эргээд тухайн байгууллагын ажилтан, менежмент болон хэрэглэгчдэд шууд хамааралтай. Дуудлагаар үйлчилгээ үзүүлнэ гэдэг энгийндээ ямар нэгэн асуудал гарахыг хүлээнэ гэсэн үг ба үүний үр дагаварт тухайн байгууллагын МТ-ийн ажиллагаа доголдоно гэсэн үг л дээ.

Үүний оронд баталгаатай, найдвартай газраас тогтмол үйлчилгээ авах нь байгууллагын хувьд тасралтгүй, найдвартай ажиллагаагаа хангах, чанартай үйлчилгээ авах давуу талтай. Үйлчлэгч байгууллага ч тухайн компанид ямар асуудал үүсдэгийг мэддэг болж, ямар төхөөрөмжид хэзээ ямар үйлчилгээ хэрэгтэйг урьдчилан мэдэгдэн үйлчилгээ хийгээд явна, сарын дараа хард эвдрэх байсныг сэргийлж чадна, урьдчилж засчихна. Байгууллагын ерөнхий нягтлангийн компьютер гэнэт эвдрэх, хард диск шатах ямар том эрсдэл болохыг төсөөлөөд үз дээ. Энэ бүх эрсдэлийг л хааж байгаа юм.

ES: Ер нь IT outsourcing нь хэмнэлт уу, нэмэлт зардал уу гэдгийг тайлбарлаж болох уу?

Эхлээд МТ-ийн ажиллагаатай холбоотой сул зогсолтын талаар тайлбарлая. Юуны түрүүнд систем дээр асуудал гарахад л зардал гардаг гэвэл өрөөсгөл ойлголт болох юм. Сүлжээ, компьютер зэргийн хэвийн ажиллагаа маш чухал ба эдгээр нь удах, гацах бүрд тухайн байгууллагын сул зогсолтын зардал нэмэгдэж байдаг. Үүнийг мөнгөн дүнгээр нь авч үзье.

Хэрэглэж байгаа компьютер бусад тоног төхөөрөмжтэй холбоотойгоор нэг хүн өдөрт дунджаар 16 минут орчим сул зогсолт хийдэг гэж тооцож үзвэл 9 хүнтэй дундаж нэг компани сард 300-аад мянган төгрөгийн сул зогсолт хийж байна гэсэн дундаж үзүүлэлт гаргаж болохоор байна. Нэмж хэлэхэд, байгууллагын IT инженер шинэ технологи нэвтрүүлье, нэмэлт тоног төхөөрөмж авъя гэхэд энэ нь шинэ санаачилга гэхээс илүү юун мөнгө гаргах гээд байна гэх хардлага төрүүлдэг. Харин IT outsourcing үзүүлж байгаа мэргэжлийн байгууллага тухайн байгууллагын хэрэгцээ шаардлагад тохирох техник, технологийн зөвлөгөө өгөхөд илүүтэй хүлээн авч нэвтрүүлж чаддаг. Энэ бол эргээд байгууллагадаа үйл ажиллагаагаа хялбаршуулах, амжилттай байх үндэс болох юм шүү дээ.

ES: Эдийн засгийн ийм өгөөжөөс гадна найдвартай байдал юу юунаас илүү чухал гэж ойлголоо.

Тийм, манай компани найдвартай ажиллагааг 4-5 түвшинд ангилж, шийддэг. Эхнийх нь утсаар хандаж, зөвлөгөө мэдээлэл авч болно. Утсаар шийдэх боломжгүй бол газар дээр нь шууд очиж ажиллана. Үнэхээр хүнд асуудал байгаа бол вендоруудтайгаа холбогдож, засвар үйлчилгээ үзүүлдэг. Үүнийг жишээгээр тайлбарлавал, Canon Managed Service үйлчилгээг хэлж болж байна.

Хэвлэх төхөөрөмж хэрэглэгчээс ирсэн мэдээллийг хэвлэх л зорилготой ба бид төхөөрөмжийг найдвартай ажиллах тал дээр анхаарч, эвдрэхээс урьдчилан сэргийлэн, тогтмол үйлчилгээ үзүүлж, найдвартай ажиллагааны баталгааг олгодог. Ингэхдээ бид Canon брэндийн хувилах төхөөрөмжүүдийг алсаас хянана. (мэдээж хэрэглэгчийн юу хувилж байгааг хянахгүй) Асуудал гарвал инженер очно, том эвдрэл гарсан бол авч яваад засна, оронд нь түр хэрэглэх хувилах төхөөрөмж өгнө. Тэгээд манай Canon-ын мэргэшсэн инженер засвар үйлчилгээ үзүүлэх юм. Бүр ахисан түвшинд Canon HK төвтэй харьцаад засаад явуулдаг. Ингэхэд байгууллагын хэвлэх, хувилах ажиллагаа хэзээ ч зогсохгүйгээр үргэлжилж байх юм.

ES: Манай компаниуд ийм Outsourcing үйлчилгээ авах асуудалд ямар хандлагатай байдаг вэ? Нууц биш бол танай компани хэдэн байгууллагад IT outsourcing үйлчилгээ үзүүлж байна?

Дийлэнх байгууллагуудын хувьд ойлголт тийм ч хангалттай биш. Ихэнх байгууллагууд IT инженертэй, хүн бүр компьютерын талаар зохих мэдлэгтэй, өөрсдөө хийж болох тул илүү зардал гэж үздэг. Гэвч хэвлэгч хувилагчийн, серверийн, хяналтын камерны гэдэг ч юмуу тухайлсан үйлчилгээн дээр мэргэжлийн ур чадвар хангасан боловсон хүчинтэй эсэх, бодит зардлуудаа бүгдийг гаргаад тооцоход өөрсдөө хийх, outsourcing хийх хоёрын аль нь зардал багатай болон найдвартай байгааг тооцох хэрэгтэй.

МТийн ач холбогдлыг ойлгодог, амжилтыг нь хурдасгах нэг хүчин зүйл гэж хардаг байгууллагуудын хувьд IT outsourcing үйлчилгээг аль хэдийн мэдэрсэн, хүний нөөц хүрэхгүй байгаа тухайлсан шийдлүүд дээрээ IT outsourcing үйлчилгээг давхар ашиглаад эхэлсэн байна. Манай компанийн хувьд 70 орчим компанид энэ үйлчилгээг үзүүлж байна. Харилцагч байгууллагууд маань үнэ цэнийг нь маш сайн мэдэрч байна. Бусад компаниуд ч судалдаг, сонирхдог болж.

ES: Танай инженерүүдийн чадавхийн хувьд ямар байдаг вэ?

Инженерүүдийн хувьд салбартаа 5-12 жил ажилласан туршлагатай, гадаад болон дотооддоо байнга сургалтад сууж, олон жил ажилласан туршлагатай хүмүүс байгаа. Бэлтгэн нийлүүлэгчдийн сертификатуудтай, угсрахаас эхлээд найдвартай ажиллагааг бүрэн хангах мэргэжлийн хүмүүс ажиллаж байна. Тэд маш олон газартай харьцаж, янз бүрийн төсөл дээр ажиллаад сурчихсан байдаг.

ES: Одоо IT Outsourcing-ийн ямар үйлчилгээнүүдийг үзүүлж байна вэ?

Бүх төрлийн мэдээллийн технологийн тоног төхөөрөмжийн тасралтгүй, найдвартай ажиллагааг хариуцан салбар бүрийн, янз бүрийн түвшний байгууллагуудтай хамтран ажиллаж байна. Мөн Security ажил хийж байна. Ихэнх байгууллага нэг камер худалдаж аваад нэг хүндээ эсвэл харуулдаа даатгаад орхичихдог. Гэтэл яг хэрэгтэй үед өнөө камер нь унтарчихсан эсвэл тухайн цаг, минутын бичлэг нь байхгүй байх тохиолдол маш их байдаг.

Дэлхийн жишгээс харахад, нийт камерын 65 хувь нь бичлэг хийгдээгүйгээс гарсан хохирлыг шийдвэрлэх, барагдуулах боломжгүй болсон байдаг. Тэгвэл манай Mogul Vision клауд камерын үйлчилгээний хувьд тухайн камеруудыг нь өөрийн системтэй холбож, хянадаг. Энэ нь камерын хэвийн ажиллагааг зайнаас хянах ба ямар нэг гэмтэл, саатал гарсан бол хугацаа алдалгүй илрүүлэх, мэдээлэх, засах үйлчилгээ юм. Мэдээж байгууллагын нууц гэдэг утгаар бид бичлэгийг үзэх, ашиглахгүй. Энэ мэт бүхий л үйлчилгээнүүд маань харилцагчаа үндсэн бизнестээ анхаарлаа хандуулах бүрэн боломжийг олгож байгаа юм.

ES: Outsourcing үйлчилгээ нь бизнесийн аль түвшинд илүү тохиромжтой вэ?

Жижиг дунд, эсвэл зардлаа хэмнэх гэж байгаа Энтерпрайзууд ч судлаад үзэх л хэрэгтэй. Учир нь жижиг, дунд компаниуд зах зээлд өөрийгөө таниулахад технологи зайлшгүй чухал. Гэвч тэд технологийн үнэтэй, өндөр чадамжтай хүнийг ажиллуулж чадахгүй, шаардлага ч байхгүй байж болно. Энэ үед л IT outsourcing-ийг сонгож болно. Том Энтерпрайз бол үйл ажиллагааны зардлаа хэмнэх шаардлагатай болсон үед нуугдмал зардлаа тооцож үзээд энэ үйлчилгээг судлаад үзвэл зөв зам болохыг ойлгох байх.

ES: Ярилцсанд баярлалаа. Танд ажлын өндөр амжилт хүсье.