×

МЭДЭЭЛЭЛ ТЕХНОЛОГИЙН ТЭРГҮҮЛЭГЧ КОМПАНИ

Мэдээллийн технологиор дамжуулан амжилт бүрийг хурдасгах нь бидний эрхэм зорилт.

ВИДЕО ҮЗЭХ

Гүйцэтгэх захирлын мэндчилгээ

У.Наранбаатар Эрхэм хүндэт харилцагчид, хамтрагчид, найз нөхөд өө,
Та бүхэнтэйгээ цахим хуудсаараа мэндчилж байгаадаа баяртай байна.

Бид дижитал шилжилт хэмээх нэн сонирхолтой үйл явцын гэрч болж, азтай гэмээр цаг үед ажиллаж, амьдарч байна. Технологи, инноваци, нийгмийн үсрэнгүй хөгжил дэвшлийн үр дүнд хүмүүн төрөлхтөн бидний өдөр тутмын амьдралын хэв маяг болон бизнесийг удирдах уламжлалт арга барил үндсээрээ өөрчлөгдөж байгааг бид бүхэн харж байна. Дэлхий даяар болж буй олон нийтийн бүхий л арга хэмжээн дээр дижитал шилжилтийн эргэн тойрны асуудлуудыг гол сэдвээ болгон шагшин ярьцгааж, энэхүү хувьсал өөрчлөлтийн гадна хэн ч үлдэх боломжгүй болсон нь нэгэнт тодорхой болжээ. Манай гаригийн нэр хүндтэй эрдэмтэн судлаачид, футуристууд “Бид яг одоо хүний нийгмийн үсрэнгүй хөгжлийн эхэнд ирээд байна, бид ирээдүйд хүн үүссэн цагаас өнөөдрийг хүртэлх үе шиг ийм удаан хөгжлийн процессыг хэзээ ч дахин харахгүй” гэж дуу нэгтэй ярьцгаав.

Үүнийг бататгах гэсэн шиг 2033 он буюу 15-хан жилийн дараа технологийн тооцоолон бодох хүч чадал өнөөдрийнхөөс 1000 дахин нэмэгдэх тооцоо гарчээ, өөрөөр хэлбэл 5 жил тутамд 10 дахин нэмэгдээд явна гэсэн үг. Яагаад ийм их өгөгдөл боловсруулах хүчин чадал бидэнд хэрэгтэй болох вэ гэхээр 2025 он гэхэд бараг 80 тэрбум төхөөрөмж интернэтэд холбогдох учраас тэр бүхний минут, секунд тутамд үүсгэж, бий болгох датаг агшин зуур боловсруулах шаардлага үүсэх нь ээ. Хиймэл оюуны хэрэглээ бизнесийн салбарт, хүний амьдралд хурдтай нэвтэрч, бид бүхэн роботуудтай мөр зэрэгцэн ажиллаж, амьдрах мөч гадаа иржээ. Өнөө үеийн зарим сонирхолтой тоо баримтуудыг дурдвал хүн нэг зүйлд анхаарлаа төвлөрүүлэх дундаж хугацаа ердөө 8 секунд болж, дэлхийн ажиллах хүчний 80% нь заавал оффис дээрээ очилгүй хаанаас ч хамаагүй ажлаа хийх сонирхолтой болж, дэлхий дээр үүссэн бүх өгөгдлийн 90% нь сүүлийн хоёрхон жилд бий болж, энэ бүхний эцэст муу мэдээ нь 1 тэрбум гаруй хүний хувийн нууц мэдээлэл нийтэд ил болж задраад байна. Аливаа зүйл заавал давуу болон сул талтай байдаг хойно доо... Байгууллага бүр дижитал шилжилтийг эерэгээр хүлээн авч, шаардлагатай өөрчлөлт шинэчлэлтийг яаралтай авч хэрэгжүүлэх хэрэгтэйг дээр дурдсан билээ.

Үүний тулд нэн түрүүнд орчин цагийн харилцаа, хамтын ажиллагаа, аналитик хэрэгслүүд (communication, collaboration, analytic tools), ERP, смарт бизнес аппликэйшнуудыг үйл ажиллагаандаа өргөнөөр нэвтрүүлж, олон талт технологийн хэрэглээний таатай, найдвартай, аюулгүй орчин бүрдүүлснээр ажилтнууддаа хаанаас ч хамаагүй ажлаа тав тухтай хийх эрхийг олгож, бүтээмжтэй, стрессгүй, санаачилгатай, автономит, сэтгэл ханамжтай ажилладаг хамт олон бүрдүүлэх, харилцагчдын онцлог хэрэгцээ шаардлага, худалдан авах зан төлөвийг илүү нарийн сайн ойлгодог, мэддэг болох, дотоод процессуудаа тогтмол сайжруулах, бизнесийн бүхий л шийдвэрүүдийг туршлагадаа найдахаас илүү датанд суурилан гаргадаг болох гэх зэрэг олон шинэчлэлүүдийг хийх хэрэгтэй болно. Дэлхийн томоохон технологийн компаниуд, их дээд сургуулиуд болон шинээр гарч ирж буй старт-ап компаниуд дижитал шилжилтийн гол чиг хандлагуудыг тодорхойлж буй.

Нийгмийн бүхий л салбарыг хамарч буй энэ том шилжилтийн үед мэдээллийн технологийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй дэлхийн бүх компаниуд нийгмийн боловсрол, хөгжилд онцгой үүрэг, нөлөөтэй манлайлан оролцож байна. “Таны Амжилтын Хурдасгуур” байх эрхэм зорилгын дор нэгдсэн “Ай Ти Зон”-чууд бид та бүхний өөрийн байгууллагадаа дижитал шилжилт хийх урт хугацааны амаргүй бөгөөд сонирхолтой аялалд тань найдвартай, итгэлтэй, хариуцлагатай түнш нь байхыг хичээн ажиллахаа амлаж байна. Энэ дашрамд бидэнд үргэлж итгэл хүлээлгэж, дэмжиж, урам зориг өгч, хамтдаа хөгжин дэвшиж ирсэн та бүхэндээ чин сэтгэлийн халуун талархлаа илэрхийлье! Та бүхний амжилтаар бидний амжилт хэмжигдэх болно. Сайн үйлс дэлгэрэх болтугай!



Гүнээ хүндэтгэсэн, У. Наранбаатар
Гүйцэтгэх захирал