Кибер аюулгүй байдлын “Security Transformation Forum” амжилттай зохион байгуулагдлаа

May 24. 2023

Клауд үйлчилгээ, төрөл бүрийн аппликэйшн олноороо бий болж, дижитал хэрэглээ өсөн нэмэгдэж байгаатай холбогдуулан хувь хүн болон байгууллагын кибер аюулгүй байдал нь нэн түрүүнд анхаарах шаардлагатай сэдэв болж байна. Үүнтэй холбогдуулан Ай Ти Зон компаниас 2023 оны 05-р сарын 17-нд “Security Transformation Forum”-ыг хэрэглэгч, харилцагч нартаа зориулан 4 дэх жилдээ амжилттай зохион байгууллаа.

Кибер аюулгүй байдал бол нэг удаа арга хэмжээ аваад шийдэгддэг зүйл биш, харин хэзээд бэлтгэлтэй, анхааралтай байхыг шаарддаг тасралтгүй үргэлжлэх аялал байдаг. Тиймээс ч “Expect the Unexpected” уриан дор зохион байгуулсан энэ удаагийн Security Transformation Forum-д сүүлийн үед хамгийн их халдлагад өртөж байгаа, өндөр эрсдэлтэй талбарууд болох клауд, аппликэйшн болон дата хамгаалалтын чиг хандлага, шинэ технологи, дэвшилтэт шийдлүүдийг онцлон танилцуулсан юм.

Монголын томоохон байгууллагуудын кибер аюулгүй байдал хариуцсан нийт 150 гаруй мэргэжилтэн, удирдлагууд оролцсон энэхүү арга хэмжээнд дэлхийн технологийн тэргүүлэгчид болох Fortinet, LogRhythm, Veracode, Riverbed, Trend Micro, Thales болон Cisco компанийн төлөөлөл биечлэн оролцож, олон улсын туршлага, шилдэг шийдлүүдээ танилцууллаа.

Түүнчлэн хиймэл оюун ухааныг кибер аюулгүй байдлын чиглэлд хэрхэн давуу тал болгон ашиглах талаар гаднын зочдын дунд хэлэлцүүлэг өрнүүлсэн бол Монголын банк санхүү, харилцаа холбоо, төрийн болон боловсролын байгууллагын төлөөллүүдтэй Монгол Улс дахь кибер аюулгүй байдлын туршлага, шинээр нэвтрүүлж буй технологи, үйл ажиллагааны талаар ярилцлаа. Тус хэлэлцүүлгийн үеэр энэ салбарт чадварлаг боловсон хүчин бэлтгэх эрэлт хэрэгцээ их байгаа, үүнд боловсролын салбараас анхаарч ажиллах шаардлагатай байгаа талаар мөн асуудал дэвшүүлэн хэлэлцсэн юм.

Ай Ти Зон компани нь сүүлийн 10 жилийн турш кибер аюулгүй байдлын чиглэлд анхааран ажиллаж байгаа ба өнөөдөр Fortinet, LogRhythm, Veracode, Riverbed, Trend Micro, Thales болон Cisco зэрэг дэлхийд тэргүүлэгч 20 гаран технологийн байгууллагуудтай албан ёсоор хамтран ажиллаж байна. Түүнчлэн 2018 оноос эхлэн түнш байгууллагуудтайгаа хамтран Security Transformation Forum-ыг жил бүр (цар тахлын улмаас 2 жил өнжсөн) уламжлал болгон амжилттай зохион байгуулж ирсэн.

Энэхүү форумтай уялдуулан Ай Ти Зон компани нь кибер аюулгүй байдлын технологийн шинэ мэдээ, мэдээлэл бүхий “Enterprise Solutions” сэтгүүлийн цоо шинэхэн дугаараа гаргаад байна. Сэтгүүлийн шинэхэн дугаарт клауд болон аппликэйшны аюулгүй байдлын технологиудаас гадна кибер аюулгүй байдлын “Defense in Depth” стратегийг онцлон танилцуулсан юм.

Сэтгүүлийн цоо шинэ дугаарыг байгууллагадаа үнэгүй хүргүүлэн авахыг хүсвэл дараах холбоосоор хүсэлтээ ирүүлнэ үү. https://itzone.mn/page/esm-2023-order 

 

ITZONE - Кибер аюулгүй байдлын “Security Transformation Forum” амжилттай зохион байгуулагдлаа