Гадны томоохон компаниудын дотоод сүлжээнд өдөрт хэдэн зуун халдлага ирдэг гэнэ хэмээн сониучхан ярьдаг байсан сүлжээний халдлага өнөөдөр бидний хувьд бодит аюул болжээ. Монголын дундаж нэг компанийн системд өдөрт 70-80 цахим халдлага гадна болон дотоодоос ирдэг нь энгийн үзэгдэл болсон байна. Энэ тоо жилд 20%-иар өсч, халдлагаас үүдэн гарсан хохирлыг арилгах зардал 30 хувиар өссөн гэх албан бус судалгаа ч бас байдаг.

Мэдээллийн аюулгүй байдал, сүлжээ дэд бүтцийн тасралтгүй найдвартай ажиллагаа нь байгууллага бүрийн амин чухал асуудал болсон энэ үед Ай Ти Зон компани нь сүлжээний хамгаалалтын шийдэл нийлүүлэгч дэлхийн ТОП 3 компанийн нэг Фортинэт (Fortinet) компанийн “Мөнгөн түнш”-ээр сонгогдож, түншлэлийн гэрээнд гарын үсэг зурлаа.

Fortinet албан ёсны түнш Ай Ти Зон

Энэхүү гэрээний хүрээнд Фортинэт компанийн мэргэшсэн сертификат бүхий Монгол инженерийн баг сүлжээний хамгаалалт, аюулгүй байдлын зөвлөх үйлчилгээ үзүүлэх, хамгаалалтын шийдэл боловсруулах, тоног төхөөрөмжийг нийлүүлэх, суурилуулах, албан ёсны лиценз, түүний өргөтгөлийг гүйцэтгэх, техник туслалцаагаар найдвартай хангах зэрэг Fortinet компанийн бүх төрлийн мэргэшсэн үйлчилгээг Монголдоо албан ёсны эрхтэйгээр үзүүлэн ажиллах юм.

Fortinet албан ёсны түнш Ай Ти Зон мэдээллийн технологийн компани

Энэхүү хамтын ажиллагааны тухай Fortinet компанийн бүсийн менежер хатагтай Черри Фүн ярихдаа “Бид Ай Ти Зон компанитай хамтын ажиллагаагаа эхлүүлсэндээ маш баяртай байна. Fortinet-ийн хамгаалалтын технологи, шийдлийг хэрэглэгчдэд найдвартай хүргэхэд түншлэгч компаниас өндөр хэмжээний мэргэшсэн чадавхаас гадна урт хугацаанд тогтвортой хамтран ажиллах бусад нөөц, туршлага маш чухал байдаг. Бид Монголын мэдээллийн технологийн компаниудын дунд судалгаа хийж, инженерүүдийн чадавх, менежмент, боловсон хүчин, хэрэглэж байгаа технологиуд болон хэрэгжүүлсэн төслүүдийг харгалзан Ай Ти Зон компанитай хамтран ажиллахаар болсон юм” гэлээ.

Ай Ти Зон компанийн дэд захирал Б.Цээсүрэн хэлэхдээ:

 “Бид Fotinet компанитай 2014 оноос эхлэн хамтран ажилласан. Одоо бид харилцаагаа Мөнгөн түншлэгчийн шатанд гаргалаа. Энэ компанийн сүлжээний аюулгүй байдлын технологиуд нь өөрөө маш нарийн технологитой, өндөр чанартай байдаг бөгөөд дэлхийн шилдэг брэнд юм.

Бид өөрсдийн хүмүүсээ илүү чадавхжуулан мэргэшүүлж, системийг нэвтрүүлэх, найдвартай ажиллагааг ханган ажиллах болно. Хамгийн гол нь бидний нэвтрүүлсэн систем, суурилуулсан тоног төхөөрөмж маань илүү найдвартай ажиллах болно” хэмээн ярилаа.

Fortinet компани нь анх 2000 онд байгуулагдсан бөгөөд өнөөдөр дэлхий даяар 240 гаруй мянган хэрэглэгчиддээ өөрийн 2 сая ширхэг сүлжээний аюулгүй байдлын тоног төхөөрөмжийг нийлүүлсэн бөгөөд 2014 онд мэдээллийн технологийн судалгаа, шинжилгээний IDC байгууллагаас тус компанийг сүлжээний хамгаалалтын технологи нийлүүлэгч шилдэг 3 компанийн нэг хэмээн шалгаруулсан байна.

Ай Ти Зон компани нь мэдээллийн технологийн үйлчилгээ, програм хангамж, систем интеграцчлал, компьютер бизнес тоног төхөөрөмжийн худалдаа гэсэн бизнесийн үндсэн 4 чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг, Монголын мэдээллийн технологийн зах зээлд 20 орчим жил тасралтгүй ажиллаж буй тэргүүлэгч компани бөгөөд Мэдээллийн технологийн үйлчилгээний чиглэлээр Oracle, HP, Cisco, Dell, Microsoft зэрэг 10 гаруй шилдэг вендор компаниудын мэргэшсэн үйлчилгээг Монголд албан ёсоор үзүүлэн ажиллаж байна.