Бизнесийн хөгжил хааш чиглэнэ вэ?

November 17, 2022

Орчин цагийн нийгмийн хөгжлийг бид 1900-д оноос тооцоод явах нь элбэг. Тэр дундаа орчин цагийн бизнес ойлголтууд энэ үеэс л эхэлжээ. Энэхүү өнгөрсөн 120 орчим жилийн хугацаанд бизнесийн салбарыг бүхэлд нь харвал тодорхой 4 хөгжлийн үе шатыг даван туулсныг Зураг 1 - Бизнесийн хөгжлийн явцаас бид харж болно. Өнөө үе бол 4 дэх эрин үе буюу “Хэрэглэгчийн эрин үе”. Энэ үед хэн хэрэглэгчээ илүү сайн ойлгож, хэрэглэгч нэг бүртээ тохирсон хамгийн сайн мэдрэмжийг өгч чадна тэр л бизнес бусдаас илүү байна. Өөрөөр хэлбэл “Хэрэглэгч төвтэй”,  хэрэглэгчтэй холбоотой аливаа “үйл явцыг”, чухал эгзэгтэй мөч бүрийг цаг алдалгүй мэдэрч чадах тэр л бизнес амжилттай явна. 

Хэрэглэгч төвтэй динамик бизнесийг бий болгох нь

Хотын төвд автомашины осол гарах үед, хэн нэгэн гэрч нь холбогдох байгууллагад мэдэгдэхийн оронд нийслэлийн түргэний үйлчилгээний төвд тухайн автомашины програм хангамж нь өөрөө мэдэгдэн, улмаар жолооч зорчигчдыг ойролцоох эмнэлгийн яаралтай тусламжийн өрөө рүү хүргүүлэн, давхар даатгалын үйлчилгээ үзүүлэгч, автомашины засвар үйлчилгээний газар болон бусад холбогдох хүмүүст мэдэгдэж, арга хэмжээ авна.

Энэхүү жишээ нь “event-driven” буюу “үйл явдалд суурилсан” мэдээллийн технологи бүхий дижитал бизнесийн үйл ажиллагааг тод харуулж байна. Дижитал бизнесийн “үйл явдалд” тулгуурласан "төв мэдрэлийн систем" нь бизнест илүү хурдан, ухаалаг хариу үйлдэл үзүүлэх стратегийн давуу талыг өгдөг. Энэ жишээнээс харахад ухаалаг систем бүхий хот нь зам тээврийн ослоос эхлээд дэд бүтцийн доголдол, терроризмын аюул, онцгой байдлын зэрэг олон төрлийн чухал эгзэгтэй мөчүүдийг хурдан мэдэрч, бодит цаг хугацаанд ухаалаг хариу үйлдэл үзүүлэх чадвартай байх ба үүний үр дүнд иргэддээ аюулгүй, илүү тустай орчныг бүрдүүлж чадах юм.

"Дижитал бизнесийн гол ялгаа нь “үйл явдалд” суурилсан байдаг. Энэ нь үргэлж мэдрэмжтэй, үргэлж бэлэн, үргэлж суралцдаг" гэсэн үг хэмээн Гартнерын дэд ерөнхийлөгч, нэр хүндтэй шинжээч  Ефим Натис дурдсан байна. Тэрээр үргэлжлүүлэн "Тийм учраас дижитал шилжилтийг удирдан чиглүүлж буй техно­­логийн удирдагчид "үйл явдалд" суу­рил­сан сэтгэлгээгээр технологийн ший­дэл архитектур, зохион байгуулалт, байгуул­лагынхаа соёлын үндэс суурийг бий болгох ёстой." хэмээжээ.

Ямар системтэй байна, тийм л бизнестэй байна

Систем нь хуучин, өөрчлөлт хийхэд хүнд, нүсэр бол бизнес мөн л адил хүнд нүсэр, дасан зохицох чадваргүй болно. Хэчнээн хүссэн ч системдээ захирагдана аа гэсэн үг. Байгууллагууд байнга хурдтай өөрчлөгдөж буй бизнесийн орчин, үйлчлүүлэгчдийн эрэлт хэрэгцээ, урьдчилан таамаглах боломжгүй гаднын үйл явдлуудад хурдан хариу үйлдэл үзүүлэхэд урьд өмнөхөөсөө илүү бэлэн байх шаардлагатай байна. Энэ орчинд бодит цагийн өгөгдөл хуваалцах нь зайлшгүй чухал чадвар юм. Эдгээр нь Зураг 2-д дүрсэлсэн шиг Event-driven microservices програм хангамжийн архитектурыг Дижитал бизнесийнхээ цөм болгон Дижитал шилжилт хийж байгаагийн үндсэн шалтгаан юм.   

Системийн функцүүд нь нягт уялдаатай салшгүй нэг цул байдлаар хийгддэг уламжлалт архитектураас ялгаатай нь event-driven microservice буюу үйл явдалд тулгуурласан микросервис архитектур нь нэг цул биш харин бие даасан олон сервис хэлбэрээр хөгжүүлэгдэх ба хэрэглэгчийг тойрсон олон ​​үйл явц, мөчийг мэдрэх боломжтой байхаар хөгжүүлэгддэг нь тухайн бизнест чухал мөчүүдийг хурдтай мэдрэн, автоматаар хариу үйлдэл үзүүлэх боломжийг олгодог. Энэхүү архитектур нь олон давуу талуудтай. Тухайлбал өргөтгөхөд хялбар,  системийн аль нэг үйлчилгээ доголдсон тохиолдолд бусад үндсэн хэсэг нь ажилласаар байх болно. Мөн сервис нэг бүрийг шинэчлэхэд системийг бүхэлд нь харах шаардлагагүй. Сервис бүрийг хөгжүүлэхдээ тухайн сервисийн онцлогт тохирсон технологийг сонгох боломжтой гэх мэт.

Шинэ сэтгэлгээ, соёлын өөрчлөлтөд бэлтгэ

Хэдийгээр үйл явдалд тулгуурласан архи­тектур нь дижитал бизнесийн чухал элемент боловч үүнийгээ бүрэн чадварлаг ашиг­лан Динамик дижитал бизнестэй болох нь зөвхөн тодорхой технологийг хэрэгжүүлэх замаар хүрэх асуудал биш ээ.

Энэ нь бас шинэ сэтгэлгээ, соёлын өөрчлөлтийг шаарддаг. Юуны өмнө уламжлалт “процесст” суурилсан үйл ажиллагааны хэлбэрээс үйл явдлын урсгалыг тасралтгүй мэдрэх, үнэлэх, хариу үйлдэл үзүүлэх чиглэл рүү үйл ажиллагаагаа өөрчлөн шилжихийг шаарддаг. Энэ нь тухайн байгууллага "event-thinking culture” буюу “үйл явдлын сэтгэлгээний соёл”-г суулгах хэрэгтэй гэсэн үг.

Үйл явдлын сэтгэлгээтэй байгууллагад мэдээллийн технологийн дэд бүтэц нь хүний ​​мэдрэлийн системтэй адил үүрэг гүйцэтгэдэг. Өөрөөр хэлбэл үргэлж мэдэрч, үргэлж сэтгэж, үргэлж суралцдаг, үргэлж бэлэн байдаг динамик бизнесийг төсөөлдөг.

Б.Цээсүрэн

PDEng Инженерийн доктор.Төр, банк санхүү болон бусад салбар дахь дижитал технологи, core дэд бүтэц шинэчлэлтийн томоохон төслүүдийг ахлан удирддаг. Ай Ти Зон компанийн Тэргүүн дэд захирал, туршлагатай удирдагч.