Чанар

January 13, 2021

Хүүхэд байхад Чанар-Манай зорилт гэсэн том лоозон хаа нэгтээ таардаг байв. Соц үед харьцангуй цөөн нэр төрлийн үйлдвэрлэл эрхэлдэг манай улсын хувьд гарц болгоныг чанартай байхад анхаардаг байсан нь дамжиггүй, тэгээд ч хяналт шалгалт нь шинэчлэлээсээ илүү ач холбогдолтой байсан биз.

Чөлөөт зах зээлийн нийгэмд шилжсэнээс хойш чанар гэдэг ойлголт маань бага зэрэг төвөгтэй болж эхлэв. Сонголт ихсэхийн хирээр харьцангуй чанарын тухай ойлголт бий болов. Тухайлбал маркетингийн шинжлэх ухаан хөгжсөнөөр зүгээр л баглаа боодол дээрээ манайх хамгийн чанартай гээд бичих бөгөөд магадгүй үүнээс болоод хэсэг хугацаанд борлуулалтаа чамгүй өсгөөд авна. Чанаргүй нь зах зээлд нотлогдвол бүтээгдэхүүнээ арай өөрчлөөд, өөр баглаа боодолтойгоор дутахгүй чамин болгоод гаргачихна. Чанарыг хуулбарлах арилжааны шинж чанартай үй олон арга хэрэгсэл гарснаар чанарын тухай ойлголт бүрхэг болж эхлэв. Жинхэнэ чанарыг ялгахад бэрх болсон ба олоход хугацаа ордог болов.

Гэхдээ энэ болгон нь түр зуурын хөгжлийн тодорхой үе шат дахь үзэгдэл болов уу гэж харж байна. Чанарыг зөвхөн хэрэглээний түвшинд заавал өөрийн бие, хүрэлцээгээр мэдрэхээс гадна мэдээллийн эрин зууны ачаар мэдлэг, мэдээллээр ойлгодог болов, гэхдээ л мэдээж нийтийг хамрах түвшинд хугацаа хэрэгтэй.

Үүний нэг жишээ нь олон улсын франчайзингууд. Тэд яагаад амжилттай байгаа талаар ухаж үзвэл чанар яригдах ба жаахан цаашилбал стандарт, тогтолцооны асуудал гарч ирнэ. Бид одоо юу чанартай, юу чанаргүй талаарх ойлголтоо улам батжуулсаар л.

Яг энэ цаг үед Обсерв консалтинг компанийн үүсгэн байгуулагч, зөвлөх Д.Отгонбатын бүтээсэн Чанар-н Философи ном нь бизнес эрхлэгч, судлаачид, чанарыг бүтээгчид болон чанарыг хүртэгч хэрэглэгчдэд туйлын ач холбогдолтой болжээ.

“Хэн ч хянаж, цагдаагүй байхад ажлаа зөвөөр хийхийг чанар гэнэ” хэмээх алдарт Хенри Форд хэлсэн эшлэлийг энд онцолж байна. Чанарын мөн чанар нь тухайн бүтээгдэхүүндээ биш харин хүн, бүр цаашилбал хүний сэтгэл зүрх, хичээл зүтгэлд оршдог ажээ.

Орчин цагт чанар гэдгийг брэнд гэж шууд ойлгодог болсон нь их. Энэхүү брэнд гэдэг нь магадгүй тухайн бүтээгдэхүүний чанарын ойлголт дахь (ихэвчлэн 8 шаардлага) хэв шинжүүдээс бүрдсэн илүү өргөн хүрээний ойлголт ч байж мэдэх юм. Гэхдээ энд нэг сул тал бий, тэр нь үнэ. Брэндүүд ихэвчлэн дунджаас өндөр үнэлгээтэй байдаг. Гэтэл чанарын ойлголт нь үнэ болон шаардлагуудын зохист нийцлийг олоход чиглэгддэг тухай номд бичигджээ. Тиймээс бид брэндийг чанар гээд шууд ойлгоход өрөөсгөл болох, магадгүй уг брэнд бүтээгдэхүүн чанарын 8 шаардлагын ихэнхийг хангасан ч захиалагчийн (жишээлбэл зөвхөн захиалгаар үйлдвэрлэл хийдэг үйлдвэрлэгчийн хувьд захиалагчаас шаардагддаг үнийн тааз түвшин) үнийн шаардлагыг хангахгүй байвал чанарын асуудал болж магадгүй гэсэн үг. Угтаа аливаа үйлдвэрлэгч, үйлчилгээ үзүүлэгч бүр чанарыг бүтээх шаардлагатай ба гагцхүү түүний зүй зохистой хэмжээг сахих нь чухал гэдэг гаргалгаа эндээс гарна.  Үүний тулд чанарыг бий болгох олон арга хэрэгсэл, стандарт, зарчим, хандлагууд бий болсныг тус номоос уншиж болно.

Бид аливаа бараа бүтээгдэхүүн худалдаж авахдаа эхлээд үнийг л голчлон хардаг. Тэгвэл зоосны нөгөө тал болох гол шалгуур чанар хэмээх ойлголтыг энэхүү номоос авна гэж найдаж байна.

Технологийн салбарын хүний хувьд чанарыг инновац болон үнэ цэнтэй холбон ойлгохыг хүсдэг. Тухайлбал чанар дахь инновацын хувь оролцоо улам өндөр болж байгаа болов уу? Орчин цагт чанарыг бүтээхэд технологигүйгээр төсөөлөхөд бэрх.

Миний өөрийн ойлгосноор чанарыг дараах 3 асуудлаар тодорхойлсон:

  1. Чанар бол органик мөн чанартай өөрөө ухамсарлан үйлдэхүйн үр дүн
  2. Стандарт, дүрэм журам
  3. Хэм хэмжээ, үнэ цэн (дан үнэ биш)

Тиймээс аливаа үйл хэрэг бүтээх, үйлдэхдээ хүн ямагт чанарыг эрхэмлэдэг байх нь чухал юм. Энэ нь зөв байх тухай энгийн ойлголтоос эхлэх ба эргээд эдийн засаг болон эрүүл аж төрөхүйн, мөн нийгмийн зохист харилцааны үндсэн хөшүүрэг болон оршин тогтнож байдаг ажээ.

Хүн чухамдаа чанартай л амьдрах нь энэ амьдралын утга учир ч байж магад юм.

 

Н.Баттулга

2020/01/13

Н.Баттулга

Ай Ти Зон компанид Засварын инженерээр анх ажилд орсон бол өдгөө тус компанид 20 дахь жилдээ ажиллаж, ТУЗ-ын даргын алба хашиж буй туршлагатай удирдагч.