Амьдрал бол аялал

November 26, 2020

Аялал олон янз. Бизнесийн, үүргэвчтэй, хосуудын, аз сорьсон, адал явдалт, найзуудын гээд л... Аялал бүр өөрийн бяцхан түүхийг бүтээж байхаас гадна амьдралын туршлага, мэдлэг, мэдрэмжийг өгч байдаг. Аялалд явагсад аяллын туршид улам дотносож, хаа ч байхгүйгээр нэгнээ ойлгож, аливаа саад бэрхшээл, сорилтыг хамтдаа даван туулж алдсан, оносон ч эцэст нь үргэлж хожсон байдаг. Тэд жинхэнэ баг болж чаддаг.

Ай Ти Зон компанийн хувьд аялал маш чухал. Бид бизнесийн ертөнцөд урт холын аяллыг хамтдаа хийж байна. Үүний хажуугаар жил бүр энгүй баян эх орон, элдэв сонин газар орноор аялж юм үзэж, нүд тайлангаа эх байгаль, эгэлгүй түмэн зүйлсийн тухай мэдлэгээ нэмж байдаг.

Эхнээс нь аваад дуустал хамтдаа байсан багийн гишүүд ахан дүүс мэт дотносож, амьдралын аливаа саад бэрхшээлийг хамтдаа туулах итгэл, үнэмшлийг олж авдаг. Хүн ид ажиллах залуу насаа ажил, мөнгө, ахуй гэсээр хэт үрэлгэн өнгөрөөвөл хожим харамсах биз. Ид ажиллах 25-55 насандаа жил бүр нэгэн зорилготой аялал хийвэл 30-хан аялал ноогдож байна. Гэтэл эх орон, эх дэлхий юутай баян, өргөн уудам билээ. Мянга сонсохоор нэг үз гэдэг, та жилдээ зорилго тавин зайлшгүй нэгэн аялал хийж өөрийн амьдрал хэмээх нэгэн аяллаа улам бүр баяжуулж байгаарай!

Ай Ти Зон компани маань харин дижитал шилжилт хийх аялалд тань хөтөч нь болохоор бэлэн болж, аяллуудаа хэдийнээ эхэлжээ. Таны дижитал шилжилт хийх аялал тань өлзийтэй байг ээ!

Урианхан овогт Норолхоожавын Баттулга

2020 оны 11 сарын 26

Монгол улс. Улаанбаатар хот.

Н.Баттулга

Ай Ти Зон компанид Засварын инженерээр анх ажилд орсон бол өдгөө тус компанид 20 дахь жилдээ ажиллаж, ТУЗ-ын даргын алба хашиж буй туршлагатай удирдагч.