Стив Жобс кино үзээд төрсөн сэтгэгдлээс. . . . .

November 16, 2016

Аливаа хүмүүн энэ хорвоод ямар нэгэн учир холбогдол, дуудлагаар ирдэг хэмээн үзэх хүмүүс бий. Ертөнцийн мөн чанарыг нэгэнт гүйцэд мэдэж ойлгоогүй хүн төрөлхтний хувьд үгүйсгэхийн аргагүй шалтгаан мэт. Гагцхүү энэ л шалтгаанаар ирсэн шиг өөрийн болон эх дэлхийн нэгээхэн түүхийг бичилцсэн эрхэм хүний тухай хийсэн уран сайхны киног шимтэн үзэж нэгийг тунгаасныгаа та бүхэнтэйгээ хуваалцахаар бичиглэв.

Намтар номынх нь зах зухаас уншсантай харьцуулахад кинонд гол дүрийн баатрын зан характер, амьдрал тэмцэл, бэрхшээл сорилтуудыг хэрхэн даван туулж буйг хураангуйлан товчлон харуулахыг зорьсон болов уу гэмээр. Үйл явдал, цаг хугацааны холбоосуудыг чадварлаг харуулах бөгөөд үр дүнтэй манлайлагчийн цуцашгүй хөдөлмөр, хүсэл тэмүүллийг тод томруун харуулжээ.

Өнгөцхөн харахад хэт нэг талыг баримтлагч, бусдыг үгүйсгэгч, гөжүүд зөрүүд зан араншинтай мэт боловч эцсийн хүрч буй үр дүн нь энэ бүх асуудлуудыг цагаатгадаг нь шилдэг манлайлагчдын нийтлэг дүр төрхийг харуулна.

Мөн хүйтэн хөндий сэтгэл, хэт харамч хүний дүрийг маш сайн эсгэдэг нь Стив Жобсийн төрөлхийн зан араншин мэт, үүнийгээ ч бизнесийн олон харилцаан дээрээ гаргаж ашигладаг байсан. Стив Жобсийн хэлсэн үг хийсэн үйлдэл нь харилцагч хүмүүст зарим тохиолдолд шууд ойлгогдохоор байдаггүй нь хачирхалтай байдаг. Гэвч найзынхаа хэлсэн зөвлөгөө, охиныхоо хэлсэн үгэнд хэрхэн уяран уусаж тэрхүү мөс шиг хүйтэн сэтгэлийг хормын зуур гэрэлтэх наран болгон хувиргаж байгааг харж болно. Агуу хүсэл тэмүүлэл хүнийг хэрхэн ганцаардуулдгийг манлайлагчдын олон жишээн дээрээс бид мэддэг, тэр л амьдралын хатуу хувь заяаг кинонд ямар ч тавилгагүй гэрт ганцаар суун ажиллах, олон жилийн гэр бүлийн тогтворгүй байдал зэргээр илэрхийлэгдэж байдаг. Мань эрийн амьд сэрүүнд хамтрагсад болон харилцагчдын зүгээс нааштай, магтаалын үг барагтаа сонсогддоггүй байсан бөгөөд гагцхүү эдгээр үгсийг зөвхөн хэрэглэгчдийн зүгээс олж аван сэтгэл ханамжийг дээдийн зэргээр эдэлдэг байжээ. Мэдээж аливаа хүн алдаагүй, өөгүй цэвэр гэж байдаггүйтэй адил Стивийн хувьд ч олон дутагдал байж.

Түүний бусадтай харилцах харилцаа нь айдас түгшүүр, эгдүүцлийг авчирдаг бол түүний сэтгэсэн санаа, бүтээл нь дэлхийг өөрчлөх нөлөөтэй байсан.Нэгэнт манай ардын хэлсэн “Их хүнийг иргэн хүн шүүдэггүй” гэдэг шиг энэ эрхмийн алдаа оноо, ололт амжилт нь тэрүүгээрээ л үлдэх буй за. Дээр дурдсанчлан киногоор гол дүрийн    “баатар”-ын сэтгэлгээний онцлогийг гаргахыг зорьсон болов уу гэж үзсэн бөгөөд дараах зан чанаруудыг онцолж байна. Үүнд:

  • Passion буюу хүсэл тэмүүлэл | Дэлхийг өөрчлөх агуу хүсэл
  • Trust буюу итгэлцэл | Олон жил хамтран ажиллаж буй бүсгүйн итгэлт байдал, баг хамт олондоо итгэсэн итгэл
  • Integrity буюу шулуун шударга байдал | Өөрийн үзэл бодлыг шулуун шударга илэрхийлдэг, мөн хамгаалдаг. Ж: эцэгтэйгээ уулзсан хэсэг
  • Enthusiasm буюу тууштай, зоригтой байдал | Эрсдэлүүд тавьж буй байдал, хөрөнгө оруулагч шийдвэр гаргагч нартай мэтгэлцэж буй байдал
  • Energetic буюу эрч хүч | Бусдыг хэрхэн өөртөө татаж, шаргуу ажиллаж буй байдал, илтгэл тавьж танилцуулга хийж буй байдал

Мэдээж манлайлагчдын бусад давуу талууд уг киноны гол дүрд маань харьцангуй бага илэрхийлэгдсэн ч дээрх шинж чанарууд нь өөртөө тавьсан зорилтод нь хүрэхэд үндсэн хөшүүрэг нь болсон гэж дүгнэж байна.

Хэдий хатуу ширүүн, ээдрээтэй амьдралын замыг туулсан ч гэлээ хүн тавьсан зорилгодоо тууштай байж түүнийхээ төлөө бүхий л хүчээ дайчлан ажиллахад эцэстээ ямар сайхан үр дүнд хүрч болохыг киноны төгсгөлд та харна. Тавьсан зорилгодоо хүрсэн хүн амьдралын мөн чанарыг гүн гүнзгий ухааран ямар сайхан нигүүлсэл, ухаарлыг авчирдгийг охиндоо зориулан эцэг хүний төгсгөлийн үг харуулах бөгөөд Стив Жобс хэмээх хүний аугаа үйл хэрэг ийнхүү оршвой!

Урианхан овогт Норолхоожавын Баттулга.

2016.11.15

Монгол Улс Улаанбаатар хот

Н.Баттулга

Ай Ти Зон компанид Засварын инженерээр анх ажилд орсон ба тус компанид 24 дэх жилдээ ажиллаж, өдгөө ТУЗ-ийн даргын алба хашиж буй туршлагатай удирдагч.