COVID-19 танай байгууллагын Дижитал руу Шилжих шалтгаан болж байна уу?

April 09, 2020

Энэ зургийг магадгүй та маш олон удаа харсан байх. Дэлхийн олон байгууллагуудын хувьд нөхцөл байдалтай холбоотой “Дижитал Шилжилт” яаралтай хийх шаардлагатай болсон. Учир нь нөхцөл байдалтай холбоотой Дэлхий нийт ажиллах, амьдрах хэв маягаа яаралтай өөрчлөх сорилттой тулгарсан.

Форбес сэтгүүлийн нийтлэлч, Wrike компанийн Гүйцэтгэх захирал Аndrew Filev “Дижитал шилжилтийн нөхцөл байдал COVID-19-ийн өмнө ба дараа” нийтлэлдээ дараах 4 талбар асар хурдацтай тэлж байгаа талаар дурдав. Үүнд:

1. Telecommuting буюу гэрээсээ/зайнаас ажиллах – Хөл хорио, хязгаарлалттай холбоотой Дэлхий дахинд гэрээсээ ажиллах, хуралдах боломжийг олгох шийдэл, технологиудын эрэлт өндөр байгаа бөгөөд тус шийдлийг нийлүүлэгч компаниуд ч хэрэглэгчдэд ҮНЭГҮЙ ашиглах боломжийг олгож байна. Дижитал шилжилт нь бидэнд уян хатан, ямар ч нөхцөл байдалд, хаанаас ч ажлаа тасалдахгүй явуулах боломжийг олгодог гэдгийг ойлгуулж байна. Нөгөө талаараа бидэнд гэр бүлтэйгээ илүү их цагийг хамт өнгөрүүлэх боломжийг ч олгож байна.

2. On-demand service эрэлтэд суурилсан үйлчилгээ – Хөл хорио тогтоосноор маш олон хоолны газар, дэлгүүр, ресторанууд хаалгаа барих дээрээ тулж байгаа бөгөөд онлайн шийдэл/платформ ашигладаг, хүргэлтийн үйлчилгээг хэвшүүлчихсэн газруудын хувьд бизнесээ улам цэцэглүүлж, хэрэглэгчидтэйгээ улам ойртох боломжийг олгож байна. Түүнчлэн үзвэр, үйлчилгээний газруудын хувьд ажиллах боломжгүй болсон нь телевиз, контент түрээсийн үйлчилгээ явуулдаг газруудад ихээхэн давуу талыг авч ирж байна.  Энэ нь байгууллагуудын хувьд урсгал зардлуудыг ч бууруулах боломжийг олгодог нь давуу талыг олгож байна. Хэрвээ та on-demand үйлчилгээг нэн даруй нэвтрүүлэхгүй бол хаалгаа барих асуудалтай нүүр тулгарах нь ээ.

3. Virtual Event буюу видео, live үйл ажиллагаа – Нэгэнт олон хүн цуглах бүх үйл ажиллагаанууд хориотой (Зуны Олимпын наадам хүртэл цуцлагдсаныг та бид мэдэж байгаа байх) болсон энэ үед онлайн платформ ашиглан ямарваа нэг үйл ажиллагаанууд хийх нь үр дүнтэй арга болж байна. МУ-д ч сургуулиуд, сургалтын төв болон зарим үйл ажиллагаа зохион байгуулдаг газрууд онлайн сургалт, үйл ажиллагаануудыг зохион байгуулж байна. Онлайн платформыг тусламжтай та үзэгч, оролцогчдынхоо царайг харж чадахгүй ч тоог нь мэдэх, олон хүний оролцоогүйгээр өртөг бага өргөн хүрээтэй танилцуулга, үйл ажиллагаа хийх боломжтой.

4. Cloud үйлчилгээнүүд – Гэрээсээ ажиллах нөхцөлийг клауд үйлчилгээ бидэнд олгоно. Учир нь бид гэрээсээ ажиллаж байгаа үед байгууллагынхаа мэдээлэл, файл руу хандах нь хэцүү шүү дээ. Тийм учраас байгууллагууд үйл ажиллагааны онцлог, хэв маягаасаа хамаараад Cloud, Hybrid Cloud шийдлүүдээс сонгон ашиглаж байна.  

Бидний хувьд ихэнх нь магадгүй “Дижитал Шилжилт” хийх хамгийн гол хөдөлгөгч хүч нь COVID-19 байсан гэхэд хилсдэхгүй. Энэ нь муу зүйл биш бөгөөд байгууллагынхаа ирээдүйд хийж буй маш том хөрөнгө оруулалт юм. Гэхдээ “Дижитал Шилжилт” хийх зорилго, түүнийг ашиглан хэрхэн бизнесээ үр ашигтай явуулах талаар бодож шилжээгүй бол сайн хөрөнгө оруулалт биш юм. Harvard Business Review-н хийсэн судалгаанд 2018 онд байгууллагууд “Дижитал шилжилт”-д 1.3 их наяд долларын хөрөнгө оруулалт хийсэн бол үүний 900 тэрбум доллар нь үр ашиггүй хөрөнгө оруулалт байсан гэжээ. Учир нь зорилгогүй, үйл ажиллагаанд үр өгөөжгүй, тооцоо судалгаагүй хөрөнгө оруулсан бол өндөр эрсдэлтэй бөгөөд муугаар бодоход дээрх үр ашиггүй 900 тэрбумын хөрөнгө оруулалт хийсэн байгууллагуудын нэг болно гэсэн үг. Тийм учраас та “Дижитал шилжилт”-г үнэхээр шаардлагатай гэдгийг мэдэж, мэдэрч чадсан бол эхлээд хэрхэн нэвтрүүлж, үр ашигтайгаар ажиллах талаар судалж, төлөвлөх зүйтэй.

Таны “Дижитал Шилжилт” хийх зорилго нь дижитал технологийг ашиглан уламжлалт асуудлаа шийдэх (цаг хугацаа, хүн.цаг болон санхүүгийн зардал бууруулах, бүтээмж нэмэгдүүлэх,процесс оновчлох гэх мэт), хэрэглэгчдэдээ шинэ үнэ цэнийг өгөхөд чиглэсэн байх хэрэгтэй. Энэ нь нэг талдаа хэрэглэгчдэд нөгөө талд ажилтнуудад технологийн тусламжтай үнэ цэнийг өгдөг үр ашигтай экосистемийг бүрдүүлэхэд гол мөн чанар нь байдаг. Бид та бүхний хийх “Дижитал Шилжилт”-д тус болох зорилгоор Customer Experience Futurist Блэйк Морганы “The Customer Of The Future”-н номд тодорхойлсон 12 алхмыг танилцуулж байна.

1. Хэрэглэгчдэд төвлөрсөн үзэл баримтлал

Дижитал Шилжилтийн өмнө бид бүтээгдэхүүнд төвлөрсөн үзэл баримтлалаас хэрэглэгчдэд төвлөрсөн үзэл баримтлал руу шилжиж эхэлсэн. Учир нь бүтээгдэхүүн чухал хэдий ч түүнийг хэрэглэж буй хэрэглэгчийн хүсэл, сонирхол, шаардлага, туршлага илүү чухал шүү дээ. Харин технологи бидэнд хэрэглэгчдэд төвлөрсөн үзэл баримтлалыг үр дүнтэй, богино хугацаанд шилжих боломжийг олгож байна.

2. Байгууллагын бүтэц

Байгууллагууд өөрчлөлт, шинэчлэлтийг дэмждэг эв, нэгдэлтэй бүтцийг бий болгох нь чухал. Учир нь өөрчлөлтийг, Дижитал шилжилтийг хийх гол хүчин зүйл бол мэдээж байгууллагын хүмүүс, ажилтнууд билээ. Ингэснээр удирдлагууд, лидерүүд шинэ дижитал алсын хараагаар ажиллах боломжийг бүрдүүлнэ.

3. Өөрчлөлтийн удирдлага

Дээр дурдсанчлан өөрчлөлт, шилжилтийг хийх гол хүчин зүйл бол ажилтнууд билээ. Ажилтнууд дэмжээгүй, хүлээн зөвшөөрөөгүй, ойлгож хэвшүүлж чадаагүйн улмаас “Дижитал шилжилт” бүтэлгүйтэх магадлалтай. Тийм учраас байгууллагын соёл, бизнесийн онцлогт тохирсон орчин үеийн, уян хатан өөрчлөлтийн удирдлагыг нэвтрүүлэх шаардлагатай.

4. Өөрчлөгч манлайлагч буюу Transformational Leadership

Мэдээж хэрэг чадварлаг манлайлагчийн тусламжтай дээрх бүгдийг хийх боломжтой. Үнэхээр байгууллагын тань удирдлага, манлайлагчид “Дижитал шилжилт”-н талаар маш сайн мэддэг, ойлгодог байх хэрэгтэй. Түүнчлэн байгууллагад урт хугацаандаа үр ашиг авч ирэх, өргөжих боломжийг харж чаддаг, өөрчлөлтийг зоригтой зөв удирдлагаар хэрэгжүүлж чаддаг байж амжилттай байх болно.

5. Технологи, шийдлийн сонголт

Дижитал шилжилт хийнэ гэдэг нь зөвхөн нэг хэлтэс, нэгжийн хүрээний асуудал биш байгууллагын асуудал билээ. Дундаж байгууллагын технологитой холбоотой сонголтыг  дунджаар байгууллагын эрх бүхий 15 хүн гаргадаг гэжээ. Хэрвээ танай байгууллага 15 ажилтантай биш л бол ажилтан болгоны санал бодлыг сонсох нь шилжилт хийхэд тустай.

6. Интеграци

Байгууллагын ашигладаг дотоод мэдээллийн(дата) системүүд хоорондоо уялдаж ажиллах нь чухал билээ. Иймд амжилттай “Дижитал Шилжилт” хийхийн тулд орчин үеийн шаардлагад нийцүүлсэн зохион байгуулсан streamlined дата стратеги чухал юм.

7. Дотоод хэрэглэгчийн туршлага

Дижитал технологи, шийдлүүд дээр төвлөрч байгаа бол хэрэглэгчийн туршлага үнэ цэнэтэй билээ. Иймд байгууллагууд дотоод хэрэглэгчийн туршлага буюу байгууллагын ажилтнууддаа ашиглуулж, тэдний санаа бодол, шийдлүүдийг авч чадвал магадгүй цаг хугацаа хэмнэсэн, зардал бага, төгс шилжилт хийх боломжийг олгоно. Учир нь яг бодит хэрэглэгчдэд хүрээд асуудал бага гарна.

8. Логистик болон нийлүүлэлтийн гинж

Дижитал шилжилт бол дээр дурдсанчлан танай байгууллагын процессыг автоматжуулж, бүтээмжийг нэмэгдүүлэхэд чиглэгдсэн байгаа бол логистик болон нийлүүлэлтийн гинжин хэлхээгээ хэрхэн дижитал технологийн ачаар сайжруулах, түргэсгэх, алдааг багасгахад анхаараарай.

9. Мэдээллийн аюулгүй байдал, нууцлал

“Дижитал шилжилт”-г хийхэд мартаж болохгүй зүйл бол мэдээллийн аюулгүй байдал, нууцлал юм. Дижитал руу шилжиж буй, шилжихээр төлөвлөж байгаа бол мэдээллийн аюулгүй байдлын шийдэл, стратегиа ч илүү өргөн хүрээнд, ноцтой авч үзэх шаардлагатай билээ. Учир нь дижитал, онлайн орчинд хэрэглэгчийн мэдээлэл алдагдах өндөр эрсдэлтэй, мөн хакеруудын чадвар ч дагаад өндөр болсон. Саяхны жишээ дурдахад “Zoom Bombing” буюу Zoom онлайн харилцаа холбооны платформыг ашиглаж байсан АНУ-н Массачусетс мужийн сургуулийн хэрэглэгчид халдлагад өртөж мэдээллээ алдсан билээ.

10. Бүтээгдэхүүн, үйлчилгээ, процессуудын өөрчлөлт

Дижитал шилжилт нь танай байгууллагын бүтээгдэхүүн, үйлчилгээг өөрөөр хардаг, боддог болохыг шаардана. Энэ нь технологийн тусламжтай зөвхөн процесс, үйлдэл, ажлыг өөрчлөх, хялбарчлахаас гадна бүтээгдэхүүн үйлчилгээг илүү чанартай, үр ашигтай, инновацтай болгох талаар бодох, өөрчлөх юм.

11. Digitization

Мэдээж хэрэг “Дижитал Шилжилт” гээд нэрээсээ эхлээд бүх зүйл дижитал болно гэсэн үг буюу байгууллагын бүх хэсэгт шилжилт маань нөлөөлнө гэсэн үг. Энэ нь хэрвээ танайх худалдааны байгууллага бол биет дэлгүүрээс бүрэн онлайн руу хувирна гэсэн үг билээ.

12. Personalization

Дижитал шилжилт нь хэрэглэгчдэд хувийн\зорилтот бүтээгдэхүүн\үйлчилгээг үзүүлэх гайхалтай боломжийг олгодог. Хэрэглэгчдээ ойлгох, тэдэнд тохирсон үйлчилгээг үзүүлэх, санал бодлыг нь сонсоход дижитал шийдэл\технологиудыг ашиглах хэрэгтэй.

Дижитал шилжилт бол байнгын процесс бөгөөд тодорхой хугацаанд хийгээд дуусдаг зүйл биш буюу дээр дурдсан 12 алхмын дагуу ажилладаг. Хэдийгээр "Дижитал шилжилт"-ийг хийхэд маш олон хүндрэл, бэрхшээл, асуудал, зардал гарах хэдий ч эргээд таны бизнест маш олон үр өгөөжийг авч ирнэ. Хэрвээ та COVID-19-н нөхцөл байдалтай холбоотой “Дижитал шилжилт”-г яаран эхлүүлсэн бол сайтар төлөвлөж, зөв сонголт шийдвэрүүдийг гаргаж энэхүү нөхцөл байдлыг давуу тал болгон ашиглахыг зөвлөе.

Эх сурвалж: Is COVID-19 Forcing Your Digital Transformation? 12 Steps To Move Faster , Digital Transformation Is Not About Technology, COVID-19 Is A Before-And-After Moment In The Digital Transformation

Г. Цэнгэл

Контент Архитектурч.Мэдээллийн Технологийн салбарын хэрэглэгчид болон харилцагч байгууллагуудад зориулан контент бүтээх, Дижитал, Сошиал медиа, Контент маркентинг хариуцсан маркетер.