Дижитал шилжилт

November 22, 2019

21-р зуун гарсаар хүн төрөлхтний түүхэн дэх нэгэн том хөгжлийн үе тохиож байгаа ба үүнийг Цахим зуун буюу Дижитал эрин хэмээн нэрийдэх болжээ. Мөн түүнчлэн аж үйлдвэрийн 4-р хувьсгал ч гэж тодорхойлдог. Технологийн эрчтэй хөгжлийн үр дүнд хүн бүхэн харилцаа холбоотой болохоос гадна хүн-машин, бүр цаашлаад машин хоорондоо холбогдох болж мэдээллийн асар том давлагааг үүсгэх болов.

Технологийн энэхүү хөгжил нь хүмүүний ердийн хэрэглээнд хувьсгал авчрахаас гадна бизнес хийх уламжлалт арга зүй, тогтолцоо, загварт ч онцгой эерэг өөрчлөлтүүдийг авчрах болжээ.  12 салбарын 941 гүйцэтгэх удирдлагын дунд хийсэн судалгаанаас 29 хувь нь “Дижитал давлагаа, технологийн нөлөөлөлд бизнес нь бага өртөнө” гэсэн бол эсрэгээрээ 30 гаруй хувь нь “Дижитал шилжилтийн нөлөөнд хүчтэй өртөнө” гэж хариулт өгсөн байна. Үүгээр ч зогсохгүй эдгээр салбаруудаас 3 салбарын манлайлагчид “Энэхүү Дижитал шилжилтийн нөлөөллөөс болж ойрын 5 жилд тэргүүлэх байр сууриа алдах эрсдэлтэй байгаа” гэж хариулсан байна.

Дижитал шилжилт, дижитал бизнесийн шилжилт, дижитал аялал гэж юу вэ? Өнгөцхөн тодорхойлбол дижитал технологийг ашиглан цаасгүй хэрэглээг бий болгоно гэж ойлгож болох. Тэгвэл IMD байгууллагын тодорхойлсноор:

“Дижитал бизнесийн шилжилт гэдэг нь дижитал технологиуд болон Бизнесийн шинэ загварт суурилан компанийн ашигт ажиллагаа, үйл ажиллагааны өгөөж, үр ашгийг нэмэгдүүлэх Байгууллагын өөрчлөлт юм.”

Дижитал шилжилт нь зөвхөн цахим технологиудыг нэвтрүүлснээр хэрэгждэг үйл явц биш. Харин байгууллагыг бүрдүүлэгч хүмүүс, процесс, стратеги, бүтэц тогтолцоо, өрсөлдөх чадвар гэх зэрэг үнэ цэнийн хэлхээнүүдийн өөрчлөлтүүдтэй дижитал технологийг хамтатгах замаар хийх өөрчлөлтийг дижитал бизнесийн шилжилт гэж ойлгож байна. 

Тэгвэл энэхүү шилжилтийг нөхцөлдүүлэгч Цахим технологиуд болон Бизнесийн загвар гэж юу вэ?

Цахим технологи гэдэг нь бизнесийн орчны нөлөөлөлд тооцдог нийгэм, улс төр, соёл болон эдийн засаг шиг бие даасан томоохон Нөлөөлөгч хүчин зүйлийг хэлнэ. Дараах технологиуд нь Дижитал шилжилтийг авчрахад онцгой хэрэглэгдэж байна.  Үүнд:

  • Их өгөгдөл буюу Big Data (Aналитик хэрэглэгдэхүүн, программ хангамж г.м)
  • Mобайл программ хангамж
  • Сошиал медиа программууд
  • Төрөл бүрийн дундын платформууд, программ хангамжууд
  • Клауд болон IoT, AI технологиуд

Уламжлалт худалдааны салбарын хувьд бизнесийн загвараа өөрчлөхөөс аргагүйд хүрч байна. Учир нь дээрх технологийн тусламжтайгаар ганц ч дэлгүүрийн барилгагүй, салбаргүй үй олон дэлгүүр, худалдааны байгууллагууд бий болж уламжлалт салбарыг бүхэлд нь өөрчилж байна. Ганц ч зочид буудлын өрөөгүй AirBnB компанийн шинэ бизнесийн загвар дээрх технологиудын тусламжтайгаар өндөр амжилт олсон гэх зэрэг жишээг дурдаж болно.

Дижитал бизнесийн шилжилт нь компанийн үйл ажиллагаанд хэмнэлт, үр ашиг бий болгох, ялгарал, өрсөлдөөний давуу талыг үүсгэх, борлуулалтыг нэмэгдүүлэх, хэрэглэгч болон хамтрагчдын үр бүтээлтэй харилцааг буй болгох, хамгийн гол нь компанийн урт хугацааны тогтвортой өсөлтийг хангах, ашигт ажиллагааг нэмэгдүүлэх үндсэн зорилтод хүрэхэд оршиж байдаг.

Тэгвэл энэхүү Дижитал шилжилтийг хэрхэн хийх вэ? Дижитал шилжилт нь ямар нэг тоног төхөөрөмж, программ хангамж хэрэглээд эсвэл шинэ технологи нэвтрүүлээд болчих үйл явц биш бөгөөд энэ нь байгууллагын урт хугацааны аялал байдаг. Энэхүү үндсэн зорилгодоо хүрэх аяллыг дараах байдлаар зураглаж болно.

Яагаад Дижитал шилжилтийг хийх вэ?

Өмнө дурдаж байсанчлан судалгаанд оролцогч жижиглэнгийн худалдаа, зочид буудал, медиа салбарынхны 50% гаруй нь дараагийн 5 жилд Дижитал шилжилт салбарт нь хүчтэй явагдах ба бизнесээ үүнд нийцүүлэх хүсэлтэй гэсэн бол харьцангуй бага нөлөөлөлд автана гэж уул уурхай, газрын тос олборлолт, дэд бүтцийн компаниудын 30% орчим хувь нь хариулсан байна.

Өрсөлдөөний орчин ширүүсэн технологийн нөлөө улам их болж буй энэ цаг үед компаниуд бизнесийн загвар, стратегидаа эрс өөрчлөлтүүдийг хийж буй бөгөөд энэхүү өөрчлөлтүүд нь ихэвчлэн цахим бизнесийн шилжилтийн стратеги болон тодорхойлогдож байна. Та өрсөлдөөнд тэсэж үлдэх, улмаар салбарынхаа манлайлагч нь байя гэж л байгаа бол Дижитал шилжилтийг байгууллагадаа хийхээс өөр аргагүй болох нь гэж ойлгож болно.

Нийт судалгаанд оролцогчдын 69% нь Дижитал шилжилтэд бэлэн байх ёстой гэж хариулсан ба 55% нь Энэ асуудал захирлуудын зөвлөлийн түвшинд шийдэгдэх дээд түвшний стратегийн асуудал гэж хариулсан байна.

Тэгвэл юуг өөрчилж, юуг нь цахимд шилжүүлэх шаардлагатай вэ?

Өөрчлөлт хийх үнэ цэнийн хэлхээ

Тус өөрчлөлтийг хийхэд хариулах үндсэн асуултууд

Бизнесийн загвар

(Хэрхэн мөнгө хийх вэ)

Зах зээлтэйгээ хэрхэн холбогдох вэ? Энэ нь цахим технологид суурилсан байна уу? жишээ нь: э-худалдаа, м-худалдаа гэх мэт
Хамгийн гол борлуулалт болон ашиг нь хаанаас орж ирэх вэ?
Хамгийн гол хэрэглэгчийн сегмент нь юу вэ? тэд өөрчлөлтийг хүсэж байна уу?
Өсөлдөгчөөсөө хэрхэн ялгарч байна вэ?
Энэхүү ялгарал нь ирээдүйд ямар байх вэ?

Бүтэц, зохион байгуулалт

 (Ямар багаар хийх вэ)

Байгууллагын ямар хэлбэрийн бүтэц танайд байгаа вэ?
Танай байгууллагын аль хэсэгт цахимжуулалт өөрчлөлтийг авчирч байна вэ?
Энэ өөрчлөлт нь үр дүнгээ өгч чадаж байна уу?

Хүмүүс

(Ямар хамт олон бүрдүүлэх)

Танай байгууллагын бүхий л алба хэлтсүүдэд яаж цахим боловсролыг олгох вэ?
Танай байгууллагын удирдлагын цахим ойлголт ямар түвшинд байна вэ?
Шинэ ямар ур чадварууд хэрэг болох вэ?
Хэрхэн эзэмшүүлэх вэ ?

Процесс

(Хэрхэн гүйцэтгэх вэ)

Танай ямар процессыг автоматжуулах буюу цахимжуулах шаардлагатай вэ?
Танай байгууллагын яг ямар процессыг илүү боловсронгуй болгож тасралтгүй сайжруулах вэ?
Ямар процессууд шинэ өөрчлөлтүүдэд шууд нийцэхээр байгаа вэ?

Технологийн чадавх

(мэдээллийг хэрхэн цуглуулах ба ашиглах)

Танай байгууллагын Үндсэн систем, сүлжээ өгөгдлийн баз гэх мэт мэдээллийн технологи (МТ)-ийн дэд бүтэц хэр үр ашигтай хэрэглэгдэж байна вэ?
Эдгээр нь Дижитал шилжилт хийхэд хүрэлцээтэй юу?
Танай нүүр царай болсон вэб хуудас, мобайл сайт болон сошиал сайтууд хир үр дүнтэй ажиллаж байна?
Танай хэрэглэгчтэй харилцах менежмент систем хир үр дүнтэй байна вэ?
Танайд МТ-ийн стратеги компанийн стратегитай хэрхэн уялдаж байна вэ?
Өөрт байгаа мэдээллүүдээсээ яг хэрэгтэй үр дүн, шинжилгээг гаргаж үр ашгийг нь хүртэж байна уу?

Бүтээгдэхүүн, үйлчилгээ

(Ямар үнэ цэнүүдийг хэрэглэгчдэд хүргэх вэ)

Танай бүтээгдэхүүн цахим технологитой хэрхэн уялдах боломжтой вэ?
Танай үйлчилгээ дижитал технологитой хэрхэн уялдах боломжтой вэ?

Сэдэлжүүлэх загвар (хэрэглэгч, нийлүүлэгч нараа хэрхэн сэдэлжүүлэх вэ)

Танай хэрэглэгчтэй харилцах харилцаа хир хүчирхэг вэ?
Хэрэглэгчтэй харилцах суваг хир олно вэ? жишээ нь: вэб, мобайл, мэйл, биечилсэн уулзалт г.м
Хир олон удаа, чмар давтамжтой тэдгээрийг сэдэлжүүлж байдаг вэ?
Танай хэрэглэгч нар хир үнэнч байдаг вэ?

 

Үндсэндээ Дижитал шилжилтэд зайлшгүй шаардлагатай дээрх хүчин зүйлсийг зэрэг авч үзэн өөрчлөлтийг хийх бөгөөд эндээс гарсан анализын үр дүн дээр төвлөрөн ажилладаг. Жишээ нь: Дижитал шилжилтийг компанийн ажиллагсдын оролцоотой л хийх тул тэдгээрийн дижитал боловсролыг дээшлүүлэх, сэтгэлгээ, хандлагыг нь өөрчлөх, бэлтгэх, мэргэшүүлэх, цахим хэрэглээг нэмэгдүүлэх, компанийн соёлыг илүү дижитал хэлбэрт оруулах гэх мэт дээр өөрчлөлтийг хийнэ. Процессын хувьд нарийн шинжилгээ хийснээр компанид үр ашиггүй процессуудыг илрүүлэн гаргаж, тэдгээрийг байхгүй болгох эсвэл автоматжуулах, ухаалаг систем нэвтрүүлж цаг хугацаа, үр ашгийг дээшлүүлэх шийдлийг боловсруулах гэх мэт.

Дижитал шилжилтийг яагаад хийх болсон ба юуг Дижитал шилжилтээр хийхээ нэгэнт шийдсэн бол одоо хэрхэн хийх вэ гэсэн асуултад хариулах юм.

 Дижитал шилжилтийг хийхэд хамгийн бэрхшээлтэй алхам бол яаж хийх вэ гэдэгт байдаг. Нийт Дижитал шилжилт хийсэн байгууллагуудын дөнгөж 30 орчим хувь нь л амжилттай үр дүнд хүрсэн байдаг бол ихэнх хэсэг нь тавьсан зорилтоо хангаж чадаагүй байдаг нь Дижитал шилжилтийг гүйцэтгэх шатандаа алдаа гаргасан байх нь элбэг байдаг байна.

Дижитал шилжилтийг хийх шалгарсан жор гэж байхгүй ба салбар бүрд харилцан адилгүй байдаг. Гэвч энэ удаа Дижитал шилжилтийг яаж хийвэл оновчтой байх нэгэн шалгарсан аргачлал болох Цахим бизнесийн ажайл аргачлал (Digital Business Agility) -ын тухай танилцуулъя.

Энэхүү аргачлалын хамгийн эхний ойлголт болох Мэдээллийн соргог байдал нь үндсэн 3 ерөнхий хэсэгт хуваагдана. Юуны түрүүн тухайн салбарын хөгжлийн чиг хандлагыг маш сайтар мэдэрч, мэдээллийг тогтмол авч дүн шинжилгээ хийж байх. Хоёрдугаарт өрсөлдөгчид, салбар дотор болон гадна технологийн болон зах зээлийн ямар өөрчлөлтүүд явагдаж байгааг сайтар анзаарах. Гуравдугаарт хэрэглэгчид, ханган нийлүүлэгчид болон ажиллагсдаасаа ирж буй санал санаачилгыг туйлын соргогоор хүлээн авч хариу үйлдэл хийдэг байх нь чухал байдаг. Товчхондоо хэлбэл мэдээлэлд соргог байна гэдэг нь оффисоос гарч бүтэгдэхүүнийхээ эцсийн хэрэглэгч нартайгаа тулж ажиллахыг хэлж байгаа юм. Энэхүү соргог байдлыг Дижитал шилжилтэд онцгой байр суурь эзлэх сошиал сүлжээ, холбоос бүхий төхөөрөмж, сүлжээ, дүн шинжилгээний программуудыг ашиглан дээшлүүлж болно.

Компанийн хэмжээнд ийнхүү орчны мэдээлэлд дүн шинжилгээг тогтмол хийхээс гадна дотоод мэдээллийн системийг сайтар бүрдүүлэх нь чухал байдаг. Нэгэнт компанийн хэмжээнд томоохон өөрчлөлт хийгдэж байгаа бол нийт компанийнхны хоорондын уялдаа, харилцаа холбоо туйлын чухал болно. Хэлтэс хооронд, компанийн бүхий л түвшинд явагдаж буй өөрчлөлтийн үр дүнг шуурхай гаргаж мэдээллээр хангаснаар компанийн хэмжээний шийдвэр гаргалт шуурхай болж өөрчлөлтийн хурд нэмэгддэг. Эдгээрийг МТ-н шийдлүүдээр гүйцэтгэх ба үүнд: компанийн мэдлэгийн сан бүрдүүлэх, маш хүчтэй уян хатан харилцааны программуудыг ашиглах, төрөл бүрийн тайлан, дашбоардуудыг гаргах гэх мэт байдаг. Компанид буй мэдээллүүдийг үр ашигтайгаар нь, ач холбогдлоор нь эрэмбэлэн шийдвэр гаргалтад тухайн цаг хугацаанд гаргах нь өөрчлөлтийг хийхэд нэн тэргүүний ач холбогдолтой болдог.

Дээр бид дурдаж байсанчлан Дижитал шилжилт хийх нь амаргүй ажил. Үүнд амжилттай болгох ажайл аргачлалын нэгэн чухал үйлдэл бол шуурхай гүйцэтгэл юм.   Хэдий хурдтай гүйцэтгэл хийнэ төдий чинээ үр дүнгээ хурдан гарган авч дараагийн шийдвэр рүү шилжиж байдаг. Анхны оролдлогоороо өөрчлөлтийг амжилттай болгох нь тун ховор. Харин хурдан гүйцэтгэл нь алдаанаасаа суралцан маш хурдтай дараагийн сайжруулалт хийх боломжийг олгож байдаг тул шинэчлэлт, өөрчлөлт хийж буй байгууллагууд алдаанаас айдаггүй, тэд дараагийн амжилттай хувилбарыг гаргатал шийдвэрээ гаргаж туршилтаа үргэлжлүүлсээр байдаг юм.

Энэхүү ажайл аргачлалыг Дижитал шилжилт хийхдээ хэрэглэснээр компанийн хувьд маш эрчимтэй үйл ажиллагааг бий болгох ба санхүүгийн хувьд ч хүчирхэгжих нөхцөлийг бүрдүүлэн тухайн байгууллагыг илүү динамик, санаачилга дээр суурилсан соёлтой болгож, ямар ч өрсөлдөөний нөхцөлд уян хатан ажиллах боломжийг бүрдүүлж байдаг давуу талтай болдог.  

Дүгнээд хэлэхэд дижитал шилжилт бол ердөө л өөрчлөлтийн тухай ойлголт юм. Зарим судалгаанаас харахад одоог хүртэл дижитал шилжилтийн бизнес дэх нөлөөллийг дутуу үнэлсээр байгаа компани, байгууллагууд байсаар байна. Дижитал шилжилт гэдэг нь бизнесийн тогтвортой байдал, урт хугацааны давуу байдлыг хадгалах стратегийн нэг хэлбэр бөгөөд дээр дурдагдсан үнэ цэнийн хэлхээснүүдийн чухам аль хэсэгт ямар арга ашиглан хийх талаарх ойлголт юм. Энэхүү дижитал шилжилттэй холбоотой бизнесийн ертөнцөд олон шинэ ойлголтууд бий болж байгаа бөгөөд тухайлбал шинэ бизнес загвар, шинэ мэргэжлүүд, шинэ бүтээгдэхүүн  үйлчилгээнүүд, шинэ бизнесийн салбарууд үүссээр байна.

Та дижитал шилжилтэд бэлэн үү?

Ашигласан материал: Global center for digital business transformation. An IMD and Cisco Inititative

Н.Баттулга

Ай Ти Зон компанид Засварын инженерээр анх ажилд орсон бол өдгөө тус компанид 20 дахь жилдээ ажиллаж, ТУЗ-ын даргын алба хашиж буй туршлагатай удирдагч.