44 БУЮУ 4Х4

April 04, 2019

Өдгөөгөөс ирээдүй цаг дор Монгол хүний дундаж насжилтыг 88 гэж тооцвол 44 нас нь яг тал дунд буюу өндөр уулаар төсөөлбөл ноён оргил нь болох аж. Өндөр уулын өгсөх зам хүн бүрд харилцан адилгүй байх нь тодорхой боловч хүрэх оргил (44 нас) нэг байдаг нь амьдралын жам юм. Хүрсэн оргилууд ч харилцан адилгүй өндөртэй байдаг нь амьдрал, тэмцлийн бас үнэн хууль. Гагцхүү энэ өндөрлөгт гарах замыг хүн бүр өөрсдөө засаж, өөрсдөө зураглан тэмүүлэх агаад нэгэнт оргилд хүрсэн үед өнгөрснөө нэхэн үнэлж үлдсэн амьдралаа хэрхэн туулах талаар бодож тунгаадаг болов уу.

Монголчууд дөч хүрсэн эр дөрвөө дарсан ат гэж ярьдаг. Үнэхээр ч физиологи, физикийн утгаараа ч хүн энэ л насанд эр бие тэгширч, эрүүл ухаан төлөвшиж, эрч хүчээр дүүрэн их амьдралын ноён оргилд хүрсэн мэт санагддаг биз. 4х4 хөтлөгчтэй, бүхий л хүчээр урагшлан давших бартаат замыг туулах машин лугаа 44-тэнгүүд гэр бүл, эх орон, элгэн түмнийхээ хүндэтгэлт нэгэн болон төлөвшиж ачааны хүндийг үүрэлцэх хувь тохиол бүрддэг буй заа. Ийнхүү оргилд хүрсэн хүн өөрийн хүч бололцоог бүрэн дайчлан ажиллаж амьдарваас эгэл хорвоогийн эгнэшгүй аз жаргалд хүрэх нигууртай. Гагцхүү бид энэхүү боломжоо хэрхэн ашиглаж байгаа бол?

Аливаа хүмүүний амьдралыг орон зай, цар хүрээний байдлаар нь Гэр бүл, Ажил хөдөлмөр, Нийгэм сонирхол хэмээх гурван бүлэгт авч үзэж болохоор. Эдгээр гурван бүлгийн амьдралын тэнцвэрт байдал (баланс), харилцан хамаарал, уялдаа холбоо, шүтэн барилдлагыг холбож байдаг цаг хугацаа, үнэт зүйлсийг ухан ойлгож зохицуулан амьдарваас тэгш тайван амьдрал цогцлон бий болж тэр хэмжээгээр аз жаргал, эрүүл амьдралын хэв маяг хэвшин тогтох болов уу.  

Тэгвэл хүний амьдралын энэхүү гурвалжин болон холбоос цаг хугацааны тухайд идэр залуу оргил насанд хүртлээ ухаж ойлгосон ухаарлыг хуваалцвал:

1. Гэр бүл

  • Эцсийн эцэст өөрөөс чинь өөр таныг хайрлаж, хажууд чинь түших цор ганц түшиг бол таны л гэр бүл
  • Аливаа хайр гэр бүлээс л эх авч ундарч байдаг.
  • Энэ амьдралын дийлэнх цаг хугацаа таны гэр бүлд л өрнөдөг, амьдрал өөрөө богино тул агшин бүр нь жаргалтай байвал сайхан
  • Эрүүл мэнд, энх тунх амьдралын үндэс нь гэр бүл, соёл хүмүүжил билээ.

2. Ажил хөдөлмөр

  • Хүн болж төрсөн л бол ариун цагаан хөдөлмөр хийж амь зуух нь байгалийн хууль мөн. Хулгай хийж, худал ярьж, хийрхэл дөвчигнөлөөр амьжиргаа залгуулах нь хэзээд тавилангүй байдаг.
  • Хоёрдох гэр орчин бол таны ажил. Сэтгэл дүүрэн, ажилдаа дуртай, хөдөлмөрийнхөө үнэ цэнийг тэгш хүртдэг бүтээлч, урамтай орчныг өөртөө болон бусдад бүрдүүлээрэй.
  • Таны хөдөлмөр бүхэн утга учиртай, үнэ цэнэтэй байх нь төгөлдөр сайхан. Өөрийн бүтээсэн үр шимийг хүртэхээс гадна өрөөл бусдыг үргэлжид эерэг хандлагад уриалан оролцуулах нь илүү агуулгатай.
  • Өдрөөс өдөрт хөгжин дэвшиж, урагшлан тэмүүлж, ёс зүй, хүндлэл хайрыг бүрдүүлэн ажиллахыг мөрдлөг болгоорой.

3. Нийгэм, Сонирхол

  • Бид өссөн төрсөн нутаг ус, амьдарч буй орчин, эх орон цаашлаад энэ дэлхийн иргэн билээ. Иймд энэ өлгий болсон хүрээлэн байгаа орчлон дэлхийгээ эс ширхэг болгонд нь хайр гамтай хандаж байя.
  • Анд нөхөд, сонирхол нэгт нөхөрлөл, чөлөөт цаг бүрээ үр бүтээлтэй өнгөрөөх идэвхтэй нийтэч орчныг өөртөө бүрдүүлээрэй. Өөрт буй болон өрөөл бусдын сайн сайхныг нь хуваалцан солилцож, үргүй хоосон атаа жөтөө, худал хуурмагаас ангид байхыг хичээгээрэй.
  • Нийгмийн нэгэн хэсэг болон амьдарч буйн хувьд дуу хоолойгоо аль болох идэвхийлэн хүргэн, аливаа сөрөг бүхнийг сөрөн зогсож, иргэний зоригтой байж, эрүүл ухаанаар эвтэй тайван амьдралыг цогцлоохын төлөө байна.
  • Улсын хөгжил хувь хүний хөгжлөөс л эхэлнэ, хувь хүн бүр хичээвэл хэсэг бүлэг хамт олон, хүмүүс хөгжинө. Өөрт буй сайн сайхан зүйлсийг бусадтай хуваалцан,  бусдын сайн сайхнаас ямагт суралцаж тэдний амжилтад хүрэх замд нь тус дэм болохыг хичээгээрэй. 

4. Цаг хугацаа, үнэ цэнэ 

  • Цаг хугацаа бүхэн өөрийн гэсэн үнэ цэнэ, дурсамж, түүхтэй байдаг. Өсөхөөс авхуулаад өтлөх нас хүртэлх он цагуудыг харгалзах үнэ цэнэ тус бүртэй нь цаг тухайд нь хүртэхийг хичээгээрэй.
  • Аз жаргал өөрөө харьцангуй ойлголт байдгийг санагтун. Мөнгө, материаллаг зүйлс бүхэн нэгэн чухал хүчин зүйл боловч эсрэгээрээ зовлонгийн шалтгаан ч болдог тохиол бий. Мунхаг гэтэлсэн ухаант, тайван амьдрал нь өөрөө аз жаргал мөн.
  • Хүнд худал хэлэх, аргалах, бусармаг үйл хийх нь өөрийгөө л хуурч байгаа нэг хэлбэр. Үр удам, гэр бүл, нэр хүндээ урт хугацаанд хадгалан авч явахад өвлүүлсэн хөрөнгөнөөс илүүтэй өнө мөнхийн цагаан сэтгэл, өндөр мэдлэг боловсрол, өв тэгш нэр хүнд л хамгийн үнэ цэнэтэй байдаг.
  • Өөрийгөө хичээж, бусдад төвөг болохгүй л байхад болно. Өөрийгөө эхлээд засаарай дараа нь өрөөлтэй тэр амжилтаа хуваалцаарай. Өөрийн бодол өөртөө зөв ч, өрөөлийн нийтлэг үзлийг хүндэтгээрэй.

Ийнхүү амьдрал үргэлжилсээр идэр нас эндээс эхлэх бөгөөд ахимаг нас руу уруудан хөдөлмөрийн бүтээмж нэмэгдэж болох хэдий ч залуу насны эрч хүч илтэд нэгэнтээ суларч байдаг. Энэ насанд биеийн хүчнээс илүү сэтгэлийн тэнхээ, ухааны ураар аж амьдралын сайн сайхан баяр цэнгэлийг эдлэх үе эхэлдэг биз ээ.  

Ингээд амьдралыг хэмжээст нэгэн хэрчим гэж үзвэл тэг дунд нь хүрээд буй 44 насаа магтан дуулж таалан эдэлмүү.

Урианхан овогт Норолхоожавын Баттулга.

2019 оны 04 сарын 04

Улаанбаатар хот

Н.Баттулга

Ай Ти Зон компанид Засварын инженерээр анх ажилд орсон ба тус компанид 24 дэх жилдээ ажиллаж, өдгөө ТУЗ-ийн даргын алба хашиж буй туршлагатай удирдагч.