Р.Эрхэмбаяр: BI ашигласнаар бизнестээ оновчтой шийдвэр гаргаж чадна

October 29, 2014

Хөгжил гэдэг ойлголт зөвхөн хүний оюун ухаанаас гадна технологийн оюун ухаантай ч холбогдож байна. Дэлхийн томоохон компаниудын үсрэнгүй хөгжлийн нууц гэж болох бизнесийн оюун ухааны тухай ITZone компанийн Мэдээллийн Технологийн хэлтсийн дарга Р.Эрхэмбаяртай ярилцлаа.

 ES: BI гэж чухам юуг хэлж байгааг уншигчдад тайлбарлаж өгнө үү?

Байгууллагын үйл ажиллагаа өргөжихийн хэрээр салбар бүрдээ өөр өөр програм ашиглах болсон. Тухайлбал санхүүгийн, нягтлангийн, хэрэглэгчийн бүртгэлийн, хүний нөөцийн, хангамжийн гээд тус тусдаа програмуудыг нэг байгууллага дотор ашиглах нь олонтаа. Эдгээр програм бүрийн цаана маш том мэдээллийн сан тус тусдаа хуримтлагдсаар байдаг. Харин байгууллагын удирдлагуудад эдгээр салангид мэдээллийг хугацаа алдалгүй оновчтой нэгтгэн, бизнесийн чухал шийдвэрүүдийг хурдтай гаргах нь өнөөдөр маш чухал болсон. Үүнд BI тусалдаг. BI буюу Business Intelligence гэдэг нь нэг төрлийн арга хэрэгсэл нөгөө талаараа процесс юм.  BI-ийг ашигласнаар тусдаа байгаа маш олон төрлийн мэдээллийг нэгтгээд, тэндээсээ хүссэн тайлангаа авах боломжтой. Өөрөөр хэлбэл эхлээд бид мэдээллээ хуримтлуулах ёстой. Хуримталсан мэдээлэл дээрээ дүн шинжилгээ хийх хэрэгтэй. Хүн өөрөө бүх мэдээлэл дээр дүн шинжилгээ хийнэ гэдэг хэцүү, дээр нь хугацаа их алддаг. Тиймээс бидэнд ямар нэгэн арга хэрэгсэл шаардлагатай. Үүнийг л BI хийж өгч байгаа юм. Нэг үгээр бизнесийн IQ буюу оюун ухаан гэж хэлж болно.

 ES: BI мэдээллийн технологийн захирлуудын хамгийн их ярьдаг сэдэв болсон байна. Энэ яагаад ийм чухал сэдэв болсон бэ?

Судалгаанаас харахад BI нь 2017 он хүртэл мэдээллийн технологи хариуцсан захирлуудын анхаарлын төвд байх болно. Учир нь бид мэдээллийн эрин зуунд амьдарч байна. Энэхүү мэдээлэл нь бизнесийн цаашдын ирээдүйд хүчтэй нөлөөлж байгаа юм. Тиймээс мэдээлэлд хэн хурдан дүн шинжилгээ хийж оновчтой шийдвэр гаргаж чадсан нь өрсөлдөөнд ялна гэсэн үг.

ES: BI-ийн тусламжтайгаар байгууллагууд цаашдын бодлогоо тодорхойлох боломжтой гэсэн үг үү?

BI нь бизнесийн байгууллагын удирдлагуудад ухаалаг шийдвэр гаргахад тусалдаг гэж болно. Өнгөрсөн хугацаанд болсон үйл явдал дээр дүгнэлт хийж,  цаашдаа ямар зарчмаар, хэрхэн бизнесээ үргэлжлүүлэх вэ гэдэг шийдвэрийг гаргахад тусална. Мөн ирээдүйд болж болзошгүй эрсдэлээс хамгаална. Өнгөрсөн хугацаан дахь алдаа, оноогоо дүгнээд түүнийгээ дахин давтахгүй байх боломжийг олгодог. Мөн түүнчлэн зөвхөн дотоод үйл ажиллагаандаа төдийгүй BI-ийг ашиглан гадаад зах зээлийн мэдээлэлд шинжилгээ хийх боломжтой. Жишээ нь BI-ийн тусламжтайгаар facebook, twitter зэрэг олон нийтийн сүлжээнд хүмүүс юуны талаар ярилцаж байгааг судлаад ямар үйлчилгээг хүмүүс хүсээд байгааг мэдэх жишээтэй. Ингэж хүмүүсийн хүслийг өөрийн бизнестээ шингээж, бизнестээ хэрэгцээтэй шийдвэр гаргах боломжтой.

 ES: Манай улсад BI нэвтэрсэн үү? Ашиглаж байгаа байгууллага бий юу?

BI дэлхий дахинд 1958 оноос яригдаж эхэлсэн. IBM-ийн эрдэмтэн анх BI гэдэг сэдвийг хөндөж, судалгаа хийж, давуу талуудыг нь гаргаж ирсэн. 2000 оноос дэлхий дахинд түгээмэл ашигласан. Харин манай улсад BI-ыг 100 хувь ашигладаг байгууллага бараг байдаггүй. Монголд харьцангуй шинэ зүйл. Гэхдээ байгууллагуудын IT захирлууд BI-ийг анхааралдаа авч эхэлж байна. Энэ утгаараа манайх саяхан BI технологиороо дэлхийд тэргүүлэгчдийн нэг Oracle-тай хамтран компаниудын мэдээлэл, технологи хариуцсан хүмүүсийг цуглуулаад BI-ийг танилцуулах арга хэмжээ зохион байгуулсан. Манай улсад BI хэрэгжүүлэх оролдлогыг компаниуд хэдийнээ хийж эхэлсэн.

 ES: Бизнесийн байгууллагууд ашиглавал илүү тохиромжтой гэж ойлгож болох уу?

Заавал бизнесийн байгууллага хэрэглэдэг гэсэн үг биш л дээ. Төрийн байгууллагууд ч үйлчилгээгээ илүү сайжруулах зорилгоор ашиглаж болно. Үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагын мэдээлэл жил ирэх бүр нэмэгдэнэ, түүнийг боловсруулахад маш их хугацаа, олон хүний хүч хөдөлмөр зарцуулдаг. Тиймээс хэрэглэгч, харилцагч, ажилчдын тоо нэмэгдэх тусам BI-ийг нэвтрүүлэх шаардлага нэмэгддэг. Товчхондоо бизнесээ илүү ойлгож, хурдтай бөгөөд үр ашигтай ажиллахыг хүсч байгаа хэн ч энэ арга хэрэгслийг ашиглаж болно.

 ES: BI-ийг нэвтрүүлээд хэдэн жилийн хугацаанд ашиглах боломжтой вэ?

Хугацааны хувьд хязгаар байхгүй. Харин BI-ийг нэвтрүүлсэн цагаасаа эхлэн тогтмол хянаж, сайжруулж байх хэрэгтэй. Бидний авч байгаа мэдээлэл баттай эх сурвалжаас авсан, үнэ зөв мэдээлэл байна уу, гаргаж байгаа тайлангууд нь үнэн бодитой байна уу гэдгийг байнга хянаж байх шаардлагатай.

 ES: BI-д зориулсан тусгай боловсон хүчин байх ёстой юу?

BI төслийг хэрэгжүүлэхэд компанийнхаа IT-гийн мэргэжилтнүүдийг оролцуулах хэрэгтэй. Гэвч хамгийн чухал хүмүүс нь бизнесийн шийдвэр гаргах, удирдах албан тушаалтнууд. Эдгээр хүмүүс хамтарч ажиллаад, хэрэгцээ шаардлагаа ойлгоод BI төслийг хэрэгжүүлбэл илүү үр дүнтэй. Түүнээс BI төсөл гэхээр нүсэр том баг гаргах шаардлагагүй. Аль болох цөөн хүнтэй, гол шийдвэр гаргах хүмүүсээр BI төслөө удирдуулбал үр дүнтэй.

 ES:-BI төслийг хэрэгжүүлж буй байгууллагууд юун дээр анхаарах ёстой вэ? 

BI-ийг нэвтрүүлэхэд нийтлэг давтагддаг алдааг дурдъя. Нэгдүгээрт байгууллагууд BI-ийг нэвтрүүлэхээсээ өмнө бизнесийнхээ асуудлыг ойлгохгүй, шууд хөрөнгө оруулалт хийгээд, баахан хүн томилоод хэрэгжүүлэх гэж оролддог. Энэ нь үр дүнгүй болдог. Тиймээс BI-ийг нэвтрүүлэхээсээ өмнө бидний бизнест ямар асуудал байна, түүнийг хэрхэн шийдэх вэ гэдгийг өөрсдөө олж харсан байх хэрэгтэй.

Хоёрдугаарт, BI арга хэрэгслийг нэвтрүүлэнгүүт ажилчид хэрэглэх болдог. Хэрэглэж байгаа хүмүүсийн санал бодол, шаардлагыг сонсох хэрэгтэй. Түүнээс дарга орж ирээд өнөөдөр BI хэрэгжүүлнэ, бүгд хэрэглэх ёстой гэвэл үр дүн гарахгүй. Яагаад гэвэл эцсийн дүндээ ажилчид л BI арга хэрэгслийг хэрэглэнэ. Эцсийн хэрэглэгчийнхээ үгийг сонсоогүйгээс болж BI төсөл амжилтгүй болдог.

Гуравдугаарт, төсөл хэрэгжүүлэхдээ хэтэрхий их яардаг. Сарын дотор хэрэгжүүлэхгүй бол болохгүй гэдэг хугацаа тулгадаг.  Гэхдээ BI-ийг хэрэгжүүлэхдээ яарахаасаа илүү багаасаа эхлэн алхам алхмаар нэвтрүүлэх хэрэгтэй.

Дөрөвдүгээрт, BI-ийг хэрэгжүүлэхдээ сургалтаа орхичихдог. Хүмүүсээ сургаагүйгээс болоод ажилчид нь BI-ийг хэрэглэж чадахгүй, үр дүн гарахгүй  тохиолдол бий. Тиймээс дээрх хэдэн зүйлс дээр анхаараад, засаад явчихвал BI төсөл амжилттай хэрэгжих үндэс болно.

 ES: Танайх байгууллагуудад BI нэвтрүүлж өгөөд, хэрхэн хэрэглэж, цаашдаа яаж сайжруулж явах мэдээллийг өгч, сургалтад хамруулдаг уу?

Тиймээ, төслийн төгсгөлд хэрэглэгчид зориулсан сургалт, тухайн байгууллагын IT-гийн       мэргэжилтнүүдэд зориулсан техникийн сургалт явуулж өгөх боломжтой.

 ES: ITZone -оос өөр BI-ийг Монголд нэвтрүүлэх эрхтэй компани бий юу?

BI-ийг нэвтрүүлнэ гэдэг эрхийн бус чадамжийн асуудал. Тухайн компанид боловсон хүчин байна уу гэдэг их чухал. ITZone-ийн хувьд чадамжтай компани гэж харж байгаа. Бизнес шинжилгээ хийдэг мэргэжлийн багууд байдаг учраас BI-ийг хэрэгжүүлж болно. Манай компани аливаа том хэмжээний системийг хэрэглэгчиддээ хүргэхээс өмнө эхлээд заавал компани дотроо хэрэгжүүлдэг. Ингэснээр гарч болох асуудлуудыг олж хараад шийдэх боломжтой болдог.