Н.Баттулга: Сайн баггүйгээр менежментийн хувьчлал болохгүй байх байсан

November 28, 2013

Манай Human Capital (HC) сэтгүүлийн урилгыг хүлээн авч ярилцлага өгсөн танд баярлалаа. Мэдээллийн технологийн тэргүүлэгч компанийн удирдлагын хувьд тантай тус салбар үйл ажиллагааны талаар ярилцах гэж буй даа тун таатай байна.

Human Capital сэтгүүл ковер 2013 н.баттулга

HC: Мэдээллийн технологи гэдэг зүйл дэлхийг хавтгайруулж, гол хөдөлгөгч хүч нь болоод байна, энэ тал дээр?

Мэдээллийн технологийн салбар нь зах зээлд оролцогч нийгмийн бүхий л  талуудад үйлчилдэг онцлогтой салбар юм. Мэдээллийн технологийг хэрэглэдэггүй хувь хүн албан байгууллага гэж байхгүй.  Тодруулбал жижиг цайны газар ажиллуулдаг газар ПОС систем ашиглаж байхад том байгууллага бизнесийн үйл ажиллагааг бүрэн удирдан, хянах автоматжуулалт менежментийн  системтэй  байдаг.

Манай компани зах зээлд үйл ажиллагаа явуулж эхлээд 17 жил болсон ба  улс эх орны давшингуй хөгжилтэй хөл нийлүүлэн хөгжсөөр байна. Дэлхий даяар мэдээллийн технологи улам хурдацтай хөгжиж байна. Өмнө нь бизнес болон шинжлэх ухааны байгууллагууд компьютер, тооцоолон бодох систем хэрэглэдэг байсан бол  интернэт бий болсноор байгууллага, компьютер бүр системд холбогдож одоо улам бүр хүрээгээ тэлэн гар утас, гэрийн телевиз хүртэл  интернетэд холбогдон ажиллаж байна. 

Автомашин, ухаалаг тоолуурууд гэх мэтчилэн удирдаж, хянаж болдог төхөөрөмж бүхэн сүлжээнд холбогдсоноор асар том мэдээллийн  бааз бий болгож хэрэглээ улам бүр өссөөр байна. Энэ үлэмж том сүлжээ,  мэдээллийн баазыг хэрхэн удирдах нь орчин үеийн мэдээлэл технологийн салбарынхны гол асуудал, технологийн хөгжлийн чиг хандлагыг тодорхойлж байгаа юм.

HC: Эдийн засаг мөн адил хөгжиж байгаа шүү дээ. Манай улсын хувьд эдийн засаг болон мэдээлэл технологийн хөгжил аль нь алиныгаа даган хөгжиж байна вэ?

Манай улсын хувьд эдийн засаг маань үндсэндээ уул уурхайг дагасан бүтэцтэйгээр хөгжиж байна. Улс орнуудын хөгжлийн түвшин, өрсөлдөх чадварын индексийг Дэлхийн эдийн засгийн форумаас жил бүр гаргадаг бөгөөд үндсэн гурван хэсэгт хуваан авч үздэг.  Үүнд нөхцөл шалтгаанд суурилсан эдийн засаг, бүтээмжид суурилсан эдийн засаг, сүүлд нь хөгжингүй орнуудын инноваци буюу мэдлэгт суурилсан эдийн засагтай улс гэж хувааж байгаа юм.  АНУ, Япон,  Европын улсууд гэх мэт мэдлэгт суурилсан эдийн засагтай улсад мэдээллийн технологи нь эдийн засгаа "чирч" явж байгаа юм. Жишээлбэл  АНУ-ын Oracle, Apple, IBM гэх мэт компаниуд эдийн засагтаа үлэмж их хувь нэмэр оруулж эдийн засгийнхаа гол хөдөлгөгч хүч нь болж байдаг.

Харин манай улсын хувьд эдийн засаг нь мэдээлэл технологио авч явж байна гэж хэлж болох байх. Судалгаанаас харахад Монгол улсын ДНБ хэр өссөнөөс шалтгаалан мэдээллийн технологи зах зээл  дагаж өсөж байдаг.  Эдийн засаг саарах үед мэдээллийн технологийн зах зээл мөн дагаад буурдаг ба бүр илүү их хувь хэмжээгээр хумигдсан үзүүлэлт гардаг.  Цаашид оюуны энэ их шавхагдашгүй нөөцөөс буй болдог мэдээлэл технологи, програм хангамжийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх нь улс эх орны эдийн засаг, цаашлаад ногоон эдийн засгийг хөгжүүлэх чиглэлд туйлын их ач холбогдолтой гэдэгтэй маргахгүй биз ээ.  

HC: IT Zonе-ийн Хөгжлийг хурдасгах тэрхүү бодлого ямар арга барилаар хэрэгжин хүмүүст хүрдэг вэ?

Сүүлийн үед уул уурхай, үйлчилгээ гэх мэт салбар доторх өрсөлдөөн маш хүчтэй болж байна. Жишээлбэл үйлчилгээний салбарт мэдээллийн технологийг аль компани нь сайн, оновчтой ашигласан бэ гэдгээс хамаарч өрсөлдөөнд өөрийн давуу талыг бий болгож өрсөлдөх чадвараа дээшлүүлж өрсөлдөөнд ялж байна.  Үр ашигтай систем, процессуудыг ухаалгаар удирдсанаар замбараагүй олон  процесс, үйл ажиллагааг хянаж тухайн компанид өртөг зардал, үйл ажиллагааны хэмнэлтийг бий болгож олон давуу талуудыг авчирдаг. Компанийн бүхий л  түвшний үйл ажиллагааг нэгдсэн нэг удирдлагаар хангаж,  хэлтэс албад,  эдийн засгийн гол үзүүлэлтүүдээ хянаснаар тухайн компани өрсөлдөх  чадвараа дээшлүүлж үнэ өртгийг  буулгах, үйлчилгээний чанарыг дээшлүүлж байдаг. Хэмжиж чадахгүй бол удирдаж чадахгүй гэдэг бизнес зарчим байдаг. Аливаа  зүйл хэмжигдэхгүй бол удирдагдахгүй шүү дээ.  Тэрхүү процессыг тодорхойлогч, удирдлагаар хангах технологийг л мэдээллийн технологи гээд байгаа юм.

HC: Мэдээлэл технологийн үйлчилгээ үзүүлэгч компаниуд технологийн шинэчлэлийг Монголдоо хөгжүүлэхэд  манай хөрсөнд хэрхэн зохицсон бэ?

Манай улсын хувьд Мэдээлэл технологийн хөгжлийг бид ерөнхийд нь 1990-2000, 2000-2010, 2010-2020 гээд гурван үечлэлд авч үздэг.  Бид 2020 оныхоо  бодлогыг тодорхойлоод түүнийхээ дагуу ажиллаж байгаа.  1990-2000 он хүртэл компьютержилт, МТ-ийн тоног төхөөрөмжийн хэрэглээ нэвтрэх үе шат явагдаж байсан бол 2000-2010 онуудад дэд бүтэц, сүлжээ, интернэтийн технологиуд хүчтэй нэвтэрсэн. Харин 2010-2020 оны хооронд   Програм хангамж, бизнесийн автоматжуулалт, үүлэн тооцоолол, хөдөлгөөнт оффис, гар утсанд суурилсан аппликейшны үе явагдсаар байна.

 Мэдээллийн системийг компьютер, тоног төхөөрөмж төдий ойлгож байсан бол одоо мэдээллийн технологи гэдэг нь үйл ажиллагаа процессыг автоматжуулах, компанийн  үр ашгийг нэмэгдүүлэгч, ногоон эдийн засгийг бий болгогч гол технологи болсон байгааг дэлхий нийтээрээ хүлээн зөвшөөрөөд байна. Манай улсын хувьд энэхүү мэдээлэл технологийн хэрэглээ тэр бүр өргөн хүрээнд нэвтэрч чадаагүй хэвээр л байна. Бид одоохондоо гар утас, интернет, компьютер, зарим жижиг програм хангамжаар МТ-ийн хөгжлийг ойлгож байгаа нь учир дутагдалтай бөгөөд энэ салбарт ажиллаж буй компаниуд цаашид нийгмийн болон бизнесийн салбарт үр ашиг, бүтээмж, аюулгүй байдлыг дээшлүүлэх олон шийдлүүдийг өөрсдийн нөөц бололцоогоор хийх сорилттой тулгарч байна.  

Жишээлбэл манай улсын хувьд жижиг дунд бизнесийг хөгжүүлэх тухай их яригддаг.  Энэ салбарыг хөгжүүлэхэд МТ-ийн хэрэглээ туйлын чухал бөгөөд бага зардал, нөөцөөр боломжийн хэмжээний ашиг орлоготой ажиллаад байх боломжийг олгодог нэг хэрэгсэл, арга нь мэдээлэл технологи юм. 

Тиймээс манай компани томоохон аж ахуйн нэгжүүдэд үйлчилгээ үзүүлэхээс гадна жижиг дунд бизнест мэдээлэл технологийн хэрэглээг түлхүү нэвтрүүлэх, заавал гадаадын том систем гэлгүй  дотоодын  бүтээгдэхүүнийг бүтээн хөгжүүлж үнэ өртөг багатайгаар үйлчилгээ үзүүлэх талд дээр анхаарч ажилладаг.

HC: Миний бодлоор зарим жижиг дунд бизнесийн байгууллагууд мэдээлэл технологийн хэрэглээг байгууллагадаа нэвтрүүлэхэд тэрхүү мэдлэг мэдээлэл дутуу байдаг юм шиг санагддаг?

Үнэндээ бол мэдээллийн технологийг хүмүүс их төвөгтэй, ойлгоход хэцүү байдаг гэх мэт ташаа ойлголтуудаас болоод тэр бүр үйл ажиллагаандаа нэвтрүүлэхгүй яваад байсан үе бий. Гэхдээ одоо байдал арай өөр болсон. Ихэнх байгууллагууд үйл ажиллагаандаа нэвтрүүлээд үр ашгийг нь хүртэж байгаа. Мөн энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компаниудын тоо олширч мэдээлэл олох арга хэрэгслүүд ч амар хялбар болоод байна.  Манай компанийн хувьд өөрийн компанийн үйл ажиллагааг мэдээллийн бүхий л хэрэгслийг ашиглан хэрэглэгчдэд хүргэхээс гадна мэдээлэл технологийн зөвлөхүүдийг ажиллуулдаг.  Хэрэглэгчдэд үйлчилгээ бүтээгдэхүүнийг нэвтрүүлэхээсээ өмнө  тухайн байгууллагын хэмжээнд тохирох ямар технологи байгаа,  төлөвлөлтөө хэдэн жилээр яаж хийх,  үр ашигтай болоод хэрэгтэй мэдээллийн технологийг хэрхэн яаж хэрэгжүүлж  өрсөлдөх чадвараа дээшлүүлэх зэрэг  олон зөвлөх үйлчилгээг үзүүлдэг.

HC: ДНБ-ийн өсөлтийг дагаж Мэдээлэл Технологи өсөж байдаг гэж та ярилаа шүү дээ. Энэ онд манай улсын ДНБ өссөн гэсэн үзүүлэлт, тоо баримт гарсан. Энэхүү өссөн үзүүлэлт танай салбарт яг бодитоор нөлөөлж байна уу?

Хэдийгээр ДНБ өссөн гэсэн тоо баримт гарч байгаа ч энэ онд байдал тийм ч таатай биш харин ч манай салбарын хувьд удаашралтай байлаа. Саяхан авсан судалгаагаар мэдээллийн технологийн салбар маань 25 хувиар буурсан үзүүлэлттэй гарсан. Учир нь манай улсын гол орлого олдог уул уурхайн салбарын зогсонги байдал нь эдийн засгийн сааралтыг бий болгосон. Уул уурхай нь бүхэлдээ эдийн засагт нөлөөтэй байдаг тул зөвхөн уул уурхай гэлтгүй дагасан бусад салбаруудын хөрөнгө оруулалтууд удааширч бизнесийн өсөлтийг зогсоож байгаа нь манай салбарт хүчтэй нөлөөлсөн гэж үзэж байгаа. Оны эцэст засгийн газар ч хөрөнгө оруулалтын хязгаарлалт хийж олон төрлийн төсөл хөтөлбөрүүдийг хойшлуулсан нь өсөлтийг бууруулах бас нэг шалтгаан болсон. 

HC: Төрийн байгууллагын цахим хуудсууд байсхийгээд л халдлагад өртдөг шүү дээ?

Ер нь бид хэмжээлшгүй их мэдээллийн дунд амьдарч байна, хил хязгааргүй мэдээллийн ертөнцөд өөр хоорондоо харилцаж байгаа нь мэдээж олон асуудал, саар зүйлүүдийг ч дагуулдаг. Мэдээлэл технологийн  аюулгүй байдал бол яалт ч үгүй энэ салбарын тулгамдсан гол асуудлуудын нэг.  Засгийн газрын зүгээс мэдээлэл технологийн  аюулгүй байдлын талаар их ярьдаг болсон нь сайшаалтай. Үнэнийг хэлэхэд энэ чиглэлийн мэргэжилтэн манай улсад учир дутагдалтай. Яг нарийн  “энхийн буюу этикал хакер” гэж нэрлэгддэг тийм мэргэжилтэн маш ховор. Гэтэл хөрш болон бусад орнуудад асар өндөр хөгжсөн байдаг. Хамгийн их хакер халдлагад өртсөн орны судалгаагаар Монгол улс нилээд дээгүүр орсон байгаа. Хамгаалж чадахгүйгээр маш их мэдээлэл үйлдвэрлэн гаргадаг.  Үүнийг засгийн газрын түвшинд бодлогоор дэмжиж яаралтай  арга хэмжээ авч хэрэгжүүлэх ёстой.  Хувийн байгууллагууд өөр өөрийн түвшинд аюулгүй байдалдаа анхаарч төрөл бүрийн технологи арга хэрэгслүүдийг ашиглаж байдаг.  

Мэдээллийн аюулгүй байдал нь зөвхөн комьпютерийн хакеруудаас хамгаалахаас гадна тухайн компанийн дотоод журам, мэдээллийн аюулгүй байдлын бусад стандарт гэх мэт цогц ойлголт байдгийг анхаарах хэрэгтэй. Манай компанийн хувьд ч  мэдээллийн аюулгүй байдлын чиглэлээр алба байгуулаад  үйл ажиллагаагаа эрчимжүүлэн ажиллаж байна.

HC: IT ZONE компани 1997 онд М-Си-Эс Электроникс нэртэйгээр анх байгуулагдаж байсан тэр үетэй одоог харьцуулахад мэдээлэл технологийн хөгжлийн хувьд асар их өөрчлөгдсөн байх?

Мэдээлэл технологийн компаниудаас анхдагч болж М-Си-Эс Электроникс компани байгуулагдаж байсан. Өмнө хэлсэн үечлэлээр аваад үзэх юм бол мэдээж их зүйл өөрчлөгдсөн байх. Гэхдээ үндсэн философи маань хэвээрээ л байгаа.  Тэр үед Сингапур болон зүүн өмнөд Азийн орнуудаас зөвхөн компьютер  принтер импортолдог, тухайн үеийн хэрэгцээ ч тийм байсан.  Software, программ хангамж, үйлдлийн систем оффис илүү хэрэглээ талдаа байж,  байгууллагууд гадаадын санхүүгийн програмыг ашигладаг байсан. Ерөнхийдөө бид цэвэр импортлогч компани байсан.

Харин одоо  IT ZONE компани энэхүү 16  жилийн хугацаанд үйл ажиллагааныхаа хүрээг жил тутам өргөжүүлэн хөгжүүлсээр цэвэр МТ-ийн салбарын үйл ажиллагаа явуулдаг 230 орчим ажилтан ажиллагсадтай үндэсний хэмжээний компани болоод байна. . Бид импортлогчоос үйлдвэрлэгч гэсэн чиглэл рүү явж байна. Бидний өөрсдийн зохион бүтээсэн программ хангамжууд жилээс жилд гарч төрөл бүрийн байгууллагуудад нэвтэрч байна. Хамгийн сүүлд хүний нөөцийн программ хангамжийг өөрийн хүч нөөц бололцоонд тулгуурлан зах зээлд нэвтрүүлсэн нь амжилттай байгаа бөгөөд бидэнд их урам зориг өгсөн. Мөн түүнчлэн үйл ажиллагааны чиглэлээ барилга, уул уурхай, үйлдвэрлэлийн салбарт өргөжүүлэн олон төрлийн систем интеграцлалын шийдэл, төслүүдийг нэвтрүүлээд байна. Бид програм хангамж, компьютер тоног төхөөрөмжүүдийн нийцэл интеграцыг бүхий л түвшинд хангах иж бүрэн цогц системийг нэг дороос үзүүлэгч компани болсон нь өрсөлдөгч компаниудаас ялгарах манай гол давуу тал болдог юм.

Нөгөө талаараа бид өндөр технологи бүхий орнуудын  МТ-ийн тэргүүлэгч компаниудтай нягт уялдаатай хамтран ажиллаж тэдгээр нарийн төвөгтэй технологи,  системүүдийг өөрийн болгон эзэмших боловсон хүчнээ тогтмол бэлтгэж энэхүү нэмэгдэж байгаа  МТ-ийн төвөгтэй даалгавар, шийдэл төслүүдийг амжилттай хэрэгжүүлж байна.

Аливаа бизнес хүнийн хүчин зүйл дээр тулгуурлан явагддаг болохоор манай компанийн хувьд хүн гэдэг бол маш чухал. Тиймээс боловсон хүчнээ хөгжүүлэх, тэдний мэдлэг боловсролыг сайжруулахад нилээд  их хөрөнгө оруулалт хийдэг.

HC:  IT ZONE Монголын мэдээлэл технологийн салбарын зэх зээлийн хэдэн хувийг эзэлдэг вэ?

Ерөнхийдөө мэдээлэл технологийн зах зээлийн тоо баримтыг албан ёсоор гаргадаг судалгааны байгууллага байдаггүй л дээ.  Гаалиар импортлогдсон МТ-ийн тоног төхөөрөмжийн хэмжээгээр бол манай компанийн 30 орчим хувийн зах зээлийн эзэмшилтэй гэж гардаг.  Яг систем интеграцын зах зээл дээр мөн л тодорхой биш ч манай гаргасан судалгаа тоо баримтаар бол мөн л 30 гаруй хувь байдаг.  

HC: IT-ын мэргэжлийн бус хүний нүдээр МТ-ын программ зохионо гэдэг маш их оюун ухаан, судалгаа, цаг хугацаа шаарддаг байх гэж бодлоо?

Манай Монголын компани, аж ахуйн нэгжүүд улам бүр өргөжин тэлж дээд тал нь тав зургаан мянган ажилчинтай болсон байна. 20 жилийн өмнө  ямар байсныг хүн бүхэн мэдэж байгаа.  Маш сайн менежмент удирдагч нараас гадна энэхүү нүсэр бүтцийг удирдах ухаалаг системтэй байж тэр олон хүнийг удирдана. Жишээлбэл хүний нөөцийн түвшинд хүний нөөцийн сайн системтэй байх ёстой.  Бизнесийн олон төвөгтэй харилцаанууд бий болж байна.  Энэ бүх менежментийг хийхийн тулд Мэдээлэл Технологийн нарийн шинэ технологиудыг нэвтрүүлдэг. Ийнхүү системүүдийг авч удирдлага, хяналт хийж байгаа нь эргээд бизнесийн зөв оновчтой зохион байгуулалт удирдлагаар хангах ач холбогдолтой.  Энэ бүхнийг хийхэд нэн тэргүүн хамгийн гол даалгавар бол тухайн компанийн бизнес процессыг судлах асуудал байдаг. Тухайн системийг хөгжүүлэн гаргах нийт цаг, хөлс хүчний  60 гаруй хувь нь бизнес процесс анализ хийхэд зарцуулагддаг.   Жишээлбэл манай компанийн хүний нөөцийн програмыг хийхэд зөвхөн программист, системийн шинжээч, инженерүүдээс гадна Ми-Си-Эс Группийн хүний нөөцийн ахлах мэргэжилтнүүд, Монголын хүний нөөцийн институт  зэрэг мэргэжлийн байгууллагууд нийлээд түлхүү оролцсон ба хамтарч хүний нөөцийн салбарыг нарийн судалсны эцэст эцсийн бүтээгдэхүүнээ хэрэглэгчийн шаардлага, тухайн цаг үеийн бизнес процесст нь нийцүүлэн гаргаж байгаа юм. Түүгээр ч зогсохгүй гадны томоохон системүүдийн бизнес процессуудыг судлан нарийн алгоритм схемүүдээ гаргаж авдаг.

HC: Таны удирдлагын арга ухаан, түүний хэрэгжилтийн талаар асууя. Монголынхоо Мэдээлэл технологийн салбарын томоохон компанийг удирдах үйл явцдаа та өөрийн өмнө тавьсан зорилго зорилтдоо яаж хүрч ажиллаж байна вэ?

Компанийнхаа төлөвлөгөөг Эрхэм зорилго, алсын хараандаа тулгуурлан таван жилээр гаргадаг. Мөн богино хугацааны стратегид суурилсан жилүүдээр зорилтуудаа тодорхойлдог.   Жилд хоёр удаа өөрсдийн бизнесээ чөлөөтэй ярилцах зарчмаар шинэчилж байна.  Гаргасан стратегиа маань зөв явж байна уу буруу явж байна уу гэдгийг өөрсдөө ярихаас гадна хөндлөнгийн эксперт, туршлагатай хүмүүсийг оролцуулан дүгнэлт, зөвлөмжүүдийг авч байдаг.. Компанийн маань зорилго маш тодорхой. Бүхий л төрлийн байгууллагуудад зориулсан, тэдний өрсөлдөх чадварыг нь дээшлүүлэх, сэтгэл ханамжтай байлгах бүтээгдэхүүн, үйлчилгээг хурдан шуурхай, чанартай хүргэх.  Дээрх үндсэн зорилготой холбоотойгоор IT ZONE компани  жижиглэнгийн зах зээлээсээ аажмаар гарч байгууллагын зах зээл  дээр төвлөрч байгаа гэж ойлгож болно. Бид дээр дурдсан байгууллагын  бизнес процесс, өрсөлдөх чадварыг нь дээшлүүлэхэд зориулсан “Таны амжилтын хурдасгуур” гэсэн уриа дэвшүүлэн ажиллаж байна.

 Энэ зорилгынхоо хүрээнд Монголын МТ-ийн  зах зээл дэх байгууллагын хэрэглээг түлхүү болгох юмсан, үүгээрээ дамжуулан Монгол улсынхаа хөгжилд  хувь нэмэр оруулах юмсан гэж боддог.  Мэдээллийн технологи сайн хэрэглэдэг байгууллагын өрсөлдөх чадвар сайжирч байна гэдэг нь Монгол улсын  эдийн засаг эрчимтэй сайн хөгжинө, Монгол улсын өрсөлдөх чадвар дээшилнэ гэсэн үндсэн философи цаана нь байгаа. Тиймдээ ч Монгол улсынхаа хөгжлийг хурдасгах хурдасгуур болох юмсан гэж зорьж байна даа.

 HC: Мэдээллийн технологи гэдэг нь өөрөө маш их оюун ухаан шаардсан салбар шүү дээ. Тиймээс та тэрхүү хөгжлийн хурдасгуур болсон хөдөлгөгч хүчин, баг хамт олныг хэрхэн бүрдүүлдэг вэ?

Манай компани шинэ нэртэй болсон ч 17 жил зах зээл дээр оршин тогтносон хуучин компани. Мэдээлэл технологийн салбарт инженерүүд голдуу ажилладаг учраас маш бүтээлч  орон зай байдаг. Тиймээс тэр бүтээлч орон зайг хөхүүлэн дэмжих тал дээр компани маш онцгой анхаардаг.  Олон компанид үйлчилгээ үзүүлж шинэ бодлоготой өдөр болгон тулгарч байдаг учраас  компанийн инженерийн алба болон бусад ажилчид маань санаа авч улам  их зүйлийг бүтээх юмсан гэж урамшдаг. 

Дандаа залуучууд учраас байгууллагын “тунгалаг” соёлыг бий болгож хоорондоо их нээлттэй эвсэг ажилладаг.  Хийх ёстой ажил, ажлын зарчим тодорхой байдаг учраас ажилтан болон байгууллагын удирдлага хоёрын хооронд их ялгаа байдаггүй. Хамгийн гол нь компанийн бизнест оролцох оролцоог сайжруулаад өгөх юм бол  иргэд ажилчид компанидаа итгэх итгэл их сайн болдог юм шиг санагддаг.  Мэдээллийн технологи маань үргэлж  хувьсан шинэчлэгдэж байдаг учраас манай  байгууллагад ажиллаж байгаа хүн хэзээ ч хуучирч, хоцрогддоггүй онцлогтой юм.

HC: Боловсон хүчний хувьд Монголдоо боловсрол эзэмшсэн залуучууд байна уу аль эсвэл мэдээлэл технологи гэдэг утгаараа гадаадад бэлтгэгдсэн боловсон хүчнээр байгууллага хангагдаж байна уу?

Манай залуучууд  ихэнх нь Монголдоо бэлтгэгдсэн боловсон хүчин байгаа. Харин сүүлийн үед гадаадад сурч төгссөн хүмүүс их ирж байна. Гадаадын боловсон хүчин ч манайд ажиллаж байна.

HC: Боловсон хүчний чадавхын хувьд гадаадад болон дотоодод төгссөн хүмүүсийн хооронд ялгаа гардаг уу?

Манай Монгол инженерүүд маш өндөр ур чадвартай. Гадаадад төгссөн сайн залуучууд маш олон байна.  Жишээлбэл Монголд гуравхан байдаг олон улсын сертификаттай инженерийн хоёр нь манайд ажилладаг. Саяхан нэг нь сертификатаа авсан. Тэрхүү CCIE гэдэг сертификатыг дэлхийд 33-хан мянган хүн эзэмшдэг. Энэ бол дэлхийн аль ч улсад очоод CISCO технологийг нэвтрүүлэх төсөл, ажилд оролцох бүрэн эрхтэй, чадавхтай болж байгаа юм.

HC: Мэдээлэл технологийн компани учраас танай байгууллага өөрөө бүрэн програмчлагдан системчлэгдсэн байдаг уу?

Бид бүтээгдэхүүн үйлчилгээг гаргахдаа эхлээд компанидаа нэвтрүүлдэг.  Нэг талаасаа өөрсдөдөө туршилт хийх нөгөө талаараа бизнесийн процессыг автоматжуулдаг. Хүний нөөц, санхүү, төсөл гэх мэт зургаа долоон систем ажилладаг. Энэ бүгдийг нийлүүлээд нөөцийн удирдлагын систем буюу ERP систем болгон ажиллах зорилготой. Энэ нь байгууллага удирдаж авч явж байгаа хүмүүст маш их хэрэгтэй. Бизнесийн шийдвэр гаргах процессуудыг автоматжуулж түүнийгээ онлайн болгосноор бизнесийн маневарлах чадварыг дээшлүүлж байгаа юм. Энэ утгаараа хурд ч бий болж байдаг.

HC: Танай байгууллага анх MCS-ийн харьяанд байгуулагдсан. Харин одоо хүмүүс салгаж ойлгохгүй, зарим нь бүр мэдэхгүй байгаа шүү дээ? 

Бид MCS-ийн харьяанаас Монголдоо анх удаа бизнесийн салбарт  хийгдсэн томоохон хэмжээний хувийн хувьчлалаар тусдаа гарсан. Энэ бол 200 гаруй хүнтэй компанийг хувьчилсан хувийн хэвшлийн салбарын бараг анхны тохиолдол байх. MCS компани ч нийгмийн хариуцлага  болон бусад бизнест ямагт анхдагч байдаг гэдэг утгаараа маш зоригтойгоор зохион байгуулан судалж энэ хувьчлалыг хийсэн. Менежментийн хувьчлал гэдэг нь менежментийн баг нь өөрөө тодорхой нөхцөлтэйгөөр компаниа худалдаж авахыг хэлж байгаа юм. Хуучин MCS  электрониксийн менежментийн багийн 10 гаруй гишүүн энэхүү менежментийн хувьчлалд оролцсон. Мөн байгууллагад удаан ажилласан мөн тооны хүмүүс гээд нийтдээ 20 гаруй хувьцаа эзэмшигчид нэг баг болж  компаниа цаашид өөрсдийн эзэмшилд авч явахаар  энэ онд  гэрээ байгуулагдсан. MCS компанийн зүгээс ч дэмжиж тодорхой хугацаанд компанийн төлбөрийг хөнгөлөлттэй нөхцөлөөр төлөхөөр гэрээ хийсэн байгаа. Энэ гурван жил бидний хувьд маш хариуцлагатай жил байх болов уу.

Энэ нь нэг талаасаа нэг компанийн асуудал мэт боловч нөгөө талаасаа Монголд эдийн засгийн шинэ үе ирж байгааг харуулж байгаа бизнесийн процесс гэж үзэж байгаа. Бизнесүүд хөгжөөд тодорхой түвшин шатанд гараад ирэхээр компаниуд илүү томоохон хөгжингүй бизнес рүү хүрээгээ тэлж өргөжүүлэх шаардлагатай болдог.  Үүний дагуу MCS компани ч бизнесийн бодлогоо тийшээ чиглүүлэн бусад хамаарал багатай, жижиг дунд  төрлийн бизнесүүдээ тухайн авч явж буй залууст нь хариуцуулан туурга тусгаарлаж байгаа гэж ойлгож болно. Цаашдаа ч иймэрхүү процесс бусад компаниудын дунд явагдах бизээ.

HC: Хэдий тийм ч танай компанид одоо ч MCS компанийн соёл байдаг байх?

Мэдээж байлгүй яахав. Би өөрөө энэ компанид 15 жил ажилласан хүн.   Брэнд, брэндийн цаана чанар чанарын цаана том итгэлцүүр гэж байдаг.  Тиймээс IT ZONE компанитай гэрээ хийсэн ямар ч компани сэтгэл дундуур байх ёсгүй. Ямар ч асуудал гарсан шийдээд ард нь гарч 100 хувийн гүйцэтгэлтэйгээр ажлаа хийдэг өн хариуцлагатай байх ёстой. Энэ хариуцлагыг бий болгохын тулд ч бид өөрсдийгөө чадавхжуулж сайжруулан, хурдан шуурхай үйлчилж чанартай бараа бүтээгдэхүүн нийлүүлдэг.

HC: Салбартаа тэргүүлэгч компанийг туурга тусгаарлаад аваад гарахад ямар эрсдэл байсан бэ?

Менежментийн хувьчлалаар гарахдаа мэдээж яах ийх бол гэсэн бодол байсан. Хамгийн гол нь бид хэрэглэгчдийнхээ итгэлийг хүлээсэн байсан. Хувьчлагдаж гарсан зургаан сарын хугацаа бол  шилжилтийн үе байлаа. Энэ үеийг бид даван туулаад гарсан. Хэчнээн эдийн засгийн хүнд нөхцөлд байгаа ч гэсэн борлуулалт маань өмнөх жилийнхээс буураагүй. Харин ч бидний энэхүү шилжилтийг хэрэглэгчид маань маш сайн ойлгон хүлээж авч байсанд нь бид маш их баяртай байгаа. Менежментийн баг өөрчлөгдөөгүй учир бидэнд итгэсэн байх гэж боддог. Хамтран ажилладаг банкууд ч мөн сайн итгэж хамтын ажиллагаагаа хэвээр нь үргэлжлүүлсэн. Ийнхүү  хүнд, эрсдэлтэй үеийг даваад гарсан учраас бид одоо урам, зоригтой урагш тэмүүлэн ажиллаж байна.

HC: “Могул”-ыг би Монгол брэнд тэр дундаа IT ZONE компанийн бүтээгдэхүүн гэж ойлгодог. Энэ ойлголт маань зөв үү?

Зөв байлгүй яахав. 2010 оноос эхлээд зах зээл дээр анх гаргасан. Могул брэнд маань анх ширээний компьютерээс эхэлж байсан бол  нөүтбүүк, телевиз зэрэг бүтээгдэхүүнээр баяжиж одоо таблейт, ухаалаг утасны зах зээлд орохоор судалгаа хийгдэж байна.  Могул брэнд гэхээр зөвхөн телевиз, компьютер биш харин могул брэндийн цаана бүрэн цогц эко систем байх тал дээр ажиллаж байгаа.

Борлуулагдаж байгаа Могул брэнддээ манайх гурван жилээр баталгаа өгч тогтмол үйлчилгээгээр хангаж байдаг. Өмнө нь ширээний компьютерийн нийт зах зээлийн 80 орчим хувийг, зөөврийн компьютерийн 20 орчим хувийг эзэлдэг байсан бол одоо 60 хувь нь зөөврийн, 40 хувь нь ширээний компьютер болж  хөдөлгөөнт зөөврийн төхөөрөмжүүдийн борлуулалт ихсэж байна. Могулын хөгжлийг үүнтэй уялдуулж байгаа юм.

HC: Үндэсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүний борлуулалт ямар байна вэ?

Компьютерийн маань борлуулалт тийм өндөр биш ч гэсэн бидний хувьд бол боломжийн. Нийт борлуулалтын 14 хувийг Могул маань эзэлж 80 гаруй хувийг DELL брэнд эзэлдэг. Энэ бол чамлахааргүй амжилт юм. Зах зээл дээр гарснаасаа хойш 8000 гаруй хувь борлогдож гурван жилийн баталгаат хугацаанд олон улсын түвшний гэмтлийн түвшинд харьцангуй бага хувьтай байсан. Мэдээж дэлхийн том брэндүүдтэй яаж өрсөлдөх үү. Үндэсний үйлдвэрлэлийг засгийн газраас дэмжээд явна аа гэдэг ч яг цагаа тулахаар дэмждэггүй л юм байна лээ. Гэхдээ эх оронч, үндэсний үйлдвэрлэлээ дэмждэг хэрэглэгчид мэдээж манайд зөндөө байдаг. Хамгийн их хэрэглэдэггүй байгууллага бол төрийн байгууллагууд байсан гээд хэлэхэд хилсдэхгүй байх. Ний нуугүй хэлэхэд энэ тал дээр жаахан шүүмжлэлтэй ханддаг. Уг нь бид анх брэндээ гаргахдаа эсрэгээрээ төрийн байгууллагууд маань хамгийн их хэрэглэх болов уу гэж бодож байсан юм.

HC: Dell компани танай байгууллагын зарим үйл ажиллагааг ивээн тэтгэдэг. Ямар түвшинд хамтран ажилладаг вэ?

2000 оноос хойш хамтарч ажиллаж байгаа анхны Монгол дистрибьютор компани юм. 13 жил Монголын зах зээл дээр Dell компанитай хамтарч байна. Тиймээс ч манай компанийн хөгжилд салшгүй холбоотой ханган нийлүүлэгч буюу хамтрагч юм.Энэ утгаараа бид ч маш их бахархдаг. 

Ер нь Монголын мэдээлэл технологийн хөгжилд Dell  компани асар их үүрэг гүйцэтгэдэг гэж боддог. Монголын хэрэглэгчдийн хэрэгцээ шаардлагыг хангаж чаддаг, технологийн чиглэлээр найдвартай ажиллаж чаддаг маш тогтвортой сайн брэнд юм. Энэ нэр хүндийг олон жил хадгалж явна гэдэг бол хэцүү. Мөн төлөөлөгчийн газраа Монголд нээж төлөөлөгчөөр нь монгол хүн ажиллаж байгаа.

HC: Dell компьютер бүтээж, Apple брэнд бүтээдэг гэдэг үг байдаг шүү дээ?

Тэр бол магадгүй үнэн байх л даа. Dell бол байгууллага, бизнес талдаа зориулагдсан компани байхад Apple компани илүү хувь хүн, гэрийн хэрэглэгчид рүү чиглэгдсэн байдаг. Apple-ыг хүмүүс технологи гэхээсээ  илүү дизайн, life style гэдэг талаас нь хэрэглэдэг.

HC: Та түрүүн өөрийгөө MCS-ийн бүтээгдэхүүн гэж хэллээ шүү дээ. Одоо ийнхүү өрх тусгаарлаад компаниа хариуцаад явах хүртэлх тэр замналынхаа талаар ярихгүй юу?

Анх сургуулиа төгсөөд л MCS компанид орсон. Манай ажилчид намайг нэг компанидаа хамгийн удаан жил ажилласан хүн гэж ярьдаг гэсэн.  Үүнд ч шалтгаан бий. Учир нь анх ажилд орсон цагаасаа эхлээд л компанитайгаа өсөж хөгжиж яваа юм. Анх би компьютер угсарч, айлд компьютер хүргэж өгөөд л ажлаа эхэлж байсан. Түүнээсээ борлуулагч, маркетинг борлуулалтын менежер гэх мэт бүхий л дамжлагаар явсан. Тиймээс ч MCS компани бол миний амьдрал, бизнесийн их сургууль болсон. Тэр ч үүднээсээ багагүй хэмжээний туршлага олж авсан гэж ойлгож байгаа. MCS компани бол хүнийг маш сайн сургадаг, онолын дагуу ч практик дээр ч.

Энэ их байгууллагын соёлыг  өөрийн залуучууддаа хүргэхийг зорьдог.

HC: Аливаа юманд тууштай байхын нэг сайн жишээ юм байна аа гэж би бодлоо?

Нэг талаараа компанийнхаа хөгжлийг анхнаас нь мэддэг учраас, мөн хийж чаддаг ажлаа хийж байгаа учраас би ажилдаа дуртай. Хүн хийж чаддаг ажлаа л хийх ётой л доо. Би өөрөө электроникийн инженер хүн учраас мэргэжлийнхээ ажлыг хийх шиг сайхан юм байхгүй. Тиймдээ ч цаашид хийх зүйл асар их байна. Хэдий 16 жил болсон ч IT ZONE дөнгөж эхэлж байна.  Бүхнийг нойлоос эхэлж байгаагаар төсөөлж бид  өндөр эрмэлзэлтэйгээр ажиллаж байна.

HC: Энэ нь бизнесийн манлайлалтай их холбоотой. Сайн удирдан манлайлснаар нийгэмд баялаг бий болж байдаг. Та тэрхүү хүн баялгийг юу гэж дүгнэх вэ?

Танай сэтгүүл HUMAN CAPITAL гээд  орчин үеийн хүний нөөцийн чиг хандлагыг тодорхойлсон гоё нэртэй. Компани байгууллагынхаа эд зүйлийг тэд эдэн төгрөг гээд үнэлж болдог бол харин хүнийг мөнгөөр үнэлж болдоггүй. Тиймээс ч хамгийн үнэтэй хөрөнгө юм. Цаашид ч хүний хөгжил гэдэг зүйл их яригдана. Одоо үед мэдлэгт суурилсан эдийн засаг гэж их ярьдаг. Энэ бол хүнд суурилсан эдийн засаг юм. Мэдлэг гэдэг нь хүн шүү дээ. Аливаа бизнесийг хүн л удирддаг. Чанартай сайн хүмүүсээр багаа бүрдүүлэх юм бол цаашид их хол явна. Үүний хажуугаар сүүлийн үед хэтэрхий их эдийн засаг, мөнгө гэж яриад байгаа ч хүн чанарын талаар бага яриад байх шиг. Хүн чанар талаас нь ажилчдаа авч явж хүн ёсны харилцаанд сургах хэрэгтэй. Амьдралын ихэнх хугацаа ажил дээр өнгөрч байгаа учраас хэдэн төгрөг авахын тулд биш хүн ёсны харилцааг үүсгэхийн тулд байгууллага ч ажилчид ч анхаарах юм бол багийн сайн ажиллагааг сайжруулж цаашдаа үнэ цэнийг бий болгох болов уу.

HC: Байгууллага доторх тэрхүү хүн ёсны харилцаа байгууллагаас гадагш гараад нийгмийн хариуцлага болох ёстой юм шиг сэтгэгдэл төрлөө?

Нийгмийн хариуцлага гэдэг бол маш чухал сэдэв. Хэдхэн жилийн өмнө бизнесийн зорилгыг эдийн засгийн онолд ашигтай ажиллах гэж байсан. Харин 21-р зууны эдийн засгийн ойлголт бол дан ашиг олохоос гадна тухайн компани тухайн нийгэмдээ бусад харилцаж байгаа хүмүүстэйгээ эрүүл зөв харилцаатай байх тухайд анхаарч байна. Энэ бол нийгмийн хариуцлага юм. Байгууллагын зүгээс ганц нэг тусламж хандив өгөөд нийгмийн хариуцлагын асуудлаа шийдчихгүй л дээ. Хамгийн гол нь тухайн компанийн хүн нэг бүр тухайн амьдарч буй нийгэмдээ хариуцлагатай байх нь нийгмийн хариуцлагатай компани байх үндсэн ойлголт юм. Манай байгууллагын хувьд нийгмийн хариуцлагын хамрах хүрээгээ боловсролын салбарт чиглүүлсэн байдаг. Тиймдээ ч боловсролын салбарт хэд хэдэн програм хангамж, системүүдийг бүтээн хөгжүүлсэн. Нийгмийн хариуцлага гэдэг зүйлийг их цогцоор нь авч үзэх хэрэгтэй байгаа юм.

HC: Дэлхийн баг болоорой. Та бүхэнд амжилт хүсье.