Х.Баяржаргал: Дэлхийн хэмжээний инженер болохыг хүсдэг

November 14, 2013

Өгөгдлийн сангийн удирдлага, сүлжээний технологийн салбарыг тэргүүлэгч Сisco корпораци нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн дөрвөн түвшний сертификат бүхий инженерүүдийг бэлтгэдэг бөгөөд эдгээрээс хамгийн дээд түвшний сертификат болох CCIE-ийг авсан инженер 2013 оны байдлаар дэлхийн хэмжээнд ердөө 38000 гаруй байдаг байна. Харин манай улсад өнөөдрийн байдлаар 3 инженер энэхүү сертификатыг аваад байгаа юм.Энэ удаагийн “Залуусын нэг өдөр” буландаа мэдээллийн технологиор тэргүүлэгч “Ай Ти Зон” компанийн CCIE сертификаттай хоёр Монгол инженерийн нэг Х.Баяржаргалын нэг өдрийн амьдралын талаар цувралаар танилцуулж байна. 

Х.Баяржаргал Ай Ти Зон

Намайг Хүрэлчулууны Баяржаргал гэдэг. Би Булган аймагт 1988 онд төрсөн, луу жилтэй. “Шинэ Монгол” ахлах сургуулийг төгсөн 2006 онд КТМС-ийн програм хангамжийн ангид суралцаад  2012 онд Энэтхэг улсын Бангалор хотод магистрын зэрэг хамгаалж, Сisco компанийн сургалтад хамрагдсан байгаа. 

Сisco нь дэлхий даяарх сүлжээний төхөөрөмжийг боловсруулдаг дэлхийд тэргүүлэгч компани гэдгийг та бүхэн мэдэх байх. Тус компани 8-н үндсэн чиглэлтэй бөгөөд чиглэл тус бүр нь дотроо таван түвшний сертификаттай байдаг.
Миний хувьд CCIE Security чиглэлийн шалгалтыг өгсөн бөгөөд Монгол Улсын хоёр дахь CCIE-ийн сертификаттай инженер болсондоо өөртөө тавьсан нэгэн томоохон зорилгоо биелүүлсэн чухал алхам болсон.
Анх Cisco компанийн сургалтын талаар найзууд, ангийнхнаасаа мэдээллийг авч байсан бол өнөөдөр Монголдоо ирээд ажлынхаа гарааг Ай Ти Зон компаниас эхэлж, энэ компанид сүлжээний аюулгүй байдлын инженерээр ажиллаж байна.

ES: Ажлынхаа нэг өдрийн талаар танилцуулбал?

Ажил маань Өглөө 9 цагаас оройн 18 цаг хүртэл үргэлжлэх бөгөөд заримдаа гадуур ажиллах шаардлага их гарна. Мэргэжлийн онцлог гэвэл сүлжээний аюулгүй байдлыг хангах, гадны халдлагад өртөхгүй байлгах зэрэг сүлжээний асуудал болсон бүх зүйлийг зохицуулахад чиглэх юм. Өөрөөр хэлбэл сүлжээний аюулгүй байдлаа хангаж, хамгаалж чадвал тодорхой хэмжээгээр эрсдэлээс урьдчилан сэргийлэх тул энэ чиглэлд нилээд анхаарал хандуулах хэрэгтэй болдог.

ES: Гадаадад суралцахад хэр их хүндрэлтэй асуудлууд тулгарч байсан бэ? 

Гадаадад сурах, Монголд сурах хоёр бол нэлээд ялгаатай. Учир нь гэр бүл, найз нөхдөөсөө хол бүх зүйлийг өөрөө зохицуулах болдог. Ер нь гадаад оюутны амьдрал бие даасан, аливаад дасан зохицох шаардлага ихтэй байдаг болов уу гэж боддог. Мөн эх хэлээрээ хичээлээ үзэж буй суралцагчидтай өрсөлдөхийн тулд Монголд байснаасаа хэд дахин илүүтэйгээр өөрийгөө дайчлах хэрэгтэй болно.

ES: Чөлөөт цагаа хэрхэн өнгөрөөж байна. Ажиллах эрч хүчээ хаанаас авдаг вэ?

Чөлөөт цагаараа салхинд гарах, спортоор хичээллэх дуртай. Ажлынхаа зарчим болгож “Одоо хийхгүй бол хэзээ хийх вэ?, бид хийхгүй бол хэн хийх вэ?” гэсэн уриаг мөрддөг. Ер нь зарим нэг болохгүй байгаа зүйлсээ хийж дуусгах, мөн өөрийнхөө хийнэ гэж бодсон зүйлээ хийсний дараа ажиллах эрч хүч, энергиэ олж аваад дараагийнхаа ажилд эрч хүчтэй орно шүү.

ES: Залуустаа хандан юу гэж хэлмээр байна?

Миний үеийн залуус маань нэг үеэ бодвол бүгд боловсролтой, соёлтой болж байна. Мөн тухайн хүн гадаад хэлийг эзэмшиж, өөрийнхөө сонирхлынхоо дагуу суралцаж, ажиллаж чадвал дэлхийд танигдах боломж аль ч салбарт бий болсоор байгаа гэж ойлгодог.
Тиймээс гол нь сонирхсон салбартаа суралцаж, түүнээсээ өөрийнхөө зөв чиглэлийг сонгож, тэрхүү сонголтондоо тууштай байж зөв үр дүнд хүрэх нь хамгийн чухал юм шүү гэж хэлмээр байна.

ES: Таны амьдралын зорилго юу вэ? 

Миний мөрөөдөл бол Дэлхийн түвшний инженер болохыг хүсдэг. Тиймээс энэ мөрөөдлийнхөө дагуу Монголын сүлжээний аюулгүй байдлыг хангах түвшнийг дэлхийн түвшинд хүргэхийг зорьж байна. Ер нь Монголынхоо хөгжилд өөрийн мэргэжлээрээ нөлөөлж чадах хүртлээ ажиллана, бүтээнэ гэж зорьж явдаг.

ES: Баярлалаа. Таны  цаашдын ажил амьдралд нь амжилт хүсье.

ITZONE

Таны амжилтын хурдасгуур Ай Ти Зон компани. Мэдээллийн технологийн салбарын тэргүүлэгч. МТ цогц шийдлийг мэргэжлийн түвшинд хүргэгч.