Амар Вишн буюу 911 суваг хэрхэн бий болов?

February 09, 2018

Amar Vision 911 Traffic Channel

Амар Вишн буюу 911 дүгээр суваг Улаанбаатар хотын замын хөдөлгөөнийг 24/7 цагийн турш 4К нягтралтайгаар харуулах Traffic Channel юм. Ухаалаг бөгөөд бүтээмжтэй байна гэдэг нь магадгүй та түгжрэлгүй замаар, амар тайван, хяналттай аюулгүй орчноор зорчихоос эхлэх болов уу. Ингээд Амар Вишн компанийн үүсгэн байгуулагчдын нэг Б.Мөнхбаттай хийсэн сонирхолтой ярилцлагыг хүргье.

ES: Анх компаниа хэрхэн бүтээсэн бэ? Одоогоор ямар чиглэлээр голчлон үйл ажиллагаа явуулж байна?

Бид видео интеграцчлалын үйл ажиллагааныхаа хүрээнд 911 дүгээр сувгаар дамжуулан замын хөдөлгөөнийг хянах төслийг боловсруулсан. Энэхүү хяналтын системийг ямар ч хүн дуртай үедээ дуртай цагтаа, ямар ч замыг гэрээсээ хянах боломжийг олгож байгаа юм. Дүрсний хувьд Full HD 4K нягтралаар харах, шөнийн цагт 2 километрийн радиуст өнгөтөөр харах хүчин чадалтай камеруудаар 24 цаг замын хөдөлгөөний хянах боломжтой байдаг.

ES: Энэхүү төслийг хэрэгжүүлж эхлэхэд хамгийн түрүүнд тулгарсан сорилт юу байв?

Улаанбаатар хот одоо сая гаруй хүн амтай. Тэдгээрийн дор хаяж тал хувь нь интернет, сүлжээнд холбогдсон байдаг. Маш олон хүмүүс рүү ийм өндөр чанартай видеог байнгын шууд цацна гэдэг их том сорилт болсон. Энэ асуудал ер нь аль ч технологийн хувьд хүндхэн сорилт, харин бид энэхүү асуудлыг Axis Communication гэж дэлхийд технологиор тэргүүлж буй Шведийн брэндийг сонгон маш ухаалгаар шийдэж чадсан гэж үзэж байна.

ES: Тухайн технологийн сорилтыг давсан тул бидэнд одоо хүрч байгаа байх. Ямар шийдлийг та бүхэн хэрэгжүүлэв?

Амар Вишн энэхүү төслийг хэрэгжүүлэхдээ камерыг жинхэнэ утгаар нь нэгдсэн платформ болгон хөгжүүлж, хүн болгонд үр өгөөжөө өгөөсэй гэсэн итгэлээр хийсэн. 

Камерыг бид камер биш цогц платформ гэж үзэх ёстой. Ер нь олон төрлийн технологиудтай маш сайн интеграц хийх чадвартай байх нь хамгийн чухал л даа. Бид бусад технологитой нэгдэж, интеграц хийх боломжтой, чанартай дүрс дамжуулах хүчин чадалтай AXIS брэндийг ашигласнаар тэрхүү сорилтыг давсан.

Монголын нөхцөлд цаг уурын хүнд нөхцөлтэй, эрс тэс уур амьсгал, цас бороо гээд хүндрэлтэй нөхцөлд найдвартай бүтээгдэхүүн сонгох шаардлагатай. Энэ дээр бидний сонгосон Axis PTZ загварын давуу талууд илүү гарч ирж байгаа юм. Үүнд зөвхөн Axis брэндийн Lightfinder технологи нь шөнийн нөхцөлд маш бага гэрэлд дүрсийг тод харагдуулахын зэрэгцээ өдөр шөнийг харгалзахгүй өнгөтөөр дүрс дамжуулж байгаа. Мөн бидний ашиглаж буй камер нь лазер ашиглаж фокус хийдэг бөгөөд хөдөлгөөнтэй нөхцөлд маш хурдан фокусаа тохируулдаг давуу талтай. Мэдээж камераас гадна, Юнивишний үндсэн сүлжээ (backbone), Stream тоног төхөөрөмж, тэдгээрийг удирдах програм хангамж гэх мэт маш олон технологийг нэгтгэснээрээ өнөөдөр энэхүү бүтээгдэхүүн хэрэглэгчдэд хүрч, үр өгөөжөө хүртээж байна.

ES: Сүүлийн үед Видео, дүрсээр дамжуулан анализ хийх шийдлүүд их болсон. 911 сувгийн тухайд замын хөдөлгөөний дүрсний өгөгдлөөс анализ хийх боломжтой болов уу?

Техникийн хувьд боломжтой. Гэвч видео аналитик хийхийн тулд нэг агшинд нэг цэг дээр дүрс фокуслаж байж урт хугацаанд дүрсний өгөгдөл үүсгэдэг. Харин 911 сувгийн камерууд 360 градуст байнга хөдөлж, дүрсийг буулгадаг, өөр өөр агшинд өөр цэгүүд дээр фокусладаг тул шууд видео анализ хийхэд төвөгтэй болж ирдэг. Бид энэхүү нөхцөлд хэрхэн видео аналитик хийх тал дээр судалгаа хийж байгаа.

ES: Миний харж байгаагаар танай нэвтрүүлсэн Амар Вишн 911 суваг маш их хандалттай байгаа харагдсан. Хэрэглэгчдэд ямар давуу талуудыг өгч байна вэ?

Камерын хувьд 4К чанартай, маш их дүрсийг гацахгүй, зогсохгүйгээр 24 цагийн турш стрим цацаж байгаа нь хүмүүст илүү таалагдсан байх. Дээрээс нь түрүүн дурдсан зурагтны удирдлагаараа хүссэн замаа хүссэн үедээ сольж харна гэдэг их дэвшилтэт технологи болж байгаа юм.

Дэлхийн бусад улс орнуудад үзүүлдэг замын хөдөлгөөний дүрс нь зөвхөн нэг хэсэг газрыг тогтмол нэг цагт л үзүүлдэг. Тэгэхээр 911 сувгийн AmarVision шийдэл маань дэлхийд анх удаа хийгдэж байгаа сонголттойгоор хянах замын хяналт юм.

AXIS брэнд маань Арктикийн -50 градус хүртэлх хүйтэнд тэсвэртэй, байгалийн давагдашгүй хүчин зүйлээс болж унтарсан тохиолдолд өөрийгөө засаж асах чадвартай тул маш найдвартай ажилладаг. Улаанбаатар хотын хэмжээнд нийт 11 камерыг байрлуулсан байгаа.

ES: 911 сувгийн 24 цаг шууд дамжуулж байгаа дүрс нь нэг талаасаа нийгмийн аюулгүй байдлыг хангах, нийгмийн үр өгөөж өндөртэй юм болов уу гэж харж байна. Та энэ талаар дурдвал?

Хүмүүс ихэвчлэн манай сувгийг ашиглахдаа тухайн хэсэг  газрынхаа ойр хавьд осол гарсан эсэх, байгалийн давагдашгүй хүчин зүйл, ямар нэгэн хальтиргаа гулгаатай байгаа эсэхийг нь хүртэл ажиглалт хийж болно. Яг л ийм төрлийн саад тотгороос болоод тэрхүү хэсэг замаас наана хэдэн км замд маш урт хугацааны түгжрэл, зогсолт үүсдэг. Тэгэхээр энэ төрлийн сааднаас зайлсхийх боломжийг бүрдүүлдэг. Мөн Улаанбаатар хотын замууд өдрийн аль цагт ямар байдаг талаар илүү мэдээлэлтэй болдог. Нийгэм болоод хүн өөртөө хэрхэн үр өгөөжийг бий болгох нь хүний өөрийнх нь хэрэглээнээс их хамаардаг.

Бид энэхүү үйлчилгээг нэвтрүүллээ гээд замын түгжрэлийг бууруулах боломжгүй. Харин хэрхэн ухаалгаар ажиллаж амьдрах нэг хэрэгсэл нь болж өгдөг.

ES: Цаашдаа ямар хөгжүүлэлт хийхээр төлөвлөж байна вэ?

Хэрэв бид үүнийг гар утасны аппликейшн болговол хэрэглэгчдийн замын хөдөлгөөний зорчих нь улам хялбарчлагдаж, яг тухайн цаг мөчид аль замаар явахаа шийдэж болно. Жишээ нь: Энхтайваны гүүр аппликейшн дээр түгжрэлтэй харагдвал нарны гүүрээр давах боломжтой шүү дээ.

Цаашдаа энэхүү төслөө Дархан, Эрдэнэт хотоо аймгийн төвүүдтэйгээ холбосон байдалтайгаар сүлжээнд нэвтрүүлэхээр зорьж байна. Хөдөө орон нутгийн зам хаанаа цасан шуургатай, хаанаа тайван байгаа зэргийг хянаснаар эргээд хүмүүст аюулгүй зорчих боломжийг олгоно шүү дээ.

Мөн замын камеруудынхаа тоог нэмж, хотын захын хорооллын замууд дээр байрлуулах хэрэгцээ байгаа. Одоо хараад байхад замын түгжрэл хорооллын замуудад хүртэл их болсон байна. Өөр бас нэмэлт янз янзын юм байж болно л доо. Жишээ нь Онгоцны нислэгийн Plan Spot гээд дүрслэл байдаг.

Энэ нь Монголоос болон аль нэгэн нисэх онгоцны буудлаас ниссэн онгоцыг хаана явж байгааг нь хянах боломжтой стрим юм. Зөвхөн зам гэлтгүй онгоцны нислэг, Хөвсгөл далайн дүрсийг харуулах гэх мэт илүү сонирхолтой, энтертаймэнт талаас нь хөгжүүлж болно. Компанийн хувьд үүнээс илүү олон стрим, видео интеграгцчиллын янз бүрийн технологийн дэвшлүүдийг бид бүтээхээр судалгаа хийгээд, төлөвлөөд явж байна.

ES: Компанийнхаа харилцагчиддаа хүргэдэг гол үнэ цэнэ, үйлчилгээг бидэнд энгийн үгээр тайлбарлаж өгөөч?

Бидний хувьд сүүлийн үеийн технологиудыг давуу талуудыг нь ашиглаад бусадтай интеграц хийж, хамгийн бага зардлаар бизнесийн үр өгөөжийг өсгөх, ухаалаг шийдлийг гаргах нь Амар Вишн компанийн үндсэн зарчим юм. Үүнээс тулгуурлаад аюулгүй байдлын хяналтыг нэгдсэн хотын нэгдсэн нэг системд холбон аюулгүй байдлын дэд бүтцийг бий болгох вэ? гэдэг асуудал байна.

Улс болон хотын хэмжээнд энэ төрлийн дэд бүтцийг хийсэн ч гэсэн найдвартай нэгдсэн удирдлага байхгүй, хэт их зардалтай байгаа нь харагддаг. Харин бидний санал болгож байгаа шийдэл нь заавал нэг нэгдсэн биет төв байх шаардлагагүй зүгээр л нэг платформ, нэг системд бүгдийг нь холбох юм. Бид энэхүү ажил дээрээ ч нэлээдгүй туршлагатай болж, дараа дараачийн хийж болох шийдлүүдийн судалгаануудаа хийгээд явж байна.

ES: Бидэнтэй дэлгэрэнгүй ярилцсанд баярлалаа. Танд болон танай хамт олонд амжилт хүсье.