Бизнесийг автоматжуулагч

November 19, 2018

Түүний яриаг сонсоход олон зүйлийн учир тайлагдана. Түүнтэй хийсэн ярилцлага мэдлэг, мэдээлэл өгсөн өгөөжтэй уулзалт байх болно. “Энэ хүн бол өөрийгөө байнга хөгжүүлж, орчин тойрны хэрэгцээ, шаардлагыг мэдэрч өөрчлөгдөж байдаг орчин үеийн захирлуудын нэгэн тод төлөөлөл юм байна” гэсэн ойлголттой түүний өрөөнөөс гарав.

Их сургууль төгссөнөөс хойш нэг л газраа ажиллаж буй учраас ажлын намтар гэвэл бичгийн цаасны талаас хэтрэхгүй. Харин 20 гаруй жилийн хугацаанд хуримтлуулсан туршлага, мэдлэг гэвэл нэг ботид багтахгүй.

Өрсөлдөөнд ялах, бие даахын амтыг сурагч байхаасаа тэр мэднэ. 1990-иэд оны эхээр Дархан хотод дунд сургууль төгсөж байсан Н.Баттулга компьютерын хүн болохоор шийдэж хэдий онц сурлагатай ч эхний жилдээ уралдаант шалгалтандаа тэнцээгүй. Дараа жилийн конкурсыг хүлээж нэг жил өнжихдөө төрөл бүрийн ажил хийж байв. Үүний зэрэгцээ бүтэн жил шалгалтандаа бэлдэв. Гэвч Дархан хотын физик, математикийн хичээлдээ хамгийн сайн, нэртэй багшийн хүүхэдтэй нэг хуваарь дээр өрсөлдөж МУИС-ийн физик, электроникийн ангид элсэж байв. Чухам эндээс түүний бизнесмэн болох, мэдээллийн технологитой амьдралаа холбосон зам мөр эхлэлтэй.

Инженер, борлуулагч, борлуулалтын албаны дарга, үйл ажиллагаа хариуцсан захирал, Ерөнхий захирал гэсэн карьерынх нь өсөлтийг харвал компаниудын түүхэнд байдаг л жишээ. Гэхдээ Н.Баттулгын хувьд ялгаа бий.

2013 онд Ай Ти Зон компани менежментийн хувьчлалаар MCS хэмээх том айлаас тусгаарлахад Н.Баттулга, компани хоёрын аль алинд нь хүнд үе тохиосон. Хувьчлал, хямрал хоёр давхцаж MCS групптэй ам.доллараар гэрээ байгуулснаас хойш дөрөвхөн сарын дараа төгрөгийн ханш огцом унаж эхлэв. Гэрээнийхээ мөнгийг хугацаандаа төлөх, хямралыг давах, MCS гэсэн нэрийг ашиглах эрхгүй болсон зэрэг түүнийг нойргүй хонуулсан асуудал цөөнгүй байв. Гэхдээ ихэнх компаниудын үйл ажиллагаа хямралын нөлөөгөөр хумигдаж байсан бол Ай Ти Зон хямраагүйгээр барахгүй бага зэргийн өсөлттэй гарч байв. Үүний нууц нь тус компани олон жилийн өмнөөс шинжлэх ухааны үндэстэй гүйцэтгэлийн системийг мөрдсөнд байв.

Н.Баттулга үйл ажиллагаа хариуцсан захирал болсноор компаниуд бодлогоо хэрэгжүүлэхдээ гүйцэтгэл дээрээ олон алдаа гаргадгийг тод анзаарсан юм. Тухайлбал, нэг хүнд ахдахаар их ажил даалгах, ажилчдаасаа хэт өндөр үр дүн шаардах зэрэг нь эцэстээ бүтээмжийг бууруулж, захирлуудыг бухимдуулдаг нь тодорхой байв. Иймээс тэр гүйцэтгэлийн сэдвийг гүнзгий судалж ажлын бүтээмжийг нэмэгдүүлэх арга замыг хайжээ. Түүний олсон гарц нь Америкийн Каплан болон Нортон хэмээх эрдэмтдийн боловсруулсан “Гүйцэтгэлийн тэнцвэржүүлсэн систем” (balanced scorecard) байлаа. Тусгай аргачлал, автоматжуулалт бүхий энэ аргыг хэрэглэснээр менежерүүд ажлын гүйцэтгэлийг үр дүнтэй хянах боломжтой.

Ай Ти Зон компани энэ системийн дагуу компанидаа шинжилгээ хийхэд ажилчдын тоо байгаагаасаа хамаагүй олон байх шаардлагатай болжээ. Нэг талаас энэ нь зардал нэмсэн ч нөгөө талаас нэг хүн нэг ажилдаа төвлөрөн мэргэшсэнээр гүйцэтгэл нь сайжирч компанийн ирээдүйн хөгжилд өгөөжтэй гэдэг мэдрэмж Н.Баттулгад байв. Энэ мэдрэмж түүнийг хуураагүй. Ай Ти Зон бол үүссэн цагаасаа тогтмол өсөлттэй явж сүүлийн 10 жилийн дотор 10 дахин өссөн компани юм. 1998 онд түүнийг ажилд орж байхад 13 хүнтэй компани байсан бол одоо 280 гаруй хүнтэй болжээ.

Энэ компани дээрх системийг одоо хүртэл ашиглаж байгаа бөгөөд зах зээлийн нөхцөл байдалд уялдуулан жил бүр стратегидаа шинэчлэл хийж, түүнийгээ систем рүүгээ хөрвүүлдэг.

Боловсролд хйисэн хөрөнгө оруулалт хэзээ ч шаталт байдаггүй. 

Аливаа ажлыг хөнгөвчилсөн аргаар хийж цаг, зардал хэмнэх авьяас түүний цусанд байдаг гэж хэлэхэд болно. Аав нь тамхи их татдаг хүн байсан тул зориулалтын цаасанд тамхи ороох ажлыг хүүхдүүддээ даалгадаг байжээ. Н.Баттулгад энэ нь уйтгартай, залхуутай санагдсан учир эвдэрхий цаг, дамар хоёр ашиглан тамхины автомат ороогч зохион бүтээж байжээ. Аавынх нь хувьд энэ гэнэтийн нээлт байлаа.

Инженер хүний энэ ур ухаан явсаар 2011 онд өөрийн компанидаа ERP (Enterprise Resource Planning) буюу “Байгууллагын нөөц төлөвлөлт” хэмээх дэлхий дахинаа хүлээн зөвшөөрөгдсөн системийн төслийг хэрэгжүүлэхэд нөлөөлжээ. Энэ бол тодорхой программ хангамжийн багцыг ашиглан үйлдвэрлэл, удирдлага, хүний нөөц, санхүү гэх мэт байгууллагын үйл ажиллагааг нэгдмэл байдлаар байнгад сайжруулахад зориулсан шийдлүүд юм. Ингэснээр байгууллагын үйл ажиллагааны нэлээдгүй хэсэг нь автоматжиж ажилчид гол ажилдаа бүтээмж гаргах бололцоо бүрддэг.

Энэ мэтээр Н.Баттулгын компаниа хөгжүүлэхэд мэдээллийн технологийн давуу талыг ашиглан хэрэгжүүлсэн төсөл гарын арван хуруугаар тоологдохгүй. Тухайлбал ажлын цагийн уян хатан хуваарийг амжилттай нэвтрүүлжээ. Ажилчид заавал өглөөний есөн цагт ажилдаа ирэх шаардлагагүй, зарим ажлыг зайнаас ч гүйцэтгэх боломжтой. “Орчин үеийнхэн ажлын цаг гэдэг ойлголтод маш өөрөөр ханддаг. Хуучин дүрэм журмаар хандвал тэд ажлаа хийхгүй, компанид тогтохгүй” гэж тэр ярилаа. Тиймээс Ай Ти Зонын менежерүүдэд, удирдах ажилтнуудад шинэ үеийнхэн ажилд орсон тохиолдолд тэдэнтэй яаж харилцах талаар зааж сургадаг. Түүний үзэж буйгаар компаниуд 2000 оноос хойш төрөгсөд буюу жинхэнэ “цахимжсан үеийнхэн”-тэй ажиллах стратегиа тодорхойлох цаг хэдийнэ ирсэн ажээ.

Барааны дэлгүүрээс мэдлэгийн дэлгүүр

Ай Ти Зон компанийн бизнесийн соёл МCS группийн соёл дээр үндэслэсэн. 2013 онд МCS Electronics охин компанийг Ай Ти Зон гэсэн дэлгүүрийнх нь нэрээр менежментийн багт нь хувьчлан өгөхөд хамгийн үнэтэй капитал нь баг өөрөө байв. Бүх эрсдэлийг өөр дээрээ үүрч тусдаа гарсан энэ хүмүүс өнөөдөр компанийнхаа хувьцаа эзэмшигчид болсон. “MCS бол зүгээр нэг групп компани биш, энэ бол сургууль. Энэ бол Монголын үнэт зүйл” гэж Н.Баттулга хэллээ. Тэд “MCS-ээс тасарсан энэ залуучууд яах бол” гэх үл тоомсорлосон байдал, “Энэ бол компьютерын дэлгүүр” гэсэн ойлголтыг эвдэж чадсан.

Монголд Bloomberg телевиз байгуулагдаад удаагүй байхад нь Ай Ти Зон компани 100 сая төгрөгийн хамтын ажиллагааны гэрээ байгуулсан нь Монголын хамгийн том компаниуд ч гаргахад хайран мөнгө байлаа. Гэхдээ уг алхам “Энэ бол зөвхөн компьютерын дэлгүүр биш, буурь суурьтай компани” гэсэн имижийг бүрдүүлээд зогсоогүй, түүнээс хол давсан үнэ цэнийг бий болгожээ.

Үр дүнд нь энэ хамт олон 2014 онд Монголын шилдэг 100 компанийн 55 дугаарт жагсаж байв. Өнөөгийн Ай Ти Зон бол цэвэр мэдээллийн технологи, систем интеграци, инженерчлэлийн компани. Гэвч энэ тодорхойлолт уг компанийн нийгэм, эдийн засгийн хөгжилд оруулж буй хувь нэмрийг илэрхийлэхэд даанч хангалтгүй. Товчхондоо энэ компани компьютер тоног төхөөрөмж, систем интеграцичлал, программ хангамж, мэдээллийн технологийн үйлчилгээ гэсэн дөрвөн том чиглэлээр ажилладаг. Гэхдээ эдгээр нэр томъёо тус хамт олны ажил үйлсийн мөн чанарыг харуулахад бас л хангалтгүй. Энгийнээр хэлбэл, Ай Ти Зонын бүтээгдэхүүн, үйлчилгээ нь хэцүүг хялбар, холыг ойр, удааныг түргэн, уртыг богино, балархайг тодорхой, мянгыг нэг болгон их хугацаа, хүч, зардал шаарддаг байсан ажлуудыг ганц хоёрхон дэлгэц, хэдхэн товчлуурын удирдлаган дор оруулах зорилготой гэж ойлгож болно. Жишээ нь, Прокурорын Ерөнхий газрынхан 11 төрлийн 500 орчим мэдээг гаргаж нэгтгэхэд хоёрхон цаг зарцуулдаг болж прокурорууд их ажлын ачааллаас салав. Улсын бүртгэлийн Ерөнхий газар мэдээлэл хайхын тулд олон жил хадгалагдсан 120 сая цаасыг дахин дахин эргүүлэх шаардлагагүй болов. Статистикийн Хороо 21 аймаг, нийслэлийн 31 салбараас мэйлээр мэдээлэл хүлээж авдаг тун ярвигтай аргыг халж хэн, юу бичиж буйг шууд харах MonStat системтэй болсон юм.

Би буцаж байгаа биш, урагшилж байгаа хүнээс суралцахыг хүсдэг. Ай Ти Зон компани бол Монголд мэдээллийн технологийн хөгжил яаж явагдсан бэ гэдгийн дүр зураг юм. Өнөөдөр мэдээллийн технологийн давуу талыг үйл ажиллагаандаа хэрхэн, зөв нэвтрүүлсэн бэ гэдгээр нь тухайн компанийн хөгжлийг тодорхойлдог болсон. Тиймээс орчин үед захирлуудын хамгийн том сорилт нь мэдээллийн технологи болжээ. Үлэмж өгөгдөл, олон нийтийн сүлжээ, хөдөлгөөнт төхөөрөмж, үүлэн тооцоолол, хиймэл оюун ухаан, эд юмсын интернет, блокчейн гэх мэт нэр томъёо зөвхөн мэргэжилтнүүдийн ашигладаг үг байхаа больж бизнесийн амьдралд хүчтэй нэвтэрч байна. Ийм нөхцөлд цахимжсаных нь зол, цахимжаагүйн хохь гэсэн өрсөлдөөний шинэ зарчим үйлчилж эхлэв. Зарим тохиолдолд захирал мэдээллийн технологи сайн мэдэхгүйн улмаас манлайлагч биш компанийн хөгжлийг саатуулагч болж хувирдаг дүр зураг ажиглагдаж байна.

Орчин үеийн ажиллах хүчний хандлага, шаардлага өмнөхөөс тэс өөр болсон. Олон анкет дундаас сонгож, олон цагийн ажлын ярилцлагын үр дүнд шалгаруулж авсан шинэ залуу ажилтан нь долоо хоногийн дараа ажлаасаа гарахад захирал гайхаад хоцрохоос өөр зүйл чадахгүй байна.

Маркетинг хэмээх ойлголтоос “өгөгдөл” гэсэн үг салахаа байж бизнесийг өргөжүүлэхэд шинэ техник худалдан авах, чадварлаг хүмүүсийг ажиллуулах нь хангалтгүй болжээ. 

Монголын ихэнх компаниудын удирдлагад “цахим шилжилт” гэдэг үг ойлгомжгүй сонсогдсон хэвээр. Гэвч энэ бол маргааш нар мандана гэдэгтэй адилхан бодитоор өрнөж буй үйл явц. Компаниуд бизнесийнхээ арга барил, сэтгэлгээгээ өөрчилж цахим шилжилтэд нийцүүлэх шаардлагатай болж байна.

Энэ мэт ярвигтай асуудалд хариулт өгч, шийдэл олж чадах хүмүүсийн нэг нь Н.Баттулга. Ай Ти Зонын сүүлийн жилүүдэд зах зээлд санал болгож буй бүтээгдэхүүн аливаа салбарт бизнесийн үйл ажиллагааг төгөлдөржүүлэхэд чиглэж байна гэж үзэж болох юм. Өөрөөр хэлбэл, бизнестээ зөв IT шийдэл олоход тусалдаг. Тухайлбал, Хаан банканд суурилуулсан систем нь гурван өдрийн гүйлгээний ажлыг 30 минутад хийдэг болгожээ. Мобиком корпораци гэрээний менежментийн систем ашиглаж 64 салбар, 2200 гэрээт борлуулагч, 12 000 хөдөлгөөнт борлуулагчдын олон мянган гэрээ байгуулах ажлыг хөнгөвчилжээ. Энэ мэтээр зах зээлд нийлүүлсэн бүтээгдэхүүн, үйлчилгээний тоо 100 давав.  

Ялангуяа хүний нөөцийн чиглэлээр нийлүүлсэн программ хангамж компаниудын захиргааны шинжтэй ажлын ачааллыг эрс хөнгөлж байна. Тухайлбал, Говь компанид нэвтрүүлсэн хүний нөөцийн программ олон мянган цаасыг халж, хүний нөөцийн ажлын цагийг хоёр дахин хэмнэх болжээ.

“Хүний нөөц гэдэг бол нэг хүнд даатгаад орхидог зүйл биш. Энэ бол нарийн нийлмэл тогтолцоо. Хүний нөөц зөв бол компани дэвжинэ, компани дэвжвэл улс орон дэвжинэ.  Ингэж бид эх орныхоо хөгжилд хувь нэмэр оруулахыг зорьдог” гэж Н.Баттулга захирал яриандаа дурдав.

Энэ мэт жишээнээс харахад Ай Ти Зон компани үйлчлүүлэгчиддээ зүгээр нэг бүтээгдэхүүн нийлүүлдэггүй бөгөөд байнга ямар нэгэн давуу талыг борлуулж байна. Ямартаа ч “Амжилтыг хурдасгана” гэсэн уриа нь хоосон үг биш бололтой.

Сэтгүүлч Г.Даваадорж

Mongolian Economy Business.mn |  Анхны дугаар