Ай Ти Зон компани Dell-ийн боловсролыг дэмжих “Мөрөөдлийн хөдөлгүүр” хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх гэж байна.

January 04. 2021

Дэлхийд тэргүүлэгч технологийн компани болох Dell Technologies компаниас санаачлан Монгол дахь албан ёсны түнш Ай Ти Зон болон Саммит компьютер технологи компанитай хамтран нийгмийн хариуцлагынхаа хүрээнд Dell-ийн боловсролыг дэмжих “Мөрөөдлийн хөдөлгүүр” хөтөлбөрийг хэрэгжүүлэх гэж байна.

“Мөрөөдлийн хөдөлгүүр” хөтөлбөр нь сурагчдын суралцах боломжийг нэмэгдүүлэх, технологийн хэрэглээг сайжруулах, улмаар хүүхдүүдийг мөрөөдөлдөө хүрэхэд нь дэмжих үндсэн зорилготой ба энэ жилийн хувьд захын дүүргийн сургуулиудаас тодорхой шалгуурын үр дүнд сонгогдсон Ерөнхий боловсролын 67 болон 92-р дунд сургуулийн төгсөх ангийн 20 сурагчдыг хамруулахаар боллоо.

Нийт 6 сарын турш үргэлжлэх уг хөтөлбөрт хамрагдах сурагчдыг эсээ, ярилцлага гэсэн 2 үе шатны шалгаруулалтын дүнд тодруулж Dell брэндийн зөөврийн компьютерыг үнэ төлбөргүй хэрэглэх, түүнчлэн онлайнаар нэмэлт сургалт, мэдээлэл авах, чадварлаг мэргэжилтнүүдээс хувь хүний хөгжлийн, технологийн зэрэг сэдвээр сургалт, зөвлөгөө авах гэх мэт олон олон боломжийг олгох юм.

Dell-ийн боловсролыг дэмжих “Мөрөөдлийн хөдөлгүүр” хөтөлбөрийн шалгаруулалт 2020 оны 12-р сарын 01-ээс эхлэн явагдах ба 2021 оны эхнээс хөтөлбөр хэрэгжиж эхлэх юм.

Цар тахлын улмаас хөл хориотой, хичээл сургууль цахим хэлбэрт шилжсэн энэ цаг үед төгсөх ангийн сурагчдад юу юунаас илүү хэрэгтэй зүйл болох мэргэжил сонгох, шалгалтад бэлтгэхэд нь туслах зөөврийн компьютерыг, мэдээлэл авахад шаардлагатай интернэт үйлчилгээ, цахим сургалтын программ зэргийн хамт цогцоор нь олгохоор уг хөтөлбөрийг санаачилсан Dell Technologies компанид, Dell Technologies компанийн Монголыг хариуцсан захирал Т.Сэлэнгэ, болон түүний багийнханд сургууль, эцэг эхчүүд, сурагчдын өмнөөс талархаж байгаагаа илэрхийлмээр байна.

Цаашид уламжлал болж явагдах энэхүү хөтөлбөрт хамрагдсан хүүхдүүд мөрөөдөлдөө хүрэх аялалдаа Dell брэндийн зөөврийн компьютерыг хэрэглээд, хөтөлбөрийн төгсгөлд дараагийн хүүхдүүддээ хүлээлгэж өгөх байдлаар залгамжилж явах ба жил бүр хөтөлбөрийн хамрах хүрээг улам тэлж, илүү олон сурагчдад энэ сайхан боломжийг олгохоор төлөвлөж байна.

Ай Ти Зон компани нь 2000 оноос эхлэн Dell Technologies компанийн Тэргүүн түншээр ажиллаж байгаа ба Dell-ийн боловсролыг дэмжих “Мөрөөдлийн хөдөлгүүр” хөтөлбөрт хэрэгжүүлэгчийн хувиар хамтран ажиллаж, хөтөлбөрт хамрагдсан хүүхдүүдийг шаардлагатай нөөц, боломжоор дэмжиж, мөрөөдлийг нь улам бүр бадраах хөдөлгүүр, амжилтынх нь хурдасгуур, итгэлт зөвлөх нь болж ажиллах болно.

ITZONE - Ай Ти Зон компани Dell-ийн боловсролыг дэмжих “Мөрөөдлийн хөдөлгүүр” хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх гэж байна.