DIGITAL NOMADIC WEBINAR-ын эхний дугаарт Ай Ти Зон компани хэрхэн гэрээсээ ажиллаж байгаа туршлагаа хуваалцлаа.

November 27. 2020

Дэлхий дахинд үүссэн гэнэтийн нөхцөл байдлын улмаас гэрээсээ ажиллах соёл маш эрчимтэй дэлгэрч байна. Манай улсын хувьд ч энэ нөхцөл байдалд эрсдэлээс сэргийлэх зорилгоор хоёр удаагийн хөл хорионы арга хэмжээ авсан ба засгийн газраас гэрээсээ ажиллах заавар, шаардлагыг тавин ажиллаж, түүний үр дүнд байгууллагууд гэрээсээ ажиллах соёлд шинээр суралцаж эхэлж байна.

Гэрээс ажиллах гэдэг нь түр зуурын хэв маяг биш бидний New Normal буюу шинэ хэвийн байдал болох нь тодорхой болсон гэдгийг дэлхий даяар хүлээн зөвшөөрч байна. Тиймээс шинэ үеийн ажиллах орчны талаар хуваалцдаг Digital Nomadic Vlog-той хамтран бид энэ хөл хорионы үед гэрээсээ ажиллаж байгаа байгууллагуудын туршлагаас хүргэхээр Digital Nomadic вебинарыг цуврал болгон явуулж байна. Вебинарын эхний дугаарт Ай Ти Зон компанийн Гүйцэтгэх захирал У.Наранбаатар болон Хүний нөөцийн менежер Н.Эрдэнэжаргал нар оролцлоо.

Ай Ти Зон компанийн хувьд гэрээсээ буюу “Remote - алсын зайнаас ажиллах” соёлыг 2 жилийн өмнөөс хэрэгжүүлж эхэлсэн гэдгээрээ онцлогтой. Анх яагаад зайнаас буюу гэрээсээ ажиллах соёлыг нэвтрүүлэх болсон бэ гэхэд “Дэлхий даяар яригдаж байгаа дижитал шилжилт гэдэг ойлголтын хүрээнд 4 гол сэдвийг хөнддөгийн нэг нь орчин үеийн ажлын байр байдаг. Учир нь дижитал шилжилтийн гол зорилго нь хэрэглэгчдээ илүү сайн таньж мэдэхээс гадна ажилтнуудынхаа бүтээмжийг нэмэгдүүлэхэд оршдог. Үүнтэй холбогдуулан гэрээсээ ажиллах, алсын зайнаас ажиллах талаар 2016 оноос хойш судалсны үр дүнд ажилтнуудынхаа сэтгэл ханамжийг дээшлүүлэх, бүтээмжийг нэмэгдүүлэх, хөдөлмөрийн зах зээл дээрээс шинэ сайн хүмүүсийг татах болон орчин үетэйгээ хөл нийлүүлэх гэсэн 4 шалтгаанаар анх энэ соёлыг нэвтрүүлэхээр шийдсэн” гэж хариулсан юм.

Ай Ти Зон компани нь 2015 оноос уян хатан цагийн хуваарийг хэрэгжүүлж байсан туршлагадаа суурилан 2017 оноос анх “remote ажиллах” боломжийг судалж нэвтрүүлж байсан. Тэдний энэ шийдвэр “уламжлалт ажиллах арга барилаар буюу цаг бүртгэлээр ажилтны бүтээмжийг хэмжих нь оновчтой биш, тиймээс ажилтны бүтээмжийг ажлын үр дүнд нь суурилж хэмжих нь зүйтэй юм байна” гэсэн үндсэн санаанд суурилж байжээ.

Нэвтрүүлж эхэлж байхад мэдээж хэд хэдэн эргэлзээтэй асуудлууд тулгарсан нь – Ажилтнуудаа зайнаас, хяналт тавьж ажиллуулахад бэлэн эсэх, Алсын зайнаас ажиллавал ажлын бүтээмж буурах юм биш биз?, Харилцаа холбоо, хамтын ажиллагаа хэрхэн шийдэх вэ? зэрэг байсан. Гэсэн ч тэд тодорхой бодлого гаргаж, шалгуур тогтоон гэрээсээ ажиллах боломжтой ажилтнууддаа энэ боломжийг олгож эхэлж байсан юм.

Зайнаас ажиллахад хамгийн чухал байсан зүйл нь мэдээж шаардлагатай технологи, систем, программуудыг ашиглах байсан ба тэд ажилтныхаа бүтээмжийг хянахдаа Microsoft 365-ын SharePoint, Planner, PowerBI программууд болон GreenERP, Tableau, Jira зэргийг ашиглахаар сонгосон ба өдөр тутмын харилцаа холбоогоо Microsoft Teams, Outlook, Yammer зэргийг ашиглан явуулж байна.

Ай Ти Зон компани гэрээсээ буюу remote ажиллаж эхэлснээр ажилтнуудын бүтээмж, сэтгэл ханамж нэмэгдсэнээс гадна байгууллагын борлуулалт өссөн, онлайнаар харилцаа холбоогоо тасралтгүй ханган ажиллах боломжтой байсан зэрэг үр дүнгүүдийг онцолсон юм.

Вебинарын зочид маань хөл хорионы улмаас гэрээсээ ажиллах гэнэтийн шаардлага тулгарсан, гэрээсээ ажиллах соёлыг нэвтрүүлэх гэж байгаа байгууллагуудад зориулан дараах зөвлөмжийг хүргэсэн юм.

  1. Хэрхэн, яаж ажиллах, бүтээмжээ хянах талаар хүний нөөцийн бодлого журам гаргах,
  2. Дэд бүтэц, технологийн орчноо бэлэн болгох,
  3. Ажилтнуудын буюу хувь хүний ажлын зохион байгуулалтыг анхаарах
  4. Чухал мэдээлэл алдагдахаас сэргийлэх буюу мэдээллийн аюулгүй байдлыг хангах хэрэгтэй.

Дээрх зөвлөмжийн талаар дэлгэрэнгүй үзэх бол энд, мөн Ай Ти Зон компаниас гаргасан “Алсын зайнаас ажилладаг байгууллага болох 3 алхам”-тай танилцах бол энд дарна уу.

Хэрэв та Digital Nomadic вебинарын дараа дараагийн дугааруудад бүртгүүлэх бол энд дарна уу.

ITZONE - DIGITAL NOMADIC WEBINAR-ын эхний дугаарт Ай Ти Зон компани хэрхэн гэрээсээ ажиллаж байгаа туршлагаа хуваалцлаа.